М-Си-Эс Группийн найман компани Энтрепренер шагналын эзэд боллоо
Буцах

  2022.12.28
...

МҮХАҮТ-аас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуйн нэгжийг шалгаруулдаг “ENTREPRENEUR-2022” арга хэмжээнээс М-Си-Эс Группийн охин болон хөрөнгө оруулалттай найман компани 12 шагнал хүртлээ.

“ENTREPRENEUR-2022” шалгаруулалтад “Оны шилдэг аж ахуйн нэгж”-ээр М-Си-Эс Кока-Кола, Энержи Ресурс компаниуд шалгарч мөнгөн Меркуригийн эзэд боллоо. Харин М-Си-Эс Интернэйшнл, М-Си-Эс Кока-Кола, М-Си-Эс Венчерс, Тотал Дистрибюшин, Ашид Капитал, Шангри-Ла Улаанбаатар Хотел компаниудыг салбарын болон оны онцлох “Энтрепренер”-ээр шалгаруулж хүрэл Меркури гардуулсан бол Интермед эмнэлэг “Ази, Номхон далайн бүсийн ХАҮТ-уудын нэгдсэн холбооны шагнал”-ыг хүртлээ.

М-Си-Эс Кока-Кола компани 2022 онд 3.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд тус үйлдвэр ашиглалтад орсноор гадаад зах зээлд Vio Millenia усыг экспортлох боломж бүрдэх юм. Түүнчлэн 2030 он гэхэд борлуулсан ундааны бүх саваа бүрэн дахин боловсруулахх зорилтынхоо хүрээнд олон нийтэд зөв дадал хэвшил суулгах зорилготойгоор “Хуванцрын хаягдалгүй дэлхий” кампанит ажлыг 2022 оны турш өрнүүлсэн юм.

М-Си-Эс Группийн хөрөнгө оруулалттай Энержи Ресурс компанийн хувьд 2022 оны арваннэгдүгээр сарын эцсийн байдлаар 278 тэрбум төгрөгийг улсад татвар, шимтгэл хэлбэрээр төвлөрүүлээд байгаа бөгөөд төр, хувийн хэвшлийн түншлэлийн үлгэр жишээ болсон Чингэлэг тээврийн терминалыг барьж ашиглалтад оруулан улсад хүлээлгэж өгснөөр Монгол Улсын нүүрсний экспортыг нэмэгдүүлж, гадаад валютын орлогыг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр болж байна.

М-Си-Эс Группийн ууган компани болох М-Си-Эс Интернэйшнл компани Японы Жей Жи Си корпораци, Эн Жей Кей Инсуляторс компаниудтай хамтран Завхан аймгийн нутагт жилдээ 8.8 сая кВт.ц эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай 5МВТ-ын Нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын системийн төслийг 2022 оны арваннэгдүгээр сард улсын комисст хүлээлгэн өгч төвийн эрчим хүчний системд цэвэр эрчим хүч нийлүүлэх боломжийг нээж өгсөн юм.

Монгол Улсад гарааны бизнес буюу стартапын экосистемийг бүрдүүлэх зорилготой М-Си-Эс Венчерс компанийн хувьд бизнесийн хөгжлийн үе шат бүрт дэмжлэг үзүүлж, өргөжүүлэх, тэдгээрт тулгарсан асуудлыг шийдвэрлэхээр IT салбарын хөгжүүлэгчдийг бэлтгэх Pinecone Academy (M Stars Academy) болон стартапын хурдасгуур хөтөлбөр MStars Hub төслийг санаачлан эхлүүлээд байна.

Тотал Дистрибюшин компани харилцагч бүрт түргэн шуурхай хүрч үйлчлэх, хүнсний бүтээгдэхүүний шинэлэг байдлыг хадгалах, чанарын аюулгүй байдлыг хангах зорилготой “Сум төсөл”-ийг хэрэгжүүлж, 700 гаруй бизнес эрхлэгчдээр дамжуулан сумдын ард иргэд, харилцагч нарт шууд борлуулалт хийсэн ба 2022 онд 78 сая тн/км ачааг аюулгүй байдлын стандарт, тээвэрлэлтийн аюулгүй ажиллагааг ханган тээвэрлэсэн байна.

Ашид Капитал компани хэрэглэгчдэд дижитал зээл, бизнесийн зээл, автомашины зээл болон худалдан авалтын зээлийн бүтээгдэхүүн, маркетплэйс, харилцагчийн зөвлөх болон зээлийн тооцоолуур бүхий үйлчилгээг үзүүлж, хамгийн өндөр дүнтэй зээлийг, урт хугацаанд, хамгийн боломжит хүүгээр, хялбар шийдлээр авахыг санал болгож байна.

Шангри-Ла Улаанбаатар Хотел компани нь үйл ажиллагааны хэрэгцээг хангах аюулгүй, найдвартай, өрсөлдөхүйц чадвар бүхий дотоодын ханган нийлүүлэгчдийн сүлжээг бий болгон хамтран ажиллаж, 600 орчим ажлын байрыг бий болгон ажлын гараагаа эхлүүлж буй оюутан залуус, бага насны хүүхэдтэй эсвэл бүтэн цагийн хөдөлмөр эрхлэх боломжгүй иргэдэд нас, хүйс харгалзахгүйгээр хагас цагийн ажил эрхлэх боломжийг олгон Монгол Улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Интермэд эмнэлэг 2022 онд JCI олон улсын магадлан итгэмжлэлийн 1200 гаруй стандартын шалгуурт тэнцэж, гурав дахь удаагаа Эмнэлгийн тэсламжийн чанарын баталгаа хэмээгддэг Алтан тамгаа хадгалж чадсан юм. Мөн 2022 онд Ковид-19-ийн Омикрон хувилбарын шинжилгээ, Менингимт, Сармагчны цэцэг өвчний зэрэг зургаан төрлийн шинжилгээг Монголдоо анхлан хийж, Ангиографийн тасгаа нээн гадаадад зарцуулж буй эрүүл мэндийн зардлыг бууруулах зорилготойгоор ажиллаж байна.