Худалдан авалтын бодлогууд
- Холбогдох хууль тогтоомжийг чанд мөрдөж ажиллахын зэрэгцээ хүний эрхийг дээдэлж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах;
- Худалдан авалтыг хамгийн өндөр үр ашигтай байлгахын тулд боломжит шинэ Нийлүүлэгчдийг байнга татан оролцуулах замаар Нийлүүлэгчдийн дунд өрсөлдөөнийг нэмэгдүүлнэ;
- Нийлүүлэгчдийг өрсөлдөөний тэгш боломжоор хангах;
- Нийлүүлэгчтэй хоёр талын харилцан ойлголцол, итгэлцлийг бий болгон үр ашигтай хамтран ажиллахыг эрхэмлэх;
- Компанийн өртөг зардлыг бууруулж, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлах;
1. Бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг хамгаалах олон улсын тунхаглалуудыг дэмжин хүндэтгэх;
2. Бизнесийн үйл ажиллагаанд хүний эрхийг аливаа хэлбэрээр зөрчихгүй байх;
3. Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө, хамтын хэлэлцээр байгуулах эрхийг үр ашигтайгаар хүлээн зөвшөөрөх;
4. Хүчээр болон албадан хөдөлмөрлүүлэх аливаа хэлбэрийг арилгах;
5. Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг таслан зогсоох;
6. Хөдөлмөр эрхлэлт, ажил мэргэжлийн хүрээнд ялгаварлан гадуурхах явдлыг арилгах;
7. Бизнесийн үйл ажиллагааг байгаль орчны шаардлагуудад нийцүүлэн урьдчилан сэргийлж ажиллах;
8. Байгаль орчны хариуцлагыг дээшлүүлэх санаачилгыг нэвтрүүлэх;
9. Байгаль орчинд ээлтэй технологийг хөгжүүлэн нэвтрүүлэх;
10. Авилга, хээл хахуулийн бүх хэлбэрийн эсрэг тууштай ажиллах;
ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦАА, АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА:
- Эрүүл мэнд ба аюулгүй ажиллагаа: Нийлүүлэгч нь өөрийн ажиллагсдыг шаардлага хангасан хувийн хамгаалах хэрэгсэл болон эрүүл, аюулгүй ажиллах орчноор хангахыг чухалчлахын зэрэгцээ ажлын байран дахь осол, гэмтэл, эрүүл мэндийн эрсдлээс хамгаалах боломжит бүх арга хэмжээг авдаг байна.
- Эвлэлдэн нэгдэх эрх чөлөө болон хамтын хэлэлцээр: Нийлүүлэгч нь өөрийн ажиллагсдыг аливаа шахалт, сүрдүүлэг болон дарамтгүйгээр үйлдвэрчний эвлэл үүсгэх, элсэх аль эсвэл элсэхээс татгалзах эрхийг нь хүндэтгэдэг байх. Хэрэв ажиллагсдыг хууль ёсны үйлдвэрчний эвлэл төлөөлдөг бол тэдний сонгосон төлөөлөгчидтэй бүтээлч хэлэлцээрийг өрнүүлэх нөхцөл боломжоор хангадаг, аливаа саад учруулдаггүй байна.
- Ялгаварлан гадуурхахгүй байх: Нийлүүлэгч нь ажилтныг ажилд авах, ажилд сонгон шалгаруулах, шилжүүлэх, сургах болон түүнд цалин хөлс олгох бүхий л харилцаанд Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөж, ажил мэргэжил, гүйцэтгэл, ур чадвар болон туршлагад суурилан шударгаар үнэлдэг байна.
- Хүүхдийн хөдөлмөр болон албадан хөдөлмөрөөс сэргийлэх: Нийлүүлэгч нь холбогдох хууль тогтоомжид заасан насны доод хязгаарыг дагаж мөрдөн, ажиллагсдыг бие махбодын хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэх ба албадан хөдөлмөрийн бүх хэлбэр, тэр дундаа шоронгийн хөдөлмөр, боолын хөдөлмөр болон хүн худалдаалах гэмт хэргийн аливаа хэлбэрийг ашиглахгүй, хөдөлмөрийн аливаа мөлжлөгөөс ангид үйл ажиллагаа эрхэлдэг байна.
- Цалин хөлс болон ажлын цаг: Нийлүүлэгч нь ажиллагсдынхаа цалин хөлсийг салбарын болон орон нутгийн хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулж олгох ба хууль тогтоомжийн дагуу цалин хөлс олгодог байх, бусад нийгэм хамгааллын арга хэмжээ авдаг байх. Нийлүүлэгч нь ажиллагсдыг ур чадвараа хөгжүүлэх, нөөц бололцоогоо нэмэгдүүлэх боломжийг олгож хөхиүлэн дэмждэг байх.
ХҮНИЙ ЭРХ:
- Хүний эрхэм чанарыг хүндэтгэх: Нийлүүлэгч нь ажилтны нас, хүйс, үндэс угсаа, бэлгийн чиг баримжаа, нийгмийн байр суурь болон албан тушаалыг үл харгалзан бүх ажиллагсдад хүнлэг, хүндэтгэлтэй хандах орчныг бүрдүүлж, хадгалдаг байна.
- Дарамт/хүчирхийллийг хүлээн зөвшөөрөхгүй байх: Нийлүүлэгч нь аман, сэтгэл зүйн, бие махбодын болон бэлгийн дарамт зэрэг бүх төрлийн хүчирхийллээс ангид ажлын байр, ажиллах орчныг ажиллагсдадаа бүрдүүлдэг байна.
БАЙГАЛЬ ОРЧИН:
- Байгаль орчныг хамгаалах: Нийлүүлэгч нь үр дүн бүхий цогц байгаль орчны менежментийн бодлоготой байх, нийлүүлэгчийн эрхэлж буй үйл ажиллагаа нь байгаль орчин, ус, эрчим хүч, хорт болон аюултай бодис, материал, орчны бохирдол, хүлэмжийн хий болон бусад нөлөө бүхий эрсдэлд холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрддөг байна. Мөн нийлүүлэгч нь өөрийн бараа, үйлчилгээнээс үүдэх байгаль орчинд үзүүлж буй болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулж, байгаль орчинд үзүүлэх эерэг нөлөөллийг боломжтой болон зохистой хэмжээгээр нэмэгдүүлдэг байна.
- Хог хаягдлын бодлого ба дахин боловсруулах: Нийлүүлэгч нь химийн хорт болон аюултай хог хаягдал, материалын хэрэглээг тодорхойлж, тэдгээрийг аюулгүйн байдлыг ханган, боломжтой түвшинд бууруулах болон дахин боловсруулахыг зорьдог байна. .
- Сургалт хөгжил: Нийлүүлэгч нь ажилтан бүрээ тогтвортой хөгжил, байгаль орчин, нийцлийн чиглэлээр холбогдох сургалтад тогтмол хамруулж, шаардлагатай холбогдох эрх, зөвшөөрлийг авдаг байх.
ЁС ЗҮЙТЭЙ БАЙДАЛ:
- Авлига, хээл хахууль: Нийлүүлэгч нь өндөр ёс суртахууны хэм хэмжээг баримталж, Монгол Улсын болон олон улсын хууль тогтоомж, дүрэм журмыг хүндэтгэж, аливаа залилан, авлигын үйл ажиллагаанаас ангид ажиллана.
- Ашиг сонирхлын зөрчил: Нийлүүлэгч нь группийн аль нэг компанитай аливаа ашиг сонирхлын зөрчил, шийдвэр гаргах үйл явцад нөлөөлөх нөхцөл байдал үүсэхтохиолдолд мэдүүлдэг, уг төрлийн нөхцөл байдал үүсгэхээс сэргийлж ажиллана.
- Бэлэг: Нийлүүлэгч нь үндэсний баяр ёслол, энгийн найрсаг харилцааны мэндчилгээнээс бусад тохиолдолд манай ажиллагсдад аливаа зохисгүй бэлэг сэлт, үнэ бүхий зүйл өгөхгүй, санал болгохгүй, ийнхүү өгөхөөр амлахгүй байх.
- Нийлүүлэгч нь бизнесийн хамтын ажиллагаанд нөлөөлөх, бизнесийн харилцааг хадгалж үлдэх зорилгоор манай ажиллагсдад бэлэн мөнгө, түүнтэй адилтгах зүйлс, үүнд: тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүн эд зүйлс, эрхийн бичгүүд зэрэг бүхий л хэлбэрээр бэлэг, мэндчилгээ өгөхийг хориглоно. Зөвхөн нийлүүлэгчийн логог агуулсан сурталчилгааны материал бүхий, жилийн нийлбэр дүнгээр 300,000 төгрөгөөс ихгүй үнэ бүхий бэлгийг ажилтанд хүргүүлэхийг зөвшөөрнө.
ХУУЛЬ, ДҮРМИЙН НИЙЦЭЛ:
- Олон улсын болон үндэсний зохицуулалтууд: Нийлүүлэгч нь олон улсын хөдөлмөрийн стандарт, Дэлхий нийтийн Авлигын эсрэг санаачилга зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зарчмууд, мөн татвар, хөдөлмөр эрхлэлт, цагаачлал, эрүүл мэнд, аюулгүй байдал, оюуны өмч, өрсөлдөөн болон байгаль орчны бодлогын хүрээнд Монгол Улсын тогтоомжид нийцүүлэн үйл ажиллагаа эрхэлдэг байна.
- Нийлүүлэгч нь удирдлага болон бизнест оролцож буй бүх оролцогч талын ил тод болон тодорхой, нээлттэй, шударга харилцааг бүхий л үйл ажиллагаандаа хангаж ажиллана.
- 300 сая төгрөг хүртэлх худалдан авалтыг гурваас доошгүй нийлүүлэгчээс санал авч харьцуулах арга.
- 300 сая төгрөгөөс дээш худалдан авалтад Тендер шалгаруулалтын арга.
Манай Групп, компаниудын үйл ажиллагаатай холбоотой ёс зүйн зөрчил болон аливаа шударга бус үйлдлийн талаар та бидэнд мэдээлэх боломжтой. Та мэдээлэл ирүүлэхдээ өөрийн нэр, бусад хувийн мэдээллээ нууцалж болно. Бид таны ирүүлсэн мэдээллийг чандлан нууцлах бөгөөд М-Си-Эс Группийн Ёс зүйн Хороо хянаж, асуудлыг шийдвэрлэнэ. Хэрхэн шийдвэрлэсэн талаар таныг хүсвэл мэдээлэх боломжтой.
Бидэнд итгэн мэдээлэл ирүүлсэн танд баярлалаа.