Юнител групп 4G сүлжээг орон даяар анхлан нэвтрүүлэв
Буцах

  2016.11.11

Юнител группээс Монгол орон даяар 4G LTE сүлжээг анхлан нэвтрүүлж буйгаа зарлалаа. Зөвхөн Улаанбаатар хотод нэвтрээд байсан өндөр хурдны, хөдөлгөөнт интернет сүлжээ ийнхүү 21 аймаг, 330 суманд хүрч байна. Ингэснээр Монгол улсын өнцөг бүрт ажиллаж, амьдарч байгаа хэрэглэгчид өмнөх үеийн сүлжээнээс 10 дахин хурдан мэдээлэл хүлээн авах боломж бүрдэв. Аль ч сумынхан Улаанбаатар эсвэл дэлхийн өндөр хөгжилтэй бусад хотод амьдарч буй иргэдтэй адил хурдаар интернетэд холбогдох боломжтой боллоо. Энэ том сүлжээг байгуулахын тулд Юнител групп 80 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Ийнхүү Монгол улс орон даяараа 4G LTE сүлжээ нэвтрүүлсэн дэлхийн 25 орны нэг болж чадлаа. Энэ оны 4-р сард Юнител групп Монгол улсад анх удаа 4G LTE сүлжээг нэвтрүүлж байсан бол харьцангуй богино хугацаанд 21 аймгийн бүх суманд ашиглалтад орууллаа.