Мэтагро компани олон улсын хөдөө аж ахуйн зохистой дадлын стандартыг Монголд анхлан нэвтрүүллээ
Буцах

  2026.11.24
...

М-Си-Эс Группийн хөрөнгө оруулалттай Мэтагро компани нь газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлээ олон улсын стандартаар баталгаажуулж, хүнсний чанар, аюулгүй байдлын үйлдвэрлэлийг эхний шатнаас нь эцсийн бүтээгдэхүүн хүртэл бүрэн хангаж байгаагаа нотоллоо. Primeat брэндээрээ танигдсан Мэтагро компани нь үхрийн тэжээлийн тариалалт, үйлдвэрлэлээ GLOBAL GAP IFA Smart for Combinable Crops V6.0 стандартыг, эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлээ GLOBAL SLP Integrated Farm Management V5.2 олон улсын стандартаар тус тус ханган баталгаажуулсан Монголын хөдөө аж ахуйн салбарын анхдагч нь боллоо.

Эдгээр стандартын хэрэгжилтийг олон улсын SGS байгууллагын хөндлөнгийн аудит баталгаажуулсан бөгөөд махны чанар, аюулгүй байдлыг мах боловсруулах үйлдвэрлэлийн үе шатнаас өмнөх үеүд болох малын тэжээлийн тариалалт, үр, бордоо, ургамал хамгааллын бодисын зохистой хэрэглээ, тэжээлийн хадгалалт, мөшгих тогтолцоо болон цаашлаад мал бордох үеийн эрүүл мэнд, тавлаг байдал зэрэг үйлдвэрлэлийн үе шатуудад олон улсын стандартыг мөрдөж буйг баталгаажуулж буй юм.

Мэтагро компаниийн гүйцэтгэх захирал Б.Солонго: “Манай компани газар тариалан, үхэр бордох аж ахуй, мах боловсруулах үйлдвэр, хүргэлт, түгээлтийн хүйтэн хэлхээг цогцоор нь хэрэгжүүлдэг буюу хөдөө аж ахуйн цогцолбор хэлбэрээр үйл ажиллагаагаа эрхэлдэг тул эдгээр стандартуудыг аль алиныг нь Монгол Улсад анх удаа, тэгэхдээ цогцоор нь авсан эхний аж ахуй боллоо. Энэ нь Мэтагро компанийн төдийгүй манай улсын хөдөө аж ахуйн салбарын хөгжилд чухал ач холбогдолтой үйл явдал юм. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд зохистой дадлыг нэвтрүүлж, хэвшүүлснээр бид хүн амаа эрүүл, аюулгүй хүнсээр хангахад улам бүр итгэлтэй болж байна. Эдгээр стандартууд нь малын тэжээл болон маханд хүнд метал, пестицид, антибиотикийн үлдэгдэлгүй байлгахыг эхнээс мөшгөж,  магадлахыг чухалчилдаг юм. Мэтагро компани цаашид үйлдвэрлэлийн бүх үе шатанд олон улсын сайн туршлага, хариуцлагатай үйлдвэрлэлийн зарчмуудыг нэвтрүүлж, “Хөрснөөс хүнс” хүртэлх цогц өртгийн сүлжээг хөгжүүлэх замаар хүнсний чанар, аюулгүй байдал, тогтвортой үйлдвэрлэлийг эрхэмлэн, Монголын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийг зорьж ажиллана” гэв.

Мэтагро компани Монгол улсын хөдөө аж ахуйн салбарт олон улсын дэвшилтэт технологи, үйлдвэрлэлийн стандарт, инновацыг нэвтрүүлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг агробизнесийн компани юм. Тус компани Хэнтий аймгийн Хэрлэн сум, Чандганы талд 10250 га талбайд ухаалаг газар тариалан эрхэлж, нэг дор 5,000 толгой үхэр бордох хүчин чадалтай эрчимжсэн мал аж ахуй, малын тэжээл үйлдвэрлэл болон мах боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс эцсийн хэрэглэгчид хүрэх хүртэлх үнэ цэнийн нэгдсэн сүлжээг хөгжүүлэхэд чиглэн ажилладаг.

Үйлдвэрлэлдээ олон улсын чанар, хүнсний аюулгүй байдлын шаардлагыг эрхэмлэн HALAL, HACCP, ISO 22000 стандарт, баталгаажуулалтыг нэвтрүүлсэн бөгөөд чанарын хяналтын лаборатори нь MNS ISO 17025:2018 стандартын дагуу итгэмжлэгдсэн байсан бол шинээр GLOBAL G.A.P. болон GLOBAL S.L.P. гэрчилгээ авснаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх чанар, аюулгүй байдал, хариуцлагатай үйлдвэрлэлийн тогтолцоогоо олон улсын стандартаар цогцоор нь баталгаажуулж, стандартын тогтолцоогоо бүрэн болгож байна. Мөн өөрийн үйлдвэрлэлийн чанар, гарал үүсэлд суурилсан Primeat брэндээр дамжуулан Монголын хэрэглэгчдэд чанартай, найдвартай,  эрүүл мах махан бүтээгдэхүүнийг хүргэж, Монголын хөдөө аж ахуйн салбарын хөгжилд хувь нэмэр оруулж байна.