М-Си-Эс Групп шатар, волейболын аваргуудаа шалгарууллаа
Буцах

  2023.11.27
...

М-Си-Эс Групп нь 30 жилийнхээ ойн хүрээнд нийт ажилтныхаа дунд и-спорт, сагсан бөмбөгийн 5х5, 3х3, ширээний теннис, шатар, волейбол зэрэг төрлөөр спортын цуврал тэмцээнүүдийг бүтэн жилийн турш амжилттай зохион байгууллаа.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөсөн волейболын аварга шалгаруулах тэмцээнд нийт 34 багийн 340 тамирчин оролцон авхаалж самбаа, хурд хүчээ дайчлан өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан юм. Тэмцээний эмэгтэй төрөлд Юнител Групп алтан медаль, М-Си-Эс Проперти компани мөнгөн медаль, Энержи Ресурс компани хүрэл медаль хүртэж, М-Си-Эс Кока-Кола компани тусгай байрыг эзэлсэн бол эрэгтэй төрөлд Юнител Групп, М-Си-Эс Проперти, Энержи Ресурс компаниуд алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болж, М-Армор компани тусгай байранд шалгарлаа. Түүнчлэн тэмцээний нийлбэр дүнгээр Юнител Группийн тамирчид аваргын цомын эзнээр тодорч, шилжин явах цомоо үүрд хадгалан үлдэж байна.

Мөн энэ жилээс эхлүүлэн волейболын тэмцээнд шилдэг тоглогчдыг тодруулж, бэлгэдлийн багийг бүрдүүлдэг болсон нь тэмцээний онцлох хэсэг байсан юм.

Энэ удаагийн тэмцээний шилдэг эрэгтэй тоглогчдоор:

  • Шилдэг холбогч – М-Си-Эс Проперти компанийн тамирчин Н.Энхмандах,
  • Шилдэг давуулагч – Юнител Группийн тамирчин Ж.Ганцоож,
  • Шилдэг хамгаалагч – М-Си-Эс Проперти компанийн тамирчин Г.Чинсанаа,
  • Шилдэг хаагч – М-Армор компанийн тамирчин Б.Болдхүү,
  • Шилдэг довтлогч – Энержи Ресурс компанийн тамирчин А.Очирдорж,
  • Тэгш тоглогч – Юнител Группийн тамирчин Г.Эрдэмбилэг нар тус тус тодорч, бэлгэдлийн багийг бүрдүүлсэн юм.

Харин эмэгтэй бэлгэдлийн багт:

  • Шилдэг холбогч – Юнител компанийн тамирчин Д.Энхтүвшин,
  • Шилдэг давуулагч – М-Си-Эс Кока Кола компанийн тамирчин Ц.Одмаа,
  • Шилдэг хамгаалагч – М-Си-Эс Проперти компанийн тамирчин Б.Одончимэг,
  • Шилдэг хаагч – Юнител компанийн тамирчин Б.Баярчимэг,
  • Шилдэг довтлогч – М-Си-Эс Проперти компанийн тамирчин Т.Одонцэцэг,
  • Тэгш тоглогч – Энержи Ресурс компанийн тамирчин О.Цэрмаа-Буд тус тус шалгарч, М-Си-Эс Группийн волейболын бэлгэдлийн баг тодорлоо.

Харин М-Армор компаниас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг М-Си-Эс Группийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд 21 компанийн 63 тамирчин оюунаараа уралдан М-Си-Эс Инвестмент компанийн тамирчид бусдыгаа тэргүүлэн алтан медаль хүртсэн бол, ДДэшТВ компанийн тамирчид мөнгө, М-Си-Эс Проперти компанийн тамирчид хүрэл медалийн эздээр шалгарлаа. Харин ганцаарчилсан төрөлд нэгдүгээр ширээний аваргаар Мэтагро компанийн шатарчин Г.Алтайхүү, хоёрдугаар ширээний аваргаар Сэлбэ сургууль, цэцэрлэгийн цогцолборын шатарчин Б.Анхбаяр, гуравдугаар ширээний аваргаар М-Си-Эс Кока-Кола компанийн шатарчин П.Аззаяа нар тус тус тодорч энгэрээ мялаасан юм.

Шатрын аварга шалгаруулах тэмцээний үеэр Олон улсын их мастер Г.Билгүүн нүдээ боон, цээжээр гурван шатарчны эсрэг зэрэг тоглолт хийсэн бол Олон улсын мастер Г.Амартүвшин 10 хүнтэй нэгэн зэрэг тоглон ур чадвараа үзүүлсэн юм. Түүнчлэн Группийн ажилчдын хүүхдүүд дунд шатрын тэмцээнийг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж, нийт 32 хүүхэд оролцлоо.