М-Си-Эс Групп тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
Буцах![...](https://mcs.mn/wp-content/uploads/2023/08/MCS-Togtvortoi-Hugjliin-Tailan-2022_Cover-1300x736.jpg)
Ирээдүй хойч үеийнхээ боломжийг хязгаарлалгүйгээр өнөө үеийн хэрэгцээ, шаардлагыг хангах, эх дэлхийгээ хамгаалах үйлсэд улс орнууд гэлтгүй бизнесийн байгууллагууд, олон нийт гар бие оролцох шаардлагатай болоод байгааг дэлхийн уур амьсгалын өөрчлөлт бидэнд тогтмол сануулж байна.
М-Си-Эс Групп Монгол Улсын “Алсын хараа 2050” болон бусад бодлого, зорилтуудад хувь нэмрээ оруулах, “Net-Zero” компани болох урт хугацааны зорилттойгоор бизнесийн үйл ажиллагаагаа НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилго, зорилтуудтай уялдуулан БОНЗ (байгаль орчин, нийгэм, засаглал)-ын зарчмуудыг хэрэгжүүлж байна.
Бид байгалийн үр өгөөжийг үнэлж, зөв зохистой ашиглах, хүлэмжийн хийн ялгарлаа тодорхойлон бууруулах, ажилтнуудаа дэмжиж, эрүүл, тэгш хүртээмжтэй ажиллах орчныг бүрдүүлэх, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах, нээлттэй ил тод засаглалтай болох зэргийг Группийн БОНЗ-ын голлох чиглэлүүд хэмээн тодорхойлсон юм. Улмаар байгаль орчин, нийгэмдээ ээлтэй үйлдвэрлэл, үйл ажиллагаа эрхлэх хэв маягийг Группийн хэмжээнд төлөвшүүлж байна.
Үүний хүрээнд бид бизнесийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүний тогтвортой үйлдвэрлэл, ажилтнууд болон харилцагч, ханган нийлүүлэгчид зэрэг оролцогч талуудад чиглэсэн бодлого, нийгмийн хариуцлага зэрэг өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн, тогтвортой хөгжилд нийцсэн ажлуудаа хоёр дахь жилдээ нийтэлж буй тогтвортой хөгжлийн тайландаа тусгахыг зорилоо.
Тухайлбал бид байгаль орчинд үзүүлж буй нөлөөллөө тооцохоор хүлэмжийн хийн тооллогыг зарим компанидаа олон улсын арга зүйн дагуу хийсэн ба өнгөрсөн онд ялгарлаа бууруулах арга хэмжээг авч эхэлснээр, хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах Монгол Улсын зорилтод хувь нэмрээ оруулж эхэллээ.
Тэгш хүртээмжтэй, уян хатан ажиллах орчныг бүрдүүлэх зорилтынхоо хүрээнд Юнител Групп, М-Си-Эс Кока-Кола компаниуд бүсийн оффисуудыг байгуулсан, “Бага насны хүүхдийн цогц хөгжлийн бодлого”-ын хүрээнд байгууллагын дэргэдэх хоёр цэцэрлэгийг байгуулсан зэрэг нь өнгөрсөн оны онцлох ажлуудын нэг байв.
Түүнчлэн тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд бизнесийн ёс зүйтэй, нээлттэй, хариуцлагатай засаглалыг бүрдүүлэхийн чухлыг ухамсарлаж, эхний ээлжинд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний болон мэдээлэл харилцаа холбооны компаниудынхаа хэрэгжүүлж, мөрдөх БОНЗ-ын бодлогыг баталлаа. Түүнчлэн БОНЗ хариуцсан олон чиг үүргийн багуудыг томилсноор тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан урт хугацааны зорилтуудаа тодорхойлж, гүйцэтгэлийн гол үзүүлэлтүүдээ компани тус бүрийн үйл ажиллагааны онцлогт тохируулан хянах боломжийг бүрдүүлээд байна.