Шангри-Ла зочид буудал “Хариуцлагатай нүүдэлчин” үндэсний стандартыг дэмжиж байна
БуцахМал, бэлчээр, малчдын ахуй байдлыг тал бүрээс нь тавлаг байлгах “Хариуцлагатай нүүдэлчин” үндэсний стандартын шаардлагыг хангасан ноолууран бүтээгдэхүүний анхдагч болох Тоонот брэндийг Шангри-Ла Улаанбаатар зочид буудал хариуцлагатай хэрэглээг эрхэмлэдэг хэрэглэгчдэдээ танилцуулж байна..
Малын гаралтай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх зорилготой “Хариуцлагатай нүүдэлчин” стандарт нь эрүүл мал, эрүүл бэлчээрээс гаралтай, хариуцлагатай малчин, фермерүүдийн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд хүргэн хөдөө аж ахуйн тогтвортой үйлдвэрлэлийг түгээхээр зорьдог. Ингэснээр Монгол орны ахуй, байгалийн тогтоц, нүүдлийн соёлын өвөрмөц өнгө төрхийг сурталчлах, нүүдлийн соёлыг хадгалж хамгаалахад тулгамдсан асуудлуудыг олон нийтэд таниулах, тэдгээрийг шийдвэрлэхэд хүмүүс хэрхэн хувь нэмрээ оруулах боломжтойг харуулахаар зорьж буй юм.
Энэ талаар Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Д.Бурмаа: “Хариуцлагатай нүүдэлчин” стандартыг 2020 онд нэвтрүүлснээр малчид болоод байгаль орчинд олон талын эерэг өөрчлөлт гарч эхлээд байна. Тухайлбал, малчид малын гаралтай бүтээгдэхүүнээ өндөр үнээр борлуулах боломжтой болж, мал, сүргээ эрүүлжүүлж эхэлсэн юм. Түүнчлэн, малчдын хоршоо тогтмол худалдан авагчтай болсон төдийгүй иргэд бэлчээр нутгаа хамгаалан зөв зохистой ашиглаж эхэлснээр бэлчээрийн доройтол буурч байна” гэсэн юм.
Шангри-Ла Улаанбаатар зочид буудал нь “Хариуцлагатай нүүдэлчин” үндэсний стандартын шаардлагыг хангасан брэндүүдийг дэмжиж, бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулах боломжийг бүрдүүлж байна. Шангри-Ла Улаанбаатар зочид буудлын Ерөнхий менежер Марк Чан хэлэхдээ “Бид өөрсдийн үнэт зүйлс болон тогтвортой хөгжилд нийцсэн брэндүүдийг дэмжиж, буудаллаж буй зочдодоо танилцуулахыг зорьдог. ‘Хариуцлагатай нүүдэлчин’ үндэсний стандарт нь бэлчээрийн зохистой ашиглалт, нүүдэлчдийн өвөрмөц соёл, ёс заншлыг хадгалах, ил тод ханган нийлүүлэлтийн сүлжээ зэрэг тогтвортой хөгжлийн хандлагыг түгээхээр зорьж байгааг бид дэмжиж, тогтвортой ноолуурын талаарх мэдлэгийг дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн зочдодоо хүргэхээр зорьсон юм” хэмээн онцоллоо.
Шангри-Ла зочид буудлын угтах танхимд байрлаж буй энэхүү хэсэгт хүрэлцэн ирснээр Тоонот брэндтэй танилцаж, бүтээгдэхүүний шошго бүрт байршуулсан QR кодыг уншуулан аль аймаг, сум, хоршооны малчдаас түүхий эдийг бэлтгэсэн зэрэг мөшгөх тогтолцоо дахь мэдээлэлд үндэслэн хариуцлагатай сонголт хийх боломжийг хэрэглэгчдэдээ олгож байна.