М-Си-Эс Групп “Ойжуулъя, арчилъя, хамгаалъя” аяныг эхлүүллээ
Буцах

  2023.05.13
...

М-Си-Эс Групп 30 жилийн ойгоо тохиолдуулан “Ойжуулъя, арчилъя, хамгаалъя” аяныг үе шаттай хэрэгжүүлэхээр боллоо. Эхний ээлжинд Богдхан уулын Хүрхрээгийн аманд 1 га газарт 3000 мод бүхий төгөл байгуулах, мод тарих ажлаар тус аяныг “Үндэсний мод тарих өдөр”-өөр эхлүүлж, М-Си-Эс Группийн 24 компанийн 500 гаруй ажилтан оролцлоо.

“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй тус аян нь Энержи Ресурс компани 2030 он хүртэл нийтдээ 40 сая мод тарьж, ургуулах ажлын нэг хэсэг бөгөөд говийн бүсэд мод тарьж, ургуулж, арчлан хамгаалах, хангайн бүсэд ойжуулах, нөхөн сэргээх, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгжүүлэх, төгөл байгуулах зэрэг үйл ажиллагааг цогцоор нь хэрэгжүүлж байгаагаараа онцлог юм. Энержи Ресурс компани нь говийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор 2009 оноос хойш нийт 220 мянга гаруй мод тарьж ургуулсан туршлагатай бөгөөд Цогтцэций суманд байгуулсан “Ойн зурвас” гэхэд жил тутам талбайгаа тэлж, өнөөдөр 100 мянга гаруй мод, сөөгтэй, 63 га талбай бүхий томоохон төгөл болоод байна.

М-Си-Эс Холдинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Гантөмөр хэлэхдээ, “М-Си-Эс Групп нь өөрийн үнэт зүйл, баримтлах зарчимдаа нийгэм болон байгаль орчиндоо ээлтэй байх хандлагыг тусган байнга хэрэгжүүлсээр ирсэн. Бид 2022 оны байдлаар Группийн хэмжээнд 100 мянга орчим мод тарьж, арчлан ургуулах ажлыг зохион байгуулаад байна. Манай Группт ажил олгогчийн дэмжлэгтэй сайн дурын үйл ажиллагааг дэмжих журам хэрэгждэг бөгөөд мөн өнгөрсөн онд манай ажилтнууд 8300 гаруй модыг сайн дурын санаачилгаараа тарьжээ. Ойжуулъя, арчилъя, хамгаалъя аян нь М-Си-Эс Группийн урт хугацааны зорилт болон Тэрбум мод хөдөлгөөний зорилготой нийцэж байгаад баяртай байна” гэв. Тэрбээр, “Ойжуулъя, арчилъя, хамгаалъя” аян нь Богдхан уулын Хүрхрээгийн амны 11 га  газарт мод үржүүлгийн талбай байгуулж, ойжуулалтын тарьц, суулгацыг тогтвортой хангах төслөөр цаашид үргэлжилнэ” гэдгийг онцоллоо.

М-Си-Эс Групп нь өнгөрсөн 30 жилд хэрэгжүүлсэн олон төсөл, хөтөлбөр болгондоо нийгэм болон байгаль орчинд ээлтэй байх олон улсын стандартыг ямагт хангаж ирсэн бөгөөд цаашид тогтвортой хөгжлийн зорилтуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.