М-Си-Эс Групп 2022 оны сагсан бөмбөг, шатрын аваргуудаа шалгарууллаа
Буцах

  2022.11.07
...

М-Си-Эс Группийн сагсан бөмбөг, шатрын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Орчлон сургуульд амжилттай болж өндөрлөлөө.

Сагсан бөмбөгийн тэмцээнд 27 компанийн 330 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин аваргын цомын төлөө өрсөлдөж, эрэгтэй багийн төрөлд М-Си-Эс Проперти компани алт, Юнител Групп мөнгө, Анунгоо компани хүрэл медаль хүртлээ. Харин эмэгтэй төрөлд алтан медалийг Анунгоо, мөнгө медалийг Энержи Ресурс, хүрэл медалийг Юнител Группийн баг хүртэж, тэмцээний нийлбэр дүнгээр Анунгоо компанийн баг тамирчид шилжин явах цомын эзнээр найм дахь удаагаа шалгарлаа. Түүнчлэн тэмцээний үнэ цэнэтэй тоглогчоор М-Си-Эс Проперти компанийн тамирчин Б.Түмэнбаяр, Анунгоо компанийн тамирчин Ш.Өнөрмаа нар шалгарсан юм.

Харин М-Армор компаниас уламжлал болгон зохион байгуулдаг шатрын багийн тэмцээнд 21 компанийн 63 шатарчин оюун ухаанаа сорин өрсөлдөж М-Си-Эс Проперти компанийн шатарчид тэргүүн байр, Орчлон сургуулийн шатарчид дэд байр, Юнител Группийн шатарчид гуравдугаар байр эзэлж, алт, мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялаасан юм. Харин ганцаарчилсан төрөлд нэгдүгээр ширээнд М-Армор компанийн шатарчин Д.Отгонсүрэн, хоёрдугаар ширээнд М-Си-Эс Проперти компанийн шатарчин Т.Түвшинтөр, гуравдугаар ширээнд Анунгоо компанийн шатарчин Б.Оюунбилэг нар тэргүүлж алтан медаль хүртлээ. Тэмцээний бодлогын уралдааны аваргаар Е Базаар Трейд компанийн шатарчин А.Ананд шалгарсан юм. Мөн шатрын тэмцээний үеэр олон улсын мастер Б.Мөнгөнтуул 10 шатарчинтай нэгэн зэрэг тоглон ур чадвараа үзүүлсэн юм.