М-Си-Эс Группийн таван компани 2024 оны “Энтрепренер”-ээр шалгарлаа
БуцахМонгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуйн нэгжийг шалгаруулдаг “Entrepreneur-2024” арга хэмжээнээс М-Си-Эс Группийн охин болон хөрөнгө оруулалттай таван компани шагнал хүртлээ.
МҮХАҮТ-аас 27 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү шалгаруулалтад М-Си-Эс Кока-Кола, Энержи Ресурс компаниуд “Оны шилдэг аж ахуйн нэгж”-ээр шалгарч, мөнгөн Меркури цомын эзэд болсон бол, Юнител Групп “Компанийн засаглал, нийгмийн хариуцлага, комплаенс хэрэгжүүлэгч Энтрепренер”, М банк “Банкны Энтрепренер”, Мэтагро компани “Хөдөө аж ахуйн Энтрепренер”-ээр тус тус шалгарч, хүрэл Меркури шагналыг хүртсэн юм.
М-Си-Эс Кока-Кола компани нь 2024 онд энерги бага зарцуулдаг, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээс гадна хог хаягдлыг бууруулах, дахин ашиглах, цаашлаад урт хугацаандаа бүтээгдэхүүний савлагааг 100 хувь дахин боловсруулах зорилгоор “Хуванцрын Хаягдалгүй Дэлхий” кампанит ажлыг улс орон даяар өрнүүлж байгаа юм.
Энержи Ресурс компанийн хувьд Цогтцэций сумыг 24 цагийн цахилгаан эрчим хүч, ундны цэвэршүүлсэн усаар найдвартай хангаж ирснээс гадна, орон нутгийн боловсрол, эрүүл мэндийг дэмжих, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, малчдад туслах зэрэг дэд бүтэц, тогтвортой хөгжлийг дэмжих олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, орон нутгийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж байна.
Юнител Групп 2021 оноос хойш нарны эх үүсвэрээр ажилладаг үүрэн холбооны суурин станцын тоог 2.5 дахин нэмэгдүүлж, зургаан суурин станц тутмын нэг нь сэргээгдэх үүсвэрээр ажилладаг болсноор 2024 онд 1 мянга орчим тонн CO2-экв хүлэмжийн хийн ялгарлаас сэргийлээд байна. Түүнчлэн тогтвортой хөгжлийг сайжруулж, орон нутгийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор 21 аймагт UNITEL HUB төвийг нээснээс гадна, зэрлэг амьтад ус уух хөв цөөрмийг 70 гаруй байршилд байгуулаад буй юм.
М-Си-Эс Группийн хөрөнгө оруулалттай Мэтагро компани нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг, Чадганы талд дэлхийн жишигт хүрсэн хөдөө аж ахуйн цогцолборыг байгуулаад байгаа бөгөөд 2024 онд бүхий л хог хаягдлыг дахин боловсруулж, эргэлтэд оруулах технологи бүхий “Мах боловсруулах үйлдвэр”-ийг ашиглалтад оруулж, хаягдлыг ахуйн хэрэглээнд болон газар тариаланд ашиглах хүртэл дахин боловсруулж эхлээд байна.
“Банкны Энтрепренер”-ээр шалгарсан Монголын анхны бүрэн дижитал необанк М банк нь банкны бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээг биечлэн ирэлгүйгээр цахимаар авах боломжийг харилцагчдадаа бүрдүүлээд байна. Түүнчлэн 2024 онд олон улсын төлбөр тооцооны M Виза болон М ЮнионПэй картыг хэрэглээнд амжилттай нэвтрүүллээ.