М-Си-Эс Групп цалинтай дадлагажих “MCS Internship 2022” хөтөлбөр зарлалаа

М-Си-Эс Групп их, дээд сургуулийн оюутнуудад зориулсан цалинтай дадлагажих “MCS Internship-2022” хөтөлбөр зарлалаа. Тус хөтөлбөрөөр дамжуулан оюутан залуусын ажлын гарааг зөв, системтэй бэлтгэх, ажлын бодит туршлага хуримтлуулах, өөрийгөө хөгжүүлэх болон байгууллагын соёлд суралцах олон боломжийг олгох юм.

Хөтөлбөрт хамрагдсанаар хамт олон, багаар ажиллах чадвараа дээшлүүлэх, өөрийн сурч буй мэргэжлийн чиглэлээр дадлага туршлагатай ажилтныг дагалдан ажиллах, М-Си-Эс Академийн хувь хүний хөгжлийн багц сургалтад хамрагдах, зочин менторуудтай уулзаж зөвлөгөө авах, танилын хүрээгээ тэлэх зэрэг сонирхолтой туршлагыг хуримтлуулна. Цаашлаад тус ажлын байранд үргэлжлүүлэн ажиллах боломж нээлттэй юм.

Мөн гадаад улсад суралцдаг оюутнуудыг хамруулах үүднээс Бизнесийн удирдлага болон Мэдээллийн технологиийн /IT/ зарим ажлын байранд 100 хувь зайнаас дадлагажих боломжийг олгож байна.

 

Боломжийг эрэлхийлэгч, тасралтгүй суралцагч оюутан  та бүхэнд амжилт хүсье!

Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг: https://fb.me/e/4BEc2ZzpJ

Анкет илгээх: https://anket.mcs.mn/

Бүртгэлийн хугацаа: 2022 оны гуравдугаар сарын 17 хүртэл

Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа:  2022.04.08-2022.07.08

Сонгон шалгаруулалтын үе шат: Анкет -> Шалгалт -> Ярилцлага -> Хөтөлбөрийн нээлт

Холбоо барих:

И-Мэйл: hrmanager@mcs.mn

Утасны дугаар: 7777 8833

 

 

Мэдэгдэл

Сүүлийн үед М-Си-Эс Групп Хөгжлийн банкнаас 385 тэрбум төгрөгийн зээл авсан гэх үндэслэлгүй, буруу ташаа мэдээлэл гарах боллоо.

М-Си-Эс Группийн охин болон түүний хөрөнгө оруулалт бүхий компаниуд нь Хөгжлийн банкнаас ямар нэгэн зээл авч байгаагүй, тус байгууллагатай төлбөр тооцоогүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Хөгжлийн банктай холбож байгаа АСЕМ Вилла хотхоны төслийн зээлийг Скай Резорт ХХК өөрийн хөрөнгийг барьцаалан “Худалдаа Хөгжлийн Банк”-наас авсан ба зээлийн үндсэн ба хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлж, барагдуулсан болно.

М-Си-Эс Группийн Хэвлэлийн алба

Онцлох аж ахуйн нэгжүүд тугаа мандууллаа

Шинээр бий болгосон үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байр нэмэгдүүлэлт, инноваци, дэвшилтэт технологи нэвтрүүлсэн байдал, компанийн байгаль орчин, ногоон бизнесийн бодлого зэрэг үзүүлэлтээрээ бусдыгаа тэргүүлж, “2021 оны онцлох аж ахуйн нэгж”-ээр шалгарсан байгууллагуудын туг мандуулах ёслол боллоо.

МҮХАҮТ-ын уг шалгаруулалтад М-Си-Эс Кока-Кола, Энержи Ресурс компаниуд 2021 оны онцлох аж ахуйн нэгжээр шалгарч мөнгөн Меркуригийн эзэд болсон юм. Ташрамд дурдахад “Энтрепренер-2021” шалгаруулалтаас М-Си-Эс Интернейшнл компани “Бүтээн байгуулагч Энтрепренер”, “Эрчим хүчний салбарын Энтрепренер”-ээр, М-Си-Эс Кока-Кола компани “Тогтвортой үйлдвэрлэлийн менежмент нэвтрүүлэгч Энтрепренер”-ээр тус тус шалгарсан билээ.

 

М-Си-Эс Группийн хоёр компани “2021 оны онцлох ААН”-ээр, хоёр компани салбарын Энтрепренер-ээр шалгарлаа

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуйн нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг МҮХҮАТ-аас шалгаруулан өргөмжилдөг “Энтрепренер” шалгаруулалтаас М-Си-Эс Группийн гурван компани шагнал хүртлээ.

“Энтрепренер 2021” шалгаруулалтаас Энержи Ресурс болон М-Си-Эс Кока-Кола компаниуд “Оны онцлох аж ахуйн нэгж”, мөнгөн Меркуригийн эзэд болсон бол, М-Си-Эс Кока-Кола компани мөн “Тогтвортой үйлдвэрлэлийн менежмент нэвтрүүлэгч Энтрепренер”-ээр, М-Си-Эс Интернейшнл компани “Бүтээн байгуулагч Энтрепренер”, “Эрчим хүчний салбарын Энтрепренер”-ээр тус тус шалгарсан байна.

Өнгөрөгч хоёр жилийн хугацаанд улс орон даяар цар тахлын нөхцөл байдалтай, экспорт зогсонги, үйл ажиллагаа хүндрэлтэй байсан хэдий ч Энержи Ресурс компани ажиллагсдынхаа ажлын байрыг бүрэн бүтэн хадгалснаас гадна 2020-2021 онуудад шинээр 429 ажлын байр бий болгож, нийт 300 орчим тэрбум төгрөгийг улсад татвар, шимтгэл хэлбэрээр төвлөрүүлсэн байна. М-Си-Эс Кока-Кола компани 2021 оны гуравдугаар улирлын байдлаар 117 гаруй компаниас 300 гаруй нэр төрлийн барааны худалдан авалт хийж аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг болон ажиллажээ.

Энержи Ресурс компани нь үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш татвар төлөлт, эдийн засагт оруулж буй хувь нэмрийн хэмжээгээр Монгол Улсын Топ-5 аж ахуйн нэгжээр тогтмол шалгарч, улс орны эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмрээ оруулсаар ирсэн. Нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн засаг захиргаа, малчид, ард иргэд, иргэний нийгмийн байгууллагууд зэрэг оролцогч талтай хамтран “Зүрх мартахгүй” төсөл, 3х3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн албан ёсны түнш, “Сайн хөрш” хөтөлбөр, Орон нутгийн боловсролыг дэмжих хөтөлбөр зэрэг төслийг хэрэгжүүлсээр байна.

М-Си-Эс Кока-Кола компани 2020-2021 онд байгаль орчны менежмент, ногоон хөгжлийн чиглэлээр нийтдээ 760 гаруй сая төгрөгийг зарцуулж, Монгол Улсад анх удаа хуванцар савыг дахин боловсруулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж, 2030 он гэхэд хаягдал хуванцар саваа 100 хувь дахин боловсруулах, сав баглаа боодлынхоо жинг бууруулах зорилттой ажиллаж байна. Мөн тус компани хийн түлшний зуухыг М-Си-Эс Интернейшнл компанитай хамтран хэрэгжүүлсэн нь түүхий нүүрсний хэрэглээг бууруулж, байгальд ээлтэй байх цогц хөтөлбөрийг шат дараалан хэрэгжүүлж байгаа манлайлал хэмээн өндөр үнэлж “Тогтвортой үйлдвэрлэлийн менежмент нэвтрүүлэгч Энтрепренер”-ээр шалгаруулжээ.

М-Си-Эс Группийн ууган компани болох М-Си-Эс Интернейшнл нь нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах, уул уурхай, эрчим хүчний салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан бүтээн байгуулалтуудад хөрөнгө оруулагч, ерөнхий гүйцэтгэгчээр оролцжээ. Тус компани 2020-2021 онд 75.2 тэрбум төгрөгийн худалдан авалт хийж, 2021 оны арваннэгдүгээр сарын байдлаар улсын төсөвт нийт 18.6 тэрбум төгрөгийг татвар, шимтгэл хэлбэрээр төвлөрүүлсэн байна.

НҮБ-ын тогтвортой хөгжлийн 17 зорилтын хүрээнд М-Си-Эс Группийн компаниуд өөрсдийн бизнесийн онцлогийг харгалзуулан зорилтуудаа тодорхойлон ажиллахдаа ногоон хөгжлийн чиглэлээр нэг удаагийн хандив тусламжаас илүүтэйгээр урт хугацааны хөгжлийг чухалчилж, тогтвортой, үр дүнтэй эргэх холбоог хэвшүүлэхийг эрхэмлэж байна.

М-Си-Эс Групп нээлттэй ажлын байрны өдөрлөг зохион байгуулж байна

Бизнесийн олон салбарт амжилттай үйл ажиллагаа эрхэлж буй 20 гаруй компани, 10 мянган үндсэн ажилтантай, үндэсний томоохон группийн нэг М-Си-Эс Групп нь 600 гаруй ажлын байрыг санал болгон нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна.

Нээлттэй өдөрлөг нь маргааш буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 2-3-ны өдрийн 08:00 – 17:00 цагийн хооронд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт болох юм.

Ажлын байрны нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирснээр М-Си-Эс Группийн охин компаниудын талаар мэдээлэл авах, шинээр зарлаж буй ажлын байруудад анкет бөглөх, хүний нөөцийн ажилтнуудтай шууд уулзалт хийж ярилцлагад орох боломжтой. Түүнчлэн нээлттэй өдөрлөгт таны сонирхож буй ажлын байр зарлагдаагүй байсан ч компаниудтай танилцаж, анкет бөглөх боломжийг санал болгож байна.

Та бидэнтэй нэгдсэнээр:

  • Эрч хүчтэй, чадварлаг хамт олонтой нэг баг болон хамтран ажиллах
  • Ажилтан бүрт ахиж дэвших орчныг бүрдүүлсэн, ижил тэгш боломж
  • Ихийг хийж бүтээх хүсэл тэмүүллийг ямагт дэмжин сайшаадаг таатай орчин
  • Үр дүнд тулгуурласан өрсөлдөхүйц цалин, бодит урамшуулал
  • Бизнесийн олон чиглэлд хөрвөж, өөрийн мэдлэг чадвараа хөгжүүлэх
  • Дэлхийн зах зээлд нэрд гарсан хамтрагч байгууллагуудын арвин туршлагаас (Кока-Кола, Проктэр энд Гэмбл, Шангри-Ла) суралцах таатай боломжтой.

► Анкет бөглөх: https://forms.office.com/r/9ZdQyJ4zmn

► 2021 оны 12 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд 08:00-17:00 цаг хүртэл

► Нэгдсэн үйлчилгээний төв – Дүнжингарав салбар, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв

► Та анкет илгээсэн ч нээлттэй ажлын байрны өдөрлөгт биеэр ирж уулзаж, ярилцлагад орох боломжтой.

М-Си-Эс Венчерс стартапын экосистемийн хөгжлийг дараачийн шатанд гаргаж байна

Аливаа стартапыг олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай, амжилттай компани болгохын тулд бизнесийн хөгжлийн үе шат бүрт нь дэмжлэг үзүүлж, өргөжүүлэх, тэдгээрт тулгарсан асуудлыг шийдвэрлэх стартапын экосистемийг зөв бүрдүүлэх шаардлагатай байдаг.

Тэгвэл М-Си-Эс Венчерс компани Монголд стартапын экосистемийг бүрдүүлэх зорилгоор IT салбарын хөгжүүлэгчдийг бэлтгэх  – “MStars Academy” болон стартапын хурдасгуур хөтөлбөр – “MStars Hub” гэх хоёр төслийг санаачлан эхлүүлж, албан ёсны нээлтийн үйл ажиллагаагаа амжилттай зохион байгууллаа.


IT салбарын хөгжүүлэгчдийг бэлтгэх – “MStars Academy”

Монголдоо төдийгүй дэлхийд үнэлэгдэх чадварлаг хөгжүүлэгчдийг богино хугацаанд практик дээр суурилсан үр дүнтэй хөтөлбөрөөр бэлтгэх МStars Academy аравдугаар сарын 11-ний өдөр үүд хаалгаа нээлээ.

Тус академийн “FullStack Developer” хөтөлбөрт элссэнээр зургаан сарын хугацаанд технологийн суурь ойлголтуудаас эхлээд веб хөгжүүлэлт бүрэн хийх хүртэл мэдлэгийг олж авах ба цаашдын карьерын өсөлтөд туслах бизнесийн, хувь хүний хөгжлийн болон мэргэжлийн англи хэлний чадвар олгох нэмэлт сургалтуудад хамрагдах боломжтой.

Академиа амжилттай төгссөн сурагчид М-Си-Эс Групп, түүний харьяа байгууллагууд болон бусад томоохон технологийн стартап компанид дадлагажих, цаашлаад ажиллах боломжтой болж байгаа талаар Юнител Группийн ТУЗ-ийн дарга, МStars Academy төслийн санаачлагч Р.Ганболд онцолсон юм.


Стартапуудын амжилтыг хурдасгах- “MStars Hub”

“MStars Hub” хурдасгуур хөтөлбөрт нийт 36 салбарын 160 стартапууд элсэх хүсэлтээ ирүүлснээс 11 стартап сонгогдож цаашдын амжилтаа хурдасгах аяллаа аравдугаар сарын 06-ны өдөр эхлүүлээд байна.

Хурдасгуур хөтөлбөрт бидний өдөр тутмын амьдралд үргэлж тохиолддог асуудлыг хялбаршуулах шийдлийг олж, хэрэглэгчдийн цаг завыг хэмнэх технологийн шинэ шийдлүүдийг Монголдоо нэвтрүүлэх зорилготой стартапууд шалгараад байгаа юм.

Хөтөлбөрт элссэн стартапууд таван сарын хугацаанд дараах боломжуудыг эдэлнэ:

  • Бизнесийн загвараа зөв тодорхойлж, ур чадвараа нэмэгдүүлэх мастеркласс хичээлүүдэд хамрагдах
  • Үнэгүй, тохилог оффист байрлах
  • Хөрөнгө оруулагчид болон түнш компаниудтай холбогдох
  • Олон улсын болон дотоодын шилдэг менторуудын заавар, зөвлөгөөг авах
  • Мөн 15-30 сая төгрөгийн тэтгэлэг/грантыг хүртэх юм.

MStars Academy-ийн сурагчид болон MStars Hub-ын стартапууд өөр чиглэлийн үйл ажиллагаатай төслүүд хэдий ч хамтдаа нэг оффист байрласнаар танилын хүрээгээ тэлж, харилцаа холбоо үүсгэх, цаашлаад стартапууд дараачийн хөгжүүлэгчээ олох, харин хөгжүүлэгчид ирээдүйн ажлын байраа олох боломж бүрдэж байгаа юм.


Стартапын экосистемийг дэмжигч – “М-Си-Эс Венчерс”

Нээлтийн үеэр М-Си-Эс Венчерс компанийн гүйцэтгэх захирал  Г.Мягмаржав MStars Hub хурдасгуур хөтөлбөрт хамрагдсан стартапуудад хөрөнгө оруулалт хийх боломжтой талаар дурдаж, MStars Academy-ийн амжилттай төгсөгчдийг М-Си-Эс Группийн компаниуд болон М-Си-Эс Венчерс компанийн хөрөнгө оруулалттай технологийн тэргүүлэх стартапуудад ажиллахыг урьсан юм.

Тоёота брэндийн албан ёсны шинэ дилер “Топ Моторс” төв үйл ажиллагаагаа эхлүүллээ

Дэлхийд автомашин үйлдвэрлэлээр тэргүүлэгч “ТОЁОТА МОТОР КОРПОРАЦ”-ын албан ёсны шинэ дилер “Топ Моторс” компани есдүгээр сарын 15-ны өдрөөс “Тоёота төв”-өө ашиглалтад оруулснаар Монголын зах зээлд үүд хаалгаа нээж байна. М-Си-Эс Группийн охин компани болох “Топ Моторс” компани Монголд ашиглагдаж буй Тоёота брэндийн бүх загварын автомашины засвар үйлчилгээ, сэлбэг эд ангийн худалдааны дилерийн үйл ажиллагааг ТОЁОТА-гийн олон улсын стандартын дагуу эхлүүллээ.

“Тоёота – Топ Моторс төв” нь 20 хүртэлх тооны автомашинд нэгэн зэрэг засвар үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай орчин үеийн оношилгоо болон засварын тоног төхөөрөмж, автомат машин угаалгын төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон засварын газартайгаар үйл ажиллагаа явуулах юм. Мөн La Parisienne кофе шоп, бяцхан үрсээ саатуулах танин мэдэхүйн тоглоом, сонирхолтой номын сангаар тоноглогдсон тоглоомын хэсэг, хурдтай Wi-Fi орчин бүхий бизнес лоунж, тав тухтай хүлээлгийн танхим зэргийг үйлчлүүлэгчдийн тав тухтай байдалд зориулан байгуулжээ.

“Топ Моторс”-ын инженер техникийн ажилчид, механикчид нь Тоёота брэндийн шинэ болон хуучин бүх загварын автомашины засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд гүйцэтгэн үйлчлүүлэгчдэдээ насан туршийнх нь туслах, зөвлөх байхыг зорьж ажиллана.

Бид Тоёота автомашины хэрэглэгчдэдээ дараах үйлчилгээг санал болгож байна.

  • Оригинал сэлбэгийн худалдаа, зөвлөгөө, захиалга
  • Урсгал засварын багц үйлчилгээ
  • Улирлын болон хуваарьт үйлчилгээ
  • Автомашины гүйлт болон насжилтад нийцсэн багц үйлчилгээ
  • Бүх төрлийн оношилгоо
  • Тэнхлэг тохиргоо
  • Автомат машин угаалга
  • Кузов засвар (тун удахгүй)

/Зураг дээр дарж томруулж үзнэ үү/

Хаяг: Баянгол дүүрэг, 10 дугаар хороолол, 25 дугаар эмийн сангаас баруун зүгт, Энхтайваны өргөн чөлөө, төв зам дагуу байрласан.

Ажлын цаг: Даваа-Ням 09:00 -18:00 цаг

Холбоо барих утас: 7777-8090

www.facebook.com/ToyotaTopMotors/

Ж.Оджаргал: Экспортоо нэмэгдүүлж чадвал дэд бүтцийн чухал төслүүдээ санхүүжүүлэх боломж нэмэгдэнэ гэдгийг анхаараасай гэж хүсье

М-Си-Эс Группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал өнөөдөр Төрийн ордонд болж өндөрлөсөн хөрөнгө оруулагчдын уулзалтад оролцож, байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр “Бизнес эрхэлж эхлээд 20-30 жил болж байгаа хүмүүс энд олноороо цугласан байна. Дотоодын буюу үндэсний бизнес эрхлэгчид олон бизнес хийж, ашгаа дотоодын эдийн засагт төвлөрүүлэх хэв маягаар ажилладаг. Бид эдийн засгийг яаж хурдан тэлэх, хэрхэн томруулах талаар санаа, оноогоо хэлэх боломж олдсон дээр хэлэхэд “Манай эдийн засаг зэс, алт, нүүрс гэсэн үндсэн, дээрээс нь төмрийн хүдэр, цайр гэсэн хэдхэн экспорт дээр тогтож байгаа. Ерөнхий сайд түрүүнд “Экспортыг дэмжиж, хөрөнгө оруулалтыг өсгөнө” гэж онцолж хэлсэн нь урам зориг өгсөн, нааштай сайхан мэдээ байлаа. Саналын чанартай хэлэхэд, зэс, алт бол ойролцоогоор хоёр тэрбум ам.долларын экспорт хийдэг маш чухал салбар. Оюутолгой, Гачуурт, Цагаан суварга зэрэг төсөл хөдөлж байж зэс, алтны экспорт нэмэгдэнэ. Улаанбаатар төмөр зам буюу Замын-Үүдтэй холбоотойгоор төмрийн хүдрийн экспорт их гацдаг. Энэ нь экспортод нөлөөлөх гол шалтгаан болдог. Тиймээс Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орж байж төмрийн хүдрийн экспорт нэмэгдэх байх.

Нүүрсийг бол бүгд мэдэж байгаа. Засгийн газар ч бас зовлонг нь ойлгож байгаа юм байна гэж ойлгосон. Гашуунсухайт-Шивээхүрэн боомтын ложистикийг нэн даруй шийдэж байж нүүрсний экспорт наад зах нь 3-4 тэрбум ам.доллараар нэмэгдэх боломж бий. Өнөөдрийн байдлаар нүүрсний экспорт хоёр тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Зах зээл нь ч хамгийн оргил үедээ байна. Өнөөдрийн зах зээлийн үнээр тооцож харвал Гашуунсухайт боомтын төмөр замын холболтыг нэн даруй, тэр тусмаа 2022 ондоо шийдэж чадах юм бол 2023, 2024 онд экспорт ойролцоогоор 3-4 тэрбум ам.доллараар нэмэгдэх боломж байна.

Экспортоо хурдан нэмэгдүүлж чадвал улсын өрийн босго нэмэгдэнэ. 2022, 2023 онд экспортоо 3-4 тэрбум ам.доллараар өсгөж чадвал түүнийг дагаад 60 хувийн өрийн босго нэмэгдэж, тэр хэмжээгээрээ Засгийн газар, олон улсын бонд босгох, дэд бүтцийн чухал төслүүдээ санхүүжүүлэх боломж нэмэгдэнэ гэдгийг анхаараасай гэж хүсье.

Аялал жуулчлал, хөдөө аж ахуй бол экспортод чухал хоёр салбар. Үүнийг төр засгийн олон тушаал шийдвэрээр дэмжих юм байна. Экспортын санхүүжилт, худалдааны санхүүжилтийн хэрэгслүүдийг хурдан шийдэх, ялангуяа Хөгжлийн банкийг Эксимбанк болгох юм байна гэж ойлголоо. Үүнтэй холбоотойгоор том төслүүдэд Засгийн газрын баталгаа их чухал байдаг. Хувийн хэвшлүүдэд баталгааны асуудлыг ярихад их түвэгтэй, улстөржсөн сэдэв байдаг учраас амаргүй. Гэхдээ төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар ярьж, шинэлэг аргууд хэрэглэх гэж байгаа бол улсын эдийн засагт хэрэгтэй томоохон төслүүдэд Засгийн газрын баталгаа, Хөгжлийн банкны баталгаа их чухал асуудал байдаг гэдгийг анхаарч, энэ тал дээр шийдэл гаргах нь чухал гэдгийг хэлмээр байна. Өнөөдрийн уулзалтаар хувийн хэвшлүүд, төрийн гурван өндөрлөгтэй нийлж, нэгдэж эдийн засгийг хурдлуулах бүх боломжийг нэг цонхоор хангаж өгөх юм байна гэж ойлголоо. Үүнийг баяртайгаар хүлээж авч байна” гэв.

 

 

Сентрал Тауэр барилгын магнайд төрийн далбаагаа мандууллаа

Монгол түмэн Үндэсний их баяр наадмаа угтан жил бүрийн долдугаар сарын 10-ны өдрийг Төрийн далбааны өдөр болгон тэмдэглэдэг билээ. М-Си-Эс Групп нийслэлийн төв хэсэгт орших Сентрал Тауэр барилгын магнайд жил бүр төрийн далбаагаа хүндэтгэн залдаг уламжлалтай бөгөөд Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан 30х15 метрийн хэмжээтэй төрийн далбааг Сентрал Тауэр барилгын магнайд ийнхүү мандууллаа.

Төрийн далбаагаа ийнхүү хүндэтгэн мандуулах нь Монгол эх орон, ард түмэн, үүх түүх, соёл уламжлал, тусгаар тогтнолоороо бахархах нэгэн илэрхийлэл юм.

М-Си-Эс Группийн найман компани “Топ аж ахуйн нэгж”-ээр шалгарлаа

2020 он дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын нөлөөллийн улмаас хувийн хэвшил төдийгүй улс оронд тааварлашгүй сорилт, бэрхшээл ихтэй жил байлаа. Хэдий тийм ч улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд тухайн жилд жинтэй хувь нэмэр оруулсан ТОП-100 аж ахуйн нэгжийг Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран шалгаруулжээ. Сангийн яам, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Статистикийн ерөнхий газар болон МҮХАҮТ-аас хамтарсан ажлын хэсэг албан ёсны тайланд үндэслэн үндсэн таван үзүүлэлтээр аж ахуйн нэгжүүдийг эрэмбэлэхэд М-Си-Эс Группийн найман компани шилдгээр тодорч, групп компанийн амжилтаар хоёрдугаарт шалгарлаа.

Улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд бизнесийн байгууллагуудын оруулсан бодит хувь нэмрийг үнэлж, дүгнэдэг энэхүү шалгаруулалтад группийн Энержи Ресурс, М-Си-Эс Холдинг, Юнител, М-Си-Эс Кока-Кола, М-Си-Эс Проперти, Юнивишн, Тотал Дистрибюшин, Юнисервис Солюшин компаниуд өргөмжлөгдлөө.

М-Си-Эс Группийн охин болон хөрөнгө оруулалттай компаниуд сүүлийн арван жилд нэгтгэсэн дүнгээр гурван их наяд төгрөгийн татвар, шимтгэлийг улсын төсөв төвлөрүүлснээс тайлант онд нийт 444 тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийг төлжээ.

М-Си-Эс Групп нь хувийн хэвшлээ манлайлахын зэрэгцээ аливаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтдаа үндэсний компаниудаа бүхий л талаар дэмжин оролцуулж, дотоодын аж ахуйн нэгжүүд тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэхийг эрмэлздэг. Тухайлбал, 2020 онд нийт 1.4 их наяд төгрөгийн худалдан авалт хийснээс дотоодын 3000 орчим аж ахуйн нэгж, 527 хувь хүнээс 1.1 их наяд төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авсан байна.

Бид өөрийн болон бусад эх үүсвэрүүдээр хөрөнгө оруулалтууд хийн тогтвортой ажлын байр шинээр бий болгож, түүнийгээ эдийн засгийн хүнд үеүд, өнөөгийн цар тахлын жилүүдэд хэвээр хадгалах бодлогыг тууштай баримталж ирсэн бөгөөд 10 мянган үндсэн ажилтнуудаас гадна 20 мянга гаруй иргэдийг шууд болон шууд бус ажлын байраар хангаж иржээ.

Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг бид бизнесийн үйл ажиллагаа, нийгмийн хариуцлагын үйлсдээ мөрдлөг болгон ажиллахыг зорьдог. Энэхүү бодлогынхоо хүрээнд группийн компаниуд нь нийгэмд эерэг нөлөөтэй, байгаль орчинд халгүй, хүмүүст өгөөжтэй байхыг чухалчилж 2020 онд 101 төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. М-Си-Эс Групп өнгөрсөн онд нийт 14 тэрбум төгрөгийг нийгмийн хариуцлагын үйлсэд зарцуулснаас Монгол Улсад ковид-19 аюулт халдвар тархсанаас хойшхи хугацаанд М-Си-Эс Группийн компаниуд нийт 600 сая орчим төгрөгийн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ, бэлэн мөнгө, хандив, тусламжийг цар тахалтай тэмцэх үйл ажиллагаа, арга хэмжээнд зориулж албан байгууллага, албан хаагчид, хувь хүмүүст хүргэсэн байна.

Ийнхүү бид өдөр бүр 1.2 тэрбум, сард 37 орчим тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийг төвлөрүүлж, өөрийн 10 мянган ажилтандаа сард 20 орчим тэрбум төгрөгийн цалин, урамшуулал олгохоос гадна дотоодын 3000 орчим бизнес эрхлэгчээс сард 100 орчим тэрбум төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авч, шууд бусаар 20 мянган хүнийг тогтмол ажлын байртай болгож, сард доод тал нь 20 орчим тэрбум төгрөгийн цалин тавих боломжийг олгон улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой, том хувь нэмрийг оруулж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

М-Си-Эс Групп шилдэг “citizen developer”-уудаа шалгарууллаа

М-Си-Эс Групп цахим болон клауд шилжилтийг хурдасгах, ажилтнуудынхаа дижитал сэтгэлгээ, ур чадварыг нэмэгдүүлж citizen developer-үүдийг олноор бий болгох, бизнес процессуудыг автоматжуулах зорилгоор “Microsoft Power Platform” тэмцээнийг амжилттай зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа. Тэмцээнийг “Power Apps”-ыг ашиглан хөгжүүлсэн шилдэг аппликэйшн, “Power BI”-ыг ашиглаж хийсэн шилдэг dashboard, тайлан хоёр төрлөөр зохион байгуулж, шилдгүүдийг шалгаруулсан юм.

Тэмцээнд М-Си-Эс Группийн ажилтнууд өдөр тутмын тайлан, үйл ажиллагааг хялбарчилж, зөвшөөрлийн процессуудыг автоматжуулсан төслүүдээр оролцож, компани болон алба, нэгж дотор хийгдэж байгаа дижитал инновациудын талаар туршлага солилцлоо. Шилдгүүдийг М-Си-Эс Группийн Мэдээллийн технологийн захирлуудын зөвлөл тодруулж, шагналыг гардуулсан юм.

Тэмцээнд 54 төслөөр 11 компанийн 29 баг, ажилтан оролцсоноос М-Си-Эс Проперти компанийн геодезийн менежер Н.Бэхболд хоёр төрлийн шилдгийн шилдгээр шалгарч, өргөмжлөл цомын эзэн боллоо.

“Power BI” төрлийн хоёрдугаар байрт Анунгоо компанийн борлуулалтын шинжээч Б.Отгонбаяр, гуравдугаар байрт М-Си-Эс Проперти компанийн дата аналист Н.Билгүүний төсөл тус тус шалгарч, М-Си-Эс койныг өргөмжлөлийн хамт гардан авсан юм. Мөн М-Си-Эс Холдинг компанийн Худалдан авалт, эрсдэлийн удирдлагын захирал Б.Ариунсанаа, худалдан авалт, эрсдэлийн удирдлагын менежер Н.Цолмонгэрэл, мэдээллийн технологийн ахлах ажилтан Г.Чинзориг нарын багийн бүтээл гуравдугаар байрт шалгарчээ.

“Power Apps” төрлийн хоёрдугаар байрт Юнител Группийн хүний нөөцийн мэргэжилтэн З.Минжин шалгарсан бол Юнител Группийн сургалт хяналт хариуцсан мэргэжилтэн Б.Мянганбуу, М-Си-Эс Кока-Кола компанийн хүний нөөцийн ахлах ажилтан Э.Анх-Учрал, мэдээлэл технологийн инженер Г.Дэлэгпил, хүний нөөцийн менежер П.Лхагвадулам нарын төсөл гуравдугаар байрт орсон байна.

М-Си-Эс Холдинг компанийн Мэдээллийн технологийн албанаас Office 365, Microsoft Power Platform-ын ашиглалтыг нэмэгдүүлэх, группийн ажилтнуудын дижитал сэтгэлгээ, ур чадварыг дээшлүүлэх, бизнес процессуудыг автоматжуулах зорилгоор дотоод сургалтуудыг үе шаттайгаар бэлтгэн, тогтмол зохион байгуулж байна. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн нэг жилийн хугацаанд “Power Apps” чиглэлээр 179, “Power BI” ашиглалтаар 60 ажилтныг сургалтад хамруулж, шилдэг суралцагчдыг М-Си-Эс койноор урамшуулах ажлыг зохион байгуулжээ.

 

Ж.Оджаргал: Зөв менежментээр цар тахлыг хохирол багатай давах боломж байна

М-Си-Эс Группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан уриалга гаргалаа. Тэрбээр “Манай улсын эдийн засаг цаг агаар, улирлаас ихээхэн хамаардаг, цөөн хэдэн сар эдийн засгийн үйл явц өрнөдгөөрөө онцлогтой. Хаврын улирал эхэлж байгаа энэ үед, ялангуяа эдийн засгийн гол ачааг нуруундаа үүрдэг уул уурхай, барилга, газар тариалан, ноос ноолуурын салбар хаврын улиралд ид эрчимжиж эхэлдэг энэ үед хатуу хөл хорио тогтоовол эдийн засагт учруулах хохирол нь өвлийн улиралд хөл хорио тогтоосноос хэд дахин их байх болов уу. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахих талаар маш хариуцлагатай байж, нөгөө талаар бизнесийнхээ үйл ажиллагааг зогсоохгүйгээр үргэлжлүүлэх нь маш чухал байна. Энэ нь цар тахлын үед туйлдсан эдийн засгийг илүү гүнзгий хямрахаас сэргийлэх амин чухал алхам болох байх гэж бодож байна. Засгийн газраас эдийн засгийг дэмжих 10 их наядын хөтөлбөрийг зарлан хэрэгжүүлж эхэлж байгааг бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр харж байна. Бид бүгд хариуцлагатай, зөв менежмент хийж чадвал эдийн засгийн хохирол багатай давах боломж байна. Бизнесийн үйл ажиллагааг зогсоохгүй байх, эдийн засгийн эргэлтийг үргэлжлүүлэхийн тулд иргэд, аж ахуйн нэгж бид бүгдээрээ халдвар хамгааллын дэглэмийг чандлан сахих нь туйлын чухал болоод байна” гэлээ.

М-Си-Эс Кока-Кола компани түүхий нүүрсийг бүрэн халсан, хийн түлшний зуухтай Монгол Улсын анхны хүнсний үйлдвэр боллоо

М-Си-Эс Кока-Кола компани түүхий нүүрс шатаадаг технологийг бүрэн халж, хийн түлшээр ажилладаг уурын зуухыг ашиглалтад орууллаа.

Ингэснээр агаарын бохирдол үүсгэхгүй, байгальд ээлтэй (emission free) инженерингийн шинэлэг шийдэл бүхий төслийг амжилттай хэрэгжүүлсэн Монгол Улсын анхны хүнсний үйлдвэр болов.

Жилд 7,000 орчим тонн түүхий нүүрсийг хэрэглэхгүй болсноор М-Си-Эс Кока-Кола компани нь байгальд ээлтэй байх цогц хөтөлбөрийг шат дараалан хэрэгжүүлэх зорилтдоо хүрчээ. Тус зорилтынхоо хүрээнд 2010 онд үйлдвэрийн бохир ус цэвэршүүлэх байгууламжийг өөрийн хөрөнгөөр барьж, байгальд хаяж болохуйц цэвэршилттэй саарал усыг Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн төвлөрсөн системд нийлүүлж байсан билээ.

М-Си-Эс Кока-Кола компанийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав “Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй “Агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 43-р тогтоол, “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62-р тогтоол, Нийслэлийн Засаг даргын “Нам даралтын зууханд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” А/1377 захирамжийг компанийн түвшинд хэрэгжүүлэх боломжтой боллоо” гэж онцоллоо.

М-Си-Эс Кока-Кола компани нь М-Си-Эс Интернэйшнл компанитай хамтран төслөө хэрэгжүүлэхдээ Японы NTEC компанийн найман ширхэг ус халаах зуух, БНСУ-ын DAEYEOL компанийн дөрвөн ширхэг хийн түлшээр ажилладаг уурын зуухыг ашиглалтад оруулсан аж.

Эдгээр нь холбогдох дэд бүтэц бүхий бүрэн автомат, шингэрүүлсэн хийн түлшээр ажилладаг шинэ технологийн зуухнууд юм. Тоног төхөөрөмжийн суурилуулалт, туршилтын үе нь дэлхий дахинд цар тахал дэгдсэн хөл хориотой давхацсан тул тус компанийн удирдлагууд тоног төхөөрөмжийн нийлүүлэгч талуудтай харилцан тохиролцсоны үндсэн дээр тохируулга туршилтын ажлыг зайнаас удирдах виртуал хувилбарыг сонгосон нь Монгол инженерүүдийн ур чадварыг шалгасан, цаг хугацаа хэмнэсэн, дэвшилтэт технологиудыг нэвтрүүлсэн ажил болжээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “Төвлөрсөн дулаан хангамжид холбогдоогүй, түүхий нүүрсээр ажилладаг зуухтай үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд шинэчлэл хийх сайн жишиг боллоо” хэмээн уг төслийн ач холбогдлыг үнэлсэн юм.

М-Си-Эс Кока-Кола компани нийгэм, байгаль орчиндоо ээлтэй бизнес эрхэлж, тогтвортой хөгжлийн зарчмыг тууштай баримталдгийн бас нэгэн жишээ энэхүү төслөөр үргэлжилж байна.

ОУСК-иас Монгол Улсын бизнесийн орчин, ажил эрхлэлтийг дэмжих зорилгоор М-Си-Эс группт зээл олголоо

Улаанбаатар, Монгол Улс, 2020 оны 12-р сарын 18

КОВИД-19 цар тахалд дэлхий нийтээр нэрвэгдэж буй энэ үед Дэлхийн Банкны гишүүн байгууллага болох Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК)-иас Монголын бизнесийн орчныг дэмжих стратеги зорилтын хүрээнд, М-Си-Эс Группт 130 сая ам.долларын урт хугацаатай зээл олголоо. Бизнесийн олон салбарт үйл ажиллагаа явуулдаг, 10 мянга гаруй ажилтантай, 20 мянга орчим жижиг дунд бизнес харилцагч, ханган нийлүүлэгчээр нь ажилладаг тус группт энэхүү зээлийг олгон цар тахлын хүнд үед ажлын байраа хадгалан, хөрөнгө оруулалтуудыг зогсоолгүй үргэлжлүүлэх боломж бүрдүүлснээр Монгол Улсын эдийн засагт чухал дэмжлэг болж байгаа юм.

М-Си-Эс Холдинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Гантөмөр “М-Си-Эс Групп нь ОУСК-тай олон жилийн турш найдвартай харилцаж ирсэн сайн түүхтэй. Энэ удаагийн зээл нь цар тахлын хүнд үед ард иргэдээ чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр таслалгүй ханган, хөрөнгө оруулалтуудаа үргэлжлүүлж, ажлын байраа хадгалахад нэн чухал шаардлагатай, цагаа олсон санхүүгийн дэмжлэг болж байна” гэж уг зээлийн ач холбогдлыг өндрөөр үнэллээ.

М-Си-Эс Групп нь эрчим хүч, инженеринг, харилцаа холбоо, үл хөдлөх хөрөнгө, уул уурхай, өргөн хэрэглээний барааны үйлдвэрлэл, худалдаа, эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй 20 гаруй компанийн 10 мянга гаруй ажилтантай, Монгол Улсын хамгийн том ажил олгогчдын нэг билээ. Түүнчлэн тус групп нь 20 мянга гаруй харилцагч, ханган нийлүүлэгчтэй бөгөөд тэдгээрийн дийлэнх нь жижиг дунд бизнес эрхлэгчид юм. Өнгөрөгч 2019 онд гэхэд М-Си-Эс Групп нь дотоодын 3,500 орчим аж ахуйн нэгж, хувь хүмүүсээс 450 сая ам.долларын бараа, ажил үйлчилгээг худалдан авсан байна.

ОУСК-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Руфат Алимарданов “Монголын эдийн засагт КОВИД-19 цар тахал хүндээр нөлөөлж байгаа энэ үед бизнесийн байгууллагуудыг богино болон урт хугацааны санхүүжилтээр хангах нь амин чухал ач холбогдолтой. Эгзэгтэй энэ цаг үед бизнесийн системийн хувьд чухал үүрэгтэй компанид зээл олгож байгаа нь ОУСК-ийн зүгээс цар тахлыг эдийн засгийн эрсдэл, хүндрэл багатай даван туулахад Монгол Улсыг тууштай дэмжих бодлогын тод илрэл юм”  гэлээ.

 


М-Си-Эс Группийн тухай

1993 онд үүсгэн байгуулагдсан М-Си-Эс Групп нь шилжилтийн он жилүүдэд олон салбарт бизнесийн үйл ажиллагаа эрхлэн, улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд тогтвортой хувь нэмэр оруулж ирсэн үндэсний томоохон компани юм. Эрчим хүч, инженеринг, харилцаа холбоо, үл хөдлөх хөрөнгө, уул уурхай, өргөн хэрэглээний барааны үйлдвэрлэл, худалдаа, эрүүл мэнд, аялал жуулчлал зэрэг салбарт 20 гаруй охин компанитайгаар үйл ажиллагаа эрхэлдэг тус группийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.mcs.mn цахим хуудаснаас авна уу.

ОУСК-ийн тухай

Дэлхийн Банкны гишүүн байгууллага болох ОУСК нь хөгжиж буй орнуудын хувийн хэвшлийг дэмжихэд төвлөрч ажилладаг хамгийн том хөгжлийн байгууллага юм. Бид дэлхийн 100 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хөгжиж буй орнуудад шинэ зах зээл болон боломжууд бий болгохын төлөө хөрөнгө санхүү, мэдлэг туршлагаа зориулан ажиллаж байна. 2020 оны санхүүгийн жилд бид хөгжиж буй орнуудын хувийн хэвшлийн компаниуд болон санхүүгийн байгууллагуудад нийт 22 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, улмаар хувийн хэвшлийн хүчээр нэн ядуурлыг арилгах, хүртээмжтэй хөгжлийг дэмжихийн төлөө өөрийн хувь нэмрээ оруулсан. Дэлгэрэнгүй мэдээллийг www.ifc.org сайтаас авна уу.

Холбоо барих

M-Си-Эс Холдинг
Хэвлэл мэдээллийн алба
+976 77778833

ОУСК

Jing Yu
Утас: +86 10 5860 3062
И-мэйл: jyu1@ifc.org

Цар тахлын үед бие, сэтгэлээрээ хүчтэй байцгаая #BeStrong

Коронавирусийн цар тахлын халдвар дотоодод тархаж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн онцгой цаг үед сайн үйлсийн төлөөх санал санаачилгад М-Си-Эс Групп идэвхтэй оролцож байна. Нэн тэргүүнд иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө цаг сунган эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа салбарынханд шаардлагатай тусламж, дэмжлэгийг хүргэхийг зорьж, #BeStrong уриан дор хандив тусламжийн аян өрнүүлж эхэллээ. Тухайлбал,

-Группийн хамт олны зүгээс ХӨСҮТ-ийн эмч, ажилтнуудын дархлааг дэмжих бүтээгдэхүүн, шаардлагатай тоног төхөөрөмжийг авахад зориулж 100 сая төгрөгийн хандив,

-Юнител группээс ЭМЯ, ХӨСҮТ, ОБЕГ, ЦЕГ, 21 аймгийн Онцгой комисс зэрэг байгууллагад 155 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлчилгээ,

-М-Си-Эс Кока-Кола компани дангаараа 28 сая төгрөгийн ус, ундаа, Тотал Дистрибюшин компанитай хамтран 21 аймгийн Онцгой комиссын ажилтан, албан хаагчдад 11.2 сая төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн,

-Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Цогт-Овоо, Ханхонгор, Ханбогд сумдын Онцгой комисст нийт 22.5 сая төгрөгийн үнэ бүхий 1,500 ширхэг түргэвчилсэн тест хандивлалаа.

-М-Си-Эс Холдинг компанийн ажилтнууд #BeStrong аяныг дэмжиж, “Бодьзул” ТББ-тай хамтран Баянзүрх дүүргийн эмзэг бүлгийн 90 өрхөд сайжруулсан түлш, хоол хүнс хүргүүлэх ажлыг зохион байгуулаад байна.

Дотоодод цар тахлын халдвар тархсанаас хойших хугацаанд М-Си-Эс Группийн компаниуд нийт 320 гаруй сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ, бэлэн мөнгө хандивлаад байгаа бол он гарсаар нийт 580 гаруй сая төгрөгийн хандив, тусламжийг цар тахалтай тэмцэх үйлст зориулж албан байгууллага, хувь хүмүүст хүргээд байна.

“Өв Эрдэнэ” хөтөлбөрийн хүрээнд 1.7 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгоод байна

Үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалах зорилготой “Өв Эрдэнэ” хөтөлбөр 2019 оноос хэрэгжиж эхэлснээс хойш Чойжин ламын сүм болон Богд хааны ордон музей, Занабазарын музей, Амарбаясгалант хийд тэргүүтэй долоон төсөлд нийт 1.7 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгоод байна. Уг тэтгэлэгт хөтөлбөрийг М-Си-Эс Групп 25 жилийн ойгоороо санаачлан эхлүүлж, санхүүжүүлж байгаа бөгөөд хэрэгжүүлэгчээр Монголын Урлагийн Зөвлөл, хамтрагчаар БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газар, Соёлын өвийн үндэсний төв, дотоод гадаадын дурсгалт барилгын сэргээн засварлалтын зөвлөх экспертүүд ажилласан юм.

“Өв Эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд соёлын дурсгалт газрууд болон дурсгалт уран барилгын нөхцөл байдал эрсдэлийн судалгаа шинжилгээ, барилгын сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалтын төлөвлөлтийн чиглэлээр төслүүд хэрэгжүүлж байна. Тухайлбал:

  • Занабазарын музей ба Чойжин ламын сүм музейн Augmented reality AR дижитал үзмэр бүтээж өгч, ухаалаг нүдний шил ба Android, iOS таблетаар үзэх боломжтой болсон.
  • Амарбаясгалант хийдийн барилгыг биологийн бохирдлоос цэвэрлэж, хамгаалах төсөлийг 2019 онд хэрэгжүүлсэн.
  • “Дурсгалт уран барилгын оношилгоо ба сэргээн засварлалт” сургалтыг АНУ-ын мэргэжилтэн Стивен Келли 14 хоног зохион байгуулж, Монголын 30 гаруй мэргэжилтнүүдийг хамруулсан.
  • Богд хааны ордон музейн нийгмийн ба байгалийн хүчин зүйлсийн нөлөөллийн судалгааг 2019 онд Монголын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн.
  • Чойжин ламын сүм музейн барилгын эвдрэл гэмтлийн судалгаа, сэргээн засварлалтын зөвлөмж, хадгалалт хамгаалалтын менежмент төлөвлөгөө /CMP/-г АНУ-ын дурсгалт уран барилгын сэргээн засварлалтын архитектор Стивен Келли 2019-20 онд боловсруулсан.
  • Чойжин ламын сүм музейн 2 га эдэлбэр газрын тохижилтын төслийг нийт 1.1 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлж, 3000 бут сөөг бүхий 8500 м.кв ногоон байгууламж, 1500 м.кв авто зогсоол, 1600 м.кв явган хүний боржин чулуун замыг шинэчлэн байгуулж, сүмийн үзэмжийг тодруулсан барилгын фасад болон гадна орчны гэрэлтүүлэг суурилуулсан.
  • Чойжин ламын сүм музейн Ядам сүм ба Дунд хаалганы барилгын сэргээн засварлалтын зураг төсвийг боловсруулж сэргээн засварлахад бэлэн болгосон.
  • “Өв Эрдэнэ” хөтөлбөрийн үйл ажиллагааны хүрээнд Чойжин ламын сүм музейг Дэлхийн хөшөө дурсгалын сангийн “World Monuments Watch 2020” хөтөлбөрийн яаралтай хамгаалах шаардлагатай дэлхийн 25 дурсгалт газрын нэгээр бүртгүүлж, олон улсад сурталчлан таниулах ажлыг эхлүүлсний үр дүнд АНУ-ын Элчин сайдын нэрэмжит Соёлын өвийг хамгаалах сан /AFCP/-аас санхүүжилт бүрдүүлэн, Чойжин ламын сүм музейн Ядам сүмийн барилгыг 2021-2022 онд Дэлхийн хөшөө дурсгалын сантай хамтран сэргээн засварлахаар болсон

МУЗ-ийн тэргүүн Н.Жанцанноров “Чойжин ламын сүм музейн төсөл нь хувийн хэвшил, төрийн болон төрийн бус байгууллагуудтай үр дүнтэй хамтран ажиллаж, соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлалтад бодитой хувь нэмэр оруулах, цаашлаад гадаадын болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах сайн жишиг тогтоож байгаагийн тод илрэл боллоо” гэж төслийн ач холбогдлыг үнэлжээ.

Тотал Дистрибюшин, М-Си-Эс Кока-Кола компаниуд парк шинэчлэлт хийлээ

М-Си-Эс Группийн хүнс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, борлуулагч компаниуд 2010 оноос эхлэн тээвэр түгээлтийн үйл ажиллагаандаа албан ёсны борлуулагчаар дамжуулан үйлдвэрээс шинээр гарсан цоо шинэ автомашин худалдан авч парк шинэчлэлтээ тогтмол хийж ирсэн билээ. Ажилтнуудынхаа ажиллах нөхцөлийг сайжруулах, улмаар агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах хүрээнд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн жил бүр парк шинэчлэлт хийж байна. Энэ удаад ачаалал даах чанартай, аюулгүй ажиллагаатай ISUZU маркийн 34 ширхэг автомашиныг Номин моторс ХХК-иас хүлээн авч М-Си-Эс Кока-Кола, Тотал Дистрибюшин ХХК-иудад түлхүүр гардуулах ёслол өчигдөр боллоо. Номин Моторс ХХК нь ISUZU автомашинуудыг Монгол орны нөхцөлд ашиглахад зориулан захиалагчийн техникийн шаардлагын дагуу Япон улсад захиалгаар үйлдвэрлүүлэн хүлээлгэж өгсөн юм.

2019 онд 513 тэрбум төгрөгийн татвар, шимтгэл төлжээ

М-Си-Эс Групп 2019 онд 513 тэрбум төгрөгийн татвар, шимтгэл төлжээ

2019 оны “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийг шалгаруулахад М-Си-Эс Группээс Энержи Ресурс (5), М-Си-Эс Кока-Кола (27), Юнител (37), М-Си-Эс Проперти (65), Юнивишн (69), Тотал Дистрибюшин (80), М-Си-Эс Интернэйшнл (90), Юнисервис Солюшн (98) компаниуд байр эзэлжээ.

М-Си-Эс Групп өнгөрөгч онд 513 тэрбум төгрөгийн татвар, шимтгэл төлсөн нь өмнөх жилээс 174 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Мөн онд нийт 1.8 их наяд төгрөгийн худалдан авалт хийснээс дотоодын 3200 аж ахуйн нэгж, байгууллага, 662 хувь хүнээс 1.2 их наяд төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авсан байна. Тус групп нь 10 мянга орчим үндсэн ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж, 20 мянга гаруй шууд болон шууд бус ажлын байр бий болгожээ.

2019 онд нийгмийн хариуцлагын чиглэлээр 90 гаруй төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 17.5 тэрбум төгрөг зарцуулсан байна. Тухайлбал, Энержи Ресурс компани Улаанбаатар хотын утааг бууруулахад бодит дэмжлэг үзүүлж 11.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий 710,000 тонн нүүрсийг үнэ төлбөргүй нийлүүлжээ.

М-Си-Эс группээс “Өв Эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Богд хааны ордон музейн уран барилгын эрсдэлийн нөлөөллийн судалгаа, Амарбаясгалант хийдийн барилгыг биологийн эрсдэлээс хамгаалах төслүүдийг гүйцэтгэсэн бол Чойжин ламын сүм музейн орчны тохижилтын төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.

Чойжин ламын сүм музейн Watch Day өдөрлөг

М-Си-Эс Групп санаачлан хэрэгжүүлж буй “Өв Эрдэнэ” хөтөлбөрийн багаас Чойжин ламын сүм музейг дэлхийн 2020 оны онцлох 25 дурсгалт газрын нэгт нэр дэвшүүлэн, сонгогдсон билээ. Олон улсын музейн өдрийг угтан Монголын Урлагийн зөвлөл, Чойжин ламын сүм музей, Дэлхийн хөшөө дурсгалын сан хамтран “Watch Day” өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгөөр,

  • “Өв Эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөрийн 888 мод тарих ажил
  • Сүм хийдийн барилга, архитектур сэдэвт онлайн тайлбарт аялал
  • Цаасан шуумлаар цамын маск урлах цахим сургалт
  • Чойжин ламын сүмд байсан ч хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд устаж үгүй болсон чулуун дурсгал, сүмийн барилгыг виртуал орчинд сэргээн босгосон AR үзмэр
  • Архивын гэрэл зургийн үзэсгэлэн зэргийг зохион байгуулсан байна.

#WorldMonumentsWatch #ӨвЭрдэнэ

 

Агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ орууллаа

Энержи Ресурс компани Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлыг дэмжин сайжруулсан түлшний түүхий эд болох Ухаа худагийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсийг “Тавантолгой түлш” компанид үнэ төлбөргүй нийлүүлж байна. 2018 оноос эхлүүлсэн энэ төсөлд хоёр жилийн хугацаанд нийт 13 тэрбум төгрөгийн үнэ бүхий 800 мянган тонн эрчим хүчний угааж баяжуулах нүүрсийг үнэ төлбөргүй нийлүүлэн нийслэл хотын утааг багасгаж, агаарын бохирдлыг бууруулах үйлсэд бодитой хувь нэмэр орууллаа. Сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын чанар өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад PM10 тоосонцор 53 хувиар, PM2.5 тоосонцор 43 хувиар буурч нийслэлчүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хангагдаж байна.