М-Си-Эс Групп шилдэг “citizen developer”-уудаа шалгарууллаа
Буцах

  2021.05.25
...

М-Си-Эс Групп цахим болон клауд шилжилтийг хурдасгах, ажилтнуудынхаа дижитал сэтгэлгээ, ур чадварыг нэмэгдүүлж citizen developer-үүдийг олноор бий болгох, бизнес процессуудыг автоматжуулах зорилгоор “Microsoft Power Platform” тэмцээнийг амжилттай зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа. Тэмцээнийг “Power Apps”-ыг ашиглан хөгжүүлсэн шилдэг аппликэйшн, “Power BI”-ыг ашиглаж хийсэн шилдэг dashboard, тайлан хоёр төрлөөр зохион байгуулж, шилдгүүдийг шалгаруулсан юм.

Тэмцээнд М-Си-Эс Группийн ажилтнууд өдөр тутмын тайлан, үйл ажиллагааг хялбарчилж, зөвшөөрлийн процессуудыг автоматжуулсан төслүүдээр оролцож, компани болон алба, нэгж дотор хийгдэж байгаа дижитал инновациудын талаар туршлага солилцлоо. Шилдгүүдийг М-Си-Эс Группийн Мэдээллийн технологийн захирлуудын зөвлөл тодруулж, шагналыг гардуулсан юм.

Тэмцээнд 54 төслөөр 11 компанийн 29 баг, ажилтан оролцсоноос М-Си-Эс Проперти компанийн геодезийн менежер Н.Бэхболд хоёр төрлийн шилдгийн шилдгээр шалгарч, өргөмжлөл цомын эзэн боллоо.

“Power BI” төрлийн хоёрдугаар байрт Анунгоо компанийн борлуулалтын шинжээч Б.Отгонбаяр, гуравдугаар байрт М-Си-Эс Проперти компанийн дата аналист Н.Билгүүний төсөл тус тус шалгарч, М-Си-Эс койныг өргөмжлөлийн хамт гардан авсан юм. Мөн М-Си-Эс Холдинг компанийн Худалдан авалт, эрсдэлийн удирдлагын захирал Б.Ариунсанаа, худалдан авалт, эрсдэлийн удирдлагын менежер Н.Цолмонгэрэл, мэдээллийн технологийн ахлах ажилтан Г.Чинзориг нарын багийн бүтээл гуравдугаар байрт шалгарчээ.

“Power Apps” төрлийн хоёрдугаар байрт Юнител Группийн хүний нөөцийн мэргэжилтэн З.Минжин шалгарсан бол Юнител Группийн сургалт хяналт хариуцсан мэргэжилтэн Б.Мянганбуу, М-Си-Эс Кока-Кола компанийн хүний нөөцийн ахлах ажилтан Э.Анх-Учрал, мэдээлэл технологийн инженер Г.Дэлэгпил, хүний нөөцийн менежер П.Лхагвадулам нарын төсөл гуравдугаар байрт орсон байна.

М-Си-Эс Холдинг компанийн Мэдээллийн технологийн албанаас Office 365, Microsoft Power Platform-ын ашиглалтыг нэмэгдүүлэх, группийн ажилтнуудын дижитал сэтгэлгээ, ур чадварыг дээшлүүлэх, бизнес процессуудыг автоматжуулах зорилгоор дотоод сургалтуудыг үе шаттайгаар бэлтгэн, тогтмол зохион байгуулж байна. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн нэг жилийн хугацаанд “Power Apps” чиглэлээр 179, “Power BI” ашиглалтаар 60 ажилтныг сургалтад хамруулж, шилдэг суралцагчдыг М-Си-Эс койноор урамшуулах ажлыг зохион байгуулжээ.