Тэмцээн лигийн зарчмаар явагдана
Буцах

  2015.06.12

M-Би-Си компанийн “Tiger” брэндээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Tiger Street Football” гудамжны хөлбөмбөгийн тэмцээн энэ сарын 27-нд эхлэх гэж байна. Тавын эсрэг таван тамирчин бага талбайд, богино хугацаанд тоглодог уг тэмцээн энэ удаа “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг Даргын ивээл дор, Нийслэлийн Биеийн Тамир Спортын Газрын дэмжлэгтэйгээр “Их Талын Дуулиан” ТББ болон Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгийн “Паркхаус Бар энд Боулинг”-тай хамтран зохион байгуулагдаж зуны турш, лигийн зарчмаар явагдах аж. Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Tiger Street Football” тэмцээнд үндэсний 64 багийг бүртгэх бөгөөд багууд долоо хоног бүрийн бямба, ням гаригуудад өрсөлдөж, наймдугаар сарын 23-нд аваргаа тодруулна. 

Гудамжны хөлбөмбөг сонирхогчдын ур чадварыг хөгжүүлэх, залуусын чөлөөт цагийг зөв, боловсон өнгөрүүлэх зорилготой уг тэмцээн өмнө нь хоёр өдөр болоод өнгөрдөг байсан бол энэ жилээс илүү олон баг, тамирчныг хамруулж, илүү олон үзэгчид хүрэхээр ийнхүү хоёр сарын хугацаатай лигийн систем рүү шилжсэн байна. Тэмцээний шагналын сан 15 сая төгрөг байх ба шилдэг гурван баг, тамирчныг шагнаж, урамшуулах аж.

“Tiger Street Football” тэмцээний хүрээнд өнгөрсөн жилүүдэд дэлхийн супер од Фабио Каннаваро, Деко нарыг Монголдоо урьж, хөлбөмбөгийн фанатуудтай уулзуулж байсан билээ. Түүнчлэн үндэсний аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан шилдэг баг, тамирчид эх орноо төлөөлөн олон улсын тэмцээнд оролцож бусад орны шилдэг багуудтай өрсөлдөж байв. Тухайлбал, Сингапурт болсон “Tiger Street Football 2014” аваргын төлөө тэмцээнд оролцсон “Хөх Чоно” баг дэд байрын амжилт гаргасан билээ.