Таван метрийн том бялууг амтлав
Буцах

  2014.08.20

М-Си-Эс Проперти компаниас санаачлан, хоёр дахь жилдээ зохион байгуулсан “UB Food Festival 2014” гадна дотны зочид ихтэй, сонирхол татам үзүүлбэр олонтой байлаа. 8-р сарын 16, 17-ны амралтын өдрүүдэд Вива Сити залуусын хороололд болсон өдөрлөгт 40 гаруй шилдэг ресторан оролцож өөрсдийн онцлох нэрийн болон олон үндэстний хоол, зуушаа дэлгэн амтлуулснаас гадна хүнсний худалдааны 10 орчим байгууллага бүтээгдэхүүнээ хямдралтай үнээр борлуулсан юм. Өдөрлөгийн үеэр ахлах тогооч нарын ур чадварын үзүүлбэр болон бартендер шоу үзэгчдийн сонирхлыг татаж, урлагийн тоглолт, хөгжөөнт уралдаан, тэмцээнд хүмүүс олноороо хамрагдаж байлаа.

Энэ удаагийн “UB Food Festival 2014” өдөрлөгийг М-Си-Эс Проперти компани, Нийслэлийн соёл урлагийн газар хамтран Нийслэлийн 375 жилийн ой, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулжээ. Түүнчлэн өнгөрсөн жил 3х1 метрийн хэмжээтэй бялууг 1800-уулаа амтархан идэж байсан бол рекордоо эвдэж 5х1 метрийн хэмжээтэй бялууг бэлтгэн 3000 гаруй зочноо дайлсан нь манай орны хүнсний түүхэнд орох үйл явдал болов.