“Үндэсний чанарын шагнал” хүртлээ
БуцахОлон улсын болон үндэсний стандартын шаардлагыг хангасан аж ахуйн нэгж, байгууллага, бүтээгдэхүүн, үйлчилгээний шилдгүүдийг тодруулах зорилготой “Үндэсний чанарын чуулган”-аас М-Си-Эс Кока-Кола компани “Үндэсний чанарын шилдэг Аж ахуйн нэгж” шагнал хүртлээ. Стандартчилал, хэмжил зүйн газар, Европын Холбооноос Монгол Улсын Стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төсөл болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран анх удаа зохион байгуулсан “Үндэсний чанарын чуулган” нэгдсэн арга хэмжээнд шилдэг аж ахуйн нэгж, шилдэг үйлчилгээ, шилдэг бүтээгдэхүүн гэсэн гурван ангиллаар шалгаруулсан бөгөөд М-Си-Эс Кока-Кола компани Олон Улсын Удирдлагын Тогтолцоог иж бүрэн хэрэгжүүлсэн үзүүлэлтээр ийнхүү бусдыгаа манлайлжээ.
Тус компани улсдаа анх удаа Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн Удирдлагын Тогтолцоо OHSAS 18001:2007, Хүнсний Аюулгүй Байдлын Удирдлагын Тогтолцоо FSSC 22001:2013-ыг бүхий л үйл ажиллагаандаа нэвтрүүлж, олон улсад баталгаажуулж чаджээ.
Шагнал гардуулах үеэр М-Си-Эс Кока-Кола компанийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав, “Манай байгууллагын хувьд чанар гэдэг нь зөвхөн амталж, харж, хэмжиж байдаг төдий зүйл биш, харин бидний бүхий л үйл ажиллагаанд мөрдөгдөж байх ёстой зүйл юм. Бидний үйлдвэрлэж, өдөр бүр монголын хэрэглэгчдэдээ хүргэдэг бүтээгдэхүүн маань хүнсний аюулгүй байдлыг 100% хангасан дээд зэргийн чанартай байх ёстой гэсэн зарчмыг баримталж, ажил хэрэг болгосоор ирлээ” гэж хэлжээ.