Шангри-Ла Улаанбаатар зочид буудал нүүдэлчин өв соёлыг илэрхийлжээ
Буцах

  2015.07.03

Дэлхийн 20 гаруй оронд, 90 гаруй зочид буудлын сүлжээ бүхий “Shangri-La Hotel and Resort” Улаанбаатар хотод үүд хаалгаа нээлээ. 2015 оны зургадугаар сарын 03-ны өдөр үйл ажиллагааны нээлтээ хийсэн Шангри-Ла Улаанбаатар зочид буудал нь нүүдэлчин монголчуудын дайчин сүр хүчийг илэрхийлсэн гурван метр өргөн болор лааны суурин гэрлэн чимэглэлийг үүдний танхимдаа, өрөөнүүдийн хананд монгол үндэсний хээг урласан зэргээр нүүдэлчин өв соёлыг барилгын хийц, загвар, үйлчилгээндээ шингээснээрээ онцлог юм. Тус зочид буудал 42 метр квадрат болон түүнээс дээш талбай бүхий 290 өрөөнд зочин хүлээн авах хүчин чадалтай бөгөөд “Кафе Парк”, “Наадам”, “Хутун” зэрэг ресторан, тансаг зэрэглэлийн “Хорайзон” клуб, томоохон хурал, арга хэмжээ зохион байгуулахад зориулсан 2643 метр квадрат бүхий “Шангри-Ла Боллрүүм” заал болон бүрэн тоноглогдсон чийрэгжүүлэх танхимтай.

Зочид буудлын барилгын дараагийн ээлж болох 28 давхар Шангри-Ла төв нь 2016 онд бүрэн ашиглалтанд орох бөгөөд тансаг зэрэглэлийн орон сууц, оффис, үзвэр үйлчилгээ, спортын цогцолбор бүхий цогц байгууламж байх юм.

М-Си-Эс Групп аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, олон улсын, өндөр зэрэглэлийн сүлжээ зочид буудалтай ийнхүү хамтран ажиллаж байгаа бөгөөд энэхүү төсөлд 500 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж, эхний ээлжинд 270 гаруй ажлын байрыг бий болгоод байна.