“Цагаан сар” шатрын тэмцээний аваргууд тодорлоо
Буцах

  2014.01.28

Монголчуудын уламжлалт оюуны их спорт болох шатрын спортыг сурталчлан дэлгэрүүлэх, хүүхэд залуусын авьяас билгийг хөгжүүлж, дэлхийн түвшинд өрсөлдөхүйц шинэ залуу мастеруудыг төрүүлэн гаргах зорилготой “Цагаан сар” тэмцээн 2014 оны 1 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

М-Си-Эс Интернэйшнл ХХК дөрөвдэх жилдээ ивээн тэтгэж, Монгол туургатны “Урамтай шатар” холбооноос зохион байгуулсан “Цагаан сар-2014” энэ удаагийн тэмцээнд манай шилдэг шатарчид, тив дэлхий, олон улсын томоохон тэмцээнүүдэд амжилттай оролцон, медаль авсан өсвөрийн шатарчид зэрэг 2000-аас дээш чансаатай нийт 70 гаруй тамирчид швейцарь системээр есөн өрөг тоглосноос Олон улсын Их Мастер Б.Хатанбаатар тэргүүлж, Олон улсын шатрын холбооны мастер С.Ган-Од, Н.Төвсанаа, М.Гүнбаяр, ОУ-ын Их мастер Д.Шаравдорж нар удаалсан юм.  

Мөн эмэгтэй ангилалд спортын мастер Э.Хулан, С.Сарантунгалаг, спортын дэд мастер Э.Амаржаргал нар эхний гурван байрт, ахмад шатарчдаас ОУШХМ Ч.Хүрэлбаатар, Ж.Лхагваа, ОУМ, гавьяат тамирчин Л.Мягмарсүрэн нар, өсвөрийн эрэгтэй шатарчдаас Ц.Тэнгис, спортын дэд мастер Э.Болдоо, С.Ган-Эрдэнэ нар, өсвөрийн эмэгтэй шатарчдаас спортын дэд мастер ОУШХМ Ү.Үүрийнтуяа, Т.Мөнхзул, Д.Хонгорзул нар тус тус эхний байруудад шалгарлаа.