“Цагаан сар” шатрын тэмцээн 4 дэх жилдээ
БуцахМ-Си-Эс Интернэйшнл компани, Монгол туургатны шатрын холбоо хамтран шатрын спортыг түгээн дэлгэрүүлж хөгжүүлэх, шатарчдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор уламжлал болгон зохион байгуулдаг “Цагаан сар” шатрын тэмцээн 01-р сарын 24, 25, 26-ны өдрүүдэд болно. 2011 оноос эхлэн жил бүрийн сар шинийн баярыг угтан зохиогдсоор ирсэн энэхүү тэмцээн энэ удаа А-2100-аас дээш, Б-2100 хүртэлх чансаатай тамирчид гэсэн хоёр ангиллаар зохион байгуулагдах бөгөөд их мастер Б.Хатанбаатар, Ц.Шаравдорж, Ц.Батчулуун тэргүүтэй нийт 122 шилдэг шатарчин ур ухаанаа уралдуулах юм.
Өнгөрсөн жил “Цагаан сар” тэмцээн нь М-Си-Эс Интернэйшнл компанийн 20 жилийн ойн нэрэмжит болон зохиогдож байсан бол энэ жил дөрвөн жил дараалан уламжлал болж байгаагаараа онцлог юм.
Анх “Цагаан сар” тэмцээн нь УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд С.Зориг агсны санаачилгаар зохиогдож байжээ. Тэрбээр Монголын шатрын холбооны Ерөнхийлөгчийн хувьд “Их мастер” төслийг хэрэгжүүлэх анхны алхам болгон “Цагаан сар-1996” тэмцээнийг зохион байгуулж байсан бөгөөд ОХУ, Казакстан, Узбекстан улсуудын шилдэг шатарчид хүрэлцэн ирж, оролцож байсан түүхтэй. Жил бүрийн “Цагаан сар” тэмцээнээс Монголын олон шилдэг мастер болох Ц.Шаравдорж, Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, Ц.Батчулуун нар төрж байсан юм.