“Уран Хас” балетын 40 жилийн ойгоор нот нь дижитал хэлбэрт шилжлээ
БуцахТөрийн шагналт, Ардын жүжигчин Жамъянгийн Чулууны “Уран Хас” бүжгэн жүжгийн 40 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан 12 дугаар сарын 01-ний өдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа түүнийг бүрэн хэмжээгээр нь тоглолоо. Ойн баярыг угтан олон ажил санаачилсны дотор М-Си-Эс Групп, УДБЭТ хамтран хэрэгжүүлж буй “Үндэсний сонгодог бүтээлийн нот, клавир, партитурыг сэргээх” төслийн хүрээнд “Уран Хас” балетын нотыг бүрэн эхээр нь дижитал хэлбэрт шилжүүлсэн юм. Түүнчлэн 40 жилийн ойд зориулан тавьсан уг балетын буга, согооны бүжгийн хэсгийг сэргээж, анхны хэлбэрээр тоглосон нь үзэгчдийн талархлыг хүлээжээ.
“Уран Хас” балетыг анх 1973 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үзэгчдийн хүртээл болгож байв. Дөчин жилийн турш УДБЭТ-ын тайзнаа тоглож буй энэхүү бүтээлийг Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Б.Жамъяндагва дэглэж, анхны тоглолтонд нь Урлагийн гавъяат зүтгэлтэн, удирдаач Ч.Жамсранжав, Ардын зураач Ч.Гунгаасүх нар ажиллаж, гол дүрүүдэд Э.Оюунбат, Д.Батхүрэл, Ю.Цэрмаа, Ю.Оюун, Н.Эрдэнэцэцэг нар тогложээ. Үүнээс хойш манай театрын үе үеийн шилдэг уран бүтээлчид амилуулан үзэгчдийн хүртээл болгож байсан бөгөөд 40 жилийн ойд зориулсан тоглолтод УДБЭТ-ын гоцлол балетчин А.Өлзий-Орших, Б.Батчимэг нар бүжиглэж байна.