Ундаа, жүүсний үйлдвэрлэлийг дэмжихэд 30 сая долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ
БуцахЕвропын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ)-наас савласан ундаа, цай, жүүсний дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор М-Си-Эс Кока-Кола компанид 30 сая ам.долларын урт хугацааны зээл олголоо. М-Си-Эс Кока-Кола компани уг санхүүжилтыг авснаар үйлдвэрлэлдээ ундаа, цай, жүүс савлагааны дэвшилтэт технологийг шинээр нэвтрүүлэхээс гадна бүтээгдэхүүнээ алслагдсан аймаг, сумдад хүргэх түгээлтийн систем, дэд бүтцийг хөгжүүлэхэд зарцуулах юм. Түүнчлэн валютын хомсдол нүүрлэж, төгрөгийн ханш ихээр унаж буй өнөөгийн нөхцөлд дотоодын компани ийм хэмжээний ам.долларыг Монголдоо оруулж ирж байгаа нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх алхам болж байна.
ЕСБХБ-аас санхүүжилт татахад шалгуур өндөр байдаг бөгөөд ЕСБХБ-ны Улаанбаатар дахь суурин төлөөлөгч Матю ле Блан энэ талаар хэлсэн үгэндээ “Компанийн засаглалыг стандартын өндөр түвшинд хэрэгжүүлдэг гэдэг утгаар нь бид М-Си-Эс Группын М-Си-Эс Кока-Кола компанид энэ зээлийг олгож байна. Бид банкныхаа бодлогын дагуу тухайн улсын эдийн засгийг төрөлжүүлэх, дотоодын эдийн засагт импортын хамаарлыг багасгах чиглэлд санхүүжилт хийдэг” гэжээ.
ЕСБХБ нь Монголд олон чиглэлийн үйлдвэрлэл дэмжих санхүүжилт олгодгоос энэ удаад өргөн хэрэглээний бараа, тэр дундаа савласан ундаа, цай, жүүсний дотоодын үйлдвэрлэлийг дэмжих үүднээс энэхүү зээлийг олгосон байна. Тус банк одоогийн байдлаар Монголын эдийн засгийн хэд хэдэн салбарт 890 сая евротой дүйцэхүйц хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд байгаа аж.