УИХ-ын дарга З.Энхболд Ухаа Худаг цогцолбортой танилцав
БуцахУИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын ээлжит бус чуулганаар хөрөнгө оруулалт, ашигт малтмалын салбарын эрх зүйн орчинг сайжруулах хуулийн төслүүд хэлэлцэх гэж буйтай холбогдуулан энэ сарын 12-15-ны өдрүүдэд Өмнөговь аймагт томилолтоор ажиллаж, уул уурхайн үндэсний компаниудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан юм. Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд Энержи ресурс компанийн Ухаа Худаг цогцолбор болон түүний бүрэлдэхүүн хэсгүүд болох Нүүрс баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, усан хангамжийн систем, орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэгийн цогцолбор зэрэг техникийн болон нийгмийн дэд бүтцийн барилга, байгууламжуудыг үзэж сонирхлоо. Тэрээр сэтгэгдлээсээ хуваалцахдаа “Ганц уурхай биш нүүрсэндээ өртөг оруулж, угааж, ангилж, цахилгаан станц, усан хангамж, ажиллагсдын байр, сургууль гээд маш их зүйлийг хийсэн байна. Үндэсний компаниуд ингэж л ажиллах ёстой. Эрдэнэс-Тавантолгой ч гэсэн удахгүй араас нь ийм маягаар ажиллаж, хэдэн мянган хүн ажлын байртай болох талаар бид үүрэг даалгавар өгнө өө. Их хэмжээний хөрөнгө оруулалт орсон, маш сайн бүтээн байгуулалт болсон байна” гэжээ.