УИХ-ын дарга З.Энхболд “Вива Сити – Хүүхдийн баяр”-т оролцов
БуцахОлон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу Эх үрсийн баярын өдрөөр залуучуудын Вива Сити хороолол хөл хөдөлгөөн, хөөр баяраар дүүрэн байлаа.
“Хүүхдийн баяр”-ын арга хэмжээг хоёр дахь жилдээ өргөнөөр зохион байгуулж буй Вива Сити хорооллын баярын үйл ажиллагаанд Улсын Их Хурлын дарга З.Энхболд оролцож, хүүхэд багачуудтай мэндчилсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ, хүүхдүүдэд зөв хүмүүжил олгох, ирээдүйд сайн хүн болгож төлөвших эрхэмсэг нандин орчин бол халуун дулаан, элэг бүтэн, аз жаргал дүүрэн гэр бүл юм. Тиймээс төр засаг, эцэг эх, цэцэрлэг, сургуулийн хамт олны эрхэм үүрэг нь ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа эрүүл саруул, эрдэм боловсролтой өсч торних, хүсэл тэмүүлэлдээ хүрэхэд нь тусалж дэмжихэд оршино гэлээ.
Энэ өдөр 120 гаруй үлгэрийн баатар оролцсон парадаас гадна урлагийн тоглолт, циркийн үзүүлбэр, амттаны худалдаа болж хөгжөөнт уралдаан тэмцээн шил даран зохиогдож байлаа. “Frozen” хүүхэлдэйн киноны дүрд хувирсан хүүхдүүд, тэмцээн, уралдааны ялагч бүр бэлэг гардан авлаа.