Уран зураг сэргээн засварлах анхны лаборатори байгуулагдлаа
БуцахХБНГУ-ын Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийн буцалтгүй тусламж, М-Си-Эс Групп болон Монголын Урлагийн зөвлөлийн хамтран хэрэгжүүлж буй “Өв Эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын анхны “Уран зураг сэргээн засварлах лаборатори”-ийг Монголын Уран Зургийн галерейн дэргэд амжилттай байгууллаа.
13 сарын хугацаанд хэрэгжих энэхүү төсөлд ХБНГУ-ын Гадаад хэргийн яам 100 мянган еврогийн буцалтгүй тусламж үзүүлсэн бол “Өв Эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөрөөр дамжуулан сэргээн засварлах лабораторийн засварын ажлыг ивээн тэтгэж гүйцэтгэсэн юм.
Энэхүү иж бүрэн лабораторийг олон улсын стандартад нийцсэн багаж хэрэгсэл, материал, тавилга, орчин үеийн технологиор иж бүрэн тохижуулсан ба галд өртсөн Монголын түүх, нийгмийн байдал, ахуйн болон байгалийн сэдэвт, хөрөг зэрэг 300 гаруй уран зургийг сэргээн засварлах, шинээр бүтээх боломж бүрдэж байна.
Лабораторийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэхэд гол хүчин зүйл болох хүний нөөцийн чадавхыг сайжруулах үүднээс ХБНГУ-ын сэргээн засварлагч хатагтай Сузанне Эрхардс Монголын Уран зургийн галерейн хоёр сэргээн засварлагчийг тусгайлан сургаж мэргэшүүлэх эхний шатлалт сургалтыг зохион байгуулж, цаашид үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулан эх орондоо уран зургийг мэргэжлийн өндөр түвшинд сэргээн засварлах боломжтой боллоо.