Спирт Бал Бурам компани 40 жилийн ойгоо тэмдэглэв
Буцах

  2013.08.09

Шингэн хүнсний үйлдвэрлэлийн салбарын ууган компаниудын нэг Спирт Бал Бурам ХХК  40 жилийн ойн баяраа наймдугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Зүүнхараа хотноо ёслол төгөлдөр тэмдэглэлээ.

1973 онд байгуулагдаж, 1998 онд зах зээлийн жамаар хувьчлагдан  М-Си-Эс Группын бүрэлдэхүүнд нэгдсэн СББ компанийн 40 жилийн сүүлийн 15 жилийн түүх нь төрийн өмч хувьчлагдаж, хувьд шилжсэнээс хойш амжилттай ажиллаж төсөвт хуримтлуулсан татвараараа дамжуулан улс орны хөгжилд томоохон хувь нэмрээ оруулсан үйлдвэрийн бодит жишээ болж байдаг юм. Тухайлбал 1998 онд СББ компани улсын төсөвт жилд 1.5 тэрбум төгрөгийн татвар, шимтгэл төлж байсан бол 2007 он гэхэд 31.5 тэрбум төгрөгийн татвар хуримтлуулж, хувьчлагдсанаас хойшхи 10 гаруй жилд 20 дахин их татвар төлдөг болж өсч, хөгжжээ. Өнгөрсөн хугацаанд тус компани шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжээр тогтмол шалгарч ирсэн бөгөөд 1998 оноос хойш улсын төсвийн бүрдүүлэлтэнд нийт 200 орчим тэрбум төгрөгийн татвар, шимтгэл төвлөрүүлээд байна. СББ компани үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа сайжруулахаас гадна орон нутгаа хөгжүүлэх, ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, компанийн нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх тал дээр үндэсний хэмжээнд үлгэр жишээ болсон компани юм.  Компанийн нийгмийн хариуцлагын шинэ жишгийг тогтоон, олон жил дараалан улс даяар хэрэгжүүлсэн “Сайн үйлсийн аян” болон 2010 онд тус компани нь өөрийн өмчлөлд байсан 300 айлын орон сууцыг ажилтан, албан хаагчдадаа үнэ төлбөргүй хувьчилсан зэргийг үүнд дурдаж болно.