“Орчлон”-гийн сурагчид Ази тивийн Хүүхдийн усанд сэлэлтийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
БуцахБНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдсан Ази тивийн Хүүхдийн усанд сэлэлтийн аврага шалгаруулах 7-р тэмцээнд Монголын “Орчлон” олон улсын сургуулийн С.Саранчимэг дасгалжуулагчтай баг оролцлоо. Уг тэмцээн нь эрэмбээрээ Ази тивийн Хүүхдийн усанд сэлэлтийн хамгийн том уралдаанд тооцогддог бөгөөд Азийн 50 гаруй орны 30 гаруй коллеж, дунд сургууль, клубээс шалгарсан 7-18 насны 1050 орчим тамирчид оролцон хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлджээ.
Тус тэмцээнд “Орчлон” сургуулийн 13 тамирчин оролцсоноос 8Б ангийн сурагч Ж.Тэнүүн далайн гахайн сэлэлт болон өврөөр даллах 50 метрийн төрлүүдэд 1-р байр, өврөөр даллах 100 метрийн төрөлд 3-р байр тус тус эзэлж хоёр алт, нэг хүрэл медалийн болзол хангасан юм. Ингэснээр гаргасан амжилтын нийлбэрээрээ 13-14 насны нийт оролцогчдоос Олон улсын усанд сэлэлтийн холбооны стандартаар “High point” буюу хамгийн өндөр оноо авч тэргүүн байрын цомын болзол хангажээ. Түүнчлэн өврөөр даллах 50м, 100м-ийн төрөлд Монгол улсын усанд сэлэлтийн төрлөөр “Спортын дэд мастер” зэргийн болзлыг хангажээ.
Мөн 6С ангийн сурагч, “Виста” клубын тамирчин А.Хосбаяр өврөөр даллах 100 метрийн төрөлд 2-р байр эзэлж мөнгөн медаль, Монгол улсын усанд сэлэлтийн төрлөөр “Насанд хүрэгчдийн II зэрэг”-ийн болзлыг хангажээ. Түүнээс гадна 5А ангийн сурагч Б.Хулан өврөөр даллах 100 метрийн төрөлд гаргасан амжилтаараа Монгол улсын усанд сэлэлтийн төрлөөр “Насанд хүрэгчдийн III зэрэг”-ийн болзлыг биелүүлсэн амжилтуудыг тус тус гаргажээ.