Орчлон 2 цогцолбор намар ашиглалтад орно
БуцахОрчлон олон улсын дунд сургууль ирэх хичээлийн жилд 1110 хүүхдийн багтаамжтай шинэ цогцолбороо ашиглалтад оруулж, Кембрижийн олон улсын хөтөлбөрийн хамрах хүрээ, суралцагчдын тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна. М-Си-Эс Группын хөрөнгө оруулалттай Орчлон-Кембриж Олон Улсын Сургуулийн шинэ цогцолбор нь бага, дунд сургуулийн сургалтын онцлог, хүүхдийн нас, физиологи, эрүүл ахуйн стандартын шаардлагад нийцсэн зориулалтын барилга байх юм. Мөн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор одоогийн Орчлон сургуулийн нэгэн адил дэргэдээ хүүхдийн Монтесори хөтөлбөртэй цэцэрлэгтэй байна. Түүнчлэн тус цогцолбор нь 50 метрийн урттай гурван зам бүхий усан бассейн, спорт заал, урлагийн танхим, хоолны заал гэсэн хэсгээс бүрдэх төдийгүй хүүхэд багачууддаа урлаг, гоо зүйн боловсрол олгоход зориулж 250 хүүхдийн суудалтай “Урлаг” театртай байх аж.
Орчлон сургуулийн хувьд Кембрижийн олон улсын хөтөлбөрийг анхлан нэвтрүүлж хэрэгжүүлсэн бөгөөд 2008 онд Кембрижийн Олон улсын төвийн экспертүүд тус сургуулийн сургалтын орчинд үнэлгээ, шинжилгээ хийж батламжилжээ. Түүнчлэн 2008 оноос эхлэн IGCSE буюу бүрэн дунд боловсрол, CIPP буюу бага, мөн A-level буюу ахлах сургуулийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр Кембрижийн олон улсын хөтөлбөрийн босоо тогтолцоотой болсон юм. Өдгөө “Орчлон” сургуулийн төгсөгчид IGCSE-ийн шалгалтанд 93.3 хувийн амжилт, 81.3 хувийн чанартай шалгагдаж байна. Түүнээс гадна нийт төгсөгчдийн 97 хувь нь гадаадын болон Монголын их, дээд сургуульд элсч байгаагаас 70.5 хувь нь АНУ, Их Британи, Япон, Австрали, ОХУ, Хонконг, Сингапур, Хятад, Солонгос, Герман зэрэг улсын нэр хүндтэй сургуульд суралцаж байгаа аж. Түүнчлэн их, дээд сургуульд элсэн орох гол шалгуур болсон Элсэлтийн ерөнхий шалгалтад авсан оноогоороо “Орчлон” сургуулийн төгсөгчид улсдаа дээгүүрт бичигдэж байгаа юм. Үүний зэрэгцээ тус сургуульд суралцагсад, төгсөгчдийн хамгийн том давуу тал нь Монголын болон Олон улсын бүрэн дунд боловсролын хос үнэмлэхтэй болж, Харвард, Стенфорд, Корнелл зэрэг дэлхийд нэр хүндтэй сургуулийн онлайн хичээлийг судалж, давхар кредит, сертификат авах боломжтой аж.