М-Си-Эс Групп ТОП-150 шалгаруулалтанд хувийн хэвшлээ дахин манлайллаа
Буцах

  2014.06.10

Монгол Улсын Засгийн Газар, МҮХАҮТ-ын хамтран зохион байгуулдаг ТОП-150 аж ахуйн нэгжийн 2013 оны шалгаруулалтанд М-Си-Эс Групп хувийн хэвшлийн салбараа дахин манлайллаа. 13 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж буй уг шалгаруулалтанд М-Си-Эс Групп тогтмол эхний байруудад шалгарч, энэ жил 9 дэх удаагаа хувийн хэвшлийн салбартаа тэргүүлж байна.

 

Улс орны хөгжлийн зүтгүүр, үндэсний бүтээн байгуулагч ТОП-150 аж ахуйн нэгжийг шалгаруулахад тухайн жилд улсад төлсөн татварын дүн, борлуулалтын хэмжээ, нийгмийн хариуцлагын ажил, шинээр бий болгосон ажлын байрны тоо, санхүүгийн үзүүлэлт зэргийг гол шалгуураа болгон авч үздэг. М-Си-Эс Группын хувьд 2013 онд улсын төсөвт 208 тэрбум төгрөгийн татвар, шимтгэл төлж 460 гаруй ажлын байр шинээр бий болгосон. Түүнчлэн М-Си-Эс Групп сүүлийн 3 жилд жил тутам 200 тэрбумаас дээш төгрөгийн татвар шимтгэлийг улсын төсөвт хуримтлуулсан төдийгүй сүүлийн 5 жилд төлсөн татвар, шимтгэлийн дүн 900 гаруй тэрбум төгрөгт хүрчээ.

 

Шалгаруулалтын үндсэн үзүүлэлтүүдээс хамгийн өндөр хувийг эзэлдэг “Нийгмийн хариуцлагын чиглэлээр хийсэн ажил, үр дүн”-гийн тайланг энэ жилээс дэлхийн стандарт ISO 26000-ын дагуу бүрдүүлсэн. Өнгөрөгч 2013 онд М-Си-Эс Групп нийгмийн сайн сайхны төлөө чиглэсэн томоохон төслүүдээ амжилттай хэрэгжүүлсэн.

 

Олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Монголдоо авах боломжийг бий болгох, эмчилгээ, оношилгоонд гадагшаа гардаг томоохон урсгалыг сааруулж, иргэддээ эх орондоо зардал, чирэгдэл, эрсдэл багатайгаар эмчлүүлэх боломжийг олгох зорилготой “Интермед” эмнэлэг үүд хаалгаа нээж, хос хэлээр боловсрол олгодог Орчлон Кембриж олон улсын дунд сургуулийн 1100 гаруй хүүхдийн суудалтай шинэ цогцолборын төсөл амжилттай хэрэгжиж байна. Түүнчлэн М-Си-Эс Интернэйшнл компаниас 2010-2013 онд хэрэгжүүлсэн дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын нэг болох  Мандалговь – Тавантолгой – Оюутолгойг төвийн эрчим хүчинд холбох 220кВ-ын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам татах төсөл амжилттай дуусч, улс орны хөгжилд онцгой чухал үүрэгтэй уул уурхайн томоохон төслүүд болох Оюутолгой, Тавантолгой, Цагаан суваргын ордууд болон Өмнийн говийн хэрэглэгчид Төвийн эрчим хүчний системтэй холбогдон, цаашдаа найдвартай эрчим хүчээр хангагдах боломж бүрдсэн юм. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилготой бүрэн шаталтат зуухыг гэр хорооллын иргэдэд нийлүүлэх төслийнхөн 2013-2014 оны халаалтын улиралд 10 мянга гаруй өрхөд хүрч ажилласан байна. Мөн М-Си-Эс Группын үндэсний өв соёлоо хадгалах хамгаалах, ирээдүй хойчдоо түгээн дэлгэрүүлэх зорилготой “Монгол кино HD”, “Үндэсний сонгодог бүтээлүүдийн нот, партитурыг сэргээх” төсөл зэрэг нийгэм, эдийн засагт бодит үр дүнгээ үзүүлэх далайцтай ажлуудыг хэрэгжүүлээд байгаа билээ.