Дэлгэцийн сор бүтээлийг Сүхбаатарын талбайд үзнэ
Буцах

  2013.07.09

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан М-Си-Эс Группын Юнител, Юнивишн компаниуд “Дэлгэцийн сор бүтээлийг дэргэдээс нь” арга хэмжээг долдугаар сарын 11-ний өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Энэ үеэр Юнивишн компанийн хэрэгжүүлж буй “Монгол кино HD” төслийн дагуу сэргээн засварлагдсан “Цогт тайж”, “Гарьд магнай”, “Тунгалаг тамир” зэрэг дэлгэцийн сор бүтээлүүд өндөр нягтралтай “HD” форматаар наадамчин олонд хүрэхээс гадна хөгжөөнтэй уралдаан, тэмцээнүүд зохиогдож, зураачаар хөрөгөө зуруулах, киноны домогт дүрүүдэд хувирч гэрэл зургаа авахуулах боломжтой юм.

М-Си-Эс Группын 20 жилийн ойн хүрээнд үндэсний өв соёлоо хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, Монгол түмний оюуны их өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, дэлхий нийтэд сурталчилан таниулахад бодитой хувь нэмэр оруулах зорилгоор “20 жилийн ойн нэрэмжит үндэсний өв, соёлыг хамгаалах хөтөлбөр”-ийг ийнхүү хэрэгжүүлж байгаа бөгөөд одоогийн байдлаар “Монгол кино HD” төсөл, “Занабазарын нууц” төсөл, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын үндэсний дуурь, бүжгэн жүжгийн ноот, квалир, партитурыг сэргээх төслүүдэд нийтдээ нэг тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна.