Галын аюул, гамшгаас хамгаалах нэгдсэн дадлага сургуулилт боллоо
БуцахНийслэлийн Хан-Уул дүүргийн Яармагт орших “Вива Сити” хороололд М-Си-Эс Группын ХАБЭАХ (Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хамгаалах) инженерүүд, “Ард даатгал” компани, Нийслэлийн Онцгой Байдлын Газрын баг бүрэлдэхүүнтэй хамтран гамшиг, гал түймрийн аюулын үед аврах ажиллагаа явуулах, бэлэн байдлын дадлага сургууль олгох сургуулилтыг есдүгээр сарын 25, 26-ны өдөр зохион байгууллаа.
“Вива Сити” хороолол нь нийт 1624 айлын оршин суугчтайгаас гадна тэнд 100 гаруй худалдаа үйлчилгээний төв үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэдгээр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын ажилтан албан хаагчдад болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, газар хөдлөлт, үер болон галын аюул тохиолдсон үед хэрхэн ажиллах, онцгой нөхцөл байдал тохиолдсон үед ямар арга хэмжээ авах талаар анхан шатны ойлголт, мэдлэг олгох зорилгоор энэхүү сургуулилтыг зохион байгуулсан юм. Түүнчлэн Нийслэлийн Онцгой Байдлын Газрын Гамшгаас хамгаалах хэлтэс, Гал унтраах хэлтэс, Аврах анги, Урьдчилан сэргийлэх хяналтын хэлтсийн аврагч, мэргэжилтнүүд оролцож “Ард даатгал” компани, М-Си-Эс Группын нийт ХАБЭАХ инженерүүд хамрагдсан танхимын болон үзүүлэх сургалт хийсэн юм.
Мөн “Белла Виста” хотхоны 22 давхар барилгад галын аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, онцгой байдлын үед албан хаагчид гал түймрийг хэрхэн унтраах, арга зүй, онцлогийг судлах тактикийн сургуулилтыг есдүгээр сарын 30-ны өдөр хийв. Манай улсын гал унтраах техник хэрэгслийн хувьд хамгийн өндөртөө 36 метр буюу ойролцоогоор 10-12 давхарт гарсан галыг унтраах, иргэдийн амь насыг аврах боломжтой байдаг бөгөөд “Белла Виста” хотхонд болсон сургуулилт нь онцгой байдлын аврагчдад өндөр барилгад гал гарсан үед хэрхэн ажиллахад туршлага олгох ач холбогдолтойг албаныхан хэлж байв. ОБЕГ-ын удирдлага, мэргэжилтнүүд “Вива Сити” хороолол, “Белла Виста” хотхон нь орчин үеийн галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, нөөц бололцоогоор хангагдсаныг тодорхойлж, өмнө нь ийм том хэмжээний, олон техник хэрэгсэл оролцсон иж бүрэн сургуулилт зохион байгуулж байгаагүйг онцолсон юм.