Алтан фондын “Шинэ жил” кино HD форматаар дэлгэцнээ
БуцахОн солигдох торгон мөч ойртсон энэ өдрүүдэд “Монгол кино HD” төслийнхөн үзэгчдэдээ зориулан 1954 онд бүтээсэн “Шинэ жил” киног HD форматаар дэлгэцнээ гаргахад бэлэн болжээ. Жаран жилтэйгээ золгож байгаа энэхүү богино хэмжээний уран сайхны кино баярын өдрүүдээр дурсамж сэргээн “SBN”, “Монгол ТВ”, “ETV”, “Боловсрол”, “MNC” телевизүүдээр гарах аж.
Юнител, Юнивишн компани үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлж хойч ирээдүйдээ өвлүүлэх зорилгоор “Монгол кино HD” зорилтот төслийг санаачлан Архивын Ерөнхий Газартай хамтран хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд “Алтан үе”-ийн хуучны кинонуудыг тоон системд хувирган, өндөр нягтралтай HD формат руу хөрвүүлж байна. Нийтдээ уран сайхны 182, баримтат 873 киноны дуу, дүрсийг сэргээх бөгөөд одоогийн байдлаар “Ирж яваа цаг”, “Нандин эрдэнэ”, “Сэрэлт”, “Гэрлэж амжаагүй явна”, “Аман хуур”, “Мартагдашгүй намар”, “Улаанбаатарт байгаа миний аав” зэрэг 23 бүтээлийг хөрвүүлжээ.
Дэлхийд кино хальсанд буулгасан түүх соёлын үнэт өвөө тоон системд хөрвүүлэн хадгалдаг өндөр хөгжилтэй 50 орчим орон байдаг бөгөөд “Монгол HD” кино төслийг хэрэгжүүлснээр манай улс түүнд нэгдэж байгаа юм.