М-Си-Эс Группийн санхүүжилтээр 15 төсөлд 2.5 тэрбум төгрөгийн тэтгэлэг олголоо
Буцах

  2024.02.08
...

Монгол үндэстний ур ухаан нүүдэлчдийн дахин давтагдашгүй зан заншил, соёл, уламжлал бүхэн нь хүн төрөлхтний оюуны болоод соёл, урлагийн үнэт өв санг өөрийн өнгө төрхөөр баяжуулж байдаг.

М-Си-Эс Групп нь өнгөрсөн хугацаанд үндэсний өв, соёлыг хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэх зорилгоор олон төслийг хэрэгжүүлж байсан. Тухайлбал, УДБЭТ-тай хамтран “Уран хас”, “Учиртай гурван толгой” зэрэг 50 орчим үндэсний дуурь, бүжгэн жүжгийн нот, клавир, партитурыг сэргээн дижитал хувилбарт шилжүүлэх төслийг хэрэгжүүлж, “Монгол кино HD” төслийн хүрээнд  “Цогт тайж”, “Мандухай сэцэн хатан” зэрэг алтан үеийн 182  уран сайхны кино болон  873 баримтат  киноны дуу, дүрсийг сэргээн хөрвүүлж байсан. Энэхүү соёл, урлагийн салбарын хамтын ажиллагаагаа 2018 оноос өргөжүүлэн “Өв Эрдэнэ”соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн билээ.

“Өв Эрдэнэ” хөтөлбөрийн хүрээнд үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалах, хойч үедээ өвлүүлэх зорилготойгоор өнгөрсөн таван жилийн хугацаанд Монголын Урлагийн зөвлөл ТББ-тай хамтран ажиллаж, Монгол Улсын Соёлын Яам, Соёлын өвийн үндэсний төв болон дотоод, гадаадын дурсгалт барилгын сэргээн засварлалтын зөвлөх, экспертүүдийн дэмжлэгтэйгээр Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей, Занабазарын музей, Амарбаясгалант хийд тэргүүтэй нийт 15 төсөлд 2.5 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгож, төслийн удирдлагыг амжилттай гүйцэтгэлээ.

Хөтөлбөрийн хүрээнд Чойжин ламын сүм музейн соёлын өвд учирч болох эрсдэл, тэдгээрийг хэрхэн арилгах тухай дүгнэлт, зөвлөмж бүхий нийгмийн ба байгалийн хүчин зүйлсийн нөлөөллийн судалгааг боловсруулан, сүм музейн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг хийж, музейн дотор орчныг стандартын дагуу барилгын хэв маяг, уламжлалт орчинтой нь зохицсон байдлаар шинээр иж бүрэн тохижуулсан юм. Түүнчлэн Ядам сүм ба Дунд хаалганы барилгын сэргээн засварлалтын зураг төслийг боловсруулж сэргээн засварлахад бэлэн болгосон бөгөөд Чойжин ламын сүм музейн ногоон байгууламжийн арчилгаа, үйлчилгээг цаашид ч санхүүжүүлэн ажиллахаар төлөвлөөд байна.

Мөн Богд хааны ордон музейд нийгмийн ба байгалийн гаралтай хүчин зүйлсийн нөлөөллийн судалгааг боловсруулан, хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлалтад шаардлагатай зөвлөмж, хамгаалалтын менежментийн төлөвлөгөөг гаргасан юм.

Үүнээс гадна, хүүхэд залууст соёлын өвийн болон урлагийн боловсролыг олгохоор Занабазарын музейд  технологийн дэвшлийг нэвтрүүлж, түүх, соёлын дурсгалын тайлбар болон үзэгчдийн оролцоог хангасан видео, аудио бүхий интерактив үзмэрийг AR нүдний шилээр дамжуулан хүргэдэг боллоо.

Мөн Монголын түүх, соёл, уран барилгын хосгүй ховор дурсгалын нэг болох Сэцэн Ханы Ордон музейн гадна талбайн  зүлэгжүүлэлт, ногоон байгууламж, соёлын дурсгалт уран барилгын хадгалалт, хамгаалалт, гэрэлтүүлэг зэрэг орчны тохижилтын ажлыг хийж гүйцэтгэн олон нийтийн чөлөөт цагаа өнгөрүүлэх талбайг тохижуулсан юм.

Түүнчлэн Өв-Эрдэнэ хөтөлбөрийн хүрээнд Амарбаясгалант хийдийг гамшгаас урьдчилан сэргийлэх багаж хэрэгслээр хангаж, дугануудын дээвэрт ургасан зэрлэг ургамлыг цэвэрлэх, шувуунаас хамгаалах тор торлох ажлуудыг гүйцэтгэснээс гадна Монголын Уран зургийн галерейн уран зураг сэргээн засварлах лабораторийн дотоод засал чимэглэл, Морин хуурын чуулгын “Монгол аялгуу” хос пянз зэрэг төслүүдийг тус тус амжилттай хэрэгжүүлээд байна.

“Маргаашийн өвийг өнөөдөр хайрлан, хамгаалж хойч үедээ үлдээе”