М-Си-Эс Групп Монгол Улсын хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буй үзүүлэлтээр тэргүүнд эрэмбэлэгдлээ
Буцах

  2025.07.03
...

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хамтран улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буй шилдэг аж ахуйн нэгжүүдийг тодруулан өргөмжилдөг ТОП-100 шалгаруулалтад групп компанийн амжилтаар М-Си-Эс Групп тэргүүнд эрэмбэлэгдлээ.

Бизнесийн байгууллагын тухайн жилийн улсын төсөвт оруулсан татвар, борлуулалтын орлого, ажилтны тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ зэрэг үзүүлэлтэд тулгуурлан тодруулдаг энэхүү шалгаруулалтад Энержи Ресурс, М-Си-Эс Кока-Кола, Юнител, Юнивишн, Юнисервис Солюшн, М-Си-Эс Проперти, М-Си-Эс Интернэйшнл, Бьюлдинг Мэйнтэнэнс Сервисэс, Шангри-Ла Улаанбаатар Хотел, Интернэйшнл Медикал Сентер, Тотал Дистрибюшин зэрэг М-Си-Эс Группийн 11 компани шилдгээр шалгарсан юм.

“Дэлхийн хөгжлийг Монголдоо цогцлоох” эрхэм зорилгоо хэрэгжүүлэхдээ бид улс орны эдийн засгийн өсөлтөд дорвитой хувь нэмэр оруулах, ажлын байрыг нэмэгдүүлэн, татвар, шимтгэлээр дамжуулан нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ эрүүл мэнд, боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах, инноваци, дэд бүтцийг хөгжүүлэхэд тууштай хөрөнгө оруулж хүн, нийгэм, хүрээлэн буй орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулахыг эрхэм болгодог.

М-Си-Эс Группийн охин болон хөрөнгө оруулалттай компаниуд сүүлийн таван жилийн нийлбэр дүнгээр 4.4 их наяд төгрөгийн татвар, шимтгэлийг төвлөрүүлснээс 2024 онд 1.3 их наяд төгрөгийг улсын төсөвт оруулсан байна. Бид жил бүр тогтвортой ажлын байр шинээр бий болгож 14 мянган үндсэн ажилтнаас гадна 30 мянга гаруй иргэнийг шууд болон шууд бус ажлын байраар ханган ажиллаж байгаа билээ.

М-Си-Эс Групп нь хувийн хэвшлээ манлайлж, аливаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтдаа үндэсний компаниудаа бүхий л талаар дэмжин оролцуулж, менежментийн туршлагаа хуваалцах, тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэхийг эрмэлзсээр ирсэн. Тухайлбал, 2024 онд М-Си-Эс Группийн компаниуд нийт 4.5 их наяд төгрөгийн худалдан авалт хийснээс дотоодын 5,817 аж ахуйн нэгж болон 2,534 хувь хүнээс 3.1 их наяд төгрөгийн худалдан авалтыг хийж, үндэсний бизнес эрхлэгчдээ дэмжсэн юм.

Бид үйл ажиллагаа эрхэлж буй бизнесийн салбар бүртээ тогтвортой хөгжлийн зорилгуудыг тусган урьтал болгон хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд байгаль орчиндоо ээлтэй, нийгмийн хариуцлагатай, ёс зүйтэй бизнесийн үйл ажиллагааг чухалчлан баримталдаг бөгөөд 2024 онд нийт 54.6 тэрбум төгрөгийг нийгмийн хариуцлагын үйлсэд зарцуулсан байна.

Ийнхүү бид өдөр бүр 3.6 тэрбум, сард 108 гаруй тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийг төвлөрүүлж, өөрийн 14 мянган ажилтандаа сард дунджаар 60.5 тэрбум төгрөгийн цалин, урамшуулал олгохоос гадна дотоодын 8,600 гаруй бизнес эрхлэгчээс сард дунджаар 258 тэрбум төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авч, шууд бусаар 20 мянган хүнийг тогтмол ажлын байртай болгож улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой, том хувь нэмрийг оруулж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн ухамсарлан ажиллаж байна.