ТОП-100 шалгаруулалтад нэгдүгээрт эрэмбэлэгдлээ
БуцахМонгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хамтран улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгжүүдийг тодруулж, өргөмжлөх ТОП-100 шалгаруулалт 23 дахь жилдээ амжилттай болж, групп компанийн амжилтаар М-Си-Эс Групп дахин нэгдүгээрт эрэмбэлэгдлээ.
Бизнесийн байгууллагын тухайн жилийн улсын төсөвт оруулсан татвар, борлуулалтын орлого, ажилтны тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ зэрэг үзүүлэлтэд тулгуурлан тодруулдаг энэхүү шалгаруулалтад Энержи Ресурс, Юнител, М-Си-Эс Кока-Кола, Юнисервис Солюшн, Юнивишн, Тотал Дистрибюшин, Бьюлдинг Мэйнтэнэнс Сервисэс, М-Си-Эс Проперти, Шангри-Ла Улаанбаатар Хотел, М-Си-Эс Интернэйшнл, Интернэйшнл Медикал Сентер зэрэг М-Си-Эс Группийн 11 компани шилдгээр шалгарсан юм. М-Си-Эс Группийн охин болон хөрөнгө оруулалттай компаниуд сүүлийн таван жилийн нийлбэр дүнгээр 3.1 их наяд төгрөгийн татвар, шимтгэлийг төвлөрүүлснээс 2023 онд 966 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулсан байна. Бид өөрийн болон бусад эх үүсвэрээр хөрөнгө оруулалтууд хийн тогтвортой ажлын байр шинээр бий болгож 13 мянган үндсэн ажилтнаас гадна 30 мянга гаруй иргэнийг шууд болон шууд бус ажлын байраар ханган ажиллаж байгаа билээ.
М-Си-Эс Групп нь хувийн хэвшлээ манлайлж, аливаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтдаа үндэсний компаниудаа бүхий л талаар дэмжин оролцуулж, менежментийн туршлагаа хуваалцах, тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэхийг эрмэлзсээр ирсэн. Тухайлбал 2023 онд М-Си-Эс Группийн компаниуд нийт 3.5 их наяд төгрөгийн худалдан авалт хийснээс дотоодын 6,853 аж ахуйн нэгж болон 1,768 хувь хүнээс 2.2 их наяд төгрөгийн худалдан авалтыг хийж, үндэсний бизнес эрхлэгчдээ дэмжсэн юм. Түүнчлэн бидэнтэй нийлүүлэгчээр хамтран ажиллах хүсэлтэй дотоодын бүх бизнес эрхлэгчид хамтран ажиллах явцыг хөнгөвчлөх зорилгоор олон улсын жишигт нийцсэн Нийлүүлэгчийн портал худалдан авалтын цогц системийг 2023 онд шинээр нэвтрүүллээ.
М-Си-Эс Группийн 30 жилийн түүхэн ой тохиосон 2023 онд бид өнгөрсөн ололт амжилт, улс, эх орныхоо хөгжил дэвшилд оруулсан бүтээн байгуулалтуудаа нийт ажилтныхаа хамтаар тэмдэглэсэн юм. Энэ хүрээнд бид ажилтанд зориулсан хөнгөлөлттэй бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг дороос авах боломжтой “MCS Benefits” платформыг 2023 онд нэвтрүүлж, ажилтан энэхүү платформоос бараа, үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлж, дэмжих зорилгоор 11 тэрбум төгрөгийг ажилтны үндсэн цалин дээр нэмэлт мөнгөн урамшуулал хэлбэрээр олголоо.
Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг бид бизнесийн үйл ажиллагаа, нийгмийн хариуцлагын үйлсдээ мөрдлөг болгон ажиллахыг зорьдог. Энэхүү бодлогынхоо хүрээнд бид нийгэмд эерэг нөлөөтэй, байгаль орчинд халгүй, хүмүүст өгөөжтэй байхыг чухалчилж, 2023 онд нийт 47 тэрбум төгрөгийг нийгмийн хариуцлагын үйлсэд зарцуулсан байна.
Ийнхүү бид өдөр бүр 2.6 тэрбум, сард 80 гаруй тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийг төвлөрүүлж, өөрийн 13 мянган ажилтандаа сард 43 тэрбум төгрөгийн цалин, урамшуулал олгохоос гадна дотоодын 8,600 гаруй бизнес эрхлэгчээс сард дунджаар 185 тэрбум төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авч, шууд бусаар 20 мянган хүнийг тогтмол ажлын байртай болгож улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой, том хувь нэмрийг оруулж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн ухамсарлан ажиллаж байна.