“Ойжуулъя, Арчилъя, Хамгаалъя” аяныхаа хүрээнд 190 мянган мод тарилаа
БуцахМод тарих үндэсний өдрийг тохиолдуулан М-Си-Эс Групп “Ойжуулъя, Арчилъя, Хамгаалъя” аяныхаа хүрээнд Хэнтий аймгийн Дадал сум, Богдхан уулын Хүрхрээгийн ам зэрэг газруудад 190 мянган мод тарьж, ойг нөхөн сэргээх, ойжуулах ажилд хувь нэмрээ орууллаа.
Тодруулбал, Хэнтий аймгийн Дадал суманд байрлах Цагаан даваа, Цээнэтэй зэрэг газруудад 66 га талбайд шатсан ойг нөхөн сэргээж, ойжуулах зорилгоор 170 мянган нарс модыг мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар тарьсан бол М-Си-Эс Группийн ажилтнууд Богдхан уулын Хүрхрээгийн аманд 12 га газарт 20 мянган шинэс мод тарих ажилд сайн дураар оролцсон юм.
“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй энэхүү аян нь Энержи Ресурс компани 2030 он хүртэл нийтдээ 40 сая мод тарьж, ургуулах ажлын нэг хэсэг бөгөөд говийн бүсэд мод тарьж, ургуулах, арчлан хамгаалах, хангайн бүсэд ойжуулах, нөхөн сэргээх, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгжүүлэх, төгөл байгуулах зэрэг үйл ажиллагааг цогцоор нь хэрэгжүүлж байгаагаараа онцлог юм.
Түүнчлэн М-Си-Эс Групп нь ажил олгогчийн дэмжлэгтэй сайн дурын үйл ажиллагааг дэмжих журмыг хэрэгжүүлдэг бөгөөд өнгөрсөн онд нийт 67 мянган мод тарьснаас ажилтнууд сайн дурын санаачилгаараа 8900 мод тарьжээ.
М-Си-Эс Групп нь хэрэгжүүлсэн олон төсөл, хөтөлбөр болгондоо нийгэм болон байгаль орчинд ээлтэй байх олон улсын стандартыг ямагт хангаж ирсэн бөгөөд тогтвортой хөгжлийн зорилгуудыг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж байна.