Мэтагро компани бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж эхэллээ
Буцах

  2023.11.08
...

М-Си-Эс Группийн хөрөнгө оруулалттай Мэтагро компани Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг, Чандганы талд байгуулсан хөдөө аж ахуйн цогцолборынхоо анхны бүтээгдэхүүн болох өндөр зэрэглэлийн үхрийн махны “Primeat” брэндээ зах зээлд нийлүүлж эхэллээ.

Олон улсын стандартад нийцсэн, өндөр чанартай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг эрчимжсэн мал аж аухй болон ухаалаг газар тариаланг хослуулан хөгжүүлэх замаар дотоод болон гадаадын зах зээлд өрсөлдөхүйц үнээр нийлүүлэх зорилготойгоор 2021 онд байгуулагдсан Мэтагро компани нь дэлхийн хишигт хүрсэн үхэр бордох аж ахуй, тэжээлийн аж ахуй, мал төхөөрөх үйлдвэр, ухаалаг газар тариалан бүхий хөдөө аж ахуйн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлж байгаа юм.

Тус компани нь хөрс хамгаалах тэг элдэншүүлэг технологи, ургац нэмэгдүүлж, үйл ажиллагааг оновчлох ухаалаг газар тариалан, усалгааны систем, малын эрүүл мэнд, тавлаг байдал, био аюулгүй байдлыг хангасан бордох аж ахуй, тэжээлийн технологид суурилсан мах гантиглуулах аргачлал зэрэг хүнсний аюулгүй байдал, амт чанарыг сайжруулах олон талт арга ажиллагааг олон улсын зөвлөх компаниудын заавраар хэрэгжүүлж байна.

Түүнчлэн эрчимжсэн мал аж ахуйн цогцолбортоо байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа эрхэлж, хүнсний аюулгүй байдлыг хангахад шаардлагатай хөрөнгө оруулалт, техник, технологийн шийдлийг нэвтрүүлснээс гадна ажилтнууддаа өндөр бүтээмжтэй, тав тухтай, эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амрах нөхцөлийг бүрдүүлэхийг чухалчилж байгуулсан нь орон нутагт үйл ажиллагаа явуулдаг компаниудад олон талаар жишиг болохуйц бүтээн байгуулалт болоод байна.