М-Си-Эс Проперти компани “Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр” төслийн гүйцэтгэгчээр ажиллалаа
Буцах

  2026.03.17
...

Монгол Улсад усны шинэ эх үүсвэр бий болгох, гүний усны нөөцийг хамгаалах, Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дахин боловсруулсан ус нэвтрүүлэх зорилготой Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр“-ийн төслийн нээлт энэ сарын 16-ны өдөр тохиолоо. 

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хоорондын II Компакт гэрээ буюу Усны Компактын хүрээнд бүтээн байгуулсан уг төслийн зураг төсөл зохиогч, ерөнхий гүйцэтгэгчээр М-Си-Эс Проперти компани ажилласан юм.

This slideshow requires JavaScript.

М-Си-Эс Проперти компани Францын усны барилга байгууламжийн зураг төслийн томоохон компани болох EGIS болон VEOLIA компаниудтай хамтран технологийн зураг төслийг боловсруулжбарилга угсралтын ажлыг тус компанийн инженер техникийн 136 ажилтандотоодын 50 гаруй туслан гүйцэтгэгчийн 166 ажилтантай хамтран 45 сарын хугацаанд амжилттай гүйцэтгэлээ. 

Төслийн хүрээнд монгол инженерүүдийн ур ухаан, чадавх чадамжийг бүрэн илэрхийлсэн, үйлдвэрийн үйл ажиллагааг явуулахад шаардлагатай 17 барилга байгууламжийг бүтээн байгууллаа. Ингэхдээ барилгын бүтцийн чанар стандартын шаардлага хангасан төмөр бетон, метал хийц, хэв хашмал, хаалга цонх зэргийг ашигласан бөгөөд үйлдвэрийн хөдөлгөөнт био реакторын барилгад сүүлийн үеийн дэвшилтэт технологи, шинэлэг шийдлүүдийг багтаасан тоног төхөөрөмж, тоноглолыг суурилуулсан юм. Мөн ухаалаг удирдлагын системээр үйлдвэрийг бүрэн тоноглосон нь хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх, ажиллагааг удирдан явуулах хялбар арга замыг бий болгосныг нээлтийн үеэр онцоллоо. 

 

This slideshow requires JavaScript.

Төслийн хүрээнд М-Си-Эс Интернэйшнл компани мөн ус дамжуулах шугамын систем, дулааны цахилгаан станцуудын техникийн усны схемийн өөрчлөлтийн ажлыг гүйцэтгэсэн юм.  

Үүнээс гадна тус төсөл хэрэгжих явцад байгаль орчин, нийгэм засаглал (БОНЗ)-ын төлөвлөгөө боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх, хянах, тайлагнах зэргээр тухайн төслийн нөлөөлөлд өртөж буй бүх оролцогч талыг анхааран ажиллаж, улмаар төслийн хүртээмжийг нэмэгдүүлэх, бүс нутгийн эдийн засаг, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, жендерийн ялгаатай байдлын ойлголтыг түгээх зэрэг эерэг үр нөлөөг үзүүлснээрээ онцлог юм.