“MCS Internship 2022” хөтөлбөрт цалинтай дадлагажих 63 оюутан шалгарлаа
Буцах

  2022.04.12
...

М-Си-Эс Групп залуусын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, мэргэжлийн өндөр ур чадвартай, санал санаачилгатай шинэ үеийг дэмжих зорилготойгоор хэрэгжүүлж буй “MCS Internship-2022” цалинтай дадлагын хөтөлбөрт 63 оюутан шалгарч, гурван сарын турш ажлын бодит туршлага хуримтлуулж, хувь хүний багц сургалтад хамрагдахаас гадна менторуудаас зөвлөгөө авч, танилын хүрээгээ тэлэх боломжтой боллоо.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулах энэхүү хөтөлбөрт Монгол Улсын их, дээд сургуулийн 621 оюутан анкет ирүүлснээс 582 оюутан хоёрдугаар шатанд шалгарсан юм. Тэднээс М-Си-Эс Группт ажилд орохоор хандаж буй ажил горилогчоос зайлшгүй авдаг ерөнхий ур чадварын “Асуудал шийдвэрлэх чадвар”-ын шалгаруулалтад 283 оюутан ярилцлагын шатанд тэнцжээ. Улмаар эцсийн шатны ярилцлагаас хичээл зүтгэл, санал санаачилгаараа манлайлах 63 оюутан есөн чиглэлийн ажлын байранд дадлагажихаар сонгогдсон юм.

Хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээний үеэр М-Си-Эс Холдинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Гантөмөр “М-Си-Эс Групп нь дэлхийн хөгжлийг Монголд гэх эрхэм зорилгынхоо хүрээнд эх орноо хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, ирээдүй хойч үедээ илүү сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр ажилладаг. Залуусын мэдлэг боловсролыг дээшлүүлж, хөгжүүлэх зорилготой энэхүү хөтөлбөр нь үүний нэг тод жишээ болж байна” хэмээн онцоллоо.

Хөтөлбөрт хамрагдсанаар группийн бүрэлдэхүүн 16 компанид програм хөгжүүлэгч, бизнесийн шинжээч, цахилгааны инженер зэрэг чиглэлд ажлын бодит туршлага хуримтлуулан, салбар бүрийн шилдэг мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, тэдгээрээс суралцах, багаар ажиллах чадвараа өргөжүүлэх зэрэг боломжтой болж байгаа юм.

М-Си-Эс Групп өмнө нь “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, 300 гаруй оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгож байсан. Харин өдгөө илүү практик туршлага олоход чиглэсэн, туршлага хуримтлуулж өөрийгөө хөгжүүлэх, М-Си-Эс Академийн хувь хүний хөгжлийн багц сургалтад хамрагдах, менторуудтай танилцаж танилын хүрээгээ тэлэх зэрэг олон боломжийг санал болгон ажлын гарааны суурийг нь зөв эхлүүлэх үүднээс энэхүү цалинтай дадлагын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

 

Д.Болор, М-Си-Эс Холдинг ХХК-д Нягтлан бодогч /дадлагажигч оюутан/

Би өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сараас хойш М-Си-Эс группт ажилд орно гэсэн зорилттой анкетаа явуулж эхэлсэн. Өөрийгөө их сандрах байх гэж бодож байсан ч сонгон шалгаруулалтын үе шатуудыг амжилттай даваад гарсандаа баяртай байна.

М-Си-Эс Группийн эрхэм зорилго, үнэт зүйлсийн дагуу, өөрийн сурсан мэргэжлээрээ арван жилийн турш М-Си-Эс-тээ зориулан ажиллана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Том группийн үйл ажиллагаа цаанаа л өөр байдаг юм байна. Үнэхээр гайхалтай байлаа

 

Б.Тэмүүжин, М-Си-Эс Интернейшнл ХХК-д Механик инженер /дадлагажигч оюутан/

Хөтөлбөрт тэнцсэн гэдгээ сонсоод эхэндээ итгээгүй. Шалгарч чадсандаа маш их баяртай байна. Энэхүү хөтөлбөрөөр онолын хүрээнд сурсан мэдлэгээ практикт хэрэгжүүлж, М-Си-Эс Интернейшнл компанийн чадварлаг инженерүүдийн дор дадлагажин мэдлэгээ амьдралд буулгаж, гурван сарын дараа өөрийгөө инженер гэж хэлэх хэмжээнд хүрсэн байна гэдэгтээ итгэл дүүрэн байгаа.

Хамт олон минь зөндөө зүйл зааж зөвлөн олон ур чадварт суралцах байх. Надад ч мөн бусдад заах мэдлэг гарч ирэхийг үгүйсгэхгүй. Тиймээс харилцан мэдээллээ солилцож мундаг инженер болно гэж бодож байгаа.

 

Э.Охиноо, Юнител группт хүний нөөцийн мэргэжилтэн /дадлагажигч оюутан/

MCS Internship 2022 хөтөлбөрт тэнцсэндээ маш их баяртай байна. Онолын хүрээнд сурсан мэдлэгээ практикт ашиглахаас гадна Монгол Улсын хамгийн том компанид ажиллаж, хувь хүний хөгжлийн сургалтад хамрагдаж, бизнесийн орчны талаар ойлголттой болж, цаашлаад хувь хүний хувьд өсөн дэвжих маш том боломж гэж харж байгаа. Хөтөлбөрт хамрагдаж буй оюутнуудад ирээдүйдээ энэ компанид ажиллах боломжийг олгож, хөдөлмөрөө зөв үнэлүүлж, дадлагажих боломж олгож байгаа нь маш их таалагдаж байгаа. Ийм том компанид дадлагажих боломж олдсон нь миний амьдралд тохиож буй гол үйл явдлын нэг гэж үзэж, ирээдүйдээ маш том хөрөнгө оруулалт хийлээ гэж харж байна.