Интермед эмнэлэг Япон Улсын IUHW групптэй стратегийн хамтын ажиллагааг эхлүүлж, хөрөнгө оруулалт татахаар боллоо
Буцах

  2025.12.26
...

М-Си-Эс Группийн хөрөнгө оруулалттай Интермед эмнэлэг нь Япон Улсын IUHW групптэй стратегийн хамтын ажиллагааг эхлүүлж, Монгол Улсын эрүүл мэндийн салбарт гадаадын хөрөнгө оруулалт татах зорилгоор 2025 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр Токио хотноо хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа.

Гэрээний хүрээнд талууд 10 жилийн хугацаанд стратегийн түншлэлийг хэрэгжүүлэхээр тохиролцож, Япон стандартын түвшний эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Интермед эмнэлгээс авах боломжийг Монголын иргэдэд бүрдүүлж буйгаас гадна, өндөр нарийвчлалтай оношилгоо эмчилгээний хамгийн сүүлийн үеийн  тоног төхөөрөмжийг үе шаттайгаар нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

IUHW Групп нь Япон орон даяар анагаахын их сургуулийн олон салбар, академик судалгаанд суурилсан эмнэлгүүдийг нэгтгэн ажилладаг, сургалт, судалгааг эмнэлгийн тусламж үйлчилгээтэй уялдуулсан нэгдсэн тогтолцоо бүхий байгууллага бөгөөд Япон Улсын эрүүл мэндийн салбарын томоохон групп компаниудын нэг юм.

Хамтын ажиллагааны хүрээнд Интермед эмнэлэг Японы оношилгоо, эмчилгээ, менежментийн технологийг Монгол Улсад нутагшуулахын зэрэгцээ үйлчилгээнийхээ чанар, стандартыг улам бэхжүүлэн ажиллах юм. Мөн Интермед эмнэлгийн эмч, сувилагч, мэргэжилтнүүд IUHW-ийн их сургуулиудын эмнэлгүүдийн туршлагад суралцаж, тасралтгүй мэргэшил, ур чадвараа дээшлүүлэх, шаардлагатай тохиолдолд Японы эмч мэргэжилтнүүдтэй зөвлөлдөх тогтолцоо бүрдэх болно.

JCI олон улсын магадлан итгэмжлэлтэй Интермед эмнэлэгт IUHW групп урт хугацааны хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр эх орондоо дэлхийн жишигт нийцсэн, чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах шинэ боломж нээгдлээ.