М-Си-Эс Группийн хоёр компани “2025 оны онцлох ААН”-ээр, гурван компани салбарын Энтрепренер-ээр шалгарлаа
Буцах

  2025.12.24
...

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг дүгнэдэг “Энтрепренер-2025” шалгаруулалтад М-Си-Эс Группийн 5 компани шалгарлаа. Энержи Ресурс болон М-Си-Эс Кока-Кола ХХК-иуд Оны онцлох аж ахуй нэгжээр шалгарч, мөнгөн меркури цомын эзэд болсон бол, Тотал Дистрибюшин компани Тээвэр логистикийн салбар, Мэтагро компани Хөдөө аж ахуйн салбар, М-Си-Эс Проперти компани Барилга угсралтын салбарын Энтрепренерээр тус тус шалгарч, хүрэл меркури цомыг хүртлээ.

М-Си-Эс Кока-Кола компани 2025 онд байгальд ээлтэй, дэвшилтэт технологид суурилсан Тогтуун ундааны Асептик үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Цагт 36 мянган ширхэг жүүс, цай, спорт ус, кофе зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай энэхүү үйлдвэр нь Кока-Кола компанийн бүс нутагтаа анхдагч хуурай технологид суурилсан асептик үйлдвэр бөгөөд шинээр 50 ажлын байр бий болгожээ.

Энержи Ресурс компани нийгмийн сайн сайхны төлөөх ашгийн бус үйлсэд бодит хувь нэмрээ оруулах төсөл хөтөлбөрийн хүрээнд 21 тэрбум төгрөгийг өнгөрч буй онд зарцуулжээ. Онцолбол, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн Шинэ Хархорум хотод ногоон байгууламж, ойн зурвас байгуулах ажлын хүрээнд 40,000 мод мэргэжлийн гүйцэтгэгч байгууллагаар тариулан, арчилгаа тордолгоо, усалгааны бүх зардалд 2,3 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Тотал Дистрибюшин компани 2025 онд тээвэрлэлтийн ачаа эргэлтээ 95 сая тонн.км хүргэж, компанийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлтээ тогтоолоо. Тээвэр логистикийн хүчин чадлаа нэмэгдүүлэх зорилгоор авто паркаа EURO5 стандартын хөдөлгүүр бүхий, түлшний зарцуулалт багатай, хорт утаа бага ялгаруулдаг 24 тээврийн машин, 68 түгээлтийн машинаар шинэчилж, өргөтгөлөө. Түүнчлэн Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч (ГИТ) статусыг авч, Эрээн – Улаанбаатар чиглэлд улс хоорондын тээвэрлэлтийг амжилттай туршиж, олон улсын тээвэрлэлтийн шинэ боломжийг нээсэн онцгой жил байлаа.

Мэтагро компани энэ онд Үхэр бордох аж ахуйгаас гардаг органик хог хаягдлаар дамжин гүний ус, хөрс бохирдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор 786 м урттай бетоноор бэхжүүлсэн ус зайлуулах суваг болон HDPE мембран доторлогоотой 1,522 м³ усан сан бүхий иж бүрэн Ус зайлуулах системийг барьж байгууллаа. Мөн Primeat брэндийн цахим нэрийн дэлгүүр болох www.primeat.mn нээснээр онлайн борлуулалтын шинэ суваг нээгдэж, хэрэглэгчдэд бүтээгдэхүүнтэй холбоотой мэдээллүүдийг цаг тухайд нь хүргэх ач холбогдолтой ажил болжээ.

М-Си-Эс Проперти компани 2025 онд “Эрдэнэ Монгол” компанийн “Баянхөндий” төслийн инженерийн зураг төсөл, барилга угсралтын ажлыг цогцоор хийж гүйцэтгэлээ. Төслийн хүрээнд боловсруулах үйлдвэр, ажилчдын амрах байрны цогцолбор, инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц байгууламжууд, үйлдвэрийн бус барилгуудыг барьж байгуулсан жишиг бүтээн байгуулалт болсон юм. Түүнчлэн Усны Компактын томоохон бүтээн байгуулалтын нэг болох Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн төслийг гүйцэтгэсэн бөгөөд төслийн үр дүнд эрчим хүчний үйлдвэрлэлд дахин боловсруулсан усны хэрэглээ нэвтэрч, ДЦС-3, 4-т одоо ашиглаж буй 18 сая метр куб хүртэлх хэмжээний гүний усыг жил бүр хэмнэх боломжтой болжээ.