Чойжин ламын сүм музей WORLD MONUMENTS WATCH 2020 хөтөлбөрт хамрагдана

М-Си-Эс Групп, Монголын Урлагийн Зөвлөл хамтран “Өв Эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Чойжин ламын сүм музейн хадгалалт хамгаалалтын төсөл хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн багаас Дэлхийн хөшөө дурсгалын сангийн World Monuments Watch хөтөлбөрт уг сүм музейг нэр дэвшүүлснийг олон улсын экспертүүд дэмжсэн байна. Хөтөлбөрт хамрагдсанаар Чойжин ламын сүм музей дэлхий нийтийн анхаарлын төвд орж, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд сэргээн засварлалтын техникийн туслалцааг 2 жилийн хугацаанд авах юм. Word Monuments Watch 2020 хөтөлбөрт хотжилт, хэт барилгажилт, гэнэтийн осол, байгалийн гамшиг, буруу менежмент, улс төрийн үймээн самуун, мөргөлдөөний улмаас эрсдэлд ороод буй дурсгалт газруудыг сонгон шалгаруулсан аж. Тодруулбал, Франц улсын Парисын дарь эхийн сүм, Чили улсын Rapa Nui үндэсний парк, Перу улсын Инкачуудын ариун хөндий, АНУ-ын Bears Ears дурсгалт газар, Энэтхэгийн Декан өндөрлөгийн усны систем, Бирмийн Уламжлалт фермийн барилгууд, Иракийн Mam Rashan сүм, Узбекистаны Бухарын Еврейчүүдийн эртний сууц, Пакистаны Anarkali базаар, Катманду хөндийн Chivas Chaityas, Египетийн Alexan ордон, Японы Inari-yu барилга, Испанийн Axerquía ордон зэрэг 22 орны 25 дурсгалт газар сонгогджээ. Монгол Улсаас сонгогдсон Чойжин ламын сүм музей нь хотжилт, хэт төвлөрөл, бодлогогүй төлөвлөлт, хөрөнгө санхүүгийн гачигдлаас үүдэн эрсдэлд орсон түүх соёлын дурсгалт газрын нэгээр сонгогдсон юм.

“Өв Эрдэнэ” хөтөлбөрийн санхүүжилтээр 2019 онд Чойжин ламын сүм музейн дотоод орчны 4800 м.кв талбайг зүлэгжүүлэн, мод сөөг тарьж, 650 м.кв явган хүний замыг шинэчилж, усалгааны систем болон гадна гэрэлтүүлгийг суурилуулсан бол 2020 онд музейн эдэлбэр газарт 888 мод бут бүхий 3500 м.кв ногоон байгууламж, 1100 м.кв боржин чулуун явган хүний замыг шинэчлэн засварлах юм. Түүнчлэн түүхэн дурсгалт барилгад эрсдэлгүй, иргэдэд тав тухтай орчин бүрдүүлэхийн тулд музейн хэрмэн хашаанд тулж зогсох автомашины стандарт бус зогсоолын талбайг чөлөөлөн, хөдөлгөөнийг хорьж, ногоон байгууламж, явган хүний болон дугуйн зам хийж, авто зогсоолыг музейн урд талбайд шинэчлэн байгуулахаар төлөвлөөд байна.

Дэлхийн хөшөө дурсгалын сан World Monument Watch хөтөлбөрт шалгарсан 22 орны хэрэгжүүлэгч байгууллагуудтай хамтран 2020-2021 онд бодлогын нөлөөлөл, сэргээн засварлалт, сэргээн засварлалтын чадавхийг бэхжүүлэх сургалт судалгаа, дурсгалт газрыг таниулан сурталчлах үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.

1996 оноос хэрэгжүүлж буй World Monuments Watch хөтөлбөрт Дэлхийн хөшөө дурсгалын сангаас 110 сая ам.доллар, бусад ивээн тэтгэгчид 300 сая ам.долларыг 135 орны 836 түүх, соёлын дурсгалт газруудын төсөлд зарцуулжээ.

Чойжин ламын сүм музейг хадгалж хамгаалах төслийн багт БСШУСЯ, Соёлын өвийн үндэсний төв, Чойжин ламын сүм музей, “Өв Эрдэнэ” хөтөлбөрийн санхүүжүүлэгч М-Си-Эс групп, Монголын Урлагийн Зөвлөл, сэргээн засварлалтын зураг төслийн болон сэргээн засварлагч эрх бүхий компаниуд нэгдэж ажилласан бөгөөд World Monuments Watch хөтөлбөрт хамрагдсанаар бидний хамтын ажиллагаа өргөжин Дэлхийн хөшөө дурсгалын сан, АНУ-ын Элчин сайдын нэрэмжит Соёлын өвийг хамгаалах сан, олон улсын дурсгалт уран барилгын сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалтын бодлого боловсруулагчид зэрэг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, дотоодын болон олон улсын соёлын өвийн мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллахаар боллоо.

Л.Мягмаржав: М-Си-Эс Групптээ холбооны нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье

Монголчууд анх удаа Олимпын наадамд багийн спортын төрлөөр оролцох эрх авсан түүхэн үйл явдал энэ сарын 1-нд боллоо. Сагсан бөмбөгийн 3х3 төрөлд ТОКИО 2020 олимпын эрх авах орнуудыг зарлах ёслолын ажиллагаа Японы Уцуномияа хотод болж, эхний багуудыг зарлалаа. Уг ёслолын ажиллагаанд Олон Улсын Сагсан бөмбөгийн холбооны Удирдах Зөвлөлийн Комиссын гишүүн, Монголын 3х3 Сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч, М-Си-Эс Кока-Кола компанийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав оролцсон юм. Түүнтэй утсаар холбогдож цөөн хэдэн асуултад хариулт авлаа.

Сайн байна уу? Юуны өмнө танд болон танай холбооны хамт олонд, тамирчдад халуун баяр хүргэе.

Баярлалаа. Японы Уцуномияад болж буй FIBA 3×3 World Tour Final тэмцээний үеэр Токио 2020 Зуны Олимпын наадамд 3×3 сагсан бөмбөгийн төрлөөр оролцох эрх авсан эхний багуудыг зарлалаа. Эмэгтэйчүүдийн төрөлд олимпын эрх авсан эхний дөрвөн багт Монгол Улсын шигшээ баг шалгарсан нь яах аргагүй түүхэн үйл явдал. Эрэгтэй шигшээ баг маань дараагийн 3 эрхийн төлөө өрсөлдөх 20 багийн хамгийн эхэнд нэрлэгдлээ.

Эрэгтэй шигшээ баг эрхээ шууд авах болов уу гэсэн хүлээлт хөгжөөн дэмжигчдийн дунд байсан?

Эрэгтэй шигшээ баг ирэх оны гуравдугаар сард Энэтхэгт болох тэмцээнээр олимпын эрхийн төлөө хүч үзнэ. Япон зохион байгуулагч орон тул Олон Улсын Олимпын хорооны баталсан дүрмийн дагуу шууд эрхээр эрэгтэй багаа оруулж, манай баг эрхийн тэмцээнд орох боллоо. Гэсэн ч бидэнд эрэгтэй, эмэгтэй байгаараа Токиогийн Олимпод оролцох боломж бий. Монгол Улс анх 1964 онд Токиогийн Олимпод орж байсан түүхтэй. Энэ хугацаанд чөлөөт бөх, бокс, буудлага, жүдо гэсэн ганцаарчилсан төрлөөр 29 медаль авсан. Харин энэ удаа 2020 оны Токиогийн Олимпод Монгол Улс багийн төрлөөр анх удаа орох гэж байна.

Манай баг тамирчид энэ амжилтыг үзүүлэхэд нөлөөлсөн хүчин зүйлсийн талаар?

Мэдээж холбооны олон жилийн тууштай хөдөлмөр, тамирчдынхаа нөр их хичээл зүтгэлийг хамгийн түрүүнд дурдах нь зүйн хэрэг. Хэчнээн авьяас чадвар байгаад дэмжлэггүй бол амжилт үзүүлэхэд бэрх зүйл бол спорт. Энэ спортын хөгжилд оруулсан М-Си-Эс Групп, тодруулбал М-Си-Эс Кока-Кола компани, Энержи Ресурс компанийн дэмжлэг, хувь нэмрийг дурсахгүй өнгөрч болохгүй. М-Си-Эс Групп 2005 оноос 3х3 сагсан бөмбөгийн спортыг “гудамжны” хэмээн нэрийддэг байсан үеэс эхлэн тасралтгүй дэмжиж, үр дүнд нь өнөөдрийн амжилтыг хамт бүтээлцэж байгаадаа бид бүхэн баяртай байна. М-Си-Эс Кока-Кола компанийн хамт олон олон жилийн тууштай үйл ажиллагаагаараа энэ амжилтад хүргэлээ. М-Си-Эс Групптээ Сагсан бөмбөгийн 3х3 холбооны нэрийн өмнөөс болон тамирчид, хөгжөөн дэмжигчдийн зүгээс, хувиасаа гүн талархал илэрхийлмээр байна.

Япон дахь шууд дамжуулалт орон даяар цацагдаж, тамирчид, дэмжигчид “Монгол Монгол” хэмээн дуу нэгтэй уухайлж, уйлж баярласан сайхан агшныг бид бүхэн үзсэн. “Монгол” хэмээн зарлах тэр мөчид танд төрсөн сэтгэгдлээ хуваалцана уу?

Монголд манайхан “3х3 Олимп хүрэх зам” ёслолын ажиллагаа зохион байгуулж, Японд болсон үйл явдлыг орон даяар шууд дамжуулан хүргэсэн. Японд мөн адил нөр их хөдөлмөрийнхөө үр дүнг үзэж, эрхээ авч баярласан бусад улс орнуудын сагсан бөмбөгийн удирдлагууд байлаа. Олон Улсын Сагсан бөмбөгийн Холбооны ерөнхийлөгч ноён Нианг, Ерөнхий нарийн бичгийн дарга Андриас Загклис нар хүрэлцэн ирж оролцлоо. Бүгд л хөөрсөн, талархсан халуун уур амьсгал дунд байлаа. Манай Монгол Улсыг 3х3 сагсан бөмбөгийн амжилтаар нь дэлхий мэддэг болсон нь харагдлаа. Улаанбаатарт очиж үзэх хүсэлтэй маш олон орны төлөөлөл байсан.

Та тун саяхан Олон Улсын Сагсан бөмбөгийн холбооны Удирдах Зөвлөлийн Комиссын гишүүнээр сонгогдсон.  Олон Улсын түвшинд Монголын баг, тамирчдын нэр хүнд өндөрт байгаагийн илрэл гэж бодож байна.

Маргаангүй. Монгол Улсын 3х3 багуудын сүүлийн жилүүдэд үзүүлж буй амжилтууд болон бидний олон улсын түвшинд зохион байгуулж байгаа тэмцээнүүдийн түвшин үнэлэгдсэн нь тодорхой. Хамгийн гол нь 3х3 сагсан бөмбөгийг бүх насны ангилалд цогцоор нь хөгжүүлэх тогтолцоог бий болгохоор зорин олон орноос тэргүүлж алхан үлгэр жишээ болж байгаа гэж үнэлэн бодлогын түвшинд оролцуулах болсон гэж ойлгож байна. Ингэснээр манайд цаашид олон боломж бий болно, хөгжлийн олон хөтөлбөр хэрэгжүүлэх хаалга нээгдэх юм.

Баярлалаа.

М-Си-Эс Интернэйшнл компани Нэгдсэн удирдлагын тогтолцоо нэвтрүүллээ

Эрчим хүчний салбарт тэргүүлэгч “М-Си-Эс Интернэйшл” ХХК чанарын удирдлага, байгаль орчны удирдлага, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлага, эрчим хүчний удирдлагын олон улсын стандартыг “Нэгдсэн удирдлагын тогтолцоо” хэлбэрээр буюу цогцоор нь үйл ажиллагаандаа нэвтрүүлснийг баталгаажуулах гэрчилгээг өчигдөр гардан авлаа.

Олон улсын магадлан итгэмжлэлийн форум буюу “International Accreditation Forum” болон Австрали-Шинэ Зеландын бүсийн “JAS-ANZ” байгууллагаар итгэмжлэгдэж, Австралийн “BCert” компаниар баталгаажсан олон улсын стандартын гэрчилгээг Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэйв Воусэн М-Си-Эс Интернэйшнл ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Даваахүүд гардуулан өгсөн юм.

Гэрчилгээг гардан авах үеэрээ М-Си-Эс Интернэйшнл ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Даваахүү “Бид 2004 онд анх удаа ISO стандартыг нэвтрүүлж байсан. Үүнээс хойш олон улсын бусад стандартыг үйл ажиллагаандаа шат дараатай, амжилттай нэвтрүүлсээр ирлээ. Манай хамт олон 2019 оны төлөвлөгөөндөө нэг дор дөрвөн стандартыг нэгтгэсэн “Нэгдсэн стандартын тогтолцоо”-г бүрэн хангах зорилт тавин ажилласан. Бид өнөөдөр зорилтоо биелүүлэн, Австралийн олон улсад танигдсан “BCert” компаниар баталгаажсан гэрчилгээг гардан авч байгаадаа баяртай байна.” гэсэн юм.

“М-Си-Эс Интернэйшнл” ХХК нь “Integrated Management System” буюу “Нэгдсэн удирдлагын тогтолцоо”-ны хүрээнд:

М-Си-Эс Интернэйшнл ХХК нь “Нэгдсэн удирдлагын тогтолцоо”-ны хүрээнд тогтвортой үйл ажиллагаа явуулж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч байгууллага байхын тулд бүхий л үйл ажиллагаагаа байнга сайжруулахыг зорин ажиллаж, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанарыг хэрэглэгч, захиалагчийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх буюу тэдний хүлээлтээс давсан сэтгэл ханамжийг бий болгож, аюул осолгүй ажлын байрыг бүрдүүлэн, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж, эрчим хүчийг хамгийн үр ашигтай, найдвартай үйлдвэрлэн ханган нийлүүлж ажиллаж байна.

Ийнхүү “Дэлхийн инженерингийн хөгжлийг Монголд” цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд “М-Си-Эс Интернэйшнл” ХХК дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын стандартын шаардлагад бүрэн нийцсэн үйл ажиллагаа явуулж буйгаа олон улсын байгууллагаар баталгаажууллаа.