“Замын-Үүд Гэгээн нарны цахилгаан станц”-ын төслийн ерөнхий гүйцэтгэгчээр хамтарсан консорциум ажиллаж байна

“Замын-Үүд Гэгээн нарны цахилгаан станц”-ын төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “М-Си-Эс Интернэйшнл ХХК” болон “Шарп корпорац”-ийн хамтарсан консорциум  ажиллаж байна

Дорноговь аймгийн Замын-Үүд сум нь Улаанбаатар хотоос 750 гаруй км хэт алслагдсан сүлжээгээр дамжуулан эрчим хүчээр хангагддаг тул алдагдал ихтэй байдаг. Иймд тус нарны цахилгаан станц нь хэт алслагдсан шугамын төгсгөлд байгуулагдан сүлжээнд холбогдсоноор бүс нутаг дахь эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, хангамжийг сайжруулах, хэрэглэгчдийг чанартай, найдвартай эрчим хүчний хэрэглээгээр хангагдах боломжийг олгоно.

“Замын-Үүд Гэгээн нарны цахилгаан станц” ашиглалтад орсноор жилдээ 28 мянга орчим айлын хэрэглээтэй тэнцэхүйц цахилгааныг үйлдвэрлэх ба ингэхдээ эрчим хүчний үйлдвэрлэлээс үүсэх 800 гаруй мянган тонн хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулж, 27 мянга гаруй тонн түүхий нүүрс, 202 мянган тонн цэвэр усны хэрэглээг хэмнэх үр ашигтай юм.

Тус нарны цахилгаан станцыг 15 МВт-ын хүчин чадалтай байхаар төлөвлөсөн бөгөөд Япон улсын “Шарп корпорац”-ийн орчин үеийн дэвшилтэт технологи бүхий нарны дэлгэц, ХБНГУ-ын дэлхийд тэргүүлэгч “SMA” фирмийн инвертер зэргийг ашиглан, жилдээ 28.6 сая кВт.ц цэвэр эрчим хүчийг Монгол Улсын төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлэх урьдчилсан тооцоо хийжээ. Тус төслийн хөрөнгө оруулагчдаар Япон улсын “Шигэмицү Шожи” групп, “Шарп” корпорац, Монгол Улсын “Эрчим Тээг” компани, төсөл хэрэгжүүлэгчээр “Наран тээг” компани,  төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “М-Си-Эс Интернэйшнл ХХК” болон “Шарп корпорац”-ийн хамтарсан консорциум  ажиллаж байна. Төслийн бүтээн байгуулалтын хүрээнд 2017 оны 7-р сараас эхлэн 2018 оны 6-р сарын 30 хүртэл нийт 45 га талбайд нэгж бүр нь 320 Вт -ын хүчин чадалтай 51,840 ширхэг нарны дэлгэц, 10/110 кВ –н дэд станц, 6 км урт 2 хэлхээ бүхий 110 кВ -ын цахилгаан дамжуулах агаарын шугам барьж байгуулах юм.

Багийн спортын хөгжилд үнэтэй хувь нэмрээ орууллаа

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо, 3х3 сагсан бөмбөгийн холбоо энэ сарын 27-29-ний өдрүүдэд ФИБА 3х3 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо анх удаа зохион байгууллаа. Ази тивийн 15 улсын 27 багийн 150 гаруй тамирчид оролцсон уг тэмцээнд Монголын шигшээ баг анх удаа түрүүлж, тивийн аварга боллоо. Э.Дөлгөөн, Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаатар нарын бүрэлдэхүүнтэй монголын шигшээ дасгалжуулагч С.Тулгын удирдлаган дор Бахрайны багийг 11:22, Японыг 16:21, Тайванийг 21:13-аар илүүрхэж, хагас шигшээд Австралийн багийг 17-19-өөр ялан финалд Шинэ Зеландыг 19-14-өөр хожсон бөгөөд Э.Дөлгөөн тэмцээний MVP буюу Үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан юм.

М-Си-Эс Групп нь багийн спорт болох сагсан бөмбөг, хөл бөмбөгийн спортыг хүүхэд залуучуудын дунд хөгжүүлэхийн тулд олон жил идэвх чармайлттай ажилласан бөгөөд ялангуяа М-Си-Эс Кока-Кола компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сагсан бөмбөгийг тэмцээнийг зохион байгуулах, ивээн тэтгэх, баг тамирчдын ур чадварыг улам сайжруулах чиглэлд анхаарч ирсэн билээ. Энэ удаагийн тэмцээнд, группээс М-Си-Эс Кока-Кола, Юнител компаниуд болон Сэнгүр брэнд ивээн тэтгэгчээр оролцжээ.  М-Си-Эс Кока-Кола компанийн гүйцэтгэх захирал Л.Мягмаржав Монголын 3х3 сагсан бөмбөгийн Холбооны ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд Токио 2020 олимпийн зуны наадмын хөтөлбөрт багтсан 3×3 төрөлд Монголын сагсчид амжилт гаргах боломж байгааг сүүлийн жилүүдэд үзүүлсэн амжилтын буухианаас харж болно. Энэ төрлөөр манай тамирчид 2015 онд Азийн Оюутны аваргын мөнгөн медаль, 2016 онд Азийн Элсний наадам болон Дэлхийн Оюутны аваргын мөнгөн медалиуд, 2017 онд Азийн Оюутны аваргын алтан медаль, “FIBA 3х3 Challenger” тэмцээний хүрэл медаль, Дэлхийн оюутны лигийн алтан медаль, Азийн Танхимын наадмын хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлээд байна.

ГОЁО брэндийн HERDERS төслийн загварууд Гранпри шагнал хүртлээ

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын ноос ноолуурын холбоо, Арьс ширний үйлдвэрийн холбоо хамтран “Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2017” үзэсгэлэнг аравдугаар сарын 19-23-ны өдрүүдэд 11 дэх удаагаа зохион байгууллаа. Үзэсгэлэнд Гоёо, Говь, Эвсэг, Дархан нэхий, Дархан минж тэргүүтэй салбартаа тэргүүлэгч аж ахуйн нэгжүүд оролцож, нэг жилийн хугацаанд нэвтрүүлсэн шинэ санаа, шилдэг технологи, бүтээлч сэтгэлгээ, үйлдвэрлэлийн ололт амжилтаа танилцуулсан юм.

Түүнчлэн арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын шилдэг бүтээгдэхүүнийг шалгарууллаа. Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн, өндөр чанар, загвар дизайнтай бүтээгдэхүүнд гардуулдаг 2017 оны “Шилдэгийн шилдэг бүтээгдэхүүн”-ээр ГОЁО брэндийн HERDERS буюу МАЛЧИД төслийн хүрээнд танилцуулж буй загварууд шалгарч Гранпри цом, өргөмжлөл хүртлээ. Мөн “ГОЁО” ХХК зохион байгуулалт, дизайн, соёлч үйлчилгээгээрээ үзэсгэлэнд ирсэн худалдан авагчдын талархлыг хүлээж, үзэсгэлэнгийн “СТЭНД” шагналыг хүртсэн байна.

ГОЁО компани монгол ноолуурын чанарыг дэлхий нийтэд сурталчлах, ноолуурын бэлтгэн нийлүүлэлтийг нутаг бэлчээр, малчин түмэнд ээлтэй, тогтвортой арга замаар хангах, чанартай бөгөөд тогтвортой ноолуур бэлтгэсэн малчдыг урамшуулах тогтолцоог бүрдүүлэхийн төлөө “HERDERS” төслийг эхлүүлээд байгаа юм. Энэхүү төслийн хүрээнд Монгол ноолуурын үндэс сурвалж болсон нүүдлийн мал аж ахуй, нутаг бэлчээрийг хадгалах, хамгаалах, сэргээхийн төлөө санаачилгатай ажиллаж, малын тоо толгойгоо бэлчээрийн даацад тааруулан маллаж, ноолуурын чанарыг сайжруулсан малчдыг хөхиүлэн дэмжих, ноолуурыг малчдын хоршоогоор дамжуулан бэлтгэх хэлхээг оновчтой зохион байгуулах замаар тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцэх бизнесийн загварыг хөгжүүлэхийг зорьж байна.

Интермед эмнэлэг амилуулах суурь тусламжийн сургалт явуулж байна

Интермед Эмнэлэг “Америкийн Зүрхний Нийгэмлэг” (AHA)-ийн албан ёсны амилуулах суурь тусламжийн сургалтыг эмнэлгийн бус мэргэжилтнүүдэд санал болгож байна.

Та энэхүү сургалтад хамрагдсанаар:

·         Амьд гарах гинжин хэлхээний талаарх ойлголтыг авна

·         Насанд хүрэгсэд ба нярай хахсан тохиолдолд анхны тусламж үзүүлж чаддаг болно

·         Ухаангүй байгаа хүнийг таних, цээжний шахалт болон аврах амьсгал өгч сурна

·         Автомат Гадаргуун Дефибриллятор(AED)-н талаар анхан шатны ойлголт авч, ашиглаж сурна.

Сургалтын онцлог:

·         Үргэлжлэх хугацаа 3.5 цаг (CPR эрчимжүүлсэн сургалт)

·         Монгол, Англи хэл дээр явагдах боломжтой

·         1 ангид 12 – 16 хүн

·         Анги бүрт “Америкийн Зүрхний Нийгэмлэг”-ээс гэрчилгээжсэн 2 сургагч багш удирдан явуулна

·         Сургалтад хамрагдсан оролцогч бүрт албан ёсны гэрчилгээ олгоно (2 жилийн хүчинтэй)

“Цэций” салхин цахилгаан станц ашиглалтад орлоо

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд баригдсан “Цэций” салхин цахилгаан станцын нээлт боллоо. “Клин Энержи Ази” ХХК-ийн захиалгаар М-Си-Эс Интернэйшнл ХХК нь уг станцын төсөлд ерөнхий гүйцэтгэгч Вестас ХХК-тай түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр эрчим хүчний барилга байгууламж барих гэрээг байгуулан 70 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажилласан байна. 

“Цэций” салхин цахилгаан станц нь Монгол Улсын хувийн хөрөнгө оруулалттай хоёр дахь салхин цахилгаан станц болж байгаа бөгөөд цахилгааны эрэлт хэрэгцээг байгаль экологид ээлтэй, шавхагдашгүй, цэвэр эрчим хүчний нөөцөөр хангахад хувь нэмрээ оруулах юм. Тодруулбал, жилд 50 мВт эрчим хүч үйлдвэрлэж, 34 км урт 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар Тавантолгойн дэд станцад нийлүүлэх аж. Төсөл хэрэгжсэнээр жилд хүлэмжийн хийн ялгаруулалтыг 230 мянга орчим тонноор бууруулж, 180 мянган тонн нүүрс, 1.2 сая тонн ус хэмнэх тооцоо гарчээ.

 

“М-Си-Эс” групп сүүлийн гурван жилд 240 орчим нийгмийн үйл ажиллагаа хэрэгжүүлжээ

“М-Си-Эс” групп нь нийгмийн хариуцлагыг компанийнхаа алсын харааны салшгүй нэг хэсэг болгон тодорхойлж, хөгжлийн хэтийн зорилтдоо тусган байнга хэрэгжүүлсээр иржээ. Сүүлийн гурван жилийн байдлаар авч үзвэл, тус групп нь улсын төсөвт нийт 675.5 тэрбум төгрөгийн татвар, шимтгэл төлж төр, нийгмийн өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлжээ. Тодруулбал, 2014 онд 222.9 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн бол 2015 онд 223.6 тэрбум, 2016 онд 229 тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийг цаг хугацаанд нь төлж улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулжээ. Мөн, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх чиглэлээр үндэсний өв, соёлоо өвлөн хөгжүүлэх, хүүхэд, залуучуудын боловсрол, хөгжилд дэмжлэг үзүүлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах, эрүүл, идэвхтэй зөв амьдралын хэв маягийг бий болгох зорилготой 240 орчим үйл ажиллагааг хэрэгжүүлж, дэмжин ажилласан байна. Тухайлбал, М-Си-Эс Кока-Кола компани Хөвсгөл нуур, Богд уул, Хан Хэнтий зэрэг тусгай хамгаалалттай газруудын захиргаанд сүүлийн найман жилд нийтдээ 170 мянган био уут бэлэглэсэн байна. Түүнчлэн уг компани үйлдвэрийнхээ хаягдал усыг цэвэршүүлэн, ахуйн бус зориулалтын бүх төрлийн угаалгад ашиглаж болох жилд 2000 тонн хаягдал ус цэвэршүүлэх байгууламжийг салбартаа анхлан барьж 2015 онд бүрэн хүчин чадлаар нь ашиглалтад оруулсныг энд онцолж болох юм. Өдгөө тус байгууламжийн цэвэршүүлсэн усыг Улаанбаатар хотын нийтийн зам талбайг угаах, ногоон байгууламжуудыг услах болон ой, хээрийн түймэр, объектын гал унтраахад үнэ, төлбөргүй нийлүүлсээр байна.

“М-Си-Эс” группийн хэрэгжүүлдэг нийгмийн шинжтэй төсөл, хөтөлбөрүүдийн нэлээд хэсэг нь залуучуудыг ажлын байраар хангах, мэргэшил олгох, мэдлэг боловсрол, эрүүл мэндийг хөгжүүлэхэд чиглэгдэж байдаг. Тухайлбал, 2014 оны байдлаар тус групп дотооддоо 2400 цагийн сургалт зохион байгуулж, үүнд 2372 ажилтнаа хамруулжээ. “Скай Резорт” компани гэхэд өнгөрсөн онд Монголын сноубоардын холбоо, Монголын цанын холбооны баг тамирчдын олон улсын тэмцээний бэлтгэл, сургуулилт хийх боломжийг өөрийн цанын бааз дээр хангаснаас гадна, “Өнөр бүл” төв, “Дэлхийн зөн” зэрэг хүүхдийн байгууллага, шилдэг сурагчид оролцсон нийтдээ1400 хүүхдийн цасны баярыг зохион байгуулах үйлсийг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хэрэгжүүллээ.

Тус группийн “Интермед” эмнэлэг европ стандартын эм, эмнэлгийн хэрэгслүүдийг Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Улсын гуравдугаар төв эмнэлэгт бэлэглэж, хөгжлийн бэрхшээлэй 40 хүнд эрүүл мэндийн үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлсэн бол “М-Си-Эс Кока-Кола” компани “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн гаднах талбайд “Аз жаргалын цэцэрлэгт хүрээлэн” байгуулсан байна.

Мөн, “Юнител” компанийн Монгол киноны сан хөмрөгийг сэргээх, олон нийтэд таниулах төслийн хүрээнд “Алтан фонд”-ын 70 орчим киног HD форматад хөрвүүлэн сэргээсэн нь онцлох хөтөлбөрүүдийн нэг байлаа. Тус компани хуучны кинонуудыг сэргээхэд шаардлагатай орчин үеийн HD формат хөрвүүлэгчийг Архивын ерөнхий Газарт хандивласан байна.

Ийнхүү “М-Си-Эс” групп нь олон нийт, улс эх орныхоо өмнө хүлээх өндөр үүрэг хариуцлагаа ухамсарлан нийгмийн шинжтэй олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсээр байна. 

 

М-Си-Эс Групп Телевизийн салбарыг дэмжигч шилдэг байгууллага болов

Монгол улсад телевизийн салбар үүсч хөгжсөний, МҮОНТВ байгуулагдсаны 50 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Ойн баярын хүрээнд Монголын телевизийн салбарын түүхэнд мөнхөрсөн шилдгүүдэд “АЛТАН ЦАМХАГ” шагнал гардуулах ёслол энэ сарын 27-ны өдөр боллоо. Энэ үеэр Телевизийн салбарыг дэмжигч шилдэг байгууллага, “Алтан цамхаг”-ийн эзнээр M-Си-Эс Групп,  “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Голомт” банк, “Хаан” банк, “Худалдаа хөгжлийн банк”, “АПУ” ХК тодорлоо.

“Оюу толгой” далд уурхайн бүтээн байгуулалтад М-Си-Эс группийн компаниуд оролцож байна

“Цэций” 50мвт-ын салхин цахилгаан станцын төсөл хэрэгжиж байна

Төслийн барилга угсралтын ажил 2016 оны 10 дугаар сард эхэлсэн бөгөөд явц 80 гаруй хувьтай байна. 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар нийт 230,384 хүн/цаг осолгүй ажиллажээ.

Орчлон сургуулийн төгсөгчид шилдэг их дээд сургуулиудад шууд элсэх бэлтгэлтэй төгсдөг

Орчлон сургууль цэцэрлэгийн цогцолбор боловсрол сургалтын байгууллагын Хан-Уул, Сүхбаатар дүүрэг дэх салбарт 2017-2018 оны хичээлийн жилд нийт 1602 суралцагч, 358 багш ажилтан ажиллагсад, хүүхдүүд Монголын үндэсний болон Кембрижийн хөтөлбөр, Монтесори хөтөлбөрөөр хичээллэж байна.

Орчлон сургууль хос хэлтэй сургуулийн загвар болж, үндэсний хөтөлбөрийг Кембрижийн хөтөлбөртэй хослуулан хэрэгжүүлдэг бөгөөд Кембрижийн Олон Улсын Дунд боловсролын хөтөлбөрийн хүртээмжийг нэмэгдүүлэх, багш сурагчдын сурч ажиллах орчныг дэлхийн жишигт нийцүүлэх зорилгоор 2014-2015 оны хичээлийн жилд 1500 хүүхдийн багтаамжтай сургууль, цэцэрлэгийн 15,000 гаруй м2 талбай бүхий цогцолборыг Хан-Уул дүүрэгт байгуулж, 2015 -2016 оны хичээлийн жилд Сүхбаатар дүүрэг дэх салбар сургуулиа шинээр нээж сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна. Зөв Монгол хүнийг хүмүүжүүлэн сургах, тэдний авьяасыг нээн дэмжиж, амьдрах ухаантай, бүтээлч сэтгэлгээтэй Дэлхийн Монгол иргэдийг бэлтгэх үйлсэд үндэсний чадварлаг Монгол багш нар, АНУ, Англи, Австрали, Филиппин, БНХАУ, Канад, Малайз, Нидерланд, Энэтхэг улсуудаас уригдан ажиллаж байгаа гадаадын мэргэжилтэн багш нараар багаа бүрдүүлсэн билээ.

Сурагчид 5-р ангиа төгсөөд хөндлөнгийн сорилтод орж мэдлэг чадвараа шалгуулан Олон Улсын Бага боловсролын, 8-р ангиа төгсөөд Суурь боловсролын гэрчилгээ тус тус авдаг бол 9-10-р ангидаа Олон Улсын Бүрэн Дунд боловсролын хөтөлбөр, 11-12-р ангидаа Кембрижийн Олон Улсын А левелийн хөтөлбөрөөр хичээллэж Монгол Улсын болон дэлхийн шилдэг их дээд сургуулиудад шууд элсэн суралцах бэлтгэлтэйгээр төгсдөг. Цахим сургуулийн төсөл, хүмүүжлийн цогц хөтөлбөр, таблет төсөл гээд техник технологийн шинэчлэлийг нэвтрүүлж суралцагчдын суралцах, судлах чадварыг нэмэгдүүлж байгаа нь 21-р зууны суралцагчийн бодот чадвар суухад томоохон түлхэц болж байгаа юм. Мөн тэтгэлэгт хөтөлбөрийн 1, 2, 3 – р төслийн хүрээнд 100 гаруй сурагчийг тэтгэлгээр сургаж байна.

 

Ухаа худагийн цахилгаан станц ашиглалтад ороод 6 жил болжээ

Одоогоос зургаан жилийн өмнө буюу 2011 оны есдүгээр сард М-Си-Эс Интернэйшнл компани говийн нөхцөлд тохирсон усны 0 хэрэглээ бүхий, агаарын хөргөлтийн системтэй Ухаа худагийн цахилгаан станцыг хоёр жилийн дотор бие даан барьж байгуулан ашиглалтад оруулсан юм. Анх удаа дан монгол инженерүүд барьсан 18 мегаваттын цахилгаан станц ашиглалтад орж, Ухаа худаг уурхай болон олон жилийн турш тог цахилгаангүй байсан Цогтцэций сумыг байнгын эрчим хүчээр хангаж эхлэв. Энержи Ресурс ХХК-ийн захиалгаар Ухаа худагт барьсан цахилгаан станцын ерөнхий гүйцэтгэгчээр М-Си-Эс Интернэйшнл ХХК ажиллаж, төслийн гүйцэтгэлд эрчим хүч, барилга угсралтын 80 гаруй компанийн 1500 орчим инженер, техникийн ажилчид оролцсон юм. Цахилгаан станц ашиглалтад орсноор 140 гаруй ажлын байр шинээр бий болсны 30 орчим хувьд орон нутгийн иргэд ажиллаж байна.

М-Си-Эс группийн хөлбөмбөгийн аваргууд тодорлоо

М-Си-Эс группийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж өнгөрлөө. Тэмцээнийг М-Си-Эс Проперти ХХК амжилттай зохион байгуулж, 12 багийн нийт 200 орчим тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс алтан медаль, “Шилжин явах цом-“ын эзнээр Юнител ХХК тодорч, мөнгөн медалийг зохион байгуулагч М-Си-Эс Проперти ХХК, хүрэл медалийг М-Си-Эс Кока-Кола ХХК хүртсэн байна. Тэмцээний “Шилдэг хаалгач”-аар Юнител ХХК-ийн тамирчин С.Очхүү, “Шилдэг хамгаалагч”-аар “М-Си-Эс Проперти” ХХК-ийн тамирчин Н.Бэхболд, “Шилдэг хагас хамгаалагч”-аар Юнител ХХК-ийн тамирчин Г.Одбаяр, “Шилдэг довтлогч”-оор MGC ХХК-ийн тамирчин А.Хатанзориг тус тус шалгарлаа. Түүнчлэн тэмцээний үеэр группийн ажилтан, албан хаагчдын хүүхдүүдийн дунд нөхөрсөг тоглолт зохион байгуулж, урамшуулсан байна. 
https://www.youtube.com/watch?v=1sos4u_4r58&feature=youtu.be 

34 настай “ДЦС-4”-ийг шинэчлэх төсөлд Япон, Монголын компаниуд ажиллаж байна

Төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний 70, дулааны эрчим хүчний 60 гаруй хувийг дангаар хангадаг “Дулааны цахилгаан станц-4” 34 жилийн настай, шинэчлэл хийх зайлшгүй шаардлага тулгараад байна. Тус цахилгаан станцын үйл ажиллагаа найдвартай болж, үр ашиг нь дээшлэх “MON-P10” төслийг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд уурын турбинуудын тохируулгын механик системийг цахилгаан гидравлик болгох, тэдгээр турбиний хяналт, удирдлагын хуучин системийг автоматад шилжүүлэх, найман зууханд бүгдэд нь үнс үлээлгийн төхөөрөмж шинээр суурилуулах, тээрмийн бул, тавгийг шинэчлэх, тээрмийн зарим эд ангийг сайжруулах зэрэг ажлуудыг хийх юм. Хоёр багцад хуваан хийгдэх төсөлд Японы “Electric power development” (“J-POWER) компани зөвлөхөөр ажиллаж, эхний багцыг “Yokogawa electric corporation”, хоёр дахь багцыг Японы “Mitsubishi hitachi power systems” болон Монголын М-Си-Эс Интернэйшнл компаниудын хамтарсан консорциум гүйцэтгэж байна.

Түүнчлэн дотоодын “Хасу мегаватт”, CMM, “Smart craft”, “Рутан” компаниуд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм.

Энержи Ресурс 2017 оны эхний хагаст 311 сая ам.долларын ашигтай ажиллалаа

Mongolian Mining Corporation буюу Энержи Ресурс компани 2017 оны нэгдүгээр хагаст 311 сая ам.долларын ашигтай ажиллаж, өндөр өсөлт үзүүллээ.

Үүнээс үйл ажиллагааны цэвэр ашиг нь 110 сая ам.доллар байсан байна. Дурдсан хугацаанд Энержи Ресурсын нүүрс олборлолт 4.2 сая тонн, нүүрс баяжуулалтын хэмжээ 3.9 сая тоннд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 359% ба 284%-иар тус тус өссөн байна. Мөн энэ хугацаанд 2 сая тонн баяжуулсан коксжих нүүрсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 290%-иар өсчээ.

2017 оны эхний 6 сард Энержи Ресурс нийт 2.3 сая тонн бүтээгдэхүүн экспортлосон байна.Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 290 гаруй хувиар өссөн маш өндөр үзүүлэлт юм.

2017 он гарсаар коксжих нүүрсний зах зээлийн сэргэлтийг Энержи Ресурс хурдтай ашиглаж, экспортын хэмжээгээ өсгөж, үйл ажиллагаагаа идэвхжүүлсэн. Мөн одоогоор нүүрсийг дотооддоо баяжуулж, нэмүү өртөг шингээн экспортлож буй ганц компани гэдэг утгаараа нүүрсний борлуулалтын үнийг хамгийн өндөр тогтоодог.

2012 оноос хойш нилээд хэдэн жилийн турш дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унаж, Монголын нүүрс экспортлогч компаниуд багагүй хүндрэлтэй тулсан. Харин 2016 оны сүүлч, 2017 оны эхээр нүүрсний зах зээлд үнэ сэргэж, компаниудын хувьд алдагдлаас гарах, үйл ажиллагаагаа сэргээх боломж нээгдсэн.

Коксжих нүүрсний экспорт Монгол Улсын эдийн засагт том үүрэг гүйцэтгэдэг. 2017 оны эхний хагаст л гэхэд манай улс нүүрсний экспортоос 1.2 тэрбум ам.долларын орлого олсон нь улсын нийт экспортын орлогын 40 орчим хувийг бүрдүүлсэн байна. 

 

Хувь хүний боловсрол, авьяас чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ

М-Си-Эс Кока-Кола компанийн “Happiness center – Аз жаргалын төв” нь хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон, үр өгөөжтэй өнгөрүүлэх, хувь хүний боловсрол, авьяас чадварыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор үнэ төлбөргүй, сайн дурын арга хэмжээг тогтмол зохион байгуулж иржээ. Тухайлбал, “Завгүй залуу нас”, “Боломжоо усал” цуврал лекц, “Бид чадна” сайн дурын хөтөлбөрүүдийг зохион байгуулж байна.“Happiness Center” нь утасгүй интернэт, найз нөхөдтэйгөө ярилцаж суух таатай орчин, Х-BOX тоглоом, лекц семинар зохион байгуулах танхим, зураг авахуулах сонирхолтой булан, ном унших, хичээлээ давтах боломжтой номын булан, авьяас чадвараа хөгжүүлж бэлтгэл сургуулилт хийх, бүр тоглолт ч хийх боломжтой тайз, тоног төхөөрөмжтэй. Тус төв нь нэг удаад 80 хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд өдөрт 250-300 хүнд үйлчилж байна.

 

Сонирхогчдын гольфын улсын аваргууд тодорлоо

Монголын гольфын холбооноос зохион байгуулдаг “Сонирхогчдын гольфын аварга шалгаруулах” 2017 оны нээлттэй тэмцээн “Маунт Богд гольфын талбай”-д амжилттай боллоо. Тэмцээнд эрэгтэйчүүдийн медалистын төрөлд О.Оюунболд түрүүлэн хоёр дахь жилдээ аваргын цомын эзэн болж “Спортын мастер”-ын болзол хангалаа. Эмэгтэйчүүдийн медалистын төрөлд гольфын спортын мастер Б.Батнаран түрүүлж, гурав дахь удаагаа цом авлаа.

Эрэгтэйчүүдийн медалистын төрөлд:
– Дэд байр Д.Өлзийдэлгэр
– Гутгаар байр Г.Мөнгөншагай
Эмэгтэйчүүдийн медалистын төрөлд:
– Дэд байр Н.Намуунаа
– Гутгаар байр Г.Алтанбилэг
Эрэгтэйчүүдийн Handicap-ийн төрөлд:
– 1-р байр Б.Мөнхжаргал
– 2-р байр Ж.Анарбат
– 3-р байр С.Мөнхжаргал
Эмэгтэйчүүдийн Handicap-ийн төрөлд:
– 1-р байр Д.Батмөнх
– 2-р байр Баасанжаргал
– 3-р байр Д.Ичинноров
Эрэгтэйчүүдийн Longest drive төрөлд О.Оюунболд, эмэгтэйчүүдийн longest drive төрөлд Г.Алтанбилэг, эрэгтэйчүүдийн Nearest to the pin төрөлд С.Мөнхжаргал, эмэгтэйчүүдийн Nearest to the pin төрөлд Б.Батнаран нар шалгарлаа.

“Монголын гольфын холбоо”-ноос тэмцээний чансааг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэсэн “Маунт Богд гольфын талбай” болон тэмцээний зохион байгуулалт, үйл ажиллагааг сайшаан “Скай Резорт” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ.

 

Сонирхогчийн гольфын улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна

Монголын сонирхогчийн гольфын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн 2017 оны 8 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд Маунт Богд гольфын талбайд зохион байгуулагдаж байна. Монголын гольфын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү тэмцээн эрэгтэй, эмэгтэй ангилалд хамгийн бага онооны буюу “Stroke Play” форматаар зохиогдож байна.

Монгол Улсад гольфын спорт сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж тоглогч, тамирчдын ур чадвар сайжирч, чансаа ахиж байгаа нь улирлын эхнээс зохиогдсон тэмцээнүүдэд гольфчид улсынхаа рекорд амжилтыг удаа дараалан шинэчлэн тогтоосноос харагдаж байна. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд зохиогдсон тэмцээнд Очиржавын Оюунболд 69 буюу -3 оноо цохисон өндөр амжилт үзүүлсэн юм.

2017 оны Монгол Улсын сонирхогчийн гольфын эрэгтэйчүүдийн аварга 4 өдрийн, эмэгтэйчүүдийн аварга 2 өдрийн нийлбэр дүнгээр шалгарах ба оролцогчид өдөр бүр 09:00-14:00 цагийн хооронд Скай Резорт компанийн Маунт Богд гольфын талбайд тоглож байна. Гольфын спортыг сонирхдог хүн бүр тус тэмцээнийг үзэж сонирхох боломжтой.

“Хакухо Кап 2017” гольфын анхдугаар тэмцээнийг зохион байгууллаа

“Скай Резорт” ХХК “Маунт Богд Гольф, Каунтри Клаб”-ын санаачилгаар Монгол, Япон 2 орны гольф сонирхогчдын дунд “Хакухо Кап 2017” гольфын анхдугаар тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. 
Япон улсад зохиогддог “Хакүхо кап” хүүхдийн сүмо бөхийн тэмцээнийг “Хакүхо кап” гольфын тэмцээн болгон өргөжүүлж, тэмцээний Хүндэт Зочноор Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо Даваажаргал уригдан оролцлоо. Тэмцээнд Япон улсын 31, Монгол улсын 42 гольфчид оролцсоноос:
Д. Намжилдорж -5,6 оноогоор эрэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байр,
А. Тамир -5,4 оноогоор эрэгтэйчүүдийн төрөлд 2-р байр,
Д. Ичинноров эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байр эзэлж,
Хамгийн хол буюу “The longest drive” төрөлд Масааки Ёошихара,
Нүхэнд хамгийн ойр цохисон буюу “Nearest to the pin” төрөлд Н. Жаргалсайхан 1,9 метр үзүүлэлтээр тэргүүлэв.
Хакүхо Даваажаргал Япон улсын мэргэжлийн сүмо бөхийн бүх цаг үеийн хамгийн олон давааг 1050 гэсэн амжилтаараа шинэчлэн тогтоосныг М-Си-Эс группийн үндэсний шилдэг компаниуд болох Скай Резорт ХХК гольфын талбайд 3 жил тоглох эрх, Юнител ХХК өөрсдийн хамгийн үнэ цэнэтэй дугаар болох 8888-тай дугаараа 1050 дахь даваатай нь хослуулан бэлэглэж, Гоёо ХХК Гоёо брэндийн ноолууран Хос дээлийн өнгө зэргээр мялаав.

М-Си-Эс Эстэйтс компани Ээлтэй Ертөнц ТББ-д үйлдвэрийн талбай үнэ төлбөргүй түрээслүүлнэ

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тэр дундаа тархины саажилттай хүүхдүүдийн төлөө хүмүүнлэгийн үйл ажиллагаа эрхэлдэг Ээлтэй Ертөнц ТББ-г тус эмгэгээр өвчилсөн хүүхдүүдийн эхчүүд нэгдэн үүсгэн байгуулжээ. Эдгээр эхчүүд зөөлөн чихмэл тоглоом гар аргаар үйлдвэрлэн худалдаалж, олсон ашгаараа тархины саажилтын оношилгоо, эмчилгээний төв байгуулахын төлөө ажиллаж буй хамт олон юм.

“Тархины саажилттай хүүхдийг бага насанд нь зөв оношилж чадвал эмчлэх бүрэн боломжтой байдаг боловч харамсалтайгаар манай улсад зориулагдсан тоног төхөөрөмж байдаггүй, буруу оношилгоо зэргээс шалтгаалан олон хүүхдүүд балчир наснаасаа эмчилгээгүй болж насан туршдаа хохирч байна” хэмээн Ээлтэй Ертөнц ТББ-г үүсгэн байгуулагч Т.Туяажаргал бидэнд хэлж байлаа. М-Си-Эс Эстэйтс компани эдгээр хамт олны чихмэл тоглоом үйлдвэрлэх үйл ажиллагааг илүү үр өгөөжтэй болгох, цаашлаад “Тархины Саажилтын Төв”-ийг бүтээн байгуулах үйлсийг нь дэмжин Вива Сити хороололд байрлах 123 м.кв худалдаа үйлчилгээний талбайг чихмэл тоглоомын үйлдвэрийн зориулалтаар 2 жилийн хугацаанд үнэ төлбөргүйгээр түрээслүүлэх шийдвэрийг гаргажээ.

Үүгээр зогсохгүй М-Си-Эс Эстэйтс компани Будда Виста, Белла Виста, АСЕМ Виллаж хотхоны оршин суугчдаас бүрдэх “Виста Хүрээллийн” дунд уран зураг дуудлагаар худалдаалах хандивын арга хэмжээг Скай Резорт цогцолборын Их Гэрт зохион байгуулж 16 сая төгрөг цуглуулсан байна. Хандивын 16 сая төгрөгөөр үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авч Ээлтэй Ертөнц ТББ-д хүлээлгэн өгөх бөгөөд ингэснээр тус хамт олны чихмэл тоглоом үйлдвэрлэх гар ажиллагаа багасахын сацуу бүтээгдэхүүнийг нь төрөлжүүлж, үйлдвэрлэлтийн тоог эрс нэмэгдүүлэх юм. Хандивын арга хэмжээнд идэвхтэй оролцсон TechLab дэлгүүр, Лийдер Скай ХХК, Тооно Галерэй болон бусад Виста хүрээллийн хамт олонд М-Си-Эс Эстэйтс ХХК, Ээлтэй Ертөнц ТББ-ын зүгээс баярласан талархсанаа илэрхийлж байна.

 

“Mongolian mining corporation”-ийн олборлолт 428 хувиар өсөв

“Энержи Ресурс” буюу “Mongolian Mining Corporation”-ийн энэ оны хагас жилийн үйл ажиллагааны үзүүлэлт өндөр өсөлттэй гарлаа. Олборлолтын гарц 428 хувиар өсч нүүрсний олборлолт 2.5 сая тоннд хүрсэн байна. Нийт олборлосон нүүрсний 2.3 саяыг угааж боловсруулсан нь жилийн дүнгээр 376 хувийн өсөлтийг илэрхийлж байна. Ингэснээр 1.2 сая тонн баяжуулсан коксжих нүүрсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 1.1 сая тонн бүтээгдэхүүн экспортолсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэмжээ 370 хувиар, экспортын хэмжээ 187 хувиар өссөн үзүүлэлт юм. Хагас жилийн дүнгээр “Mongolian Mining Corporation” нийт 4.2 сая тонн нүүрс олборлож, 3.9 сая тонныг нь боловсруулж, 2 сая тонн угаасан хатуу коксжих нүүрс боловсруулан гаргасны 1.9 сая тонныг нь борлуулсан байна.