Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талаар ярилцлаа

Хувийн хэвшлийн төлөөлөл 20 орчим үндэсний шилдэг компанийг эгнээндээ нэгтгэсэн Монголын Гүйцэтгэх захирлуудын нэгдэл (CEO Club)-ийн ээлжит уулзалт боллоо. Энэ удаагийн уулзалтад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан нар оролцож, гүйцэтгэх захирлуудтай төр, хувийн хэвшил хамтарч ажиллах нөөц боломжийн талаар санал бодлоо солилцлоо.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Засгийн газрын үлдэж буй 900 хоногт хийх ажлаа баталсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын талаар мэдээлэл өгч, дунд хугацааны хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг ажил хэрэг болгоход аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг оролцоо чухлыг онцолсон юм. Түүнчлэн “Хувийн хэвшлээ сонсохгүйгээр гаргасан шийдвэр голдуу алдаатай, эргэж буцсан байдаг. Төрийн аливаа шийдвэр гарахад хувийн хэвшлийн холбогдох салбартай нь ярилцаж, санал бодлыг нь сонсож байж гаргах нь зүйтэй. Тиймээс төр хувийн хэвшлийн зөвлөлдөх хороог байнгын ажиллагаатай болгох, улс орны хөгжилд чухал түлхэц үзүүлэх томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн” гэлээ.

М-Си-Эс Группийн Захирлуудын Зөвлөлийн дарга Ж.Оджаргал “Үндэсний компаниуд нэг үеэ бодвол зөвхөн компанийн эрх ашгаа боддог цаг өнгөрсөн. Бид одоо эдийн засгийг өндөр өсөлттэй байлгах талаар байнга санаа зовж байна. Эдийн засгийг ганц тэтгэдэг гадаадын хөрөнгө оруулалт, түүнчлэн экспортыг нэмэх гэсэн хоёр асуудал түрүүлж явж байж хүн бүрийн хүсч буй, улстөрчдийн ярьж буй эдийн засгийг тэлэх, төсвийн алдагдлыг багасгах, том жижиг гэлтгүй компаниудын бизнесийн өсөлт бүрдэнэ. Тийм учраас энэ хоёр асуудлын талаар төр засаг хурдтай, зоригтой шийдвэр гаргахыг бид хүсч хүлээдэг” гэж байр сууриа илэрхийллээ.

Уулзалтаар татвар төлөгч, ажлын байр бий болгогч, баялаг бүтээгч хувийн хэвшлийн нэр хүнд иргэдийн дунд тааруу байгаа нь хөндөх, ярилцах ёстой сэдэв гэдэгт санал нэгдэж байсан юм. Үндэсний компаниудын удирдлагууд “Олон нийт төрийн үгийг сонсдог тул төр, засгийн зүгээс энэ асуудлын талаар байнга дуугарч баймаар байна. Төр, хувийн хэвшил өрсөлдөөд байгаа юм шиг нөхцөл байдал эцсийн дүндээ бодит боломж нөхцөлөө ашиглах боломжийг үгүй хийж, эдийн засгаа хохироож байна” гэдэг байр суурьтай байв. Сангийн дэд сайд Х.Булгантуяа “Татвар төлөгч, баялаг бүтээгчид рүү хандсан хандлагыг зөөллөсөн, дэмжсэн хуулийг гаргах ёстой гэсэн Сангийн болон Хууль зүйн яамны байр суурь бий. Олон нийтийг хамарсан том хуулийн талаар зайлшгүй хэлэлцүүлэг өрнүүлэх ёстой. CEO клубтэй хамтарч баялаг бүтээгчдийг оролцуулсан хэлэлцүүлэг хийж болно” хэмээн саналаа хэлсэн юм.

“Сайншанд салхин парк”-ын бүтээн байгуулалт үргэлжилж байна

“САЙНШАНД САЛХИН ПАРК”-ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

“М-Си-Эс Интернэйшнл” ХХК нь Дорноговь аймгийн Сайншанд суманд баригдаж буй “Сайншанд салхин парк” төслийн дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажлыг хариуцан гүйцэтгэж байна. 2017 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 8 хувьтай байна. Барилгуудын сууриуд хийгдсэн ба үндсэн тоноглолуудын сууриуд хийгдэж байна. Мөн тухайн төсөлд хэрэглэгдэх материал, тоног төхөөрөмжүүдийг захиалах, худалдан авах ажлууд явагдаж байна. Төслийн худалдан авалт 2018 оны 4-р сард дуусах бөгөөд барилга угсралтыг энэ оны 3-р сард эхлүүлж 10-р сард дуусгахаар төлөвлөжээ. Төсөл эхэлснээс хойш тус компани 1,302 хүн/цаг аюул осолгүй ажиллаад байна. “Сайншанд салхин парк” төсөл  хэрэгжсэнээр Монгол орны зүүн өмнөд бүсийн хэрэглэгчдийг найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах, тухайн бүс нутгийн бусад дэд станцуудын ачааллыг хуваалцах зэрэг зорилтууд биелэгдэх юм.

 

“Замын-Үүд Гэгээн 15 мвт-ын нарны цахилгаан станц”-ын төсөл хэрэгжиж байна

“ЗАМЫН-ҮҮД ГЭГЭЭН 15 МВТ-ЫН НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦ”-ЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

“М-Си-Эс Интернэйшнл” ХХК болон “Шарп” корпорацийн хамтарсан консорциум Дорноговь аймгийн Замын-Үүд суманд баригдахаар төлөвлөгдөж буй “Замын-Үүд Гэгээн 15 МВт-ын Нарны цахилгаан станц”-ын төслийг “Нарантээг” компанитай гэрээ байгуулан хэрэгжүүлж байна. Төслийн бүтээн байгуулалтын хүрээнд 2017 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаар нарны фото цахилгаан үүсгүүр хавтан (панель), тулгуур, дэд станцын удирдлагын барилгын суурь болон төслийн талбайн хашаа угсралтын ажлууд бүрэн дуусч одоо үндсэн тоноглолын үйлдвэрлэлийн ажлууд холбогдох үйлдвэрүүдэд явагдаж байна. Төслийн нийт гүйцэтгэл 20 хувьтай байгаа бөгөөд 76,403 хүн-цаг аюул осолгүй ажиллаад  байна. Төслийн ерөнхий гүйцэтгэгч “М-Си-Эс Интернэйшнл” ХХК төслийн ажлыг 2018 оны 7-р сард дуусган захиалагчид хүлээлгэж өгнө.

Мэдэгдэл

Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба хийсэн гэх “Дахиад 2%” нэвтрүүлэг нэгдүгээр сарын 29-нд Eagle телевиз болон нийгмийн сүлжээгээр цацагдаж, М-Си-Эс Групп “Цэвэр агаар” төслөөс 47,2 сая ам доллар авсан, хятад канад зуух шахсан хэмээн гүтгэлээ.

АНУ-ын Мянганы сорилтын корпораци, Дэлхийн Банкнаас Цэвэр агаар төслийг хэрэгжүүлэхээр тендер зарлахад хэд хэдэн компани түүний дотор “Сэлэнгэ Констракшн” ХХК-ийн оруулж ирсэн турк зуух олон шалгуураар тэнцсэн байдаг. Олон улсын байгууллагуудын тавьсан нэг дор 10 сая ам долларын зуух оруулж ирэх санхүүжилтийг урьдчилж гаргах нөхцлийг “Сэлэнгэ Констракшн” ХХК биелүүлэхэд хүчин чадал нь хүрэхгүй байсан тул М-Си-Эс Группт хандсан юм. Монгол Улсын Засгийн Газрын уриалгын дагуу нийгмийн хариуцлагын хүрээнд М-Си-Эс Групп уг төсөлд хамтран оролцохдоо 17,8 тэрбум төгрөгийн зээл авч төслийг амжилттай хэрэгжүүлсэн, улсын төсвөөс нэг ч төгрөг аваагүй. Төслөөр айл өрхөд хятад, канад зуух шахсан явдал огт байхгүй.

Олон улсын байгууллагууд жишиг болохуйц амжилттай хэрэгжсэн хэмээн дүгнэсэн төслийг Төрийн тэргүүний удирддаг Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба олон жилийн дараа ийнхүү гүтгэлэг болгон цацаж, нийгмийн сайн сайхны төлөө хувийн хэвшлийнхний хийсэн үйл ажиллагааг мохоох  гэж оролдож байгааг эсэргүүцэж байна.

                                                                         М-Си-Эс Группийн Хэвлэлийн алба

 

 

М-Си-Эс Проперти ХХК Чанарын менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүллээ

“M-Си-Эс Проперти” ХХК нь Олон Улсын Итгэмжлэлийн форум (The International Accreditation Forum) болон JAS-ANZ-ийн итгэмжлэгдсэн, Австралийн BCert компаниар баталгаажсан олон улсын ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны стандартын гэрчилгээг Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Лангтригаас хүлээн авсан байна.

ISO 9001 нь байгууллагын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэх ажлын чанарыг удирдах, хянах тогтолцоо нь олон улсын стандартад нийцсэн болохыг баталгаажуулдаг тогтолцоо бөгөөд компаниудын ажлыг хэрэглэгч, үйлчлүүлэгчийн эрэлт шаардлагад нийцсэн байлгахад нь туслах зорилготой, дэлхийн 178 орны нэг сая гаруй байгууллагад хэрэгжсэн, дэлхийн хамгийн түгээмэл чанарын удирдлагын тогтолцооны стандарт юм.

“Скай Резорт” цанын баазад 1000 хүүхэд тоглуулж байна

“Скай резорт” ХХК нь Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн Хүүхэд, залуучуудын хөдөлгөөнтэй хамтран нийслэлийн зургаан дүүргийн зорилтот бүлгийн 1000 хүүхдийг цанын бааздаа үнэ төлбөргүй тоглуулах ажлыг зохион байгуулж байна. Улаанбаатар хотын агаарын бохирдол ДЭМБ-аас тогтоосон аюулгүйн хэмжээнээс 6-7 дахин их байна. Тиймээс хүүхдүүдийг агаарын бохирдлоос үүдэлтэй өвчнөөс хамгаалах зорилгоор цэвэр агаарт тоглуулж, нэг өдрийг зөв зохистой өнгөрүүлэхэд туслах хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм. Цасны баярт бүтэн өнчин, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн 10-17 насны хүүхдүүдийг хамруулж, нэгдүгээр сарын 19-нд эхний 500 хүүхдийг тоглуулсан бөгөөд энэ баасан гарагт үлдсэн 500 хүүхдийг хамруулах юм. 

 

 

Интермед эмнэлэг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чадавхжуулах” төсөлд нэгдлээ

Өнөөдөр бидний дунд 100 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс амьдарч байна. Харамсалтай нь хараа, сонсгол, хэл яриа, тулгуур эрхтний бэрхшээлтэй байдал нь тэднийг нийгмийн амьдралд идэвхтэй оролцох, хувь нэмрээ оруулахад сөрөг нөлөө үзүүлдэг. Тэдгээр хүмүүсийг дэмжиж, нийгэм дэх оролцоог нэмэгдүүлэх үүднээс Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр, Зориг сангаас хамтран хэрэгжүүлж буй “Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-т оролцогч залуус “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чадавхжуулах” төслийг санаачлан хэрэгжүүлж эхлээд байна. Төслийн нээлт энэ сарын 19-нд зохион байгуулагдсан бөгөөд Интермед Эмнэлэг уг төслийн үйл ажиллагааг дэмжин хамтран хэрэгжүүлэгчээр ажиллаж байгаа юм. Интермед эмнэлгийн хамт олон өнгөрсөн онд Австралийн тэтгэлэгт хөтөлбөрөөс хэрэгжүүлсэн төслийн багийнхантай хамтран Сонгинохайрхан дүүргийн 60 гаруй хүүхдэд тэргэнцэр олгож, цаашлаад тэдэнд зориулсан нөхөн сэргээх, сэтгэцийн болон хооллолтын талаарх нарийн мэргэжлийн эмч нарын зөвлөгөө өгөх сайн үйлсийн аяныг зохион байгуулж байжээ.

Хөшигтийн хөндийн нарны цахилгаан станц төсөлд хамтран ажиллаж байна

“М-Си-Эс Интернэйшнл” компани Хөшигтийн хөндийн нарны цахилгаан станц төсөлд хамтран ажиллаж байна

Тайландын “Сэрмсанг пауэр”, Японы “Шарп” корпорациуд болон Монгол Улсын “Тэнүүн гэрэл констракшн” компаниудын хөрөнгө оруулалтаар “Хөшигтийн хөндийн 15 МВт-ын нарны цахилгаан станц” төсөл хэрэгжиж байна. “М-Си-Эс Интернэйшнл” ХХК уг төсөлд хамтран ажиллахаар “Тэнүүн гэрэл констракшн” компанитай Эрт ажлын гэрээ (Early work agreement) байгууллаа.

Төв аймгийн Зуунмод хотоос 14,4 км, Улаанбаатар хотын шинэ Олон улсын нисэх буудлын баруун урд зүгт баригдах энэхүү нарны цахилгаан станцын төслийн хүрээнд нэгж бүр нь 320 Вт-ын хүчин чадалтай 51,840 ширхэг нарны дэлгэц, 10/110 кВ-ын дэд станц, 15 км урт 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам барьж байгуулах юм. Уг нарны цахилгаан станц ашиглалтад орсноор жилд ойролцоогоор 22,7 сая кВт.ц цэвэр эрчим хүч үйлдвэрлэн, 24 мянган тонн түүхий нүүрс, 147 мянган тонн усны хэрэглээг хэмнэх юм. “М-Си-Эс Интернэйшнл” ХХК төслийн зураг төслийг 2018 оны 2 дугаар сард, төслийн барилга угсралтын ажлыг 11 дүгээр сард дуусган, ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

 

“М-Си-Эс Кока-Кола”, “Энержи Ресурс” компаниуд тугаа мандууллаа

Шинээр бий болгосон үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байр нэмэгдүүлэлт, инноваци, дэвшилтэт технологи нэвтрүүлсэн байдал, компанийн байгаль орчин, ногоон бизнесийн бодлого зэрэг үзүүлэлтээрээ бусдыгаа тэргүүлж, “2017 оны Онцлох аж ахуйн нэгж”-ээр шалгарсан байгууллагуудын туг мандуулах ёслол боллоо. Туг мандуулах ёслол нь 21 дэх жилдээ зохион байгуулагдсан “Entrepreneur-2017”-д шилдгийн шилдгээр шалгарсан 15 аж ахуй нэгжийг олон нийтэд таниулах, шинэ шилдэг технологи нэвтрүүлсэн байдлыг нь урамшуулан дэмжих зорилготой юм. “Entrepreneur-2017”-д Оны онцлох аж ахуйн нэгжээр шалгарч “Мөнгөн Меркури” цомоор шагнуулсан “М-Си-Эс Кока-Кола”, “Энержи Ресурс” ХХК-иуд МҮХАҮТ-ын барилгын өмнө тугаа мандууллаа.

“М-Си-Эс Интернэйшнл” ХХК сэргээгдэх эрчим хүчний салбарт хошуучилж байна

Монгол Улсын Сэргээгдэх эрчим хүчний салбарт мэдлэг, мэдээлэл, дэвшилтэт технологийг олборлож, үйлдвэрлэл дээр түүнээ хэрэгжүүлж буй туршлагатай томоохон компаниуд бий болжээ. Тэдний нэг бол М-Си-Эс группийн ууган компани болох “М-Си-Эс Интернэйшнл” ХХК юм. Тус компани 2011 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Ухаа худаг” салбараа байгуулж, Ухаа худагийн цахилгаан станц, ЦДАШ, дэд станцууд, усан халаалтын зуух зэрэг эрчим хүчний байгууламжуудыг барьж байгуулан ашиглалт, засвар үйлчилгээ, менежментийг хариуцан ажиллах болсон байна.

“М-Си-Эс Интернэйшнл” компани Монголын хоёр дахь салхин цахилгаан станцыг ашиглалтад оруулахад цахилгаан эрчим хүчний талаас голлон ажиллажээ. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд баригдсан 50 МВт-ын хүчин чадалтай “Цэций” салхин цахилгаан станцын төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Данийн “Вестас” компани ажилласан бол Монголын талаас “М-Си-Эс Интернэйшнл” ХХК болон “Ньюком Майнинг Сервис” ХХК хамтран “Клин Энержи Ази” ХХК-ийн захиалгаар барьж байгуулжээ. “Цэций” салхин цахилгаан станцын барилга угсралтын ажилд 500 орчим хүн ажилласны 95 хувь нь монгол ажилтнууд байсан аж. Энэ бол сэргээгдэх эрчим хүчний салбарт монгол инженер, техникийн ажилчид түлхүү ажиллаж, мэдлэг, туршлага хуримтлуулж байгаа сайхан жишиг юм.

Хөрсөн доороо арвин их эрдэс баялагтай шигээ агаартаа нар, салхины асар их нөөцийг хадгалсан өмнийн говьд баригдаж ашиглалтад орсон өөр нэг цахилгаан станц бол Ухаа худагийн 18 МВт хүчин чадал бүхий цахилгаан станц юм. “Энержи Ресурс” ХХК-ийн захиалгаар “М-Си-Эс Интернэйшнл” компанийн барьж байгуулсан энэ цахилгаан станц монгол инженерүүдийн ур чадвар олон улсын түвшинд хүрснийг илтгэсэн бүтээн байгуулалт болсон юм. Төслийн гүйцэтгэлд эрчим хүч, барилга угсралтын 80 гаруй компанийн 1500 орчим инженер, техникийн ажилчид оролцсон юм. Энэхүү цахилгаан станц Монголд анх удаа станцын хөргөлтийн системд хуурай хөргөлтийн систем ашигласнаараа онцлог. Үүний давуу тал нь турбинаас гарч байгаа уурыг шууд агаараар хөргөдгөөрөө усны нөөц багасч байгаа өнөө үед хамгийн тохиромжтой шинэ технологи болсныг эрчим хүчний мэргэжилтнүүд болон байгаль орчны салбарынхан үнэлдэг билээ.

“М-Си-Эс Интернэйшнл” компанийн барьж байгуулах гэж буй сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд, хэрэгжүүлж буй төслүүд бүгд манай улсын салбарт шинэ туршлага, жишиг загвар болж байна. Тухайлбал, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хэрэгжүүлж буй “Замын-Үүд гэгээн 15 МВт-ын нарны цахилгаан станц”-ын төсөл нь алслагдсан бүс нутаг дахь эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, хангамжийг сайжруулах, хэрэглэгчдийн чанартай, найдвартай эрчим хүчний хэрэглээгээр хангагдах боломжийг олгох юм. Түүнчлэн байгаль орчин талаасаа нарны цахилгаан станц ашиглалтад орсноор жилдээ 28 мянган орчим айлын цахилгаан хэрэглээтэй тэнцэхүйц цахилгааныг үйлдвэрлэж, эрчим хүчний үйлдвэрлэлээс үүсэх 800 гаруй мянган тонн цэвэр хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулж, 27 мянга гаруй тонн түүхий нүүрс, 202 мянган тонн цэвэр усны хэрэглээг хэмнэх үр ашигтай гэж тооцжээ. Япон улсын “Шарп” корпорацийн орчин үеийн дэвшилтэт технологи бүхий нарны дэлгэц, ХБНГУ-ын дэлхийд тэргүүлэгч “SMA” фирмийн инвертер зэргийг ашиглан, жилдээ 28.6 сая кВт.ц цэвэр эрчим хүчийг Монгол Улсын төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлэх урьдчилсан тооцоотой энэхүү нарны цахилгаан станц 2018 онд ашиглалтад орно.

Мөн “М-Си-Эс Интернэйшнл” ХХК “Сайншанд салхин парк” төслийн гэрээлэгчийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж нэлээд олон хэсгийг хариуцаж байгаа ажээ. Энэхүү “Сайншанд салхин парк” төсөл нь Монгол орны зүүн өмнөд бүсийн хэрэглэгчийг найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах, мөн бусад дэд станцын ачааллыг хуваалцах, тэнцүүлэх зорилготойгоор баригдаж байгаа юм. Хамгийн сүүлийн мэдээ бол 2017 оны арванхоёрдугаар сарын 11-нд “М-Си-Эс Интернэйшнл” болон “Тэнүүн гэрэл констракшн” компаниуд “Хөшигтийн хөндийн 15 МВт-ын нарны цахилгаан станц” төслийн урьдчилсан ажлын гэрээнд гарын үсэг зурсан байна. Шинээр баригдаж буй олон улсын нисэх буудлын баруун урд баригдах энэ нарны цахилгаан станцад мөн Японы “Шарп” корпорацийн нарны дэлгэцийг суурилуулах юм. Уг станц 2018 оны арваннэгдүгээр сард ашиглалтад орно.

                                                                              Үндэстний тойм сэтгүүл № 22, 23 (348, 349)

 

ДДэШ шинэ хиймэл дагуултай боллоо

ШИНЭ ХИЙМЭЛ ДАГУУЛ, ШИНЭЧЛЭГДСЭН ДДЭШ

2017 оны Харилцаа холбооны салбарын Онцлох үйл явдал бол сансрын хиймэл дагуулын олон суваг дамжуулагч ДДэшТВ ХХК өөрсдийн захиалан хөөргөсөн шинэ хиймэл дагуул руугаа шилжсэн явдал байлаа. 2017 оны 10 дугаар сарын 30-нд НАСА-гийн хөөрөх тавцангаас хөөргөсөн Space X-ийн дахин ашиглагдах Falcon 9 пуужин нь ДДэШТВ ХХК-ийн захиалгаар хийлгэсэн зөвхөн Монгол Улс руу чиглэсэн цацраг бүхий KT-Sat-5A загварын хиймэл дагуулыг тээвэрлэн сансрын орбитод гаргасан юм. Ийнхүү хиймэл дагуулд Монгол Улс руу чиглэсэн цацрагийг тусгайлан захиалж хийлгэснээр Монголын хамгийн том, телевизийн олон суваг дамжуулагч ДДэш-ийн хэрэглэгчид 2018 оноос:

Эдгээр үйлчилгээг хүргэх программын шинэчлэлийг оноос өмнө хийж эхэлсэн ба өрх бүр тавган антенны дурангаа сольсноор үйлчилгээгээ авах болно. Шинэчлэл хийгдэж, үйлчилгээ нэмэгдэж байгаа ч үндсэн үнийн тарифт өөрчлөлт орохгүй бөгөөд цаашид интернэтийн үйлчилгээ, аялал амралт зугаалгын үеэр хөдөө хээр автомашиндаа зурагтаа үзэх, хүссэн кино, контентоо хадгалж үзэх зэрэг олон боломжийг хэрэглэгчдэдээ хүргэхээр ажиллаж байна гэж тус компанийн удирдлагууд мэдэгдлээ.

 

Шилжилтийн 25 жилийн топ бизнесмэнээр Ж.Оджаргал шалгарав

Монголын Залуучуудын Холбоо, “Залуу удирдагч” сан хамтран зохион байгуулдаг “Next stop” ёслол хүндэтгэлийн наадам боллоо. Энэ жилийн “Next stop” наадам “Шилжилтийн 25 жилийн нийгэм, улс төрийн топ залуу”, “Шилжилтийн 25 жилийн эдийн засаг, бизнесийн топ залуу”, 2017 оны “Бүтээгч улс төрч залуу”, “Бүтээгч бизнесмэн залуу”-г тодруулснаараа онцлог байв. Уг шалгаруулалтын урьдчилсан шатанд 4 номинаци тус бүрт 33 буюу нийт 132 хүн нэр дэвшиж, онлайнаар санал асуулга явагдсаны дараа 36 эрхэм шалгарч үлджээ. Үүнээс “Next stop” наадамд хүрэлцэн ирсэн нийгэмд нэр хүндтэй 500 гаруй зочдын нууц санал хураалтаар “Шилжилтийн 25 жилийн эдийн засаг, бизнесийн топ залуу”, “Алтан гэрэгэ” шагналын эзнээр М-Си-Эс Группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал шалгарчээ.

М-Си-Эс Группийн гурван компани “Оны шилдэг Энтрепренер”-ээр шалгарлаа

МҮХАҮТ-аас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг шалгаруулан, шилдгийн шилдгээр өргөмжилдөг “Энтрепренер” ёслолын ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж, М-Си-Эс Группийн гурван компани шилдгээр тодорлоо. Тус шалгаруулалтыг аж ахуйн нэгжүүдийн тухайн онд шинээр бий болгосон үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байр нэмэгдүүлж, инноваци, дэвшилтэт технологи нэвтрүүлсэн байдал, компанийн байгаль орчин, ногоон бизнесийн бодлого зэрэг хэд, хэдэн үзүүлэлтээр дүгнэн шилдгийг тодруулдаг уламжлалтай.

МҮХАҮТ-ын Тэргүүлэгчдийн хурлын шийдвэрээр М-Си-Эс Кока-Кола ХХК болон Энержи Ресурс ХХК-ийн нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж, 2017 оны “Оны онцлох аж ахуйн нэгж”-ээр тодруулан мөнгөн Меркури гардуулж,  М-Си-Эс Эстэйтс компанийг үл хөдлөх хөрөнгийн салбарын “Оны онцлох Энтрепренер”-ээр шалгаруулж, хүрэл Меркури гардуулан өргөмжиллөө.

М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буйг үнэлэн, “Оны онцлох аж ахуйн нэгж”-ээр хоёр жил дараалан тодруулж байгаа нь энэ юм. Тус компани 2017 онд улсын төсөвт 37 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, озоны давхаргад сөрөг нөлөөгүй хөргөгч, бараа бүтээгдэхүүнээ хадгалах зориулалттай авдар, шил, тавиур зэргийг сайжруулахад нийт 8.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Мөн хүний эрүүл мэндэд тустай сахарын агууламжгүй, 0 илчлэгтэй нимбэгний амттай “Sprite Zero”, жижиг савлагаатай “Кока-Кола”, “Schweppes Kiwi” зэрэг гурван төрлийн ундааг зах зээлд шинээр нийлүүлсэн, залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, өдөрт 80 хүн хүлээн авах хүчин чадалтай “Аз жаргалын төв”-ийг нээн, залуусын боловсрол, хувь хүний хөгжилд чиглэсэн төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулж байна.

Харин Энержи Ресурс ХХК-ийн хувьд улсын төсөвт 59 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, Ухаа худаг дахь Монголдоо анхдагч нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлж, Монгол инженерүүдийн зохион бүтээсэн тоног төхөөрөмжийг нэвтрүүлэн, уурхайн болон дагалдах техник төхөөрөмжийн технологийг шинэчлэх зэрэг ажлуудад 18.5 төгрөгийн хөрөнгө оруулалт хийн, ажлын байраа 554-өөр нэмэгдүүлсэн амжилтаар “Оны онцлох аж ахуйн нэгж” шагналын эзэн болжээ.

М-Си-Эс Эстэйтс ХХК 2017 онд улсын төсөвт 1.6 төгрөгийн татвар, шимтгэл төвлөрүүлж, өөрийн байгууллагадаа эрчим хүч, ус, дулаан хэмнэх ногоон бодлогыг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Өнгөрсөн онд М-Си-Эс Эстэйтс компани барилгуудын чанарыг сайжруулах, хэрэглэгчдийн тав тухыг хангах, ногоон эрчим хүч хэмнэх техник төхөөрөмж нэвтрүүлэх, байгальд ээлтэй технологийн худалдан авалтыг дэмжих зэрэгт нийт 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Тус компани дэлхийн үл хөдлөх хөрөнгийн хамгийн том ассоциаци болох “BOMA”, “IFMA” байгууллагын Монголын анхны гишүүн болж, дэлхийн үл хөдлөх хөрөнгийн менежментийн стандартыг өөрсдийн үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хэрэгжүүлж эхлээд байгаа юм.

Ийнхүү шинэ оны босгон дээр баялаг бүтээгчид амжилт бүтээлээрээ уралдан шилдгүүдээ тодрууллаа.

Даавуун эдлэлээр зөөлөн тоглоом, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

М-Си-Эс Эстэйтс компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тархины саажилтын эмгэгтэй хүүхдүүдийн төлөө хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулдаг “Ээлтэй ертөнц” ТББ-тай хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлдэг билээ. Тархины саажилтын эмгэгээр өвчилсөн хүүхдүүдийн ээжүүд нэгдэн байгуулсан “Ээлтэй ертөнц” ТББ нь зөөлөн тоглоом үйлдвэрлэн худалдаалж, олсон ашгаараа тархины саажилтын оношилгоо, эмчилгээний төв байгуулах зорилготой. М-Си-Эс Эстэйтс компани энэ хамт олны чихмэл тоглоом үйлдвэрлэх үйл ажиллагааг илүү үр өгөөжтэй болгох, цаашлаад “Тархины саажилтын төв” бүтээн байгуулах үйлсийг нь дэмжин Вива Сити хороололд 123 м.кв худалдаа үйлчилгээний талбайг үнэ төлбөргүй түрээслүүлдэг бөгөөд байрны дотоод засал болон үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж худалдан авахад санхүүгийн дэмжлэг үзүүлжээ. Ийнхүү тархины саажилттай 15 хүүхдийг хөгжүүлэх “Хүүхэд хөгжлийн төв”, асран хамгаалагчийн ажлын байраас гадна ээжүүд зөөлөн тоглоом, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрджээ. Тэд үйлдвэрлэлээ эхлүүлэн даавуун материалаар байгууллагын лого бүхий зөөлөн тоглоом, цамц, футболка, бэлтгэлийн хослол, куртик, цагаан хэрэглэл, дэр, бүх төрлийн цүнх, тор, бэлэгний уут зэргийг үйлдвэрлэж, захиалга авч байна.

Түүнчлэн М-Си-Эс Эстэйтс компани зургаан жилийн ойгоороо хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг “Нүдээ нээ” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, Хүчирхийллийн эсрэг санд хандив өргөж байсан юм.

Mongolian Mining Corporation-ийн зээлжих зэрэглэл өсчээ

Олон улсын үнэлгээний S&P фирм Mongolian Mining Corporation (ММС) буюу Энержи Ресурс компанийн урт хугацааны зээлжих зэрэглэлийг “D”-гээс “В-“ болгон өсгөж, ”Тогтвортой” гэх үнэлгээ өглөө. Өөрөөр хэлбэл, компанийн үйл ажиллагааны ба санхүүгийн нөхцөл байдлыг өөдрөгөөр дүгнэсэн байна.

S&P фирмийн дүгнэлтэнд бичихдээ

Өнөөгийн байдлаар Монгол Улсын зээлжих зэрэглэл “В-/ В“-тай байгаа. Компанийн зээлжих зэрэглэлийг тухайн улсынх нь зээлжих зэрэглэлээс давуулж гаргадаггүй, зайлшгүй уялдуулдаг учир ММС-гийн үнэлгээг “В-“ гэж өгснийг дүгнэлтэнд мөн дурдсан байна. Энержи Ресурс ХХК нь өнгөрсөн жил зээлийн бүтцийн шинэчлэлийг амжилттай хийж дуусгаад байгаа юм.

Эх сурвалж: www.standardandpoors.com

Бизнес – Хөгжлийн түлхүүр

Монголын Залуучуудын Холбоо, “Залуу удирдагч” сан хамтран зохион байгуулдаг “Next Stop” ёслол хүндэтгэлийн наадмын 2000 оны Эдийн засаг, бизнесийн салбарын “Оны шилдэг залуу”-аар М-Си-Эс группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал шалгарч байв. Нийгэм, улс төр, эдийн засгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, залуу төр нийгмийн зүтгэлтэн, бизнесмэнүүдийн нэр хүндийн үзүүлэлтийг тогтоон оны залууг шалгаруулдаг “Next Stop” ёслол хүндэтгэлийн наадамд тавьсан Ж.Оджаргалын илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

БИЗНЕС – ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР

Хүндэт ноёд хатагтай нар аа,

Юуны өмнө намайг оны шилдэг эдийн засагчаар тодруулсанд гүнээ талархаж буйгаа дахин илэрхийлье. Энэхүү шагналыг би М-СИ-ЭС Группийн нийт хамт олны  их хөдөлмөр, эдийн засагт хувийн хэвшлийн гүйцэтгэж буй үүргийг үнэлсний нэг илрэл гэж ойлгож байна.

Улс орныхоо өнөө болон маргаашийг тархиндаа багтаасан та бүхний өмнө лекц уншина гэдэг миний хувьд ахадсан зүйл хэдий ч, тогтсон уламжлалыг даган өнгөрсөн арван жилээ тоймлон эргэж харахыг оролдлоо.

Чингэхдээ бид хэрхэн өсөж өндийв, цаашид хэрхэн хөгжих вэ, бизнест хүний нөөц болон мэдээллийн менежмент яагаад чухал байдаг, монголчууд бид эдийн засгаа дангаараа авч явж чадах уу, бидний өрсөлдөх чадавхи хэр түвшинд байна, хувийн сектор улс орны эдийн засагт ямар хувь нэмэр оруулах вэ, бизнесийн орчин манайд бүрдсэн үү зэрэг олон асуулттай тулгарсан бөгөөд чухамхүү энэ талаар та бүхэнтэй санал бодлоо энд хуваалцъя гэж бодсон юм.

Бид бусад хүмүүсийн адил арван жилийн өмнөөс бизнесийн гараагаа эхэлсэн бөгөөд улс орон маань ардчилал, зах зээл рүү шилжиж, аж амьдралаа өөрсдөө авч явах их хариуцлага хүн бүрийн толгой дээр бууж, ёстой нөгөө үүрийг нь хөндсөн шоргоолж шиг бужигнан “орших, эс оршихын” төлөөх тэмцэл явагдсан нь саяхны түүх билээ.

Бид хэрхэн өсөж өндийв?

Анх 1990-ээд оны эхээр Азийн Хөгжлийн Банкны төслийн дотоодын зөвлөхөөр ажиллаж байхдаа Швейцарийн нэгэн консалтинг компанид хоёр сар ажиллах завшаан надад тохиолдсон юм. Өндөр чадвартай мэргэжилтнүүдийг зохион байгуулж, тухлаг орчинд оюуны бизнес хийж байгаатай нь танилцаад тийм чиглэлийн компани байгуулж бизнесийн салбарт хүчээ сорихоор шийдсэн.

Ингээд хэтэвчиндээ захирагдан хүүхдийн цэцэрлэгийн жижиг өрөөг түрээсэлж, гэрээсээ авч ирсэн сандал ширээ, бичгийн машинтайгаар компаниа эхэлж билээ. Анхны ажлаа авах гэж олон байгууллагад хандсаны эцэст арван сангийн аж ахуйг хамарсан судалгаа хийх 5000 ам.долларын төслийг Дэлхийн Банкнаас авсан. Бидэнд компьютер байхгүй байсан болохоор улсын байгууллагад ажилладаг найз нөхдийнхөө компьютер дээр ажил нь тарсны дараа өглөө ажил цуглах хүртэл сууж, улсын компьютерийг ашиглаж анхны ажлаа дуусгаж билээ. Хожим нь би энэ “хууль бус” үйлдлийнхээ төлөө тэр байгууллагын даргаас нөхөр ёсны уучлал гуйж бөөн инээдэм болж билээ.

Ингэж л бид гараагаа эхэлж, эрчим хуч, дэд бүтэц, боловсрол зэрэг олон чиглэлийн төсөлд зөвлөгөө өгөх үйлчилгээ буюу консалтинг, тоног төхөөрөмж, ноу-хау нэвтрүүлэх, инженер технологийн иж бүрэн шийдэл бүхий төслүүдийг гүйцэтгэдэг М-СИ-ЭС Интернейшнл компанийг үүсгэн хөгжүүлсэн.

Хэрэгжүүлж байсан төслүүдийн хүрээнд компьютер болон бусад техник, тоног төхөөрөмж нийлүүлэх хэрэгцээ гардаг байсан. Иймд Сингапураас компьютер зөөж эхэлсэн нь МСS Электроникс компани болон хөгжих эхлэл байсан ба өнөөдөр компьютерийн зах зээлд өөрийн гэсэн байр суурьтай болсон төдийгүй үйлдвэрлэлийн автоматжуулалт, интернэт, мэдээллийн технологи гэх мэт олон чиглэлд өргөн цар хүрээтэй ажиллаж байна.

Жижиг зах зээлийн онцлогийг харгалзан олон салбарт үйл ажиллагаа явуулах, бизнесийн хүрээгээ аль болохоор тэлэхийг хичээж, чадлынхаа хэрээр хөрөнгө оруулалтыг хийж эхэлсэн нь эдүгээ Интерпресс, Анун Төв, Анунгоо зэрэг үйлдвэр, худалдааны компаниуд болон өргөжсөн юм.

Хөрөнгийн хоёр дахь зах зээл эхэлж, өмч хувьчлал эрчимтэй явагдсан нь бидэнд бизнесийн шинэ сайхан бололцоог нээсэн билээ. Хөрөнгийн бирж дээр худалдаалагдах болсон, ашигтай байж болох компаниудын хувьцааг сонирхож улмаар Дэвшил болон Зүүн Хараагийн Спирт Бал Бурмын хувьцааны нэлээд хэсгийг цуглуулж, хожим нь дуудлага худалдаанд оролцож, эдгээр компанийн багц хувьцааг худалдаж авсан билээ.

Манай компанийн түүх гэвэл товчхондоо энэ. Бизнесийн салбарт хүчээ сорьж буй бусад компанитай яг адилхан гэхээр замыг туулсан, одоо ч туулсаар байна.

Яагаад Хүний нөөц болон Мэдээллийн менежмент чухал вэ?

Миний хувьд бизнесийн амин сүнс нь хүний хүчин зүйл, гол хөшүүрэг нь мэдээллийн менежмент гэж ойлгодог.

Хүний хүчин зүйл гэдэгт би давын өмнө хүний мэдлэг чадвар, хүний нөөцийн асуудлыг хамруулж байна. Бизнес өөрөө хамтын тоглоом, хамтын бүтээл юм. Ганц мод гал болохгүйн адил ганцаараа хийх бизнесийн цар хүрээ, эрч хүч хязгаарлагдмал байх нь ойлгомжтой. Иймээс хамтран ажиллах хүнээ, ялангуяа удирдах ажилтнуудаа зөв сонгох нь аливаа амжилтын үндэс гэдгийг бүгд ойлгож байгаа. Боловсрол, ажлын туршлага, хүн чанар гээд уламжлалт шалгуураас гадна бизнес сэтгэлгээ, авхаалжийг нь олж харах амаргүй санагддаг. Нэгэнт сонгосон хүндээ итгэл хүлээлгэж, зохих эрх мэдэл, үйл ажиллагааны эрх чөлөөг нь олгож ажилд нь хөндлөнгөөс оролцохгүй байхыг боддог. Цалингаас нь гадна ажлынх нь үр дүнтэй холбоотой урамшууллын систем тохирч, тохирсон зүйлээ өгөхдөө гар татахгүй байхыг чухалчилдаг. Сайн ажилласан хүн ажлынхаа ур дүнг амсаж, сайхан амьдрал нь зөвхөн өөрийнх нь идэвхи чармайлтаас шалтгаалахыг ойлгуулахыг хичээдэг. Ерөөс сайхан амьдралын төлөөх тэмүүлэл хүнийг хөдөлгөгч гол хүч байдаг болохоор үүнтэй холбоотой хувь хүний амбицийг би хэзээ ч буруутгадаггүй. Түүнийг нь зөв чиглүүлж зохион байгуулбал Монгол хүний чадавхи потенциал өндөр гэж боддог.

Компанийн ажлын бүтээмжид хамт олны доторхи уур амьсгал чухал нөлөөтэй. Би ч, чи ч ганцаараа бол юу ч биш гэдгийг хүн бүрт ойлгуулахыг чармайдаг. Хамтын үйлсийн төлөө зүтгэж, олсон ч, алдсан ч ачааг хамтдаа үүрэх ойлголт нэг талаас ажил хэрэгч, нөгөө талаас хамт олонч уур амьсгалыг бүрдүүлдэг. Хамт олны уур амьсгалыг захирал, менежер, ачигч, үйлчлэгч бүгд нийлж байж бүрдүүлдэг учир боловсон хүчний сонголт аль ч түвшинд чухал. Манайхны дунд элбэг тохиолддог ах дүүсээ мэдлэг чадавхийг нь үл харгалзан ажилд түлхүү авч, тэдгээр нь илүү эрх дарх эдэлж, улмаар хамт олны ажил хэрэгч уур амьсгалыг бусниулдаг явдалд би шүүмжлэлтэй ханддаг. Боломжтой нэг нь ах дүүстээ туслах нь хүний ёс бөгөөд туслах арга хэлбэр юу эс мундах билээ.

Захирал хүний хувьд, ажиллагсадтайгаа харьцах харилцаагаа би байнга анхаарахыг хичээдэг. Би чиний ажил олгогч, цалин өгөгч, чиний тэжээгч гэсэн логикоор хандах биш харин тэднийг хүндэтгэж, ажлын үр дүнгээ танилцуулж, зовлон жаргалаа хуваалцаж байх нь эргээд мөнгөөр үнэлшгүй сайхан харьцаа, хамтын итгэлцэлийг бий болгодог. Энэ нь манайх шиг хүний нөөцөөр ховор улсад бүр ч их бодож явах зүйл бөгөөд хүний нөөцийн менежмент (Human Resource Management) нэн чухал юм шиг санагддаг.

Мэдээллийн менежмент бизнесийн хөдөлгүүр болох тухай би дээр дурдсан. Мэдээллийг хэрхэн яаж олж авах вэ, түүнийг яаж менежмент хийж, хэрхэн бизнестээ ашиглах нь бизнестээ алдах, онохын үндэс болдог юм шиг санагддаг.

Мэдээлэл боловсруулах олон хэлбэрийн нэг нь хуралдах, олон санаа уралдуулж шийдвэр гаргах явдал гэж боддог. Мэдээлэл нь өөрөө ямар ч агуулгатай байж болно. Жишээлбэл, компанийн мөнгөн урсгал, орлого, зардал, агуулахын бараа, гадаад дотоод төлбөр тооцоо, маркетингийн судалгаа, компанийн стратеги гээд бүх мэдээллийг олуулаа боловсруулж, санал солилцсоны эцэст шийдвэр гаргадаг систем манай компанид үйлчилдэг.

Мөн бүх шатны менежерүүдээ компьютерийн сүлжээгээр холбож, дотоод мэдээлэл болох шуурхай тушаал, зааврыг сүлжээгээр дамжуулан солилцдог нь ажлыг их хөнгөвчлөхөөс гадна цаасгүй, хүнд суртал багатай, үр ашигтай болгодог. Үүнийг би мэдээллийн менежмент гэж ойлгодог бөгөөд энэ нь манай хамт олны уураг тархи нь болдог. Үүнийг л Билл Гейтс Digital Nervous System гэж нэрлэсэн бөгөөд орчин цагт мэдээллийг хэрхэн менежмент хийх тухай “Сэтгэхүйн хурдтай бизнес” буюу Business @The Speed of Thought хэмээх номондоо дэлгэрэнгүй тайлбарласан байдаг.

Мэдлэгт суурилсан эдийн засаг (Knowledge Based Economy) ба мэдээллийн технологи

Би дараагийнхаа санааг мэдлэг чадвар зөвхөн бизнесийг хөгжүүлээд зогсохгүй эдийн засагт асар их нөлөө үзүүлдэг тухай, мөн сүүлийн үед улс орнууд хөгжлөө мэдлэгт суурилсан эдийн засагтай холбож байгаад хандуулах гэсэн юм.

Өнөөдөр өндөр хөгжилтэй улс орнууд мэдлэгт суурилсан эдийн засгийн тухай ярьж хөгжлийн стратегиа эндээс тодорхойлж байна. Мэдлэгт суурилсан эдийн засаг гэдэг миний төсөөлж буйгаар улс орны өрсөлдөх чадвар,  оюуны өндөр чадавхи, мэдээллийн их урсгал, хувь хүний хөгжил буюу чанартай амьдралд хүрэх хамгийн дөт зам юм.

Мэдлэгт тулгуурласан эдийн засгийн үйл ажиллагаа уг мэдлэгийг улам баяжуулж байхад материаллаг баялагт тулгуурласан эдийн засгийн үйл ажиллагаа уг баялагаа хорогдуулж байдаг. Иймд мэдлэгт суурилсан эдийн засаг материаллаг нөөцөөр хомс улс орны ирээдүйг тодорхойлох нь гарцаагүй. Хүн ам цөөн, бүс нутгийн интеграцид байр сууриа олоогүй, дэд бүтэц хөгжөөгүй манай орны хувьд ч энэ нь хөгжлийн стратегиа холбох асуудал яах аргагүй мөн.

Мэдлэгт суурилсан эдийн засгийн гол хөшүүрэг нь мэдээллийн технологи юм. Би энд юуны өмнө хэдэн жишээ татахыг хүсч байна. Солонгосын Засгийн газар өрх бүрийг компьютержуулах шинэ зууны бодлогоо танилцуулж, Коста Рика улс нэг сурагч – нэг компьютер гэсэн хөтөлбөрийг бага дунд сургуулийн түвшиндээ хэрэгжүүлж, манайхтай хүн амаар ойролцоо Ирланд улс мэдээллийн технологийн салбарт ихээхэн мөнгө хаяж, нийт оюутнуудынхаа олонхийг software болон hardware-ийн салбарт бэлдсэнээр дэлхийн үндэстэн дамнасан компьютер технологийн компаниудыг өөр рүүгээ хошууруулж, Энэтхэг программ хангамжийн мэргэжилтэн экспортолдог гол орон болжээ. Хятад, Малайз зэрэг олон орон мэдээллийн технологийг хөгжүүлэх тусгай бүс гаргаж эрх зүйн таатай орчин бүрдүүлснээр дэвшилтэд технологи үйлдвэрлэгчид болж хувирлаа.

Манайд ч гэсэн энэ талаар тодорхой арга хэмжээ авмаар санагддаг. Тухайлбал, мэдээллийн технологийн гол зэмсэг болсон компьютерийг гааль болон НӨТ-ийн татвараас тодорхой хугацаанд чөлөөлж, ингэснээр компьютерийн үнэ буурч компьютер өөрөө тансаг хэрэглээ бус, хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болно. Мөн компьютерийн элэгдэл хорогдлыг жилд 50 хувиас багагүй тооцдог болмоор байна. Өнөөдөр компьютерийн элэгдэл хорогдлыг 10 хувиар тооцож байгаа нь нэг компьютерийг 10 жил хэрэглэнэ гэсэн үг болж байна. Гэтэл компьютер жилээр бус сараар хуучирдгийг бид бүгд мэднэ.

Мэдээллийн технологийг чухалчлахын учир нь, миний ойлгож байгаагаар, компьютер, программ хангамжийн мэргэжилтэн бэлдээд тэднийг болон бүтээгдэхүүнийг нь экспортолж мөнгө олохоос гадна, хамгийн гол нь мэдээллийн технологийг түлхүү хөгжүүлснээр эдийн засгийн бүх салбарын хөгжил хурдасдагт байгаа юм.

Манай Засгийн газар ч энэ хандлагыг анхааралдаа авч Үндэсний комисс байгуулан Ерөнхий сайд өөрөө ахлах болсонд баяртай байна. Улс үндэстний ирээдүйг тодорхойлох энэ салбарт ажиллаж буй эрдэмтэд үндэсний компаниудаа дэмжих, тухайлбал орлогын болоод импортын татварын хөнгөлөлтөөр урамшуулах гээд олон алхам хиймээр байна. Жишээлбэл, мэдээллийн технологи болон програм хангамж чиглэлийн гадаадын хөрөнгө оруулалттай компанийг эхний таван жилд татвараас Гадаадын хөрөнгө оруулалтын хуулиар чөлөөлсөн атлаа мөн салбарт хөрөнгө оруулж буй дотоодын компанид ямар ч хөнгөлөлт хамаарахгүй байна. Энэ байдал үргэлжилбэл Монгол компани эх орныхоо тэргүүлэх чиглэлд оруулж болох хөрөнгөө Хятад ч юм уу, гадаадын өөр оронд байршуулж, харин Монголын тэргүүлэх салбарт нь зөвхөн гадаадын капитал ноёрхож мэдэх юм. Өөрөөр хэлбэл, Монгол компани Монголдоо гадаадын компанитай энэ салбарт өрсөлдөх тэгш боломжгүй байна. Харамсалтай нь шалтгаан нь мэдлэг дутсаных биш, хөрөнгө дутсаных ч биш, ердөө манай хууль тиймийнх юм.

Бизнесийн боломжийн тухайд

Бизнесийн орчныг эрдэмтэн мэргэд янз бүрээр тодорхойлж, макро эдийн засгийн зохицуулалтын төрөл бүрийн жор боловсруулсан байдаг ч жирийн бизнесмений нүдэнд туссан зүйлээ хуваалцъя.

Эдийн засаг гэдэг өөрөө хязгаарлагдмал баялгийг тодорхой тооны хүнд хуваарилах тухай асуудал билээ. Бизнес гэдэг нь тухайн хуваарилалтад тодорхой үүрэг гүйцэтгэж, гүйцэтгэсэн ажил үйлчилгээндээ тохирсон шан харамж авах тухай ойлголт гэж боддог. Монгол улс зах зээлд шилжсэнээр улс дангаараа хийдэг байсан нийгмийн баялгийг хуваарилах процесст хувь хүмүүс оролцох эрх нь нээгдэж, түүнд оролцохын төлөө чөлөөт өрсөлдөөн үүссэн. Ганзагын наймаагаар эхэлсэн энэ үйл явц хөгжиж өнөөдөр Монголын компаниуд инженер техник, өндөр технологийн олон ажилбарыг бие даан хэрэгжүүлэх чадалтай болжээ.

Шилжилтийн үеийн бэрхшээлүүдийн тухай бид хангалттай сонссон. Харин энэ үед мөн бизнесийн өргөн их боломж нээгдсэнийг тэр болгон ярьдаггүй. Чухамхүү энэ үед л хүн бүр чадах ядахаараа хөдөлж, өнөөдөр Монголд төрөл бүрийн бараа, үйлчилгээний хомсдол бараг арилж, одоо чанар, өнгө үзэмж, үнээрээ өрсөлдөж байна. Дэлхийн мэдээллийн урсгалд интернет, кабель зурагтаар өргөн холбогдсоны дүнд Монголчуудын оюуны болон материаллаг хэрэгцээ улам өсч, түүнийг нь хангах бизнесийн шинэ боломжууд мөн л нээгдсээр байгаа билээ. Хүний санаа шавхдашгүй бөгөөд энэ нь хөгжил дэвшлийн нэг хөшүүрэг болсоор ирсэн. Нэг үгээр хэлбэл, зах зээлээ жижиг гэж гололгүй бидэнд хийх бизнесийн боломж асар их байна.

Гэхдээ бизнес хийж байгаа хүмүүс өөрт хамаарах зах зээлийн сегментээс гадна эдийн засгаа бүхэлд нь авч үзэж, дотоодын нийт бүтээгдэхүүний бүтэц, гадаад худалдааны баланс зэрэг асуудалд анхаарлаа хандуулж баймаар санагддаг. Өнөөдөр манайд импортын худалдаа, үйлчилгээ зонхилон хөгжиж байгаа нь энэ төрлийн бизнес микро түвшин дээр ашигтай байгаагийн баталгаа юм. Макро түвшинд энэ нь давын өмнө гадаад худалдааны тэнцвэрийг улам муутгах аюултай билээ. Экспортын хэдхэн үйлдвэр маань доройтож, гадаадын зээл тусламж багасах тохиолдолд бид хэрхэх вэ гэдэг талаар улстөрчид, бизнесийнхэн, ер нь Монгол хүн бүр санаа зовж, төр засаг бодлогоо тодорхойлж, түүнийгээ эрх зүйн хувьд дэмжих цаг болсон. Үүнд гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, экспортын чиглэлийн болон импортыг орлох үйлдвэр, аялал жуулчлалыг хөхүүлэн дэмжих зэрэг уламжлалт аргуудаас гадна чөлөөт худалдааны бүс, газрын концесс, нөгөө хэл ам тарьж байсан казино мэтийн гадныхны мөнгийг оруулж ирэх зүйлүүдийг түлхүү анхаармаар санагддаг юм.

Бизнесийн орчин

Эдийн засаг, бизнесийн орчин тодорхой нэг утгаар авч үзвэл сүүлийн 6-7 жил тогтвортой байж, эдийн засаг өссөөр ирсэн гэж боддог. Энэ хугацаанд Засгийн газар удаа дараа солигдож байсан ч өргөн утгаараа улс төрийн нөхцөл тогтвортой байсан гэж би үздэг. Төр засгийн эдийн засгийн бодлого ерөнхийдөө зөв байсны нэгэн жишээнд Улаанбаатар хотод босч байгаа олон барилга байгууламж, өдрөөс өдөрт олширч байгаа худалдаа үйлчилгээний газруудыг дурьдаж болно. Энэ бол хүмүүс үйлчилгээ үзүүлэх ч, үйлчлүүлэх ч мөнгөтэй болж, амьдрал нь дээшилж байна гэсэн үг.

Бизнесийн орчныг бүрдүүлэх нэг гол зүйл бол бизнесийн эрх зүйн орчин бөгөөд үүнд бизнес, эдийн засгийн харилцааг зохицуулсан хууль журмаас гадна тэдгээрийн харьцангүй тогтвортой байдал, хэрэгждэг механизм гэж би ойлгож байна.

Хууль тогтоомжийн хувьд, манай улс зах зээлд шилжээд аравхан жил болж байгаа ч хууль тогтоогчид, засгийн эрх баригчдын тууштай бодлогын үр дүнд шинэ үетэйгээ нийцсэн эдийн засгийн багц хууль тогтоомжтой болсон. Энд мэдээж алдаж оносон зүйл байгаа. Аливаа хууль амьдралдаа зохицон өөрчлөгдөж байдаг органик шинжтэй байдаг билээ. Энэ утгаараа бизнес, эдийн засгийн чиглэлийн хуулиуд ч байнга өөрчлөгдсөөр ирсэн.

Гэхдээ хуулиуд дэндүү хурдан хурдан өөрчлөгдөж, заримдаа тэс эсрэг утгатай болдог тохиолдол гардаг. Энэ нь бизнес төлөвлөх, хөрөнгө оруулах зэрэг тодорхой ажилд хортойгоос гадна, ер нь бизнесийн тогтворгүй орчинг бүрдүүлж, хөрөнгө оруулалтын эрсдлийг ихэсгэдэг болох нь хэнд ч тодорхой юм. Улс төр, эдийн засгийн хөгжлийн стратеги нь цэгц тодорхой, хууль тогтоомжууд нь тэдгээр стратегийн сонирхолдоо хөтлөгддөг байвал хуулиуд логиктой, харилцан уялдаатай, урьдчилан төлөвлөх боломжтой баймаар санагддаг.

Стратегийн бодлого болон эрх зүйн зохицуулалтын харилцан шүтэлцээн үгүйлэгдэж байгаагийн жишээ болгож Кока-Кола-гийн үйлдвэр байгуулж байгаа өөрийн туршлагадаа тулгуурлан ярья. Кока-Кола бол хамгийн сайн чанарын ундаа гэдэгтэй хүн бүр санал нийлэх байх. Өөрөөр хэлбэл, энэ бол эрүүл хүнс. Гаднаас оруулж ирсэн Колагаас харьцангүй хямд байх утгаараа улам олон хүн өндөр чанарын хүнс хэрэглэнэ гэсэн үг. Кока-Колагийн хэрэгцээ, зах зээл манайд өсч байгаа бөгөөд гадаадаас валютаа тушааж оруулж ирж байгаа. Энэ утгаараа дотооддоо үйлдвэрлэснээр импортыг орлож, Монголд байгаа “ногоон”-ыг хэмнэнэ гэсэн үг. Үйлдвэр гэдэг утгаараа олон ажлын байр бий болгоно. Ингээд аваад үзэхлээр ийм үйлдвэр нь улсын стратегийн бодлого, хүмүүсийн эрх ашигт бүхий л талаараа нийцэж байгаа юм. Парадокс нь юу вэ гэхлээр өнөөгийн орчинд дэлхийн стандартын, франчайзын бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд оруулах хөрөнгө нь чанар багатай бүтээгдэхүүний үйлдвэрээс хэд дахин өндөр байдаг тул эргээд бүтээгдэхүүний үнээр өрсөлдөхөд хэцүү байдаг.

Эдийн засаг, бизнесийн хууль тогтоомжид агуулгын хувьд эргэж хармаар зүйл бидний нүдэнд нилээд тусдаг. Жишээ нь:

Бизнесийг амжилттай явуулахад мэдлэг чадвартай боловсон хүчин чухал байдаг тухай би дээр тодорхой ярьсан. Гэтэл боловсон хүчнээ зах зээлийн өндөр мэдлэг, ур чадвартай болгон сургах, давтан сургалтанд хамруулахад татварын хуулинд зааснаар сургалтын зардлыг ашгийн 5%-иас хэтрүүлбэл үлдэх ашгаас төлөх болдог.

Бизнесийг зөв гольдрилд оруулж амжилттай явуулахад маркетингийн зардал их гаргаж байж, борлуулалт ихсэж, бизнес амжилттай болох нөхцөл болдог байтал зар суртапчилгааны зардлын хэмжээг татварын хуулинд ашгийн 5%-тай тэнцэх хэмжээгээр хязгаарладаг.

Мөн хандив хүссэн олон хүсэлтээс бизнесменүүд бид хаашаа ч зугатах аргагүйд хүрдэг. Уг нь боловсрол, соёл урлаг, спорт, нийгмийн эмзэг давхаргынхан гээд олон хүнийг тусалж дэмжих нь буянтай үйлс. Гэхдээ өгч байгаа хандивыг зардалд тооцохгүй нь их хүндрэлтэй байдаг. Мэдээж хандив бүхнийг зардалд тооцохдоо бус харин үүний зохистой харьцааг олмоор байна.

Хуулийг тогтвортой байлгах бас нэгэн чухал зүйл бол төсөл байхад нь уг хуулиар зохицуулагдах харилцаанд оролцогчдын саналыг авч хэлэлцүүлэх явдал юм. Боловсролын тухай хуулинд багшийн санал чухалтай адил бизнесийг зохицуулах хуулинд бизнесменүүдийн санал үнэтэй байх ёстой.

Эрх мэдлийг хувааж, харилцан хянах зарчим дээр суурилсан манай өнөөдрийн төрийн тогтолцоонд бизнесийнхэн нийгмийн бусад давхрагын нэгэн адил ашиг сонирхол, зовлон бэрхшээлээ төр засгийн гишүүдэд тайлбарлан таниулах шаардлага байдгийг хэн ч үгүйсгэхгүй бизээ. Гэвч манай нийгэмд түгээмэл байгаа хардах сэрдэх уур амьсгалын гайгаар төрийн албаныхан бизнесментэй хамт үзэгдэхээс эмээдэг эрүүл бус явдал газар авчээ. Энэ байдлаас гарч, улс төр, бизнесийнхэн бодол саналаа солилцдог ил тод механизмыг бүрдүүлэх явдал үгүйлэгдэж байна. Ийм харилцаа нь улс төрчдөд ч, бизнесийнхэнд ч, нийгэмд ч хэрэгтэй гэж үзэж байна.

Бизнесийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд бэрхшээл бас ажиглагддаг. Хуулиуд гол төлөв товчхон, заалтууд ерөнхий байдгаас апбан хаагчид хуулийг узэмжээрээ тайлбарлаж эцэс төгсгөлгуй хэрүүл үүсэх шалтаг болдог мэт санагддаг. Америкийн ноолуурын компаниуд хуулийн дагуу татвараа төлөөд Хятадын ноолуурын ганзагачидтай өрсөлдөхөд хэцүү байгаа тухай удаа дараа бичигдэж байсан татварын тэгш бус орчин бусад төрлийн бизнес хийдэг компаниудад ч тулгарч байгааг мөн Засгийн газар анхаармаар санагддаг.

Эцэст нь хэлэхэд, улс хөгжиж, иргэд баяжсанаар бизнесийн илүү таатай орчин бүрдэх тул улс нийгмээ хөгжүүлэх нь ямар ч бизнесмен хүний эрхэм зорилго гэж ойлгодог. Хажуугийн хүний бизнес сайн байвал өөрийн чинь зах зээл, бизнесийн боломж өргөжиж байна гэдгийг ойлгож бие биенийхээ бизнесийг дэмжицгээе. Бие биенийхээ итгэлийг дааж харилцан ашигтай бизнес хамтран хийцгээе.

Бид дан ганц зовлон бэрхшээлээ ярих биш, бас гэрэл гэгээгээ харж, ирээдүйдээ итгэлтэй, сэтгэл өөдрөг улам сайн сайхан амьдралыг цогцлохыг зорьцгооё. Монгол бол үнэхээр залуучуудын орон, залуучууд өөдрөг байх ёстой. Бидний амьдрал биднээс л шалтгаална.

Бизнесээ дэмжье, шударгаар өрсөлдөе, улс орноо хамтдаа хөгжүүлье.

Анхаарал тавьсанд баярлалаа

 

М-Си-Эс Группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал

М-Си-Эс Группийн 2017 оны волейбол, шатрын аваргууд шалгарлаа

М-Си-Эс-чүүд өнгөрөгч бямба, ням гарагт идэвхтэй амарч 2017 оны волейбол, шатрын спортын аваргуудаа тодрууллаа. “М-Си-Эс Кока-Кола” компани зохион байгуулсан энэ жилийн волейболын тэмцээнд нийтдээ 29 багийн 300 орчим тамирчид өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдийн алтан медалийг “MBC Зүүн хараа” баг хүртэн, 11 дэх түрүүгээ авсан бол “Энержи Ресурс”, “Юнител”  багууд мөнгө, хүрэл медалийг зүүлээ. Эмэгтэйчүүдийн алтан медалийг “Юнител” баг хүртэж, “М-Си-Эс Интернэйшнл” болон “Эрчим сүлжээ”, “М-Си-Эс Холдинг” болон “Юнисервис солюшн” хамтарсан багууд мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо. Уг тэмцээний шилдэг тоглогчоор “Энержи Ресурс”, “Юнисервис Солюшн” багуудын Г.Ганболд, Н.Анхилуун нар тодорч, шилжин явах цомын эзнээр “Юнител” баг хоёр дахь удаагаа шалгарлаа.

 Шатрын аварга шалгаруулах тэмцээнийг “М-Армор” компани зохион байгуулж, эрэгтэйчүүдээс “М-Си-Эс Холдинг” багийн тамирчин В.Буянмөнх алт, “BMS service” багийн тамирчин С.Сод-Эрдэнэ, “М-Си-Эс Проперти” багийн тамирчин Т.Түвшинтөр нар мөнгө, хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдээс “Анунгоо” багийн тамирчин Б.Оюунбилэг алт, “Юнител” багийн тамирчин М.Янжидулам, “Скай Резорт” багийн тамирчин Д.Отгонбаяр нар мөнгө, хүрэл медаль хүртлээ. Шатрын спортын багийн дүнгээр “М-Си-Эс Холдинг” багийн тамирчин В.Буянмөнх, Ч.Дэжидмаа нар шалгарч цомын эзэд болжээ.

 

Бизнесийн салбарынхан чууллаа

“Голомт” банкнаас санаачлан Монголын томоохон 250 гаруй компанийн эзэд болон гүйцэтгэх захирлууд оролцсон “Голомт-Менежмент форум-2017” чуулга уулзалтыг анх удаа зохион байгууллаа. Цаашид жил бүр зохион байгуулахаар төлөвлөж буй уг чуулга уулзалтаар менежментийн давалгаа, сургамж, алдаа оноо, шийдлүүдийг ярилцаж, цаашид дотоодын компаниуд үр ашигтай хамтран ажиллах, туршлага солилцох талаар санал бодлоо хуваалцсан байна. Тухайлбал, “Монос” группийн ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар ажлын капитал буюу эргэлтийн хөрөнгийг хэрхэн үр ашигтай зарцуулах тухай, “Голомт” банкны дэд ерөнхийлөгч М.Наранхүү бизнесийн үйл явцын бүтцийн шинэчлэлт, “Говь” корпорацийн гүйцэтгэх захирал, “Таванбогд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан “Амёб” менежментийн систем буюу бүтээмжийн өсөлт, “Голомт” банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзориг дижитал борлуулалтын аргаар борлуулалтаа 30 хувь нэмсэн талаар тус тус илтгэлүүд тавьжээ.

Чуулганы салбар хуралдаанд “М-Си-Эс Холдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Гантөмөр, “М-Си-Эс Кока-Кола” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Мягмаржав нар илтгэгчээр оролцон группийн менежмент, байгууллагын засаглал болон харилцагч үйлчлүүлэгчдийн бодлогын талаар танилцуулсан байна.

“Голомт-Менежмент форум 2017” чуулганы үеэр М-Си-Эс группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргалыг “Mongolian Global CEO” хэмээн тодруулж, батламж гардууллаа. Тэрбээр шагнал гардан авахдаа, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 80 орчим хувийг бүрдүүлж, ажлын байрны 90 гаруй хувийг бий болгож буй дотоодын компаниудын үйл ажиллагаа улс орны эдийн засгийн хөгжилд чухал нөлөөтэйг онцлоод бизнесийн салбарынханд олон нийтийн эдийн засгийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх талаар хамтран ажиллахыг уриалжээ.

М-Си-Эс Групп Азийн аваргуудад баяр хүргэж, амжилт хүслээ

М-Си-Эс Группийн Захирлуудын Зөвлөлийн дарга Ж.Оджаргал сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулсан Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч болон тус тэмцээний аварга, Монгол Улсын шигшээ багийн хамт олныг өнөөдөр хүлээн авч уулзан баяр хүргэлээ.

Олон улсын Сагсан бөмбөгийн холбооны эрхийн дагуу Монголын 3х3 Сагсан бөмбөгийн холбооноос өнгөрсөн сарын 27-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын шигшээ баг тэргүүлж, алтан медаль хүртсэн юм. “Монголын сагсан бөмбөгчид тус тэмцээнд тэргүүлсэн нь 3х3 төрлөөр Монголын баг, тамирчид дэлхийн энтэй зэрэгцсэнийг бататган харуулж байна” хэмээн М-Си-Эс Группийн Захирлуудын Зөвлөлийн дарга Ж.Оджаргал хэлээд тамирчдад цоо шинэ түүхийн эзэд болсонд баяр хүргэн, Олимпийн эрх авах дараагийн тэмцээнүүдэд нь амжилт хүслээ. Мөн тэрээр Олон улсын тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулсан Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч, М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Мягмаржавт баяр хүргэн, талархал илэрхийлсэн юм. 

Уулзалтын үеэр М-Си-Эс Групп спортоор дамжуулан Монгол орноо дэлхийд таниулах үйлсэд хичээн зүтгэж байгаа тамирчдаа цаашид ч дэмжин ажиллана гэдгийг илэрхийлээд сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Монгол Улсын шигшээ багийн дасгалжуулагч болон тамирчид 2018-2020 оны хооронд буюу Токиогийн Олимп хүртэлх гурван жилийн хугацаанд сар болгон хүн тус бүрт нэг сая төгрөгийн мөнгөн шагнал олгох, Будда Виста Клубын гишүүнчлэлийн эрхээр шагнасныг гэрчлэх батламж гардууллаа.

Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Монгол Улсын шигшээ багийн дасгалжуулагч С.Тулга болон багийн ахлагч Д.Дэлгэрням, багийн гишүүд болох Э.Дөлгөөн, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр нар тус спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн М-Си-Эс Группт талархаж буйгаа илэрхийлэн, тус Группийн Захирлуудын Зөвлөлийн дарга Ж.Оджаргалд өөрсдийн гарын үсэгтэй сагсан бөмбөг болон багийнхан Азийн аварга шалгаруулах тэмцээнд өмсч байсантай ижил, дөрөв дугаартай өмсгөлийг дурсгал болгон гардуулав. Мөн тэд 2018 онд Филиппиний Манила хотод болох 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-д амжилттай оролцож, 2020 оны Токиогийн Олимпод оролцох эрх авахын төлөө бүх хүчээ дайчилна гэдгээ илэрхийлсэн юм.

Дашрамд сонирхуулахад, сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Азийн аваргын тэмцээнд тэргүүлснээр Монгол Улс энэ төрлөөр дэлхийн 188 орноос 28 дугаарт, Азидаа дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байна. Мөн багийн амжилтаар Монгол Улсын шигшээ баг дэлхийд 15 дугаарт эрэмбэлэгдэж байгаа бөгөөд манай тамирчид дэлхийд рейтингээрээ тэргүүлэгчдийн эгнээнд багтаж байна.

Сайншандын салхин парк 2018 онд ашиглалтад орно

М-Си-Эс Интернэйшнл ХХК нь “Сайншанд салхин парк” төслийн дэд станц, цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг ерөнхий гүйцэтгэгч CMEC Engineering компанитай байгуулан ажиллаж байна. Төслийн анхан шатны ажлын хүрээнд М-Си-Эс Интернэйшнл ХХК дэд станцын зураг төслийг боловсруулах ажлыг энэ оны долоодугаар сараас эхэлсэн бөгөөд ажлын гүйцэтгэл графикийн дагуу явагдаж байна. Төслийн 35/110 кВт дэд станцын иж бүрэн зураг төслийн ажлыг батлагдсан ажлын хүрээ, хугацаа, төсөв, чанар, нөөц, эрсдлийн хэмжээ, техникийн нөхцөл, зургийн даалгаврын дагуу төслийн удирдлагын аргачлалаар гүйцэтгэж, 2018 оны 11 дүгээр сард захиалагч CMEC Engineering компанид хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм. “Сайншанд салхин парк” төсөл нь Монгол орны зүүн өмнөд бүсийн хэрэглэгчдийг найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах, бусад дэд станцын ачааллыг хуваалцах, тэнцүүлэх зорилготой юм.