“Аз жаргалын төв”-өөр 200 гаруй мянган хүн үйлчлүүлжээ

“М-Си-Эс Кока-Кола” ХХК нь хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, хувь хүний хөгжилд чиглэсэн сайн дурын үйл ажиллагааг зохион байгуулахад чиглэсэн “Happiness center” төвийг 2012 оноос хойш ажиллуулж байна. Тус төвд лекц семинар зохион байгуулах танхим, хүссэн номоо унших боломжтой номын булан, авьяас чадвараа хөгжүүлж бэлтгэл сургуулилт, тоглолт хийх боломжтой тайз, тоног төхөөрөмж байхаас гадна үнэ төлбөргүй Wi-Fi орчин, Х-BOX тоглоомууд бий. 2017 онд “Happiness center” төвийн хамт олон 45 байгууллагатай хамтран 145 удаагийн үйл ажиллагаа зохион байгуулж, нийт 17 мянга орчим зочдод үйлчилсэн байна. Үйлчлүүлэгчдийн тоо хоногт 250-300 болсон нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 3 дахин өссөн үзүүлэлт юм. Ийнхүү 2012 онд байгуулагдсанаас хойш тус төвөөр нийт 227 мянга гаруй хүүхэд залуус үйлчлүүлжээ. “М-Си-Эс Кока-Кола” ХХК-иас явуулж буй iCoke урамшуулалт хөтөлбөрийн бэлгээ хэрэглэгчид “Аз жаргалын төв”-өөс очиж авах боломжтой бөгөөд одоогоор нийт 5700 гаруй хэрэглэгч ундаагаа ууж, оноогоо цуглуулан, бэлэгний эзэд болсон байна.
 

Т.Болормаа: Интермед эмнэлэг 24 цаг ажилладаг Телемедициний төвтэй болно

М-Си-Эс Холдинг ХХК-ийн Эрүүл мэндийн бизнес хариуцсан захирал, Интермед эмнэлгийн Ерөнхийлөгч Т.Болормаа: Манай эмнэлэг Энэтхэгийн Apollo Health групптэй хамтран эмнэлэгтээ телемедицин буюу зайн оношилгооны 24 цаг ажилладаг төв нээх гэж байна. Бидэнд илүү нарийн мэргэжлийн зөвлөгөө хэрэгтэй үед, эсвэл өвчтөн өөрийн хүсэлтээр хөндлөнгийн эмчээр оношилгоонд үнэлгээ хийлгэх зэрэг тохиолдолд Телемедициний төвөө ашиглах юм.

Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү … 

Ж.Оджаргал “25 жил: Өнгөрсөн ба ирээдүй”

25 ЖИЛ: ӨНГӨРСӨН БА ИРЭЭДҮЙ

Мэндчилгээ, талархал

 

I. ӨНГӨРСӨН 25 ЖИЛИЙН ОЛОЛТ АМЖИЛТ, АЛДАА ОНОО

Хүүхэд насны мөрөөдөл, ирээдүйн тухай төсөөлөл

Манай үеийнхэнд одоогийнх шиг Facebook, Instagram байсангүй. Харин дурсгалын дэвтэр аялуулдаг байлаа. Хүүхэд бүр нэг дэвтэр нээгээд, ангийнхнаараа аялуулж, дурсгал үлдээдэг, хүүхдүүд голдуу мөрөөдлөө, ирээдүйн талаарх гоё төсөөллөө энэ дэвтэрт зурдаг байсан.

Би ч бусад хүүхдийн адил мөрөөдөмтгий байсан. Нэгэн дэвтэрт Office гээд өндөр байшин зурсан нь Central Tower ч юм шиг. Өөр нэг дэвтэрт Coca-Cola гэсэн бичигтэй байшин, бас дээрээ бараг л М-Си-Эс-ийн лого шиг харагдах таван хошуутай өндөр байшин зурсан байсан. Бүр сүүлд энэ зургуудыг олж хараад би маш их гайхсан, мөрөөдөж чадвал бүтээж болдог юм байна гэж бодох болсон.

Дурсгалын дэвтэрт 1983 онд буусан мөрөөдөл 2001 онд биеллээ олж, дэлхийн 200 гаруй улс оронд үйл ажиллагаа явуулдаг Кока-Кола компанитай бид хамтран ажиллах болсон. Өнгөрсөн хугацаанд манай залуучууд дэлхийд тэргүүлэх үйлдвэрлэл, технологи, маркетингийн шилдэг мэдлэг, туршлагыг Монголдоо нутагшуулж, дэлхийн Кока-Кола-гийн систем дотроо нэр хүндтэй, шилдэг хамт олны нэг болсон нь бидний бахархал.

Бизнесээ эхлүүлэх үед улс орны эдийн засгийн байдал ямар байв?

1990-ээд оны эхэн үе бол шилжилтийн хямрал ид газар авсан, дотоодын нийт бүтээгдэхүүний уналт доод цэгтээ хүрч 1 тэрбум доллараас бага болсон, өөрөөр хэлбэл одоогийнхоос 10 дахин жижиг эдийн засагтай, инфляци жилд 250 хувьд хүрсэн, айл өрхүүд хүнсээ картын хуваарилалтаар авдаг, аж үйлдвэр, эрчим хүч, хөдөө аж ахуй, барилга, дэд бүтэц зэрэг эдийн засгийн гол салбарууд бүгд гүнзгий хямралд өртсөн үе байлаа.

Ийм л үед найзуудтайгаа нийлж хувийн бизнес эхлүүлж байлаа. Анхны оффис маань Уртцагааны урдхан талд байсан хуучин цэцэрлэгийн байшинд түрээсэлсэн жижиг өрөө байсан юм. Саяхан тийшээ очиж үзэх гэсэн, буулгаад оронд нь өндөр байшин барьсан байна билээ.

Дээд сургууль төгсөж ирээд Төвийн эрчим хүчний системд ажиллаж байхдаа Эгийн голын усан цахилгаан станцын төслийн судалгаагаар Швейцарийн Электроватт компанид 2 сарын хугацаатай ажилласан юм. Усан цахилгаан станц барих юмсан гэсэн мөрөөдөл тээсэн залуухан инженер явахдаа зөвлөгөө өгөх бизнес гэж асуудалд шийдэл эрж хайдаг, эргэлтийн хөрөнгө шаардахгүй, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах боломжтой оюуны гоё бизнес байдаг юм байна, ийм компанитай болох юмсан гэсэн бодол анх орж ирсэн.

Бизнесийн гарааны хөрөнгө оруулалт

Компани байгуулахад эхлэлийн хөрөнгө гэх юм бидэнд байсангүй. Түрээсийн оффистоо 1 ширээ, 4 сандал, 1 бичгийн машин тавиад л бизнесээ эхэлсэн. Гэхдээ шилжилтийн эхэн үед бид мөнгөгүй ч гэсэн мөрөөдөлтэй, мөрөөдлийнхөө төлөө ажиллах эрх чөлөөтэй болсон байлаа. Хоногийн 24 цагаас 15-16 цагийг ажилдаа зориулдаг, заримдаа хонож ажиллах тохиолдол гардаг байлаа. Дээд рекорд нь тасралтгүй 36 цаг ажиллаж байсан. Одоогийнх шиг интернэт байхгүй болохоор мэдээлэл хомс, их цаг зарж тооцоо судалгаа хийдэг байлаа. Ингээд бодохоор бизнестээ оруулсан бидний анхны хөрөнгө оруулалт бол залуу нас, цаг хугацаа юм даа.

Ажлын гараагаа эхлүүлсэн эрчим хүчний салбартаа хийсэн ажлууд

Булган-Мөрөн, Арвайхээр-Баянхонгор, Мандалговь-Тавантолгойг холбосон цахилгаан дамжуулах агаарын шугамууд барьж, төвийн эрчим хүчний системд холбогдоогүй байсан аймгуудыг байнгын цахилгаантай болгож байлаа. Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд ажиллаж байхаас тээж явсан цахилгаан станц барих мөрөөдлөө Ухаа худагийн цахилгаан станцыг барьснаар биелүүлсэн. Энэ бол говийн нөхцөлд тохирсон, хуурай хөргөлттэй, ус бага хэрэглэдэг технологитой, орчин үеийн шийдэлтэй цахилгаан станц юм.

Сүүлийн үед манай залуучууд нар, салхины цахилгаан станц гээд сэргээгдэх эрчим хүчний төслүүдийн бүтээн байгуулалтад амжилттай оролцож байна.

Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэхэд хамгийн чухал салбар бол мэдээлэл, харилцаа холбооны салбар

Өнгөрсөн 25 жилд харилцаа холбооны салбарт төрөөс зөв бодлого хэрэгжүүлсний үр дүнд, хувийн компаниудын хөрөнгө оруулалтаар өнөөдөр Монголчууд бид дэлхийн аль ч улс орноос дутахгүй, зарим хөгжсөн улс орнуудаас ч түрүүлж алхаж байна.

М-Си-Эс Групп энэ салбарт харьцангуй сүүлд буюу 10 гаруйхан жилийн өмнө орсон ч маш хурдацтай ахиж Юнител маань 4G, Гэр интернэт, IPTV, Look TV зэрэг нийтийг хамарсан олон шинэ үйлчилгээг анх түрүүн орон даяар хэрэглэгчдэд хүргэлээ.

Монгол Улс 4G сүлжээг улс орон даяар нэвтрүүлсэн дэлхийн 25 дахь улс, мөн IPTV-г нэвтрүүлсэн дэлхийн 26 дахь улс орон болсон. Өдгөө орон даяар 170 мянган айл өрхөд Юнивишний үйлчилгээ хүрчээ. Гэр хороолол, хөдөө орон нутгийн айл өрхүүдэд интернэтэд холбогдох боломжийг Гэр интернэт үйлчилгээ бүрдүүлж, одоогоор 70 мянган өрх холбогдоод байна. Зурагтын сувгууд, кино, контентийг хаанаас ч, хэзээ ч үзэж болдог Look TV үйлчилгээг хэрэглэж байгаа хүний тоо 100 мянга хүрсэн байна.

Юнител бол харилцаа, холбооны салбарт үндэсний мэргэжилтнүүд, Монгол инженерүүд бие даан хөгжүүлсэн төсөл. Үүнийг гадны мэргэжилтнүүд ирж үзээд Монгол залуучуудын ур чадварыг үнэлж байгаагаа нуудаггүй юм.

Ухаа худаг бол Монголчууд бие даан хэрэгжүүлсэн уул уурхай, дэд бүтцийн том төсөл

Орчин үеийн дэлхийн жишгийн уул уурхайн том төслийг Монголчууд бид өөрсдөө хэрэгжүүлж чадна, Монголоороо овоглосон нүүрсний брэндийг бий болгож, дэлхийд гаргана гэсэн зорилго тэмүүлэл, итгэл үнэмшилдээ хөтлөгдөн, дэд бүтэц огт хөгжөөгүй, хов хоосон Ухаа худагийн талд бүхнийг “0”-ээс эхлүүлж байлаа. Энэ бол үндэсний хувийн хэвшил манлайлан, бие даан хэрэгжүүлсэн анхны том төсөл юм.

Ухаа худаг төслийн нийт хөрөнгө оруулалт нь 1.2 тэрбум америк доллар давсан. Олон улсын санхүүгийн зах зээлээс босгосон энэ хөрөнгөөр бид Австралийн дэвшилтэт технологийг нутагшуулан, Монголын анхны нүүрс баяжуулах үйлдвэр байгуулж, ус болон цахилгаан хангамж зэрэг уурхайн дагалдах дэд бүтцийг, орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэг гэх мэт нийгмийн дэд бүтцийн хамт барьж, төслийн бүтээн байгуулалтыг говь нутгийн хөгжлийн төлөвлөлттэй уялдуулж хийсэн. Ингэснээр өмнө нь түүхийгээр нь гадагш зөөдөг байсан Монгол нүүрсийг дотооддоо нэмүү өртөг шингээн боловсруулж, олон улсын зах зээлд өрсөлдөхүйц үнээр экспортлох боломжийг бүрдүүлсэн юм.

Гэхдээ энэ бүхнийг М-Си-Эс, Энержи Ресурс дангаараа хийгээгүй, энэ бол Монгол компаниуд, Монгол инженерүүдийн хамтын бүтээл. 4-5 жил үргэлжилсэн Ухаа худагийн бүтээн байгуулалтад давхардсан тоогоор дотоодын 3,000 гаруй аж ахуйн нэгж оролцсон гэхээр хэр том далайцтай төсөл болох нь ойлгогдох болов уу.

Ухаа худаг төслийн гол үнэ цэнэ нь Монгол хүнд хийсэн хөрөнгө оруулалт

Үйлдвэр, уурхайн бүтээн байгуулалттай зэрэгцүүлж Монгол хүнээ сургаж, бэлтгэх шаардлагатай байлаа. Уурхайн төлөвлөлт, нүүрс баяжуулалт, орчин үеийн техник технологи, машин механизмын засвар үйлчилгээ гээд уул уурхай, хүнд үйлдвэрийн нарийн мэргэжлээр 4,000 гаруй Монгол залуучуудыг бид бэлтгэсэн. Эдний дундаас Монголд өмнө нь байгаагүй, цоо шинэ, асар үнэ цэнэтэй инженер, мэргэжилтнүүд бэлтгэгдэн гарсан нь манай үндэсний оюуны том баялаг юм.

IPO хийнэ гэдэг бизнесмэн бүрийн мөрөөдөл

Үндэсний компаниудаас анхлан олон улсын санхүүгийн зах зээлд хувьцаагаа арилжаалах, бонд гаргах хэлбэрээр бид төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай 1.2 тэрбум долларын хөрөнгийг босгож чадсан.

IPO хийнэ гэдэг асар том хариуцлага, олон зуун мянган хувь нийлүүлэгчдийн сэтгэлийг татаж, итгэлийг нь олж, хөрөнгө босгож бизнес хийнэ гэдэг компанийн засаглалын хувьд хүрч болох хамгийн дээд эрэмбэ юм.

Уул уурхайн төсөл нь урт хугацаа шаардсан, эрсдэл өндөр гэдэг нь манай Энержи Ресурсын замналаас харагддаг. Дэлхийн зах зээл дэх коксжих нүүрсний үнийн уналтаас шалтгаалж компани маш хүнд байдалд орсон ч “Монголчууд итгэл дааж чадна, энэ том төслөө өөрсдөө амжилттай удирдах чадвартай” гэдгийг дэлхийд таниулахын төлөө зориглон зүтгэсэн менежментийн багийн шантаршгүй хүчин чармайлт, мянга мянган ажилчдын маань хичээл зүтгэлийн үр дүнд бид тулгарсан бэрхшээлийг даван туулж чадсан.

Мөрөөдсөн бүхэн биелээгүй

Гэхдээ мөрөөдөл бүхэн маань биелсэн үү гэвэл, үгүй. Тухайлбал, улс орныхоо бензин, түлшний хараат байдлыг нүүрс шингэрүүлэх технологиор шийдчих юмсан гэж энэ чиглэлээр дэлхийд тэргүүлэх Герман, Японы компаниудтай хамтарч, судалгаа хийж, 4-5 жилийн хугацаа зарцуулж, нэлээд хэдэн тэрбум төгрөгийн зардал гаргаж зүтгэлээ. Гэвч дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаалаад энэ мөрөөдөл минь биелээгүй л явна.

Өнгөрсөн 25 жилд бидний амжилтын үндэс юу байв?

Ер нь аливаа бизнесийг амжилттай авч явахад удирдлагын зүгээс тэнцвэртэй анхаарч байх хоёр үндсэн асуудал байдаг:

Бизнесийн алсаа харааны тухайд бид юм хийвэл аль болох дэлхийн шилдэгүүдтэй нь хамтарч ажиллах, тэдний арга, туршлагаас суралцах, тэдний түвшинд алсыг харж, сэтгэдэг байхыг зорьж ирсэн. Тийм ч учраас Кока-Кола, Проктер энд Гэмбл, Шангри-Ла гэх зэрэг дэлхийд тэргүүлэгч брэнд, компаниудтай хамтарч ажиллах болсон.

Хамт олноо бүрдүүлэх тухайд бол ерөнхий потенциал сайтай, зөв хандлагатай, сурах, хөгжих тэмүүлэлтэй, аливаад сэтгэлээсээ ханддаг залуучуудыг ажилд авахыг эрмэлздэг.

Бүх л компанид байх ёстой эдгээр зүйлсээс гадна М-Си-Эс-ийн амжилтанд нөлөөлсөн хамгийн чухал хүчин зүйл бол бидний хоорондын харилцаа юм. Бид анхнаасаа байгууллагын соёлоо бүрдүүлэхдээ хамт олны уур амьсгал, хоорондын харилцаагаа элэгсэг дулаан байлгахад чухал ач холбогдол өгч ирсэн нь өнөөдрийн бидний амжилтын үндэс байсан юм байна.

Амьдралаараа туулж ойлгосон зүйлийг маань Харвардын эрдэмтэд ч бас нотолжээ

Эрүүл энх, аз жаргалтай амьдрахад юу хэрэгтэй вэ гэдгийг Харвардын эрдэмтэд 1940-өөд оноос эхэлж судалжээ. Судалгаандаа тухайн үед дөнгөж арван хэдэн настай байсан 724 залууг сонгон авч, 75 жилийн турш тасралтгүй судалсан байна.

Уг судалгаагаар мөнгө, алдар нэрийн аль нь ч эрүүл, жаргалтай амьдралыг авчирч чаддаггүй, харин гэр бүл, найз нөхөд, хамт олны халуун дулаан харилцаа л хүнийг урт насалж, удаан жаргахад хамгийн чухал гэдгийг тогтоожээ.

Өнгөрсөн 25 жилийг эргэн харахад, бид мөрөөдөлдөө хөтлөгдөн, хийж бүтээхийн төлөө зав чөлөөгүй явахдаа гэр бүл, хамт олон, найз нөхдийнхөө эерэг дулаан харилцаа, сэтгэлийн дэмээр л тулгарсан сорилтуудыг ажралгүй давж, зорьсон хэргээ хамтын хүчээр бүтээж ирж дээ гэж бодогддог.

 

II. ИРЭХ 25 ЖИЛИЙН ЗОРИЛГО, ТЭМҮҮЛЭЛ

Дараагийн 25 жилд биднийг юу хүлээж байна вэ?

Бид түүхийн огцом өөрчлөлтийн үед тулж ирээд байна. Технологийн хөгжил хүн төрөлхтний түүхэнд урд өмнө нь байгаагүй том хувьсал өөрчлөлтийг авчирч байна. Өнгөрсөн 300 жилийн түүхэнд бий болсон өөрчлөлттэй тэнцэхүйц хэмжээний өөрчлөлт зөвхөн ирэх 20 гаруй жилийн дотор болно гэж ярьж байна.

Технологийн хувьсгалууд хүн төрөлхтний түүхэнд асар том хувьсал дэвшлүүдийг авчирсан. 18-р зуунд уурын хөдөлгүүр зохиогдсоноор аж үйлдвэр хөгжиж, 19-р зуунд цахилгаан хөдөлгүүр бүтээгдсэнээр масс үйлдвэрлэлийн эрин эхэлж, 20-р зуунд компьютерийн ачаар үйлдвэрлэл автоматжсан бол одоо 21-р зуунд дижитал технологиор бүхий л эд юмс хоорондоо сүлжээгээр холбогдох болж, хязгааргүй их боломжууд нээгдэж байна.

Бид өдөр тутамд Юмсын интернэт, Их дата, Хиймэл оюун, Үүлэн технологи гэх үгсийг сонсох боллоо. Өнөөдөр сонсож байгаа эдгээр үгс тун удахгүй бидний өдөр тутмын хэрэглээ болно. Хэдэн зуунаар хэмжигддэг байсан хувьсал өөрчлөлт өнөөдөр бараг өдөр тутмын ердийн зүйл болж байна.

Өөрчлөлт бидний төсөөлснөөс асар илүү хурдтай байна

21-р зууныг мэдээллийн технологийн зуун болно гэдгийг 20-р зуунд мэдэж байсан ч ийм хурдацтай хөгжлийг хэн ч таамаглаагүй. 1980 онд МакКэнзи компанийн хийсэн судалгаагаар 2000 он гэхэд дэлхийн хэмжээнд ердөө 900 мянган үүрэн телефон хэрэглэгчтэй болно гэж таамаглаж байжээ. Гэтэл бодит байдалд энэ тоо 1 тэрбум дөхсөн, 2019 он гэхэд 5 тэрбум хүрэхээр байгаа ба үүнээс бараг 3 тэрбум нь ухаалаг гар утасны хэрэглэгчид байх юм байна.

Дижитал технологи дэлхийг улам бүр “хавтгай” болгож байна

Энэ бүх технологийн хөгжил нь даяаршлыг дараагийн шатанд аваачиж, дэлхий даяар хүмүүс хил хязгаар, газарзүйн байршил үл хамааран гар утаснаасаа дуртай цагтаа, хүссэн зүйлээ, хаанаас ч худалдан авах боломжтой болж байна.

Өнөөдөр дэлхий дээр 3 тэрбум хүн интернэтэд холбогдоод байна. Интернэтийн ачаар жижиг, том бүх компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ дэлхий даяар зарах боломжтой болж байна. E-commerce буюу интернэт худалдааг хөгжүүлэхэд интернэт холболт, хүргэлт, төлбөрийн систем гэсэн үндсэн 3 асуудлыг шийдэх хэрэгтэй байдаг. Бид хамгийн чухал буюу интернэт холболтын асуудлаа шийдвэрлэсэн. Дараагийн асуудлуудыг шийдчихвэл бид даяаршлын дараагийн шатанд нэгдэж, зах зээлээ Монголынхоо 3 сая хүнээр хязгаарлах бус, 3 тэрбум хүн, улмаар дэлхийн нийт хүн ам гэж хардаг болно.

Нээгдэж буй боломжуудыг ашиглахад нээлттэй байдал чухал

Далай лам хэлэхдээ: “Монголчууд 20-р зууны эхэнд маш зөв сонголт хийсэн. Түвд, Монгол хоёр 20-р зууны эхэнд ижил нөхцөлд, Манжийн эзэнт гүрний хараат байсан. Монголчууд нээлттэй бодлого явуулж, дэлхий ертөнцтэй холбогдож, улмаар тусгаар тогтнолоо баталгаажуулж авсан. Харин Түвдүүд өөрсдийн хэл, соёлоо авч үлдэнэ гээд хилээ хаасан. Тэгээд өнөөдөр, 100 жилийн дараа, 21-р зууны эхэнд эргээд хартал Түвдүүд том гүрний алслагдсан муж, харин Монголчууд та нар тусгаар улс болж, дэлхийн соёл иргэншилтэй хөл нийлүүлээд алхаж явна. Тэгэхээр нээлттэй байж, бусдыг хүлээн зөвшөөрч, бусдад өөрийгөө таниулж, шинэ мэдээлэл авч, дэлхийтэй нээлттэй харилцана гэдэг бол жижиг улс орнуудын “амьд үлдэх”, хэл соёл, эдийн засаг, тусгаар тогтнолоо хамгаалах ганц арга юм байна” гэсэн гэдэг.

Тиймээс Монголчууд бид 21-р зууны эхэнд тохиож буй боломжуудаа зөв ашиглахын тулд гадаадын хөрөнгө оруулалт, технологи, мэдлэг туршлагыг нэвтрүүлэхэд илүү нээлттэй хандаж, харилцан ойлголцож, хамтран ажиллаж байж, 20-р зуунд сэргээсэн улс төрийн тусгаар тогтнолоо эдийн засгийн тусгаар тогтнолоор баталгаажуулж чадна.

Ирээдүй бидэнд ямар боломжуудыг нээж өгч байна вэ?

Өнөөдөр интернэтэд холбогдсон нэг хүн гэхэд гар утас, iPad, компьютер гээд хэд хэдэн цахим төхөөрөмж хэрэглэдэг болжээ. Цаашлаад юмс интернэтэд холбогдохын хэрээр эдгээр төхөөрөмжийн тоо 2020 он гэхэд 50 тэрбум, 2050 он гэхэд 500 тэрбум хүрнэ гэсэн тооцоо байна.

Хүний хэрэглэж байгаа бүх юм, тэр ч бүү хэл хүн өөрөө сүлжээнд холбогддог болох цаг ойртож байна. Юмс цахимжиж, интернэт сүлжээнд холбогдохын хэрээр цахим төхөөрөмжийн үйлдвэрлэл өсч алт, зэс, цахиур, газрын ховор элементүүд гээд эрдэс бодисын эрэлт өсөх нь дамжиггүй. Хүн амын тоогоороо дэлхийд тэргүүлдэг Энэтхэг, Хятадад хотжилт мөддөө саарах төлөвгүй байгаа нь дэлхийн зах зээлд коксжих нүүрс эрэлттэй байхыг илтгэж байна. Ингээд бодохоор ойрын ирээдүйд уул уурхайн салбар улс орны эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгүүр байсаар байх юм байна.

2. Уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэхийн тулд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх хэрэгтэй

Технологийн ачаар дэлхий даяар хүмүүс бага ажиллаж, их аялах боломжтой болж байна. Бид хөрсөн доорх баялагаа ашиглахаас гадна, хөрсөн дээрх шавхагдашгүй баялаг болох онгон байгаль, нүүдлийн соёлоо түшиглэн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, улмаар улсынхаа эдийн засгийн нэг том тулгуур баганыг босгох хэрэгтэй. Жилдээ 1 сая биш, бүр 5 сая, 10 сая жуулчин хүлээн авах мөрөөдөлтэй байцгаая. Сая сая жуулчид Монголыг зориод ирэхэд нь тосч аваад үйлчлэхэд бэлэн байх маш том салбарыг бид хүн хүчнийх нь хамт хөгжүүлэх хэрэгтэй болж байна. Жуулчид ирэх боломжтой зуны богинохон улиралд залуучууд та бүхэн завгүй хөдөлмөрлөж байж байгалийн үзэсгэлэн, түүхийн дурсгал, өв уламжлал гэсэн шавхагдашгүй баялагаа эдийн засгийн эргэлтэнд оруулж чадна.

3. Эрүүл, органик хүнс экспортлогч орон болох баялаг өгөгдөл Монголд бий

Бүх юм цахимжихын хэрээр хүн төрөлхтөн эргээд байгальдаа ойртохыг эрмэлзэж, органик хэрэглээг эрхэмлэх болжээ. Өнөөдөр хүмүүс органик хүнсний төлөө хэд дахин илүү мөнгө төлөх сэтгэлзүйн бэлтгэлтэй болж, эрэлт нь бодитой нэмэгдэж байна. Монголын хөрсөнд бордоо хэрэглэлгүй ургуулсан хүнсний ногоо, үр тариа, тал нутагтаа тааваараа бэлчсэн малын мах, сүү, арьс шир, ноос, ноолуур гэх зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ бид зөв менежмент, маркетинг хийж чадвал дэлхийн зах зээлд өндөр үнээр нийлүүлэх бүрэн боломжтой. Дэлхийн аль ч улсаас илүүтэй эрүүл, органик хүнс үйлдвэрлэгч орон гэсэн имиж бүрдүүлэх баялаг өгөгдөл Монголд бий.

Уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлалыг дагасан эдийн засгийн дэд бүтэц хөгжсөнөөр хотод биш хөдөөд ажлын байрууд олноор бий болж, улмаар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх боломж бүрдэнэ.

Бид хойч үеэ дижитал эринд хэрхэн бэлтгэх вэ?

Ийнхүү машин хүнээс илүү ухаалаг болж, алдаагүй ажиллаж байхад хүүхдүүддээ бид ямар боловсрол олгож, аль ур чадварыг нь хөгжүүлэх вэ гэдгийг нэн даруй, нухацтай авч үзэх шаардлагатай. Ирээдүйн ажлын байрууд хүнээс бүтээлч сэтгэлгээ, харилцааны ур чадварыг илүүтэй шаардах нь байна.

Гадаад хэл, тэр дундаа англи хэлийг сайн эзэмшиж, дэлхий ертөнцтэй харилцан холбогдож, интернэтийн далай мэт их мэдээллээс чухам хэрэгтэй мэдлэгээ шүүж, тунгааж авч сурснаар хойч үе маань дэлхийн хөгжлөөс хоцрохгүй, хөл нийлүүлэн алхах болно. Гадаад хэл сурахын хэрээр хүн эх хэл, уламжлалт соёлоо улам илүү хайрлаж, хамгаалдаг гэдэг.

Оюуны өндөр чадамж буюу IQ дээр нь нэмээд EQ буюу сэтгэлийн чадамж, бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлвэл Монгол хүний бүтээмж, үнэ цэнэ дэлхийд гайхагдах болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Ирэх 25 жилд бид юуг анхаарах вэ?

Өнгөрсөн хугацаанд бид нүдэнд харагдах олон сайхан бүтээн байгуулалтыг өрнүүлжээ. Үүний хажуугаар нүдэнд харагдахгүй хэрнээ бидний өдөр тутмын амьдралд хэвшил болж, бүр улс орноороо урагшлах, хөгжихөд саад болж буй маш том ухралт гарсан байна. Энэ бол Монголчууд бидний хоорондын харилцаа. Өнөөдөр харилцан ойлголцож, хамтран ажиллах гэдэг зүйл манай нийгэмд маш ихээр үгүйлэгдэж байна. Наад зах нь замын хөдөлгөөнд хэрхэн оролцож байгаагаас бидний харилцаа, бие биенээ хүндлэх сэтгэл хэчнээн их дор орсныг харж болно.

Дотооддоо төдийгүй гадаад улс орнуудтай харилцахдаа бид ямар алдаа гаргав гэдэгтээ дүгнэлт хийх цаг болсон. Зэс, нүүрсний зах зээлийн үнэ 2017 оноос эхлэн өсч байгаа ч олон улсын бирж дээр бүртгэлтэй, Монголд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын хувьд бүгдэд нь нэг ижил, нийтлэг зүйл байгаа нь хувьцааны ханш нь өсөхгүй, 2010-11 оны түвшингээс хэд дахин доогуур байсаар байна. Энэ бол манай улсын байр байдалд олон улсын хөрөнгө оруулагчид ямар дүн тавьж байгааг илтгэх ерөнхий индикатор. Юунаас болж бид өнөөдөр ийм байдалд оров. Монголчууд бид яагаад хөрөнгө оруулагчдыг хашрааж, үргээх болов. Үүнийгээ засаж залруулахын төлөө хэрхэн хамтдаа хичээн зүтгэх вэ гээд олон асуултад бид зөв хариулт олж байж цаашид хөгжинө. Дэлхийн жишигт хүрсэн уул уурхайн том төслүүдийг бид гадаадын хөрөнгө оруулалт, дэвшилтэт техник, технологийн ачаар зөв хөдөлгөх ёстой. Эс тэгвээс, хоцрогдсон арга техник, хортой технологийн уршгаар газар дэлхийгээ шархлуулж, хойч үедээ хоосон ирээдүй үлдээх аюултай.

Хурдтай хувьсан өөрчлөгдөж байгаа энэ үед өөрчлөлтийг цаг алдалгүй мэдэрч, “хайрцаглагдахгүйгээр” бүтээлчээр сэтгэж чадсан хувь хүн, компани, улс орон хожиж, хөгжих нь тодорхой байна. Хэдийгээр зэс, нүүрс ирээдүйтэй гэж харагдаж байгаа ч хэний ч санаанд оромгүй технологийн нээлт гарч, эдгээр эрдэс баялаг эрэлт, хэрэгцээгүй болохыг хэн ч үгүйсгэж чадахгүй.

Ирээдүйд Монгол хүн, Монгол Улс даяараа эрүүл, жаргалтай аж төрөхөд мөнгөнөөс илүү харилцан хүндлэл, энэрэнгүй сэтгэлийг эрхэмлэдэг болох нь чухал байна. “Бизнес бол өгөхийн ухаан болохоос авахын ухаан биш юм” гэж “Нээлттэй нийгэм” хүрээлэнгийн Д.Энхбатын хэлсэн нь их оносон тодорхойлолт гэж боддог. Бизнесмэн хүн амжилт бүтээлийнхээ амтанд шимтэж, улам ихийг хийх урам зориг орж, дараа дараагийн даваа, нугачааг давах эрч хүчийг олж авдаг болохоос зөвхөн мөнгөний төлөө улайран зүтгэсэндээ энэ бүх ажлыг хийдэггүй юм шүү.

Шилжилтийн 25 жилийн дотор манай хувийн хэвшлийнхэн улс орныхоо эдийн засгийн ачааны хүндийг үүрэх тэнхээтэй болж, хүнээр бол ид гялалзах 25 насан дээрээ явна. Өнгөрсөн хугацаанд ажлын байр бий болгож, татвар шимтгэлээр улсын төсвийг бүрдүүлэхэд компаниудын нийгмийн үүрэг чиглэгдэж байсан бол одооноос нийгэмд тулгамдаад байгаа боловсрол, эрүүл мэнд гэх мэт олон асуудлыг шийдвэрлэхэд нийгмийн хариуцлагаа чиглүүлэх цаг болсон гэж бодож байна.

Ирээдүйд өсөн нэмэгдэх уул уурхай, аялал жуулчлал, органик бүтээгдэхүүний эрэлтийг хангах боломж Монголд байна. Боломжоо зөв ашиглаж чадвал олон шинэ ажлын байрууд нээгдэж, орлоготой, ашигтай бизнесүүд бий болсноор эдийн засгийн өсөлтийг иргэн болгонд, айл өрх бүрт хүртээмжтэй болгох нөхцөл бүрдэнэ.

Дүгнэлт

Дүгнэж хэлвэл, дижитал эрин үе даяаршлыг дараагийн шатанд гаргаж, интернэт сүлжээ бидний өмнө 3 сая биш олон тэрбум хүнтэй асар том зах зээлийг нээж өгч байна. Улам бүр хурдасч буй хувьсал, өөрчлөлтөд хэн нээлттэй, бүтээлчээр хандаж чадна, түүнд боломж нээгдэх болно. Өөрчлөлтийн үр шимийг эдийн засагтаа шингээхийн төлөө уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлж, ажлын байр бий болгож, гадаадын хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологийг нэвтрүүлж чадвал өнгөрсөн 25 жилд эдийн засгаа 10 дахин өсгөж чадсан шигээ ирэх 25 жилд мөн дахиад 10 дахин өсгөх бүрэн боломж бидэнд бий. Ингэхийн тулд бид ирж яваа цагийг бүтээх ирээдүй хойч үеэ зөв чиглүүлж сургаж, боловсруулах хэрэгтэй байна.

Төгсгөл

Ингээд, надад олгосон цөөн хоромд багтаан өнгөрсөн 25 жилд өчүүхэн мөрөөдлүүдээ хэрхэн биелүүлсэн өөрийн туршлага, онож, алдаж байж ойлгосон ухаарлаа залуус та нартай хуваалцлаа.

Гартаа атгасан гар утсанд чинь дэлхий багтаж байгаа эрин үеийг эзэгнэж төрсөн залуус та бүхэн мэдээллийн их далайгаас мэдлэг хуримтлуулан, биднээс илүү том мөрөөдөж, мөрөөдлийнхөө төлөө шантралгүй зүтгэвэл хүрэхгүй газар, гарахгүй оргил гэж үгүй шүү гэдгийг захиж хэлье.

Жамбалжамцын Оджаргал

М-Си-Эс Группийн Захирлуудын Зөвлөлийн дарга

 

Өөрчлөлтөд хэн нээлттэй, бүтээлч хандана, түүнд боломж нээгдэнэ

Монголын Залуучуудын холбооноос Next Stop ёслол хүндэтгэлийн наадмын нийгэм улс төр, эдийн засаг бизнесийн салбарын шилдэгээр тодорсон эрхмүүдийн “Оны залуу” лекцийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Шилжилтийн 25 жилийн Эдийн засаг, бизнесийн ТОП залуугаар шалгарсан М-Си-Эс Группийн Захирлуудын Зөвлөлийн дарга Ж.Оджаргалыг төлөөлөн Группийн Ерөнхийлөгч Ж.Од “25 жил: Өнгөрсөн ба ирээдүй” сэдэвт илтгэлийг танилцууллаа.

“25 жил: Өнгөрсөн ба ирээдүй” илтгэлд өнгөрсөн 25 жилд олсон амжилт, гаргасан алдаа оноог цэгнэж дүгнээд зогсохгүй ирэх 25 жилд М-Си-Эс Группийн төдийгүй нийт монголчуудын өмнө тулгарах шинэ сорилт, боломжууд юу байхыг төсөөлж, түүнд хэрхэн бэлтгэх, юунд анхаарч, ямар зорилго, тэмүүлэлтэй байх талаар бодлоо илэрхийлсэн байна. 

1990-ээд оны эхэн үе бол хямрал ид газар авсан, дотоодын нийт бүтээгдэхүүний уналт доод цэгтээ хүрч 1 тэрбум доллараас бага болсон, инфляци жилд 250 хувьд хүрсэн, аж үйлдвэр, эрчим хүч, хөдөө аж ахуй, барилга, дэд бүтэц зэрэг эдийн засгийн гол салбарууд гүнзгий хямралд өртсөн цаг үе. Ийм л хүнд хэцүү үеэс эхтэй шилжилтийн хэмээн тодорхойлсон 20 гаруй жилд монголчууд эдийн засгаа 10 дахин тэлж, хувийн өмчгүй шахам байсан социалист тогтолцооноос өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүний 80 шахам хувийг бүрдүүлж буй хувийн хэвшил гэсэн маш том салбартай болж, хувийн хэвшил нь улс орныхоо эдийн засгийн ачааны хүндийг үүрэх тэнхээтэй болж чадсан нь өнгөрсөн 25 жилийн ололт юм.

Тэгвэл хурдацтай хөгжиж буй энэ цаг үед технологийн хөгжил даяаршлыг дараагийн шатанд аваачиж, хүн төрөлхтний түүхэнд урд өмнө нь байгаагүй том хувьсал өөрчлөлтийг авчирч байна. Дижитал эрин үед интернэт сүлжээ бидний өмнө 3 сая биш олон тэрбум хүнтэй асар том дэлхийн зах зээлийг нээж өгч байна. Ирэх жилүүдэд өөрчлөлтийн үр шимийг эдийн засагтаа шингээхийн тулд ирээдүйд уул уурхай, аялал жуулчлал, органик хүнс, хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэн ажлын байр бий болгож, гадаадын хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологийг нэвтрүүлбэл өнгөрсөн 25 жилд эдийн засгаа 10 дахин өсгөж чадсан шиг ирэх 25 жилд дахиад 10 дахин өсгөх бүрэн боломжтой юм. “Улам бүр хурдасч буй хувьсал, өөрчлөлтөд хэн нээлттэй, бүтээлчээр хандаж чадна, түүнд боломж нээгдэх болно” гэдгийг онцолж байлаа. 

 

М-Си-Эс Групп ТОП-100 шалгаруулалтад ямар байр эзэлж байсан бэ?

М-СИ-ЭС ГРУППИЙН КОМПАНИУД СҮҮЛИЙН 13 ЖИЛД ТОП-100-Д ТОГТВОРТОЙ АМЖИЛТ ГАРГАЖ, ХУВИЙН ХЭВШИЛЭЭ БАЙНГА ТЭРГҮҮЛЭН 56 УДАА ШИЛДГЭЭР ШАЛГАРЧЭЭ

Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран жил бүр ТОП 100 аж ахуйн нэгжийг шалгаруулдаг. Татвар, орлого, ажилчид, хөрөнгө, ашиг гэсэн үндсэн таван үзүүлэлтээр Сангийн яам, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Статистикийн ерөнхий газар болон МҮХАҮТ-аас хамтарсан ажлын хэсэг албан ёсны тайланд үндэслэн аж ахуйн нэгжүүдийг эрэмбэлдэг бөгөөд М-Си-Эс Групп, түүний компаниуд дараах байдлаар шалгарч байжээ.

М-СИ-ЭС ГРУПП

М-СИ-ЭС ХОЛДИНГ ХХК

М-СИ-ЭС ИНТЕРНЭЙШНЛ ХХК

М-СИ-ЭС КОКА-КОЛА ХХК

М-СИ-ЭС ПРОПЕРТИ ХХК

ЭНЕРЖИ РЕСУРС ХХК

ЮНИТЕЛ ХХК

АНУНГОО ХХК

М-СИ-ЭС АЗИА ПАСИФИК БРЮЭРИ ХХК

ЮНИВИШН ХХК

ТОТАЛ ДИСТРИБЮШН ХХК

ЮНИСЕРВИС СОЛЮШН ХХК

СББ ХХК

СББ ТРЕЙД ХХК

ШАНГРИ-ЛА УЛААНБААТАР ХОТЕЛ ХХК

ГОЁО ХХК

 

 

 

 

 

“Оны залуу” лекц зохион байгуулагдана

Монголын Залуучуудын холбоо, “Залуу удирдагч” сан, “Их Монгол Язгууртан” ТББ, Монголын Халамжлан Хүмүүжүүлэгчдийн холбоо, Монголын Сэхээтний холбоо, Их Монгол Хүүхдийн холбоо хамтран 25 дахь жилдээ зохион байгуулсан “Next Stop” ёслол хүндэтгэлийн наадмаас тодорсон Шилжилтийн 25 жилийн нийгэм, улс төрийн ТОП залуу, Шилжилтийн 25 жилийн эдийн засаг, бизнесийн ТОП залуу, “Бүтээгч улс төрч”, “Бүтээгч бизнесмэн” залуусын лекц энэ сарын 5-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулагдах гэж байна. “Шилжилтийн 25 жилийн эдийн засаг, бизнесийн ТОП залуу”-гаар шалгарсан М-Си-Эс Группийн Захирлуудын Зөвлөлийн дарга Ж.Оджаргал “Оны залуу” лекцийн зочин илтгэгчээр оролцоно.

Л.Гантөмөр: Эдийн засгийн хямралын үе өндөрлөсөн гэж харж болохоор байна

М-Си-Эс Холдинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Гантөмөр: “М-Си-Эс Групп болон бусад компани улсын төсөвт төвлөрүүлж буй татвар, шимтгэл, ажлын байрнаас гадна мэдлэгтэй, туршлагатай, зөв хандлагатай боловсон хүчнийг бэлтгэж байгаа нь эх орондоо оруулж байгаа бас нэгэн том хувь нэмэр гэж ойлгодог. М-Си-Эс Группийн хувьд өнгөрсөн онд 800 гаруй ажлын байр шинээр бий болгож, одоо 8000 орчим ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна”

Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү … 

Монголын сагсчид хоёр дахь удаагаа тивийн аваргын финалд шалгарлаа

М-Си-Эс Групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд багийн спортыг хүүхэд залуучуудын дунд хөгжүүлэхийн тулд олон жил идэвх чармайлттай ажилласан бөгөөд сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулах, ивээн тэтгэх, баг тамирчдын ур чадварыг улам сайжруулах чиглэлд анхаарч ирсэн билээ. Тодруулбал, 2017 онд Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Ази тивийн аваргаар шалгарсан Монголын  шигшээ багийн дасгалжуулагч болон тамирчдад Токиогийн олимп хүртэл буюу 2018-2020 оны хооронд гурван жилийн хугацаанд сар болгон хүн тус бүрт нэг сая төгрөгийн мөнгөн шагнал олгож, Будда Виста Клубын гишүүнчлэлийн эрхээр шагнан дэмжиж ажиллаж байгаа юм. Монгол улсын 3х3 Үндэсний шигшээ баг БНХАУ-ын Шинжэн хотод зохион байгуулагдсан 2018 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, хоёр дахь удаагаа финалд шалгарсан бахдам амжилтын эзэд боллоо. Түүнчлэн багийн тамирчин Э.Дөлгөөн тэмцээний бэлгэдлийн гурван тоглогчийн нэгээр нэрлэгдсэн байна. Э.Дөлгөөний хувьд 2017 онд “Үнэ цэнэтэй” тоглогчоор мөн шалгарч байсан юм. М-Си-Эс Групп спортоор дамжуулан Монгол орноо дэлхийд таниулах үйлсэд хичээн зүтгэж байгаа тамирчдаа цаашид ч дэмжин ажиллах болно.

 

М-Си-Эс Групп сүүлийн дөрвөн жилд 300 гаруй нийгмийн үйл ажиллагааг хэрэгжүүлжээ

М-Си-Эс Групп нь нийгмийн хариуцлагыг компанийнхаа алсын харааны салшгүй нэг хэсэг болгон тодорхойлж, хөгжлийн хэтийн зорилтдоо тусган байнга хэрэгжүүлсээр иржээ. Сүүлийн дөрвөн жилийн байдлаар авч үзвэл, тус групп нь улсын төсөвт нийт 950 тэрбум төгрөгийн татвар, шимтгэл хуримтлуулж төр, нийгмийн өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлжээ. Мөн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх чиглэлээр нийгэмд зөв хандлага түгээх, хүүхэд, залуучуудын боловсрол, хөгжилд дэмжлэг үзүүлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах, эрүүл, идэвхтэй зөв амьдралын хэв маягийг бий болгох зорилготой 300 гаруй үйл ажиллагааг хэрэгжүүлж, дэмжин ажилласан байна.

Тухайлбал, 2017 онд М-Си-Эс Кока-Кола компани нь оюуны бэрхшээлтэй хүмүүст спортын уралдаан, тэмцээнээр дамжуулан урам өгөх, бие бялдрыг нь хөгжүүлэх, тэднийг эрүүл хүмүүстэй адил тэгш эрхтэй иргэн гэдгийг нь олон нийт, нийгэмд таниулах зорилготой Тусгай Олимпийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцсон баг, тамирчдад дэмжлэг үзүүлжээ. Түүнчлэн тус компани өнгөрсөн оны аравдугаар сард FIBA 3х3 Азийн аварга шалгаруулах олон улсын тэмцээнийг Монгол Улсад амжилттай зохион байгуулахад Монгол Улсын баг тамирчид маань Азийн аваргаар шалгарч 2020 оны “Токио-2020” Олимпийн  эрх авах тэмцээнд оролцох боломжтой болсон юм.

М-Си-Эс Группийн хэрэгжүүлдэг нийгмийн шинжтэй төсөл, хөтөлбөрүүдийн нэлээд хэсэг нь залуучуудыг ажлын байраар хангах, мэргэшил олгох, мэдлэг боловсрол, эрүүл мэндийг нь хөгжүүлэхэд чиглэдэг. Тухайлбал, 2014 оны байдлаар тус групп дотоододоо 2400 цагийн сургалт зохион байгуулж, 2,372 ажилтнаа хамруулжээ. Скай Резорт компани өнгөрсөн онд Монголын сноубоардын холбоо, Монголын цанын холбооны баг тамирчдын Олон улсын тэмцээний бэлтгэл, сургуулилт хийх боломжийг цанын бааздаа хангаснаас гадна, “Өнөр бүл” төв, “Дэлхийн зөн” зэрэг хүүхдийн байгууллага, шилдэг сурагчид оролцсон нийтдээ 1000 хүүхдийн цасны баярыг зохион байгуулжээ.

Тус группийн Интермед эмнэлэг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих хөтөлбөр”-ийг Австралийн ЭСЯ, Австралийн тэтгэлэгт хөтөлбөртэй хамтран гурван жил дараалан зохион байгуулж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон иргэд үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө, тусгай хөтөлбөрт хамрагджээ.

Мөн Юнител компани намрын урамшууллын картаа “Зөв гэр бүл” концепцийн хүрээнд гаргасан нь нийгэмдээ эерэг хандлага, зөв дадал зуршлыг уриалсан нийгмийн хариуцлагын өвөрмөц ажил болсон юм.

Үүнээс гадна М-Си-Эс Эстэйтс компани “Тархины саажилтын төв” байгуулах санаачлагыг дэмжин “Ээлтэй ертөнц” ТББ-д Вива Сити хороололд байрлах 123 м.кв худалдаа үйлчилгээний талбайг чихмэл тоглоомын үйлдвэрлэлийн зориулалтаар хоёр жилийн хугацаанд үнэ төлбөргүйгээр түрээслүүлэхдээ уг байрны засварт хамт олноороо оролцож дэмжлэг үзүүлжээ. 

Түүнчлэн Энержи Ресурс компани 2017 онд улсын төсөвт 87 тэрбум төгрөгийн татвар, шимтгэл төлж, дотоодын аж ахуйн нэгжүүдээс 117 тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ. Тус компани 2017 онд Өмнөговь аймгийн эдийн засагт 41 орчим тэрбум төгрөг оруулж, орон нутгийн эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр болсон байна.

Ийнхүү М-Си-Эс Групп нь улс эх орон, олон нийтийн өмнө хүлээх өндөр үүрэг хариуцлагаа ухамсарлан нийгмийн шинжтэй олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсээр байна.

ТОП 100 ААН-д М-Си-Эс группийн 12 компани шалгарч, өнгөрсөн жилийн амжилтаа ахиуллаа

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй ТОП-100 аж ахуй нэгжийг Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран жил бүр тодруулдаг уламжлалтай. Бизнесийн байгууллагын тухайн жилд төлсөн татвар, борлуулалтын орлого, ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үзүүлэлтээр дүгнэсэн ТОП-100 2017 шалгаруулалтад М-Си-Эс Группийн 12 компани шалгарч, 2016 оны амжилтаа ахиуллаа. М-Си-Эс Групп нь бизнесийн олон салбарт үйл ажиллагаа эрхэлж, татвараар дамжуулан улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулагч, баялаг бүтээгч 20 гаруй компанийг эгнээндээ нэгтгэсэн үндэсний томоохон группийн нэг юм. Энэ удаад, группийн М-Си-Эс Холдинг, Энержи Ресурс, Юнител, М-Си-Эс Кока-Кола, М-Си-Эс Интернэйшнл, М-Си-Эс Проперти, Юнивишн, Шангри-Ла Улаанбаатар Хотел, Тотал Дистрибюшн зэрэг 12 компани шалгарсан байна.

М-Си-Эс Групп нь улс орон, нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарлан татвар шимтгэлээ цаг хугацаанд нь үнэнч шударгаар төлж, улсын төсвийн бүрдүүлэлтэд хувь нэмрээ оруулах бодлого баримталдаг. Улсын эдийн засагт оруулж буй группийн хувь нэмэр 2017 онд 275.66 тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийг төсөвт төвлөрүүлснээр үргэлжилж байна. Эл үзүүлэлтээр Эрдэнэт үйлдвэр, Оюу толгой ХХК-ийн дараа орох амжилтыг үзүүлж, улмаар сүүлийн долоон жилд нийт 1.7 их наяд төгрөгийн татвар шимтгэлийг улсдаа төлжээ. Түүнчлэн М-Си-Эс Групп нь үндэсний компаниудаа дэмжин дотоодын 2255 аж ахуй нэгж, 580 хувь хүнээс нийт 233 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг худалдан авч, хамтран ажилласан байна. М-Си-Эс Групп ажлын байраа тогтвортой хадгалах бодлогыг тууштай баримталж ирсэн бөгөөд 2017 онд 800 гаруй ажлын байр шинээр бий болгожээ. Группийн хэмжээнд нийт 8000 гаруй үндсэн ажилтантайгаас гадна 20 мянга гаруй иргэдийг шууд болон шууд бус ажлын байраар хангасан байна.

Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд группийн компаниуд 2017 онд 70 орчим төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд аливаа төсөл хөтөлбөр нь нийгэм, байгаль орчин, хүмүүст өгөөжтэй байхыг чухалчилж байна. Тухайлбал, Энержи Реурс компани “Мөрөөдөл” сургууль, цэцэрлэгийн цогцолборт орон нутагт чадварлаг боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулахад нь дэмжлэг үзүүлж, М-Си-Эс Кока-Кола болон Юнител компаниуд ой хээрийн түймэртэй тэмцэх үйлсэд нэгдэн бүтээгдэхүүн, үйлчилгээ болон 28.5 сая төгрөг хандивласан зэрэг нийгмийн сайн сайхны төлөөх үйлсийг хийж хэрэгжүүлсэн байна. Түүнчлэн группийн компаниуд эх орныхоо хөгжил дэвшилд бодит хувь нэмэр оруулах, татварын бааз суурийг нэмэгдүүлэх “Замын-Үүд гэгээн” нарны цахилгаан станц, Сайншандын салхин парк, Цэций салхин цахилгаан станц зэрэг томоохон бүтээн байгуулалтуудын төслүүдийг бие даан болон хамтран хэрэгжүүлж байна.

17 дахь жилдээ зохион байгуулагдаж буй нэр хүндтэй ТОП 100 шалгаруулалтад М-Си-Эс Групп, компаниуд сүүлийн 13 жилд нийт 56 удаа багтсан нь олон улсын стандартад нийцсэн үйл ажиллагаа хэрэгжүүлж, нийгмийн сайн сайхан, улс орны эдийн засгийн хөгжилд урт хугацааны, бодитой хувь нэмэр оруулах тогтвортой хөгжлийн бодлогын үр дүн юм.

Зам талбайн цэвэрлэгээнд 5608 тонн ус нийлүүлжээ

М-Си-Эс Кока-Кола ХХК нь Байгаль орчны удирдлагын ISO 14001:2004 тогтолцоог нэвтрүүлэн үйл ажиллагаагаа чанараар баталгаажуулсаар байна. Тус компанийн Үйлдвэрийн хаягдал усыг цэвэршүүлэх байгууламж тасралтгүй жигд ажиллаж, 2017 онд “Улаанбаатар нэгтгэл” ХХК-д зам талбайн угаалт цэвэрлэгээнд зориулан 5608 тн ус нийлүүлсэн байна. Энэ нь нийт цэвэршүүлсэн усны 5 хувь бөгөөд бусад цэвэршүүлсэн усыг Улаанбаатар хотын бохирын төв шугам руу нийлүүлж байна.

М-Си-Эс Проперти ХХК “Бид байгальд ээлтэй хамт олон” аян өрнүүлж байна

М-Си-Эс Проперти ХХК нь 2018 онд Байгаль орчны менежментийн тогтолцоо ISO14001:2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд компанийн нийт ажиллагсдад Байгаль орчны менежментийн сургалт зохион байгуулан оффисын хэмжээнд “Ногоон дүрэм” батлан хэрэгжүүлж, “Бид байгальд ээлтэй хамт олон” аяныг эхлүүлэн хэрэгжүүлж байгаа юм. Байгууллагын үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах нь “Бид байгальд ээлтэй хамт олон” аяны гол зорилго бөгөөд ажилтнуудад байгаль орчноо хайрлах зөв дадал эзэмшүүлэхээр хэмнэлтийн дадал зуршлыг бий болгож байна. Тодруулбал, цахилгаан эрчим хүч хэмнэх, цаасны хэрэглээг бууруулах, хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан хаях, дахин боловсруулах үйлдвэрт тушаах дадлыг хэвшил болгожээ. 

 

“Алтан дагина” цомын аялал Монгол Улсад анх удаа

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 21 дэх удаагийн тэмцээн ОХУ-д зохион байгуулагдах гэж байна. Дэлхийн аваргын тэмцээнийг угтаж аварга багийн хүртдэг “Алтан дагина” цомыг 51 орны 90 гаруй хотоор аялуулж байгаагийн нэг нь Монгол Улс юм. Анх удаа Монголд ирж буй цомыг хүлээн авах ёслолын ажиллагаа өнөөдөр Монголын хөлбөмбөгийн ногоон талбайд болж, Ерөнхийлөгч Х.Баттулга оролцлоо. Энэхүү цомд дэлхийн аваргын тэмцээнд түрүүлсэн баг, цом аялж буй улсын Ерөнхийлөгч гар хүрэх эрхтэй байдаг ажээ. “Алтан дагина” цомыг хүлээн авсан Ерөнхийлөгч Х.Баттулга “Дэлхийн хөлбөмбөгийн аваргын цом Улаанбаатар хотод ирсэн нь Монголын хөлбөмбөгийн спортын хөгжилд түлхэц өгч, тамирчид, сонирхогчид, хөгжөөн дэмжигчдийн урмыг нэмсэн, бахархлыг төрүүлсэн содон сайхан үйл явдал болж байна. Монголын хөлбөмбөгчид, хөлбөмбөгийн хорхойтнуудыг “Алтан цом”-той танилцуулах боломж олгон “Трофи тур” аялалыг Улаанбаатар хотоор дайруулах ажлыг зохион байгуулсан Олон Улсын хөлбөмбөгийн холбоо, Монголын хөлбөмбөгийн холбоо болон “Кока-Кола” компанийн удирдлагад талархал илэрхийлье” гэсэн юм.  Цом хүлээн авсны дараа Үндэсний шигшээ багийн тамирчид “Алтан дагина”-тай зургаа татуулж, урлаг, спортын оддын нөхөрсөг тоглолт боллоо. Түүнчлэн “М-Си-Эс Кока-Кола” ХХК 13:00-20:00 цагийн хооронд Шангри-Ла Молл худалдааны төвд “Алтан дагина” цомыг олон нийтэд нээлттэй үзүүлж, зураг авахуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Тавантолгойн ордын ашиглалтыг сайжруулна гэв

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өмнөговь аймаг дахь Тавантолгойн бүлэг ордод ажиллах үеэрээ “Энержи Ресурс” ХХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. “Энержи Ресурс” ХХК 2017 онд 4.4 сая тонн баяжуулсан нүүрсэн бүтээгдэхүүн экспортолж, борлуулалтын орлогыг өмнөх оноос дөрөв дахин нэмэгдүүлсэн. Мөн нүүрсний борлуулалтын дундаж үнийг 70 орчим хувиар өсгөж, тонн тутамд 130 ам.долларт хүргэсэн байна.

Ерөнхий сайдтай хийсэн уулзалтын үеэр тус компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл “Боомтын эргэлт удааширснаар нийлүүлэлтийн өртөг нэмэгдэж байна. Хэрэв Гашуунсухайт боомтын гацалт арилж, татан авалт сайжирвал үйл ажиллагаагаа хоёр дахин өсгөх бололцоотой” гэдгээ онцлоод нүүрс тээвэрлэх экспортын ганц гарцтай байх нь зөв эсэхийг бодолцох, боомт нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллах санал тавьсан байна.

Тавантолгойн орд, Гашуунсухайт-Ганц модны боомтын үйл ажиллагаатай танилцсаны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тавантолгойн ордын ашиглалтыг сайжруулах талаар ойрын хугацаанд УИХ-аар хэлэлцүүлэн, төмөр зам, автозам, цахилгаан станц зэрэг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ.

 

Байгаль орчинд ээлтэй био уут хандивлалаа

“М-Си-Эс Кока-Кола” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд байгалийн үзэсгэлэнт Богд хан уул, Хөвсгөл, Хан Хэнтийн уулсын тусгай хамгаалалттай газрууд, Хархорин зэрэг дотоод гадаадын жуулчид ихээр очдог газруудад био уутыг үнэ төлбөргүй түгээх санаачилгыг гарган, 2009 оноос хэрэгжүүлж байна. Байгалийн цогцолборт газрын унаган төрхийг хадгалан үлдэх, орчны бохирдлоос сэргийлэх зорилгоор хэрэгжүүлдэг уг санаачилгын хүрээнд өнгөрсөн хугацаанд 200 мянга орчим байгаль орчинд хоргүй, хурдан уусдаг, таван кг-ийн даацтай нано технологиор бүтээсэн био уутыг түгээгээд байгаа юм.

Энэ онд нийт 20 мянган хогны био уутыг байгалийн цогцолборт газруудад түгээхээр төлөвлөсөн бөгөөд эхний ээлжийн 500 ширхэг уутыг Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өглөө. Горхи-Тэрэлжийн Байгалийн цогцолборт газар нь Улаанбаатар хотын ундны цэвэр усны нөөцийн эх үүсвэрээс гадна жилдээ гадаадын 30 мянга, дотоодын 200 мянган жуулчин хүлээж авдаг аялал жуулчлалын гол бүс нутаг юм.
 

 

Футзалын дээд лиг өндөрлөлөө

“М-Си-Эс Кока-Кола” ХХК-ийн ивээн тэтгэн зохион байгуулсан Монголын хөлбөмбөгийн холбооны футзалын дээд лиг өндөрлөлөө. 2017 оны 12 дугаар сарын 3-наас эхэлсэн футзалын дээд лигийн өрсөлдөөн дөрвөн сарын турш сонирхолтой өрнөж, аваргууд тодорлоо. С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай “Унаганууд” клуб футзалын дээд лигт дөрөв дараалан түрүүлж, мөнгөн медалийг П.Мөнхбат дасгалжуулагчтай “Атлетик 220”, хүрэл медалийг “Хоромхон” клуб хүртэв.

Шилдгүүдийг тодруулахад “Унаганууд” клубын М.Чанцал шилдэг хаалгач, Э.Пүрэвдорж 55 гоол оруулсан амжилтаар шилдэг довтлогчоор шалгарлаа. Харин “Хоромхон” багийн ахлагч Х.Цэнд-Аюуш хамгаалалт, довтолгоонд жигд тоглолт үзүүлэн футзалын дээд лигийн “Шилдэг тэгш тоглогч” болжээ.

 

Орчлон сургууль, цэцэрлэг ISO 9001:2015 стандартыг бүрэн нэвтрүүлсэн боловсролын салбарын анхдагч байгууллага боллоо

Орчлон  сургууль цэцэрлэгийн цогцолбор боловсрол сургалтын байгууллага олон улсын ISO 9001:2015 стандартыг сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын салбарт анхлан хэрэгжүүлжээ. Олон улсын UKAS байгууллагын итгэмжлэл бүхий Швейцарийн “SGS” баталгаажуулалтын компанийн төлөөлөл хүрэлцэн ирж, чанарын стандартын гэрчилгээг гардуулах үйл ажиллагаа тус сургуулийн Хан-Уул дүүрэг дэх салбарт боллоо. Гэрчилгээ гардуулах үйл ажиллагаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Нийслэлийн боловсролын газар, Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс, “SGS” компанийн удирдлага, Орчлон сургуулийн менежментийн баг, багш нар болон тус сургуулийн эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

Энэ үеэр “SGS” компанийн захирал Cliff Zheng хэлэхдээ,“ISO 9001:2015 стандартыг зөвхөн сургалтын тогтолцоонд бус сургууль, цэцэрлэгийн бүхий л үйл ажиллагаа, удирдлагын тогтолцоонд бүрэн утгаар нь цогц нэвтрүүлж, хэрэгжүүлж байгаа Монгол дахь анхны боловсролын байгууллага бол Орчлон сургууль юм” хэмээн онцоллоо. “SGS” олон улсын баталгаажуулалтын байгууллага нь 1878 онд байгуулагдсан Швейцарьт төвтэй дэлхийн 148 оронд баталгаажуулалт хийдэг томоохон байгууллага юм.

Тус сургуулийн Ерөнхий захирал Д.Батмөнх үг хэлэхдээ, “Бид анх л сургуулиа байгуулахдаа үйл ажиллагаа нь олон улсын стандартын шаардлагад нийцсэн, сэтгэл зүй, оюуны, үйлийн таатай орчин бүрдсэн, дэлхийн боловсролыг Монголдоо эзэмших бүрэн боломжийг бүрдүүлсэн тийм л сургууль байх болно гэж зорьсон. ISO хэрэгжүүлнэ, нэвтрүүлнэ, баталгаажуулна гэдэг зөвхөн үүнд чиглээд тодорхой хугацаанд шинээр хийх ажил биш харин байнгын тогтмолжсон үйл ажиллагаагаа улам чанаржуулах, системчлэх, стандартчилах юм байна. Бидний хийж ирсэн бүх ажил, зорьж хэрэгжүүлсэн зорилго маань эл гольдролоор явж ирсэн” хэмээсэн юм.

Орчлон сургууль, цэцэрлэгийн цогцолбор боловсрол сургалтын байгууллага нь бүрэн дунд боловсрол олгох Монголын үндэсний болон Кембрижийн хөтөлбөр, сургуулийн өмнөх боловсрол олгох Монтессори хөтөлбөрөөр хичээллэдэг бөгөөд хос хэлтэй сургуулийн загвар болж, үндэсний боловсролын суурийг олон улсын боловсролын шилдэг технологи, арга зүйгээр баяжуулан амжилттай хэрэгжүүлж иржээ. Түүнээс гадна сурагчдын эрүүл мэнд, бие бялдрын зөв өсөлтийг дэмжсэн сурагчийн дүрэмт хувцас, эцэг эхийн цагийг хэмнэсэн нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, агаарын бохирдолыг багасгахад бага ч гэсэн хувь нэмэртэй сурагчийн автобусны үйлчилгээ гээд сургалтыг дэмжих бүх үйлчилгээ, үйл ажиллагаагаараа уг стандартыг хангаж байна.

Энержи Ресурс 2017 онд нүүрсний үнийг хамгийн өндрөөр тогтоов

Mongolian Mining Corporation буюу Энержи Ресурс компани 2017 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайлангаа албан ёсоор танилцууллаа. Өнгөрсөн онд тус компани түүхий нүүрс олборлож, дотооддоо боловсруулан, нийт 4.4 сая тонн баяжуулсан нүүрсэн бүтээгдэхүүн экспортолсон байна. Үүнээс 3.6 сая тонн нь баяжуулсан коксжих нүүрс, 0.8 сая тонн нь баяжуулсан эрчим хүчний нүүрс байжээ.

Тайлант хугацаанд 1 тонн  баяжуулсан коксжих нүүрсний үнийг дунджаар 130.3 ам.долларт хүргэж, өнгөрсөн оны түвшнээс 70 орчим хувиар өсгөснөөр тус компанийн борлуулалтын орлого 476 сая америк доллар буюу 1.2 их наяд төгрөгт хүрч өссөн байна.

Түүнчлэн тухайн жилийн нийт ашиг 202.6 сая ам.доллар гарсан бол зээлийн бүтцийн шинэчлэлийг амжилттай явуулснаар цэвэр ашиг нь 310 сая ам.доллар буюу760 тэрбум төгрөгт хүрч санхүүгийн үзүүлэлтүүд ихээхэн сайжирсныг тайланд онцолсон байна.
Энержи Ресурс компанийн 2017 оны санхүү, үйл ажиллагааны дэлгэрэнгүй тайланг ЭНД … дарж үзээрэй.

 

 

 

Ажлын байрны нээлттэй өдөрлөгт урьж байна

М-Си-Эс Группийн зарим компаниуд Нийслэлийн хөдөлмөрийн биржтэй хамтран “Ажлын байрны нээлттэй өдөрлөг” зохион байгуулж байна. Өдөрлөгийн хүрээнд М-Си-Эс Кока-Кола, Юнисервис Солюшн, ДДЭШ-ТВ ХХК-иуд болон Интермед эмнэлгийн Хүний нөөцийн албад 20 гаруй нэр төрлийн нийт 150 ажлын байранд ажилд орох хүсэлтэй иргэдийг бүртгэж байна. “Ажлын байрны нээлттэй өдөрлөг” Дүнжингарав худалдааны төвд энэ сарын 22-23-ны өдрүүдэд үргэлжилнэ.

“ДЦС-4” ТӨХК-ийн үр ашгийг дээшлүүлэх “MON P-10” төсөл хэрэгжиж байна

“М-Си-Эс Интернэйшнл” ХХК болон Японы “Мицүбиши Хитачи Повер Системс” компаниудын хамтарсан консорциум 2016 оны 1-р сараас Улаанбаатар хотын ДЦС-4 ТӨХК-ийн өөрчлөлт шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэхээр 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа билээ. Төсөл хэрэгжиж эхэлснээс хойшхи хугацаанд консорциумын мэргэжилтнүүд хуваарийн дагуу ажиллаж, төсөл 68 хувийн гүйцэтгэлтэй байна. 

Төслийн хүрээнд 1, 3, 5, 7-р зуух тус бүрт 24 ширхэг үнс үлээлгийн төхөөрөмж суурилуулж, тэдгээрийн дагалдах уурын болон агаарын шугам хоолойнууд, шат тавцан, цахилгаан автоматикийн угсралт, дулаалга төмөрлөгөөний болон туршилт тохируулгын ажлууд, чанарын болон санхүүжилтийн баримт бичгийн бүрдүүлэлт, 5 ба 7-р зуухнуудын тээрмийн өөрчлөлт шинэчлэлт, туршилт тохируулга, техникийн баримт бичиг бүрдүүлэлт зэрэг ажлыг бүрэн хийж дуусгажээ. Төслийн баг 1904 хүн/цаг аюул осолгүй ажиллаад байна.