Энержи Ресурс компани нэг тэрбум төгрөг хандивлалаа

M-Си-Эс Группийн 25 жил, Энержи Ресурс компани үйл ажиллагаагаа эхэлсний 10 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд Энержи Ресурс компани нийгэмдээ чиглэсэн, урт хугацаанд бодит өгөөж өгөх ажлуудыг өрнүүлж байгаа юм. 

Тодруулбал, тус компани Хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Лантуун Дохио ТББ-ын “Ид шидийн орон-2” төсөлд 740 сая төгрөг, нялхсын эрүүл мэндийн төлөө үйл ажиллагаа эрхэлдэг Эрүүл үрс, гэрэлт ирээдүй ТББ-ын “Говийн бүсийн аймгуудын хүүхдийн эрчимт эмчилгээний тасгуудыг нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах” төсөлд 370 сая төгрөг тус тус хандивласан байна. Ийнхүү үндэсний бүтээн байгуулагч компани 2018 онд нийт 1 тэрбум гаруй төгрөгийг Монголынхоо ирээдүй болсон хүүхэд багачуудын эрүүл мэнд, боловсролд зориуллаа.

Энержи Ресурс компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл “Ухаа худаг төслийг монгол залуучууд гардан хэрэгжүүлсний 10 жилийн ойг тэмдэглэхдээ бид нийгэмд тулгамдаж байгаа асуудлуудад анхаарч, хувь нэмрээ оруулахаар шийдвэрлэсэн. Улмаар нийгмийн өмнө тулгамдаад буй томоохон асуудал болох хүүхдийн эсрэг гэмт хэргийг бууруулах, хүүхдийн боловсрол, эрүүл мэндийн асуудлыг сайжруулахад иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг ухамсарлан энэ чиглэлд хөрөнгө оруулалт хийж байна” хэмээн онцолжээ.

“Ид шидийн орон-2” төслийг Баянзүрх дүүрэг, Улиастайн эцэст хэрэгжүүлэх бөгөөд нийт 4,200 мкв талбайд хүүхэд хамгаалал хөгжлийн төв, спорт комплекс, тоглоомын талбай, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, граж болон түр байрлах байрнаас бүрдсэн цогц төв байгуулах юм. Харин “Хүүхдийн эрчимт эмчилгээний тасгуудыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах” төслийн хүрээнд Говьсүмбэр, Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгуудын хүүхдийн тасгуудыг нярайн шарлагын аппарат, инкубатор, дуслын аппарат, билиметр зэрэг нэн шаардлагатай, олдоц, хүрэлцээ муутай тоног төхөөрөмжөөр хангана.

М-СИ-ЭСЧҮҮД АВЬЯАСТАЙ

М-Си-Эс Группийн 25 ойн хүрээнд зохион байгуулсан “MCS Got Talent” тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө.

Тэмцээний зохион байгуулагчаар М-Си-Эс Эстэйтс ХХК ажиллаж, группийн харьяа 20 гаруй компанийн авьяаслаг залуус оролцож, авьяас чадвар, ур ухаанаа сорин өрсөлдсөн байна. “Авьяаслаг М-Си-Эсчүүд” тэмцээнийг МУГЖ Ц.Чулуунбат, Төрийн соёрхолт дуучин Д.Болд, МУСТА Хийлч Ч.Дэлгэрцэцэг, Киви хамтлагийн ахлагч Д.Уламбаяр (Ука) нар шүүгчээр ажиллаж, “Авьяаслаг Монголчууд” шоуны нэг болон хоёрдугаар улирлын хөтлөгчид Г.Анхбаяр, Э.Ууганбаяр нар хөтөлж явууллаа. Тэмцээний дүн гарахад “Түрүүлж алхана” уриатай ICT №1 компани Юнител Группийн баг тэргүүн байр эзэлж, “Орчлон сургууль цэцэрлэгийн цогцолбор” боловсрол сургалтын байгууллага дэд байр, Юнисервис Солюшн ХХК гутгаар байранд тус тус шалгарлаа. Түүнчлэн “Энержи Ресурс” ХХК-ийн Үндэсний хөгжмийн хамтлаг, “М-Си-Эс Эстэйтс” ХХК-ийн ажилтан С.Одбаяр, М ХХК-ийн ажилтан М.Мөнх-Абдул, Анунгоо ХХК-ийн ажилтан З.Аззаяа, “Эрчим сүлжээ” ХХК-ийн ажилтан Б.Шинэбаяр нар онцгой авьяасаараа тодрон шүүгч, хөтлөгчдийн нэрэмжит шагналын эзэд боллоо.

Ухаа худагийн цахилгаан станц 100,000,000 кВт/цаг цахилгаан үйлдвэрлэжээ

Монгол инженерүүдийн барьж байгуулсан анхны цахилгаан станц болох Ухаа Худаг станц энэ онд 100.000.000 кВт/цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлээ.

Ухаа худагийн цахилгаан станц нь 2011 онд ашиглалтад орсон цагаасаа уурхайн болон дэд бүтцийн төслүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангахаас гадна төвийн эрчим хүчний системээс алслагдсан Өмнөговь аймгийн Цогтцэций сумыг тог цахилгаанаар найдвартай хангаж байна. Монголдоо анх удаа дотоодын чадварлаг инженерүүдийн ур ухаанаар боссон уг цахилгаан станц говь нутгийн онцлогт нэн тохиромжтой хуурай хөргөлтийн систем, усны “0” хэрэглээ гээд технологийн олон давуу талыг агуулсан тул одоогоор Монголд ажиллаж буй бусад цахилгаан станцуудтай харьцуулахад усыг 4-5 дахин хэмнэлттэй ашигладаг. Мөн цахилгаан станцын технологийн бүхий л шийдэл Дэлхийн Банк болон олон улсын байгууллагуудаас батлан гаргасан байгаль орчны стандартад бүрэн нийцдэг юм.

Уг станц ийнхүү гурван жил дараалан 100.000.000 кВт/цаг цахилгаан үйлдвэрлэсэн байна.

Энержи Ресурс компани салбартаа анх удаа менежментийн нэгдсэн тогтолцоог нэвтрүүллээ

“Mongolian Mining Corporation” буюу Энержи Ресурс компани Монголын уул уурхайн салбарт анх удаа Олон улсын стандартаар менежментийн нэгдсэн тогтолцоо нэвтрүүлснийг батламжилсан гэрчилгээгээ өчигдөр гардан авлаа. Олон улсын ISO стандартуудыг цогцоор нь, харилцан уялдаатайгаар, системийн  хэмжээнд үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг Менежментийн нэгдсэн тогтолцоо гэж нэрлэдэг. Энержи Ресурс компани,

Энэхүү ажлын хүрээнд ISO стандартын зөвлөх үйлчилгээг Монголын менежментийн зөвлөхүүдийн холбоо үзүүлж, баталгаажуулалтын аудитыг Францын Афнор групп болон түүний Монгол дахь итгэмжлэгдсэн аудит Монсертф ХХК-ийн мэргэшсэн аудиторууд гүйцэтгэжээ.

Олон улсын ISO стандартууд ийнхүү системийн хэмжээнд бүрэн нэвтэрснээр Монголын тэргүүлэгч уул уурхайн компанийн хувьд байр сууриа улам бэхжүүлж, засаглал, менежментийн  хувьд олон улсад улам бүр үнэлэгдэн баталгаажих, цаашлаад салбарын бусад компаниуд үйл ажиллагаандаа олон улсын стандартуудыг нэвтрүүлэх боломж өргөжин тэлэх гол ач холбогдолтой юм.

“Скай Резорт” компанийн 10 жилийн ой энэ онд тохиож байна

“Скай Резорт” цогцолбор байгуулагдсаны 10 жилийн ой энэ онд тохиож байна. М-Си-Эс Групп, Петровис компани, Скайтел Групп хамтран 2008 онд Скай Резорт компанийг байгуулан, 2009 онд Монголд анх удаа олон улсын стандартын цанын баазыг ашиглалтад оруулсан билээ. Улмаар 2012 онд дэлхийн аваргын стандартын гольфын талбайг нээж, 2016 онд Клаб Хаус, АСЕМ гэр болон АСЕМ хотхоныг ашиглалтад оруулан аялал жуулчлалын цогц үйлчилгээ бүхий цогцолборыг бий болгоод байна. Хамгийн сүүлд компанийнхаа 10 жилийн ойг тохиолдуулан амьд зүлэгтэй олон улсын стандартын хөлбөмбөгийн талбайг ашиглалтад оруулж, 8 дугаар сарын 26-нд албан ёсоор нээлээ.

Скай Резорт цогцолбор нь жилийн дөрвөн улирлын турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 1,2 сая өвлийн амрагч, 34 мянган гольфчдод үйлчилсний зэрэгцээ эх орныхоо нэр хүндийг өргөсөн томоохон арга хэмжээг хүлээн авч зохион байгуулж иржээ.

Түүнчлэн Скай Резорт цанын бааз нь байгуулагдсан цагаасаа эхлэн Биеийн тамир, спортын газар, Монголын Үндэсний Олимпийн хороо, Монголын Цанын холбоо зэрэг байгууллагуудтай хамтран Монгол Улсын тамирчдын амжилтыг олимп, тив, дэлхийн наадмын түвшинд хүргэхийг зорин ажиллаж, цана, гольфын 200 гаруй тэмцээнийг зохион байгуулж, тодорхой үр дүнд хүрч байна.

“Скай Резорт” компанийн Гүйцэтгэх захирал А.Батсуурь компанийнхаа 10 жилийн ололт амжилтыг дүгнэн хэлсэн үгэндээ: Эх орондоо хайртай үндэсний компаниудын хамтын хүчээр байгалийн үзэсгэлэнт Хүрхрээгийн аманд бүтээн байгуулсан Скай резорт бол Монгол улсын зүрх болсон Улаанбаатар хотыг дэлхийн хотуудын хэв шинж рүү аваачсан, иж бүрэн төлөвлөлттэй, аялал жуулчлал, амралтын цогцолбор төв болон өргөжсөнд баяртай байна. Сайхан эх орондоо илүү ихийг бүтээхийн төлөө бид тэмүүлсээр байх болно” хэмээсэн юм.

М-Си-Эс Группийн 2018 оны хөлбөмбөг, шатрын аваргууд шалгарлаа

М-Си-Эс Групп байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан Хөлбөмбөгийн болон Шатрын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө.

Группийн Шатрын аварга шалгаруулах тэмцээнийг М-Армор ХХК уламжлал ёсоор зохион байгуулсан бөгөөд тэмцээнд 19 компанийн 40 орчим шатарчид оюун ухаанаа сорин өрсөлдөө. Эрэгтэйчүүдээс М-Армор ХХК-ийн тамирчин Ж.Пүрэвдорж алт, BMS ХХК-ийн тамирчин С.Сод-Эрдэнэ, М-Си-Эс Проперти ХХК-ийн тамирчин Т.Түвшинтөр нар мөнгө, хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдээс Юнител Группийн тамирчин М.Янжидулам алт, М ХХК-ийн тамирчин М.Мөнхцэцэг, Скай Резорт ХХК-ийн тамирчин Д.Отгонбаяр нар мөнгө, хүрэл медаль хүртлээ. Шатрын аварга шалгаруулах тэмцээний Бодлогын аваргаар Скай Резорт ХХК-ийн Г.Амгаланбаатар тодорч, багийн дүнгээр Юнител Группийн баг нэгдүгээр байранд орж цомын эзэд боллоо.

ДДЭШ ТВ ХХК Хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг Скай Резорт ХХК 10 жилийнхээ ойд зориулан байгуулсан амьд зүлэгтэй стандарт талбайд зохион байгууллаа. Тэмцээнд 16 компанийн 13 багийн нийт 200 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс алтан медаль, “Шилжин явах цом“-ын эзнээр М-Си-Эс Кока-Кола ХХК тодорч, мөнгөн медалийг Юнител Групп, хүрэл медалийг М-Си-Эс Проперти ХХК хүртсэн байна. Тэмцээний “Шилдэг довтлогч”-оор М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн тамирчин Д.Ганбаяр тоглолтын турш нийт 10 гоол оруулсан амжилтаар шалгарсан бол “Шилдэг хамгаалагч”-аар М-Си-Эс Проперти ХХК-ийн тамирчин Н.Бэхболд хоёр дахь жилдээ тодорлоо. “Шилдэг хаалгач”-аар М-Си-Эс Интернэйшнл ХХК-ийн тамирчин С.Цэнд-Аюуш, “Шилдэг хагас хамгаалагч”-аар Юнител Группийн тамирчин Э.Мөнхбат нар тус тус шалгарлаа.

ДДЭШ ТВ ХХК тэмцээний үеэр ажилтан, албан хаагчдад гэр бүлээрээ эрүүл агаарт цагийг өнгөрүүлэх нөхцөл бүрдүүлэн “Гэр бүлийн өдөрлөг” зохион байгуулсан юм.

Гүний уурхайн чухал барилга байгууламж төслийг амжилттай гүйцэтгэлээ

М-Си-Эс Проперти ХХК хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлсэн Гүний уурхайн чухал барилга байгууламж төслийн сүүлийн хоёр чухал барилга байгууламж болох Гүний уурхайн засварын төв, Шатахуун дамжуулах системийн барилга байгууламжийг амжилттай дуусгаж, 2018 оны 09-р сарын 10-ны өдрийн Улсын комиссын шийдвэрээр байнгын ажиллагаанд хүлээн өглөө. Энэхүү чухал барилга байгууламжийг байнгын ажиллагаанд хүлээлгэн өгснөөр Гүний уурхайн бүтээн байгуулалтын дараагийн үе шатны ажлуудыг саадгүй явуулах нөхцөл бүрдэж байгаа юм.
“Гүний уурхайн чухал барилга байгууламж” төслийг амжилттай гүйцэтгэж, дуусгахад дэмжлэг үзүүлсэн Оюу толгой компанийн төслийн удирдлагын баг, Жакобс компанийн төслийн удирдлагын баг, бүтээн байгуулалтыг удирдан амжилттай гүйцэтгэж дуусгасан М-Си-Эс Проперти ХХК-ийн Төслийн багийн удирдлага, инженер техникийн ажилтан, албан хаагчдадаа баяр хүргэе.

“Энержи Ресурс” компани нүүрсний салбарын шилдгээр шалгарлаа

Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын “Coal Mongolia-2018″ чуулган есдүгээр сарын 4, 5-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Чуулган зургаан хэсэгтэйгээр үргэлжилж, салбарын өрсөлдөх чадвар, зам тээвэр, баяжуулалтын технологийн талаар илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлсний зэрэгцээ нүүрсний хаягдлыг байгаль орчинд ээлтэй байдлаар шийдвэрлэх, агаарын бохирдлыг бууруулах, нүүрсийг гүн боловсруулах, утаагүйжүүлэх шаардлагын хүрээнд салбарынхны авч буй арга хэмжээний талаар хэлэлцсэн байна. 

“Энержи Ресурс” компанийн Гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл чуулганы эхний хэсэг болох “Нүүрсний салбарын өрсөлдөх чадвар: Сорилт ба Боломж” салбар хуралдааны үеэр “Монгол Улс нүүрсний зах зээлд олдсон боломжоо ашиглаж чадах уу?” сэдвээр илтгэл тавьсан байна. Тэрбээр илтгэлдээ “Монголын эдийн засаг ердөө 10 тэрбум доллар. Үүнийг яаж 20, 30, 40 тэрбумын эдийн засаг болгох вэ гэдэг түвшинд ярьмаар байна. Эдийн засгаа татаж унагая л гээгүй бол нүүрс, зэсийг улстөржүүлэх хэрэггүй” хэмээн онцолжээ.

Хоёр өдөр үргэлжилсэн чуулган өчигдөр өндөрлөж, “Монгол Нүүрс Ассоциаци”-ийн дэргэдэх Хараат бус экспертүүдийн зөвлөл болон олон нийтийн цахим санал асуулгын дүнг нэгтгэн салбарын шилдгүүдээ шалгаруулжээ. Нүүрсний салбарын оны “Шилдгийн шилдэг”-ээр “Энержи Ресурс” компани шалгарч ГранПри шагналыг хүртлээ. Салбарын ТОП компанийг тодруулахдаа АМГТГ-аас ирүүлсэн олборлолтын мэдээ, Авто тээврийн үндэсний төвөөс гаргасан нүүрс тээврийн 2018 оны эхний 7 сарын гүйцэтгэлд үндэслэснээс гадна улсад төлж буй татвар, бүтээн байгуулалт, нийгмийн хариуцлага, орон нутгийн хамтын ажиллагаа зэрэг нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг голлон анхаарчээ.

“Энержи Ресурс” компанийн нүүрс борлуулалтын үнэ 15 хувиар өсчээ

“Mongolian Mining Corporation” (ММС) групп 2018 оны хагас жилийн санхүүгийн тайлангаа олон нийтэд танилцууллаа. 2018 оны эхний хагаст тус групп Ухаа худаг болон Баруун наран уурхайгаас нийт 4.3 сая тонн түүхий нүүрс олборлосноос 4.0 сая тонныг нь дотооддоо баяжуулж, 2.9 сая тонн баяжуулсан нүүрсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ. Үүнээс 2.4 сая тонныг Гашуунсухайтын боомтоор тээвэрлэн БНХАУ-д экспортолсон байна.

Тайлант хугацаанд баяжуулсан коксжих нүүрс 1.7 сая тонн, баяжуулсан хагас коксжих нүүрс 0.2 сая тонн, баяжуулсан эрчим хүчний нүүрс 0.1 сая тонныг тус тус борлуулснаас гадна баяжуулсан коксжих нүүрсний борлуулалтын үнийг  хамгийн өндрөөр тогтоон дунджаар 146.1 ам.долларт хүргэж, өнгөрсөн оныхоос 15 хувиар өсгөжээ. Ингэснээр компанийн оны эхний хагасын борлуулалтын орлого 270 гаруй сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 гаруй хувиар өссөн байна.

Энержи Ресурс компанийн хувьд Хятадын аж үйлдвэрийн гол зах зээлүүдэд хүрч, Бугатын гангийн үйлдвэр, Шэньхуа группийн Өвөр Монгол дахь коксын үйлдвэр гэх мэт эцсийн хэрэглэгчдэд бүтээгдэхүүн нийлүүлдэг юм.

http://mmc.mn/uploads/2018%20IR%20-%20Press%20Release%20Eng%20%EF%BC%88MMC%EF%BC%89.pdf 

Бутлуурын барилга байгууламжийг улсын комисс хүлээж авлаа

М-Си-Эс Проперти ХХК Оюу толгой Гүний уурхайн чухал барилга байгууламж төслийн хүрээнд газрын гадаргаас доош 1300м гүнд байрлах Хөндлөн нэвтрэлтээс гарсан чулуулаг зайлуулах БУТЛУУРЫН БАРИЛГА БАЙГУУЛАМЖийн ажлыг амжилттай дуусгалаа. Улсын комисс 2018 оны 8 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд ажиллан уг барилга байгууламжийг байнгын ажиллагаанд хүлээн авсан байна.

Гүний уурхайн төсөлд 2,000,000 хүн цаг аюул осолгүй ажиллалаа

М-Си-Эс Проперти ХХК-ийн Төслийн баг Оюу толгой “Гүний уурхайн чухал барилга байгууламж” төсөлд 2,000,000 хүн/цаг аюул осолгүй ажилласан түүхэн үйл явдлыг тэмдэглэн өнгөрүүллээ. Тус компани 2016 оны тавдугаар сарын 13-ны өдрөөс “Гүний уурхайн чухал барилга байгууламж” төсөлд оролцон 2 сая хүн цаг LTI Free ажилласан нь Оюу толгой төслийн хэмжээнд анхдагч төдийгүй дэлхийн адил хэмжээний гүний уурхайн төсөлд ховор тохиох үйл явдал юм.

Төслийн баг урт ба богино хугацаанд ажилласан 811 хүний бүрэлдэхүүнтэйгээр Оюу толгой болон Жакобс компанийн мэргэжилтнүүдтэй хамтран Шафт 1-ийн хацарт бутлуурын барилга байгууламж, галын болон хэрэглээний усан хангамжийн систем, уурхайн ус зайлуулах систем, түлш дамжуулах систем, тэсрэх бодисын агуулах, засварын цех, Шафт 2-ийн бутлуурын үйлдвэрийн хүдэр хадгалах савны суурийн металл хийц зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн юм. Төслийн хүрээнд нийт 929 гэрээг дотоодын ханган нийлүүлэгч компаниудтай хийж, 14,992 м.куб бетон цутгалт, 57,222 метр цахилгааны кабель, 50,132 метр холбоо дохиоллын кабель, 23,287 метр инженерийн шугам хоолой, 751,8 тн метал хийц угсралтын ажлуудыг хийж гүйцэтгэжээ.

Баярын үйл ажиллагаанд М-Си-Эс Группийн Ерөнхийлөгч Ж.Од, Жакобс ХХК-ийн Төслийн захирал Крис Локкетт, Барилга угсралтын захирал Трэвор Вайт, М-Си-Эс Холдинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Гантөмөр, М-Си-Эс Проперти ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваа-Очир нар оролцож, “Гүний уурхайн чухал барилга байгууламж” төсөлд гар бие оролцсон инженер техникийн ажилчид, хамт олонд баяр хүргэн, ажлын амжилт хүслээ.

Үйл ажиллагааны үеэр Жакобс ХХК-ийн Цахилгааны ахлах мэргэжилтэн Эд Пэйн “М-Си-Эс Проперти компанийг маш чадвартай, олон улсын томоохон компаниудтай зэрэгцэхүйц компани гэж үнэлдэг. Дэлхийн инженерчлэлийн арга аргачлал, шилдэг техник технологийг монгол инженерүүдэд сургах, эзэмшүүлэх, дэлхийн хэмжээний томоохон төслүүдийг монгол компани бие даан хэрэгжүүлэх суурь бэлтгэгдэж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.

“Тайшир” УЦС ашиглалтад орсны 10 жилийн ой тохиож байна

Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний томоохон бүтээн байгуулалтын нэг болох “Тайшир” УЦС ашиглалтад орсны 10 жилийн ой тохиож байна. Говь-Алтай аймаг дахь “Тайшир” усан цахилгаан станцын барилгын ажил 2004-2007 онд хийгдэж, 2008 оны наймдугаар сарын 08-ны өдөр анх цахилгаан үйлдвэрлэн Тайшир сумын төвийг хангаж эхэлсэн юм. “М-Си-Эс Интернэйшнл” компани уг төслийн Техник эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлын хяналтыг хийж гүйцэтгэсэн билээ.

Энэ сарын 8-ны өдөр болсон ойн баярын үйл ажиллагаанд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн оролцож баяр хүргэсэн байна. “М-Си-Эс Интернэйшнл” компанийн зүгээс төслийг хариуцан ажилласан Ц.Баасандорж, төслийг талбай дээр удирдан ажилласан Х.Батболд нар энэхүү үйл ажиллагаанд мөн оролцоод ирлээ.

Монгол Улсын эрчим хүчний салбарын түүхэн дэх шинэ ололт байсан уг цахилгаан станц 2007-2010 онд Говь-Алтай, Завхан хоёр аймгийн төв, 29 сумыг 1100 км цахилгаан дамжуулах шугамаар холбон 24 цагийн цахилгаантай  болгож, 10 жилийн турш найдвартай цахилгаанаар тасралтгүй хангаж байна.

“Тайшир” УЦС байгуулагдсанаар бус нутгийн эдийн засгийн хөгжилд таатай нөхцөл бүрдүүлсний зэрэгцээ байгаль орчинд эерэг нөлөөлөл үзүүлж байгаа юм. Тодруулбал, Эрээн нуурын түвшин хуучин түвшингээсээ илүү өндөр түвшинд хүрч нуурыг тойрсон эко систем сэргэжээ. Хиймэл Гэгээн нуур бий болсноор тухайн орчинд эко орчин бүрдэж, загас жараахай өсч үржин, усны шувууд саатан байрших газрын нэг болсон аж.

 

“Ухаа худаг 10 жил” наадам боллоо

Говь нутгийн өв, уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, нутгийн зон олонд хүндэтгэл үзүүлэх зорилготой Ухаа худаг наадам 7-р сарын 27-28-ны өдрүүдэд дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Наадамд улс, аймаг, сумын цолтой 128 хүчит бөх, өсвөрийн 32 бөх, “Энержи Ресурс” компанийн ажиллагсдын төлөөлөл 32 бөх хүч үзэн барилдсанаас үндсэн барилдаанд Улсын начин Ш.Дарханбат түрүүлж, Улсын арслан Д.Ганхуяг үзүүрлэлээ. Өсвөрийн бөхчүүдийн барилдаанд Дундговь аймгийн Сайнцагаан сумын О.Бүрэнбат түрүүлж, Цогтцэций сумын сурагч Б.Мягмарбаяр үзүүрлэсэн бол ажиллагсдын барилдаанд Энержи Ресурс компанийн Авто багийн жолооч Б.Батболд түрүүлж, мөн тус компанийн хүнд даацын автомашины жолооч Н.Амартүвшин үзүүрлэж наадамчин олноо баярлуулсан юм.

Үндэсний сурын харваанд улс, аймгийн цолтой, чансаа өндөр 101 мэргэн харваач, өсвөрийн 32 харваач оролцсоноос эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн төрөлд Аймгийн мэргэн, спортын мастер Э.Батсүх, эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн төрөлд спортын дэд мастер Х.Даваацэцэг, өсвөрийн эрэгтэй харваачдаас Т.Хаш-Эрдэнэ, эмэгтэй харваачдаас А.Ариун-Эрдэнэ нар тус тус түрүүлж, хурсан олноо баясгалаа.

Хурдан морины уралдаанд 12 аймгийн, нийт 9 насны 309 шандаст хурдан хүлэг уралдсанаас эрлийз морьдын дээд насанд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Б.Тогтохын хээр, дунд насанд Өмнөговь аймгийн Манлай сумын уяач Г.Батнямын хээр, бага насанд Төв аймгийн Бүрэн сумын уяач Д.Энхмэндийн сартай хээр, азарганы уралдаанд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач Э.Эрдэнэ-Очирын зээрд, их насанд Увс аймгийн Зүүнхангай сумын Ц.Баасандоржийн зээрд халзан, соёолон насанд Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Б.Шагдаржавын бор, хязаалан насанд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уяач Э.Бат-Эрдэнийн хул, шүдлэнд насанд Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын уяач Ц.Ууганбаярын хээр, дааган насанд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уяач О.Нэргүйн хонгор бүүдэн даага тус тус түрүүлж уясан эзэн, хурсан олон, унасан хүүхдээ баярлууллаа.

Шагайн харваанд улс, аймаг, сумын цолтой 27 багийн 216 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдсөнөөс багийн харваанд Монгол Улсын мэргэн Ч.Буянжаргалын баг 1-р байр эзэлсэн бол хурууны хувийн цуваа харваанд Дундговь аймгийн харьяат, Аймгийн гоц мэргэн А.Гомбо түрүүлж, бууны хувийн цуваа харваанд Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, Монгол Улсын хүндэт харваач Д.Шинэхүү тус тус түрүүлж, наадамчин олноо баясгасан юм.

“Замын-Үүд Гэгээн” нарны цахилгаан станц ашиглалтад орлоо

Монголын хамгийн том “Гэгээн” нарны цахилгаан станц Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ашиглалтад орлоо. Монгол Улсын 28,000 өрхийг эрчим хүчээр хангах 15 МВт-ийн “Гэгээн” цахилгаан станцын ерөнхий гүйцэтгэгчээр “М-Си-Эс Интернэйшнл” ХХК болон “Шарп” корпорацийн хамтарсан консорциум ажилласан юм.

Нийт 51,840 ширхэг нарны хавтантай уг цахилгаан станц жилд 32 сая кВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай, үйлдвэрлэсэн эрчим хүчийг төвийн шугамд холбох боломжтой. Цахилгаан станц ашиглалтад орсноор агаарт тархаж буй хүлэмжийн хийг 834 мянган тонноор буурч, 27 мянган тонн нүүрс, 202 мянган тонн усны хэрэглээг хэмнэх аж. Түүнчлэн байнгын 20 ажлын байр бий болж, 25 жилийн дотор 37.11 тэрбум төгрөгийн орлогыг улсын төсөвт оруулах тооцоо гарсан байна.

 

Сүүлийн 3 жилд ЖДБ эрхлэгчдээс 680 тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ

М-Си-Эс Групп сүүлийн 3 жилд ЖДБ эрхлэгчдийн 13 хувьтай хамтран ажиллаж, 680 тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ

М-Си-Эс Групп аливаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтдаа үндэсний компаниудаа бүхий л талаар дэмжин бараа, ажил үйлчилгээ худалдан авах замаар урт хугацааны үр өгөөжтэй хамтын ажиллагаа өрнүүлдэг. Сүүлийн гурван жилд дотоодын 6,155 аж ахуйн нэгж, 1730 хувь хүмүүстэй хамтран ажиллаж, тэдгээрээс нийтдээ 680 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авсан байна. Энэ нь 2015-2017 онуудад улсын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй нийт жижиг, дунд аж ахуй нэгжүүдийн 13 хувьтай хамтран ажилласан үзүүлэлт юм. Нөгөөтэйгүүр үндэсний нэг томоохон хувийн компани дотоодын аж ахуйн нэгжүүддээ 680 тэрбум төгрөгийн тендер хуваарилсныг харуулж байна. Ингэснээр тэдгээр аж ахуйн нэгжүүд тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдэн, 50,000 орчим шууд бус ажлын байр бий болгожээ.

М-Си-Эс Групп нь өнгөрсөн 25 жилийн хугацаанд үндэсний томоохон компани болон өргөжихдөө үйл ажиллагааныхаа улс орон, хүмүүст өгөх өгөөжийг эн тэргүүнд тавьж, нийгмийн ач холбогдлыг ямагт харгалзан үзэж ирсний бодит жишээ нь дээрх худалдан авалтын үйл ажиллагаа юм. Мөн ажлын байр олноор бий болгох, эдийн засгийн хүндрэлтэй үеүдэд тэдгээрийг тогтвортой хадгалах, хуулиар хүлээсэн татвар шимтгэлээ үнэнч шударгаар төлж, улсын төсвийн бүрдүүлэлтэд хувь нэмрээ оруулах зэрэг үзүүлэлтүүдээр хувийн хэвшлээ олон жил манлайлж нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж иржээ.

Дэлхийн аваргад тивээ төлөөлсөн монгол сагсчдад М-Си-Эс Групп баяр хүргэлээ

Филиппин улсын Манила хотод зохион байгуулагдсан ФИБА 3х3 ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцож, улмаар шилдэг наймд Ази тивээ төлөөлсөн цор ганц баг болж чадсан Монгол Улсын шигшээ “Улаанбаатар Хангарьд” багийн тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ. Дэлхийн 3×3 сагсан бөмбөгийн түүхэнд эх орныхоо нэрийг анх удаа гаргаж, Монгол Улсын багийн спортын түүхэнд цоо шинэ хуудас нээсэн бахархам амжилтыг үзүүлсэн шигшээ багийн хамт олонд баяр хүргэн, М-Си-Эс Групп, М-Си-Эс Кока-Кола ХХК 20 сая төгрөгийн шагнал гардууллаа.

М-Си-Эс Групп, ялангуяа М-Си-Эс Кока-Кола ХХК 2006 оноос өнөөдрийг хүртэл Монгол Улсад сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсийг тасралтгүй дэмжин өнгөрсөн хугацаанд нийт 3,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг сагсан бөмбөгийн спортод оруулсан билээ. М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Л.Мягмаржав “Сагсан бөмбөгийн 3х3 төрлийг Спрайт брэнд анх дэмжиж, Монголд үүсч хөгжих нөхцөлийг бүрдүүлж байсан бөгөөд өнөөдөр Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо дэлхийд чансаагаараа 5-т бичигдэж, Азийн аварга, Дэлхийн аваргын шилдэг найман багийн нэг хэмээх хүндтэй алдрыг хүртэхэд тулгуур болж, үнэтэй хувь нэмэр оруулсандаа баяртай байна. Спортоор дамжуулан Монгол орноо дэлхийд таниулах үйлсэд хичээн зүтгэж байгаа тамирчдаа манай групп цаашид ч дэмжин ажиллана” гэдгээ энэ үеэр онцолсон юм.

Монгол Улсын шигшээ багт 2020 оны Токиогийн олимпт оролцох бүрэн боломж бий. Шигшээ багийн тамирчин Готовын Цэнгүүнбаяр дэлхийд эрэмбээрээ 38-д, Даваасамбуугийн Дэлгэрням 39-т, Энхтайваны Цэрэнбаатар 47-д, Энхбатын Дөлгөөн 53-т тус тус бичигдэж, багаараа дэлхийн чансааны 5 дугаарт бичигдэж байна. Дашрамд сонирхуулахад, Монгол Улсын шигшээ багийг буулгаж авсан Сербийн шигшээ нь дэлхийд багийн эрэмбээрээ 1-т, тамирчин тус бүрийн эрэмбээр эхний 4-т бичигдэж буй хүчирхэг баг юм.

“MCS-25” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

“Дэлхийн хөгжлийг Монголд” цогцлоох эрхэм зорилготой М-Си-Эс группийн 25 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг тохиолдуулан Группийн харьяа компаниудын дунд Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. 20 дахь жилдээ зохион байгуулагдсан группийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд 18 компанийн 35 багийн нийт 400 орчим тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, эрэгтэй багийн төрөлд алтан медалийг Энержи Ресурс ХХК, мөнгөн медалийг М-Си-Эс Проперти ХХК, хүрэл медалийг Юнител ХХК хүртсэн байна. Харин эмэгтэй багийн төрөлд алтан медалийн эзнээр Юнител ХХК, мөнгөн медалийн эзнээр Анунгоо ХХК, хүрэл медалийн эзнээр М-Си-Эс Интернэйшнл ХХК-ийн баг тамирчид тодорлоо. Юнител ХХК багаараа амжилттай оролцон “Шилжин явах цом”-ын эзэд болсон юм. Тэмцээний шилдэг тоглогчдоор Энержи Ресурс ХХК-ийн Ө.Золбаяр, Юнител ХХК-ийн Б.Галцэцэг нар шалгарсан байна.
Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монгол Улсад сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсэд тууштай, тасралтгүй хувь нэмрээ оруулж буй М-Си-Эс Группийн хамт олон ийнхүү дотооддоо сагсан бөмбөгөөр өрсөлдөж, аваргуудаа шалгарууллаа.

Монгол Улсын шигшээ баг шагналт дөрөвдүгээр байранд шалгарлаа

ФИБА 3х3 “Улаанбаатар” дэлхийн Гранпри тэмцээн 6 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд нийслэл хотод амжилттай зохион байгуулагдлаа. Нийт 20 мянган ам.долларын шагналын сантай уг тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр М-Си-Эс Группийн “М-Си-Эс Кока-Кола” ХХК хамтран ажилласан юм.

“Ulaanbaatar Challenger 2018” тэмцээнийг Филиппин улсын Манила хотод энэ сарын 8-12-ны хооронд зохион байгуулагдах ФИБА 3х3 төрлийн 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “урьдчилсан тоглолт” хэмээн онцолж, улмаар чансаагаараа тэргүүлэгч Польш, ОХУ, Серб, Словени зэрэг орны багууд оролцсон байна. Хоёр хоногийн турш үргэлжилсэн тэмцээний тэргүүн байранд дэлхийн чансааны 4-т бичигдэж буй Словени улсын “Пиран” баг, 2-р байранд Австралийн “Мельбурн” баг, 3-р байранд Сербийн “Novi Sad” баг шалгарч, манай “Улаанбаатар Хангарьд” баг шагналт 4-р байранд орлоо.

“Ulaanbaatar Challenger 2017” Гранприд оролцсон амжилтаа ийнхүү ахиулсан “Улаанбаатар Хангарьд” шигшээ баг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өнөөдөр Филиппин улсыг зорилоо. Монгол Улсын шигшээ баг 2017 онд дэлхийн чансааны 197-д эрэмбэлэгдэж байсан бол 2018 онд 192 байр урагшилж, дэлхийн чансааны 5-д эрэмбэлэгдэж буй гайхалтай амжилтыг эзэмшиж байна.

 

М-Си-Эс Проперти компани Нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлсэн салбартаа анхдагч компани боллоо

“М-Си-Эс Проперти” ХХК 2017 оны гуравдугаар улирлаас Нэгдсэн менежментийн тогтолцоо буюу ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо, ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцоо, OHSAS 18001:2007 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн билээ.

Улмаар 2018 оны 1 дүгээр сарын 25-нд Олон улсын IAF (International Accreditation Forum) болон JAS-ANZ-ийн итгэмжлэгдсэн Австралийн BCert компаниар баталгаажсан ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны стандартын олон улсын гэрчилгээгээ хүлээн авсан. Тэгвэл Олон улсын ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцооны стандартын гэрчилгээг 2018.04.12-нд, OHSAS 18001:2007 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартын олон улсын гэрчилгээгээ 2018.05.14-нд тус тус гардан авч, Нэгдсэн менежментийн Олон улсын тогтолцоог нэвтрүүлж, баталгаажуулсан салбартаа анхдагч монгол компани боллоо.

Чанарын менежментийн тогтолцооны хүрээнд байгууллагын бүх үйл явцыг уялдуулах, ажлын давхардлыг арилгах,
Байгаль орчны менежментийн тогтолцооны хүрээнд оффисын цаасны хэрэглээг 3 хувь бууруулах болон эрчим хүчийг 10 хувь багасгах, хог хаягдлын 10 хувийг дахин боловсруулалтын компанид өгөх,
ХАБЭА-н менежментийн тогтолцооны хүрээнд осол гэмтлээс урьдчилан сэргийлэх замаар осол гэмтлийг тэглэх зорилт тавин ажиллаж байна. М-Си-Эс Проперти ХХК-ийн хамт олон зорилт хөтөлбөрүүдийг компанидаа хэрэгжүүлэхээс гадна гүйцэтгэгч компаниудад таниулан, хамтран ажиллаж эхэлжээ.

ФИБА 3х3 “Улаанбаатар” дэлхийн Гранпри зохион байгуулагдана

ФИБА 3х3 “Ulaanbaatar Challenger” дэлхийн Гранпри тэмцээн 6 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. “Улаанбаатар” дэлхийн Гранпри нь Токио 2020 олимпийн наадмын хөтөлбөрт багтсан 3х3 төрлийн баг тамирчдад Олимпийн эрхийн оноо олгох чансаа өндөр тэмцээнүүдийн нэг юм. Тэмцээнд дэлхийн аварга Сербийн шигшээ болон чансаагаараа тэргүүлэгч Словени, Австрали, Польш, ОХУ, Канад, Япон, Бразил, Индонез, Монгол зэрэг шилдэг 12 шигшээ баг оролцох бөгөөд эхний хоёр байрт шалгарсан багууд 10 дугаар сарын 13-14-ний хооронд Малайз улсад болох Дэлхийн Их дуулгын тэмцээнд оролцох эрх авах аж. Нийт 20 мянган ам.долларын шагналын сантай “Улаанбаатар” Гранпри тэмцээнийг М-Си-Эс Группийн М-Си-Эс Кока-Кола ХХК, Юнител ХХК-иуд болон Сэнгүр брэнд ивээн тэтгэж байна.