М-Си-Эс Кока-Кола компани түүхий нүүрсийг бүрэн халсан, хийн түлшний зуухтай Монгол Улсын анхны хүнсний үйлдвэр боллоо

М-Си-Эс Кока-Кола компани түүхий нүүрс шатаадаг технологийг бүрэн халж, хийн түлшээр ажилладаг уурын зуухыг ашиглалтад орууллаа.

Ингэснээр агаарын бохирдол үүсгэхгүй, байгальд ээлтэй (emission free) инженерингийн шинэлэг шийдэл бүхий төслийг амжилттай хэрэгжүүлсэн Монгол Улсын анхны хүнсний үйлдвэр болов.

Жилд 7,000 орчим тонн түүхий нүүрсийг хэрэглэхгүй болсноор М-Си-Эс Кока-Кола компани нь байгальд ээлтэй байх цогц хөтөлбөрийг шат дараалан хэрэгжүүлэх зорилтдоо хүрчээ. Тус зорилтынхоо хүрээнд 2010 онд үйлдвэрийн бохир ус цэвэршүүлэх байгууламжийг өөрийн хөрөнгөөр барьж, байгальд хаяж болохуйц цэвэршилттэй саарал усыг Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн төвлөрсөн системд нийлүүлж байсан билээ.

М-Си-Эс Кока-Кола компанийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав “Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй “Агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 43-р тогтоол, “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62-р тогтоол, Нийслэлийн Засаг даргын “Нам даралтын зууханд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” А/1377 захирамжийг компанийн түвшинд хэрэгжүүлэх боломжтой боллоо” гэж онцоллоо.

М-Си-Эс Кока-Кола компани нь М-Си-Эс Интернэйшнл компанитай хамтран төслөө хэрэгжүүлэхдээ Японы NTEC компанийн найман ширхэг ус халаах зуух, БНСУ-ын DAEYEOL компанийн дөрвөн ширхэг хийн түлшээр ажилладаг уурын зуухыг ашиглалтад оруулсан аж.

Эдгээр нь холбогдох дэд бүтэц бүхий бүрэн автомат, шингэрүүлсэн хийн түлшээр ажилладаг шинэ технологийн зуухнууд юм. Тоног төхөөрөмжийн суурилуулалт, туршилтын үе нь дэлхий дахинд цар тахал дэгдсэн хөл хориотой давхацсан тул тус компанийн удирдлагууд тоног төхөөрөмжийн нийлүүлэгч талуудтай харилцан тохиролцсоны үндсэн дээр тохируулга туршилтын ажлыг зайнаас удирдах виртуал хувилбарыг сонгосон нь Монгол инженерүүдийн ур чадварыг шалгасан, цаг хугацаа хэмнэсэн, дэвшилтэт технологиудыг нэвтрүүлсэн ажил болжээ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “Төвлөрсөн дулаан хангамжид холбогдоогүй, түүхий нүүрсээр ажилладаг зуухтай үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд шинэчлэл хийх сайн жишиг боллоо” хэмээн уг төслийн ач холбогдлыг үнэлсэн юм.

М-Си-Эс Кока-Кола компани нийгэм, байгаль орчиндоо ээлтэй бизнес эрхэлж, тогтвортой хөгжлийн зарчмыг тууштай баримталдгийн бас нэгэн жишээ энэхүү төслөөр үргэлжилж байна.

ОУСК-иас Монгол Улсын бизнесийн орчин, ажил эрхлэлтийг дэмжих зорилгоор М-Си-Эс группт зээл олголоо

Улаанбаатар, Монгол Улс, 2020 оны 12-р сарын 18

КОВИД-19 цар тахалд дэлхий нийтээр нэрвэгдэж буй энэ үед Дэлхийн Банкны гишүүн байгууллага болох Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК)-иас Монголын бизнесийн орчныг дэмжих стратеги зорилтын хүрээнд, М-Си-Эс Группт 130 сая ам.долларын урт хугацаатай зээл олголоо. Бизнесийн олон салбарт үйл ажиллагаа явуулдаг, 10 мянга гаруй ажилтантай, 20 мянга орчим жижиг дунд бизнес харилцагч, ханган нийлүүлэгчээр нь ажилладаг тус группт энэхүү зээлийг олгон цар тахлын хүнд үед ажлын байраа хадгалан, хөрөнгө оруулалтуудыг зогсоолгүй үргэлжлүүлэх боломж бүрдүүлснээр Монгол Улсын эдийн засагт чухал дэмжлэг болж байгаа юм.

М-Си-Эс Холдинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Гантөмөр “М-Си-Эс Групп нь ОУСК-тай олон жилийн турш найдвартай харилцаж ирсэн сайн түүхтэй. Энэ удаагийн зээл нь цар тахлын хүнд үед ард иргэдээ чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр таслалгүй ханган, хөрөнгө оруулалтуудаа үргэлжлүүлж, ажлын байраа хадгалахад нэн чухал шаардлагатай, цагаа олсон санхүүгийн дэмжлэг болж байна” гэж уг зээлийн ач холбогдлыг өндрөөр үнэллээ.

М-Си-Эс Групп нь эрчим хүч, инженеринг, харилцаа холбоо, үл хөдлөх хөрөнгө, уул уурхай, өргөн хэрэглээний барааны үйлдвэрлэл, худалдаа, эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй 20 гаруй компанийн 10 мянга гаруй ажилтантай, Монгол Улсын хамгийн том ажил олгогчдын нэг билээ. Түүнчлэн тус групп нь 20 мянга гаруй харилцагч, ханган нийлүүлэгчтэй бөгөөд тэдгээрийн дийлэнх нь жижиг дунд бизнес эрхлэгчид юм. Өнгөрөгч 2019 онд гэхэд М-Си-Эс Групп нь дотоодын 3,500 орчим аж ахуйн нэгж, хувь хүмүүсээс 450 сая ам.долларын бараа, ажил үйлчилгээг худалдан авсан байна.

ОУСК-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Руфат Алимарданов “Монголын эдийн засагт КОВИД-19 цар тахал хүндээр нөлөөлж байгаа энэ үед бизнесийн байгууллагуудыг богино болон урт хугацааны санхүүжилтээр хангах нь амин чухал ач холбогдолтой. Эгзэгтэй энэ цаг үед бизнесийн системийн хувьд чухал үүрэгтэй компанид зээл олгож байгаа нь ОУСК-ийн зүгээс цар тахлыг эдийн засгийн эрсдэл, хүндрэл багатай даван туулахад Монгол Улсыг тууштай дэмжих бодлогын тод илрэл юм”  гэлээ.

 


М-Си-Эс Группийн тухай

1993 онд үүсгэн байгуулагдсан М-Си-Эс Групп нь шилжилтийн он жилүүдэд олон салбарт бизнесийн үйл ажиллагаа эрхлэн, улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд тогтвортой хувь нэмэр оруулж ирсэн үндэсний томоохон компани юм. Эрчим хүч, инженеринг, харилцаа холбоо, үл хөдлөх хөрөнгө, уул уурхай, өргөн хэрэглээний барааны үйлдвэрлэл, худалдаа, эрүүл мэнд, аялал жуулчлал зэрэг салбарт 20 гаруй охин компанитайгаар үйл ажиллагаа эрхэлдэг тус группийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.mcs.mn цахим хуудаснаас авна уу.

ОУСК-ийн тухай

Дэлхийн Банкны гишүүн байгууллага болох ОУСК нь хөгжиж буй орнуудын хувийн хэвшлийг дэмжихэд төвлөрч ажилладаг хамгийн том хөгжлийн байгууллага юм. Бид дэлхийн 100 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хөгжиж буй орнуудад шинэ зах зээл болон боломжууд бий болгохын төлөө хөрөнгө санхүү, мэдлэг туршлагаа зориулан ажиллаж байна. 2020 оны санхүүгийн жилд бид хөгжиж буй орнуудын хувийн хэвшлийн компаниуд болон санхүүгийн байгууллагуудад нийт 22 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, улмаар хувийн хэвшлийн хүчээр нэн ядуурлыг арилгах, хүртээмжтэй хөгжлийг дэмжихийн төлөө өөрийн хувь нэмрээ оруулсан. Дэлгэрэнгүй мэдээллийг www.ifc.org сайтаас авна уу.

Холбоо барих

M-Си-Эс Холдинг
Хэвлэл мэдээллийн алба
+976 77778833

ОУСК

Jing Yu
Утас: +86 10 5860 3062
И-мэйл: jyu1@ifc.org

Цар тахлын үед бие, сэтгэлээрээ хүчтэй байцгаая #BeStrong

Коронавирусийн цар тахлын халдвар дотоодод тархаж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн онцгой цаг үед сайн үйлсийн төлөөх санал санаачилгад М-Си-Эс Групп идэвхтэй оролцож байна. Нэн тэргүүнд иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө цаг сунган эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа салбарынханд шаардлагатай тусламж, дэмжлэгийг хүргэхийг зорьж, #BeStrong уриан дор хандив тусламжийн аян өрнүүлж эхэллээ. Тухайлбал,

-Группийн хамт олны зүгээс ХӨСҮТ-ийн эмч, ажилтнуудын дархлааг дэмжих бүтээгдэхүүн, шаардлагатай тоног төхөөрөмжийг авахад зориулж 100 сая төгрөгийн хандив,

-Юнител группээс ЭМЯ, ХӨСҮТ, ОБЕГ, ЦЕГ, 21 аймгийн Онцгой комисс зэрэг байгууллагад 155 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлчилгээ,

-М-Си-Эс Кока-Кола компани дангаараа 28 сая төгрөгийн ус, ундаа, Тотал Дистрибюшин компанитай хамтран 21 аймгийн Онцгой комиссын ажилтан, албан хаагчдад 11.2 сая төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн,

-Энержи Ресурс компани Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Цогт-Овоо, Ханхонгор, Ханбогд сумдын Онцгой комисст нийт 22.5 сая төгрөгийн үнэ бүхий 1,500 ширхэг түргэвчилсэн тест хандивлалаа.

-М-Си-Эс Холдинг компанийн ажилтнууд #BeStrong аяныг дэмжиж, “Бодьзул” ТББ-тай хамтран Баянзүрх дүүргийн эмзэг бүлгийн 90 өрхөд сайжруулсан түлш, хоол хүнс хүргүүлэх ажлыг зохион байгуулаад байна.

Дотоодод цар тахлын халдвар тархсанаас хойших хугацаанд М-Си-Эс Группийн компаниуд нийт 320 гаруй сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ, бэлэн мөнгө хандивлаад байгаа бол он гарсаар нийт 580 гаруй сая төгрөгийн хандив, тусламжийг цар тахалтай тэмцэх үйлст зориулж албан байгууллага, хувь хүмүүст хүргээд байна.

“Өв Эрдэнэ” хөтөлбөрийн хүрээнд 1.7 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгоод байна

Үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалах зорилготой “Өв Эрдэнэ” хөтөлбөр 2019 оноос хэрэгжиж эхэлснээс хойш Чойжин ламын сүм болон Богд хааны ордон музей, Занабазарын музей, Амарбаясгалант хийд тэргүүтэй долоон төсөлд нийт 1.7 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгоод байна. Уг тэтгэлэгт хөтөлбөрийг М-Си-Эс Групп 25 жилийн ойгоороо санаачлан эхлүүлж, санхүүжүүлж байгаа бөгөөд хэрэгжүүлэгчээр Монголын Урлагийн Зөвлөл, хамтрагчаар БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газар, Соёлын өвийн үндэсний төв, дотоод гадаадын дурсгалт барилгын сэргээн засварлалтын зөвлөх экспертүүд ажилласан юм.

“Өв Эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд соёлын дурсгалт газрууд болон дурсгалт уран барилгын нөхцөл байдал эрсдэлийн судалгаа шинжилгээ, барилгын сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалтын төлөвлөлтийн чиглэлээр төслүүд хэрэгжүүлж байна. Тухайлбал:

  • Занабазарын музей ба Чойжин ламын сүм музейн Augmented reality AR дижитал үзмэр бүтээж өгч, ухаалаг нүдний шил ба Android, iOS таблетаар үзэх боломжтой болсон.
  • Амарбаясгалант хийдийн барилгыг биологийн бохирдлоос цэвэрлэж, хамгаалах төсөлийг 2019 онд хэрэгжүүлсэн.
  • “Дурсгалт уран барилгын оношилгоо ба сэргээн засварлалт” сургалтыг АНУ-ын мэргэжилтэн Стивен Келли 14 хоног зохион байгуулж, Монголын 30 гаруй мэргэжилтнүүдийг хамруулсан.
  • Богд хааны ордон музейн нийгмийн ба байгалийн хүчин зүйлсийн нөлөөллийн судалгааг 2019 онд Монголын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн.
  • Чойжин ламын сүм музейн барилгын эвдрэл гэмтлийн судалгаа, сэргээн засварлалтын зөвлөмж, хадгалалт хамгаалалтын менежмент төлөвлөгөө /CMP/-г АНУ-ын дурсгалт уран барилгын сэргээн засварлалтын архитектор Стивен Келли 2019-20 онд боловсруулсан.
  • Чойжин ламын сүм музейн 2 га эдэлбэр газрын тохижилтын төслийг нийт 1.1 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлж, 3000 бут сөөг бүхий 8500 м.кв ногоон байгууламж, 1500 м.кв авто зогсоол, 1600 м.кв явган хүний боржин чулуун замыг шинэчлэн байгуулж, сүмийн үзэмжийг тодруулсан барилгын фасад болон гадна орчны гэрэлтүүлэг суурилуулсан.
  • Чойжин ламын сүм музейн Ядам сүм ба Дунд хаалганы барилгын сэргээн засварлалтын зураг төсвийг боловсруулж сэргээн засварлахад бэлэн болгосон.
  • “Өв Эрдэнэ” хөтөлбөрийн үйл ажиллагааны хүрээнд Чойжин ламын сүм музейг Дэлхийн хөшөө дурсгалын сангийн “World Monuments Watch 2020” хөтөлбөрийн яаралтай хамгаалах шаардлагатай дэлхийн 25 дурсгалт газрын нэгээр бүртгүүлж, олон улсад сурталчлан таниулах ажлыг эхлүүлсний үр дүнд АНУ-ын Элчин сайдын нэрэмжит Соёлын өвийг хамгаалах сан /AFCP/-аас санхүүжилт бүрдүүлэн, Чойжин ламын сүм музейн Ядам сүмийн барилгыг 2021-2022 онд Дэлхийн хөшөө дурсгалын сантай хамтран сэргээн засварлахаар болсон

МУЗ-ийн тэргүүн Н.Жанцанноров “Чойжин ламын сүм музейн төсөл нь хувийн хэвшил, төрийн болон төрийн бус байгууллагуудтай үр дүнтэй хамтран ажиллаж, соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлалтад бодитой хувь нэмэр оруулах, цаашлаад гадаадын болон олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах сайн жишиг тогтоож байгаагийн тод илрэл боллоо” гэж төслийн ач холбогдлыг үнэлжээ.

М-Си-Эс Групп нээлттэй хувьцаат компани болох эхлэл тавигдлаа

2020 оны 8 дугаар сарын 24

Улаанбаатар хот, Монгол Улс

Эрчим хүч, инженеринг, мэдээлэл, харилцаа холбоо, үл хөдлөх хөрөнгө, уул уурхай, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эрүүл мэнд зэрэг салбарт 20 гаруй охин компанитайгаар үйл ажиллагаа эрхэлдэг М-Си-Эс Групп нь олон улсад тэргүүлэгч хөрөнгө оруулалтын сан болох Cerberus Capital Management /Cерберус/ компанитай хэлэлцээр хийж дууслаа. Уг хэлэлцээр эцэслэгдсэнээр, М-Си-Эс Группийн харилцаа холбоо болон өргөн хэрэглээний барааны салбарт үйл ажиллагаа эрхэлдэг 7 компанийн 20 орчим хувийг Серберус компани эзэмшихээр болж байна.

Анх 1992 онд байгуулагдсан Серберус компани нь өдгөө дэлхий даяар үйл ажиллагаа явуулж буй 20 гаруй салбараараа дамжуулан, 45 тэрбум ам.долларын хөрөнгийг удирдан зохицуулдаг олон улсын хэмжээний хөрөнгө оруулалтын сан болоод байгаа юм. Серберус нь компаниудад урт хугацаатай хөрөнгө оруулалт хийж, салбартаа тэргүүлэх үйл ажиллагааны арга, технологийг нэвтрүүлэх, инновацыг хөгжүүлж, бизнесийн тогтвортой өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлж ажилладгаараа нэр хүнд нь олон улсад танигдсан компани юм. Тус компанийн хөгжиж буй орнуудад үйл ажиллагаа эрхэлдэг Серберус Фронтиер салбар нь Ази, Африкийн эдийн засаг нь өсөлттэй яваа зарим улсад хийсэн хөрөнгө оруулалтаараа дэлхийд тэргүүлдэг бөгөөд хөрөнгө оруулсан компаниудтайгаа тулж ажиллан, бизнесийн өсөлтийг хангахад нь бодитой дэмжлэг үзүүлдэг.

М-Си-Эс Групп нь өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд гадаадын хөрөнгө оруулагч, брэндүүдтэй амжилттай хамтран ажиллаж, технологийн дэвшил, ноу-хауг Монголдоо нутагшуулах, олон улсын жишигт нийцсэн компанийн засаглал, нийгмийн хариуцлагын хэм хэмжээг баримтлахыг зорьж ирсэн. Тус Группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал хэлэхдээ, “Энэхүү гэрээг байгуулснаар М-Си-Эс Групп зарим бизнесээ нэгтгэн олон улсад болон дотооддоо нээлттэй хувьцаат компани болгох эхлэл тавигдаж байна. Энэхүү түншлэлийн үр дүнд бид компаниудынхаа санхүүгийн чадвараа сайжруулахаас гадна дэлхийд тэргүүлэх шинэ, шилдэг туршлага, стандарт, технологийг нэвтрүүлэн бизнесийн үр өгөөж, өрсөлдөх чадварыг улам бүр дээшлүүлэн олон улсын түвшинд өрсөлдөх Монгол компанийг бий болгож чадна гэдэгт эргэлзэхгүй байна.” хэмээн онцоллоо.

Серберус Фронтиер компанийн Гүйцэтгэх захирал Александр Бенард, “Манай компани Монгол Улсад олон жил ажиллаж, арвин туршлага хуримтлуулсан бөгөөд М-Си-Эс Групптэй байгуулсан энэхүү түншлэлдээ туйлын сэтгэл хангалуун байна. Монгол Улсын эдийн засгийн хөгжил, хэрэглээний чиг хандлагад үндэслэн М-Си-Эс Группийн харилцаа холбоо, өргөн хэрэглээний барааны бизнест өсөлт, хөгжлийн өргөн боломж бий гэдэгт бид итгэлтэй байгаа. Энэхүү боломжийг олон улсын түвшинд хуримтлуулсан манай тэргүүн туршлага, үйл ажиллагааны чадавхтай хослуулснаар эдгээр бизнесүүдийг улам илүү амжилтад хүргэхийг зорих болно” гэв.

Ийнхүү олон улсын хөрөнгө оруулалтын сантай түншилснээр М-Си-Эс Групп нь Дэлхийн хөгжлийг Монголд цогцлоох эрхэм зорилгоо  батжуулж, бизнесийн өсөлтөө нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн чиг баримжаатай улам бүр нийцүүлэн ажиллахад нэгэн чухал алхам боллоо.

 

М-Си-Эс Группийн тухай

1993 онд үүсгэн байгуулагдсан М-Си-Эс Групп нь эрчим хүч, инженеринг, мэдээлэл, харилцаа холбоо, үл хөдлөх хөрөнгө, уул уурхай, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, эрүүл мэнд зэрэг салбарт 20 гаруй охин компанитайгаар үйл ажиллагаа эрхэлдэг. Группийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.mcs.mn цахим хуудсаар зочлоорой.

Серберус компанийн тухай

1992 онд үүсгэн байгуулагдсан Серберус компани нь 45 тэрбум ам.долларын хөрөнгийг удирдан зохицуулдаг дэлхийд тэргүүлэгч хөрөнгө оруулалтын компани юм. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.cerberus.com цахим хуудаснаас аваарай.

 

Холбоо барих

M-Си-Эс Холдинг
Хэвлэл мэдээллийн алба
+976 77778833

Серберус компани

Ronald Low / Genevieve White

Sard Verbinnen & Co.

rlow@sardverb.com / gwhite@sardverb.com

+852 3842 2200

 

Тотал Дистрибюшин, М-Си-Эс Кока-Кола компаниуд парк шинэчлэлт хийлээ

М-Си-Эс Группийн хүнс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, борлуулагч компаниуд 2010 оноос эхлэн тээвэр түгээлтийн үйл ажиллагаандаа албан ёсны борлуулагчаар дамжуулан үйлдвэрээс шинээр гарсан цоо шинэ автомашин худалдан авч парк шинэчлэлтээ тогтмол хийж ирсэн билээ. Ажилтнуудынхаа ажиллах нөхцөлийг сайжруулах, улмаар агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах хүрээнд нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн жил бүр парк шинэчлэлт хийж байна. Энэ удаад ачаалал даах чанартай, аюулгүй ажиллагаатай ISUZU маркийн 34 ширхэг автомашиныг Номин моторс ХХК-иас хүлээн авч М-Си-Эс Кока-Кола, Тотал Дистрибюшин ХХК-иудад түлхүүр гардуулах ёслол өчигдөр боллоо. Номин Моторс ХХК нь ISUZU автомашинуудыг Монгол орны нөхцөлд ашиглахад зориулан захиалагчийн техникийн шаардлагын дагуу Япон улсад захиалгаар үйлдвэрлүүлэн хүлээлгэж өгсөн юм.

2019 онд 513 тэрбум төгрөгийн татвар, шимтгэл төлжээ

М-Си-Эс Групп 2019 онд 513 тэрбум төгрөгийн татвар, шимтгэл төлжээ

2019 оны “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийг шалгаруулахад М-Си-Эс Группээс Энержи Ресурс (5), М-Си-Эс Кока-Кола (27), Юнител (37), М-Си-Эс Проперти (65), Юнивишн (69), Тотал Дистрибюшин (80), М-Си-Эс Интернэйшнл (90), Юнисервис Солюшн (98) компаниуд байр эзэлжээ.

М-Си-Эс Групп өнгөрөгч онд 513 тэрбум төгрөгийн татвар, шимтгэл төлсөн нь өмнөх жилээс 174 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Мөн онд нийт 1.8 их наяд төгрөгийн худалдан авалт хийснээс дотоодын 3200 аж ахуйн нэгж, байгууллага, 662 хувь хүнээс 1.2 их наяд төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авсан байна. Тус групп нь 10 мянга орчим үндсэн ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж, 20 мянга гаруй шууд болон шууд бус ажлын байр бий болгожээ.

2019 онд нийгмийн хариуцлагын чиглэлээр 90 гаруй төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 17.5 тэрбум төгрөг зарцуулсан байна. Тухайлбал, Энержи Ресурс компани Улаанбаатар хотын утааг бууруулахад бодит дэмжлэг үзүүлж 11.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий 710,000 тонн нүүрсийг үнэ төлбөргүй нийлүүлжээ.

М-Си-Эс группээс “Өв Эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Богд хааны ордон музейн уран барилгын эрсдэлийн нөлөөллийн судалгаа, Амарбаясгалант хийдийн барилгыг биологийн эрсдэлээс хамгаалах төслүүдийг гүйцэтгэсэн бол Чойжин ламын сүм музейн орчны тохижилтын төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.

Агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ орууллаа

Энержи Ресурс компани Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлыг дэмжин сайжруулсан түлшний түүхий эд болох Ухаа худагийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсийг “Тавантолгой түлш” компанид үнэ төлбөргүй нийлүүлж байна. 2018 оноос эхлүүлсэн энэ төсөлд хоёр жилийн хугацаанд нийт 13 тэрбум төгрөгийн үнэ бүхий 800 мянган тонн эрчим хүчний угааж баяжуулах нүүрсийг үнэ төлбөргүй нийлүүлэн нийслэл хотын утааг багасгаж, агаарын бохирдлыг бууруулах үйлсэд бодитой хувь нэмэр орууллаа. Сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын чанар өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад PM10 тоосонцор 53 хувиар, PM2.5 тоосонцор 43 хувиар буурч нийслэлчүүдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хангагдаж байна.

2020 оны дэлхийн онцлох 25 дурсгалт газрын нэг Чойжин ламын сүм музейн Watch Day өдөрлөг

“Өв Эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөрийн Чойжин ламын сүмийн хадгалалт хамгаалалтын төслийн багаас World Monuments Watch хөтөлбөрт Чойжин ламын сүм музейг нэр дэвшүүлснийг АНУ дахь Дэлхийн хөшөө дурсгалын сангийн бие даасан шинжээч-олон улсын экспертүүд дэмжиж, 2020 оны дэлхийн онцлох 25 дурсгалт газрын нэгээр сонгосон билээ. World Monuments Watch 2020 хөтөлбөрт шалгарсан 22 улсын 25 дурсгалт газрууд нь хотжилт, хэт барилгажилт, гэнэтийн осол, байгалийн гамшиг, буруу менежмент, улс төрийн үймээн самуун, мөргөлдөөний улмаас эрсдэлд ороод буй юм.

https://www.wmf.org/2020Watch

Эдгээрийн адил Чойжин ламын сүм музей нь хотжилт, хэт төвлөрөл, бодлогогүй төлөвлөлт, хөрөнгө санхүүгийн гачигдлаас болж эрсдэлд орсон түүх соёлын дурсгалт газрын нэгээр сонгогдож олон улсын тусламж хандив, сэргээн засварлалтын мэргэжилтнүүдээс техникийн туслалцаа авах боломж бүрдээд байгаа билээ.

https://www.wmf.org/project/choijin-lama-temple

Соёлын өвийг хамгаалахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монголын Урлагийн Зөвлөл, Чойжин ламын сүм музей нь Дэлхийн хөшөө дурсгалын сантай хамтран World Monuments Watch 2020 хөтөлбөрийн хүрээнд “Watch Day” өдөрлөгийг цахим орчинд 2020 оны 5 дугаар сарын 17-нд зохион байгуулах гэж байна.

https://www.wmf.org/watch-day

Энэхүү арга хэмжээ нь олон улсын хандивлагч нарт Чойжин ламын сүм музейг цахим орчинд сурталчлан таниулах замаар сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалтын төсөлд дотоод гадаадын хөрөнгө оруулалтыг татах, олон улсын сэргээн засварлалтын мэргэжилтнүүдээс техникийн зөвлөмж туслалцаа авахад түлхэц болох юм.

“Watch Day” өдөрлөгийн  хөтөлбөр:

  • Сүм хийдийн барилга архитектур сэдэвт онлайн тайлбарт аялал
  • Цаасан шуумалаар цамын маск урлах цахим сургалт
  • Чойжин ламын сүмд байсан ч хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд устаж үгүй болсон чулуун дурсгал, сүмийн барилгыг виртуал орчинд сэргээн босгосон AR үзмэрийн нээлт
  • “Өв Эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөрийн 888 мод тарих ажил
  • Архивын гэрэл зургийн үзэсгэлэн

Монголын Урлагийн Зөвлөл нь 2020 онд музейн эдэлбэр газарт буюу хэрмэн хашаанаас 7350 мкв талбайд 3500 мкв ногоон байгууламж, 1100 мкв явган хүний боржин чулуун зам, 50 машины авто зогсоолыг М-Си-Эс Группийн “Өв Эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилтээр шинээр байгуулж буй бөгөөд музейн хандивлагч дэмжигчдийг 5 дугаар сарын 17-25 нд 888 мод бут тарих үйлсэд оролцуулж байгааг дуулгахад таатай байна.

Төрийн сахиусны өргөө 112 жилийн түүхтэй Чойжин ламын сүмийн барилгыг сэргээн засварлах, музейн үзэгчдэд тав тухтай орчныг бүрдүүлж, соёлын өвөө хамгаалах их үйлсэд хувь нэмрээ оруулахыг байгууллага хүн бүхэнд уриалан сошиал медиа сувгаар дараах түлхүүр үгсийг дурдан Монголынхоо соёлын дурсгалын үнэ цэн, ач холбогдлыг олон нийтэд түгээн бидэнтэй хамтран ажиллахыг төслийн баг хамт олны зүгээс уриалж байна.