М-Си-Эс Группийн дөрвөн компани “Энтрепренер” шагналын эзэд боллоо
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуйн нэгжийг шалгаруулдаг “Entrepreneur-2023” арга хэмжээнээс М-Си-Эс Группийн охин болон хөрөнгө оруулалттай дөрвөн компани шагнал хүртлээ.
Тус шалгаруулалтын “Оны шилдэг аж ахуйн нэгж”-ээр М-Си-Эс Кока-Кола, Энержи Ресурс компаниуд шалгарч мөнгөн Меркуригийн эзэд болсон бол Эрчим сүлжээ компани “Эрчим хүчний салбарын Энтрепренер”, Мэтагро компани “Хөдөө аж ахуйн салбарын Энтрепренер”-ээр тус тус шалгарч, шагнал хүртлээ. Түүнчлэн М-Си-Эс Кока-Кола компани “Тогтвортой үйлдвэрлэлийн менежмент нэвтрүүлэгч Энтрепренер”-ээр өргөмжлөгдөж, Меркури цомын эзэн болсон юм.
М-Си-Эс Кока-Кола компани нь усны эх үүсвэрийн нөөцийг хамгаалах, усны үр ашигтай хэрэглээг дээшлүүлэх зорилтынхоо хүрээнд дотоод аудитыг тогтмол хийхээс гадна Түүнчлэн нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ялгарах хүлэмжийн хийн хэмжээгээ тооцож, эрчим хүчний хэмнэлтийн төлөвлөгөө, зорилт дэвшүүлэн шат дараалалтай арга хэмжээг авч эхэлснээр хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувиар бууруулах Монгол Улсын зорилтод өөрийн хувь нэмрээ оруулж байна.
М-Си-Эс Группийн хөрөнгө оруулалттай Мэтагро компани нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг Чандганы талд дэлхийн жишигт хүрсэн үхэр бордох аж ахуй, тэжээлийн аж ахуй, мал төхөөрөх үйлдвэр, ухаалаг газар тариалан бүхий хөдөө аж ахуйн цогцолборыг байгуулж, бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж эхлээд байна. Мэтагро компани нь эрчимжсэн мал аж ахуйн цогцолбортоо байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа эрхэлж, хүнсний аюулгүй байдлыг хангахад шаардлагатай хөрөнгө оруулалт, техник, технологийн шийдлийг нэвтрүүлж, ажиллагсдадаа өндөр бүтээмжтэй, тав тухтай, эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амрах нөхцөлийг бүрдүүлэхийг чухалчлан ажилладаг.
Энержи Ресурс компанийн хувьд орон нутгийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж, 2023 онд дэд бүтэц, тогтвортой хөгжлийг дэмжих төсөл хөтөлбөр болон орон нутгийн худалдан авалт, хандив тусламж хэлбэрээр 30 гаруй тэрбум төгрөгийг олгосноос гадна Цогтцэций сумыг 24 цагийн тог цахилгаан, ундны цэвэршүүлсэн усаар хангаж буй юм.
Эрчим сүлжээ компани нь тогтвортой хөгжлийн зорилгуудыг үйл ажиллагаанд нэвтрүүлэн, технологийн шинэчлэлийг салбартаа нэвтрүүлэхээр зорин ажилладаг. Тус компани хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмрээ оруулахаар дэлхий дахинд өргөн хэрэглэгдэж буй цахилгаан автомашины цэнэглэгчийн дэд бүтцийг бий болгох цогц төслийг хэрэгжүүлж, 2023 онд таван байршилд цэнэглэгчээ суурилуулаад байна.