М-Си-Эс Групп БНСУ-ын тэргүүлэгч дижитал банк КакаоБанктай стратегийн түншлэл байгууллаа

2026 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үеэр КакаоБанкнаас М банканд стратегийн хөрөнгө оруулалт хийхийн зэрэгцээ кредит скорингийн загварыг илүү боловсронгуй болгох, бүтээгдэхүүний зөвлөх үйлчилгээ зэрэг олон чиглэлд талууд хамтран ажиллахаар тохиролцлоо. М банк нь М-Си-Эс Группийн хөрөнгө оруулалтаар 2022 онд үүсгэн байгуулагдсан Монголын анхны бөгөөд цорын ганц дижитал банк юм.

КакаоБанк нь Тайланд, Индонез зэрэг Зүүн Өмнөд Азийн зах зээлд хамтын ажиллагааг бэхжүүлж, үйл ажиллагаа нэвтрүүлсэн туршлагадаа үндэслэн Төв Азийн зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээгээ нэвтрүүлэхээр зорьж буй бөгөөд энэхүү түншлэлийн хүрээнд М банк нь олон улсын түншүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлээд зогсохгүй, дижитал банкны олон улсын шилдэг туршлагыг бүтээгдэхүүн, үйлчилгээндээ тусгах боломж бүрдэж байна.

КакаоБанкны зээлийн онооны загвар нь эрсдэлийн удирдлагын системд үндэслэн дунд болон бага зээлийн түүхтэй, зээлийн түүхгүй харилцагчдад 15 их наяд гаруй вонын зээл олгосон бөгөөд хамтын ажиллагаагаар дамжуулан КакаоБанк энэхүү технологи болон туршлагаа Монголын зах зээлд хуваалцах юм.

Монгол Улсын интернэт хэрэглээний түвшин, санхүүгийн дэд бүтцийн хөгжлөөс хамааран дижитал банкны салбар хөгжих бүрэн боломжтой зах зээл юм. Гэвч хэрэглээний дундаж нас 31.5 байгаа нь хүн амын зээлжих онооны үнэлгээ хийхэд хангалттай санхүүгийн түүхгүй байх магадлалыг бий болгож байна. Иймд хоёр байгууллагын хамтралын дүнд алтернатив кредит скоринг-д суурилсан шинэ зээлийн үнэлгээний системийг хамтран хөгжүүлэх боломжийг нээж байна. Түүнчлэн КакаоБанк нь харилцаа холбоо, санхүү, жижиглэн худалдаа гэх мэт олон салбарт үйл ажиллагаа явуулдаг М-Си-Эс Групптэй хамтран Монголын зах зээлд тохирсон алтернатив кредит скоринг моделийг хөгжүүлж, Монгол Улсын дотоодын санхүүгийн тогтолцоонд инновацлаг экосистемийг бий болгохоор төлөвлөж байна.

М-Си-Эс Инвестмент ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Мягмаржав “КакаоБанктай хамтран ажилласнаар Солонгосын тэргүүлэгч, дижитал банкны шинэлэг технологи, санхүүгийн туршлагыг Монголдоо нэвтрүүлэх боломж бүрдэж буй бөгөөд стратегийн түншлэлийг бэхжүүлж, банк, санхүүгийн салбарт шинэ туршлагыг нэвтрүүлж буйд таатай байна” хэмээн онцоллоо.

М банкны Гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн “Энэхүү стратегийн түншлэл нь Монголын санхүүгийн салбарт шинэ стандарт тогтоож, илүү хүртээмжтэй, ухаалаг шийдлүүдийг харилцагчдадаа хүргэнэ гэдэгт итгэлтэй байна” гэж тэмдэглэв.

КакаоБанкны Гүйцэтгэх захирал Юн Хо Юнг “КакаоБанкны технологи, эрсдэлийн удирдлагын тогтолцоог Монголын зах зээлд амжилттай нэвтрүүлснээр Монгол иргэдийн санхүүгийн хүртээмжийг сайжруулах, Монгол Улсын дижитал санхүүгийн инновацыг хурдасгахад хувь нэмрээ оруулахыг зорьж байна. Цаашлаад энэхүү хамтын ажилагаа нь бидний Төв Азийн зах зээлд нэвтрэх үндэс суурийг тавьж, дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа өргөжүүлэх том боломж гэж харж байна” хэмээн онцолсон юм.

“MCS Internship 2026” цалинтай дадлагажих хөтөлбөрөө зарлаж байна

Их, дээд сургуулийн оюутан залууст ажлын гараагаа зөв, системтэй эхлүүлж, бодит туршлага хуримтлуулангаа өөрийгөө хөгжүүлэх, шилдэг мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, бизнесийн байгууллагын соёлд суралцах боломж олгодог “MCS Internship 2026” цалинтай дадлагажих хөтөлбөрийн бүртгэл эхэлж байна.

2022 оноос хэрэгжүүлж буй “MCS Internship” хөтөлбөрийн хүрээнд их, дээд сургуулийн 220 гаруй оюутан М-Си-Эс Группийн компаниудад цалинтай дадлагажиж, үндсэн ажилтнаар ажиллах санал авсан оюутнууд үргэлжлүүлэн амжилттай ажиллаж байгаа юм.

“MCS Internship” хөтөлбөрт хамрагдсанаар оюутан залуус практикт суурилсан ажлын бодит туршлага болгон хуримтлуулахаас гадна хувь хүний хөгжлийн сургалт, олон нийтийн ажилд оролцож, М-Си-Эс Группийн менторуудаас зөвлөгөө аван танилын хүрээгээ тэлэх зэргээр дадлагын гурван сарын хугацааг үр бүтээлтэй өнгөрөөх юм. Түүнчлэн М-Си-Эс Группийн компаниудад үндсэн ажилтнаар үргэлжлүүлэн ажиллах боломж бий.

Хөтөлбөрт бүртгүүлэхэд тавигдах шаардлага:

  • Их, дээд сургуулийн 3, 4-р курсийн оюутан байх
  • Голч дүн 2.8 ба түүнээс дээш байх

Хөтөлбөрт хамрагдах мэргэжлийн чиглэл:

  • Барилгын инженер
  • Бизнес хөгжил
  • Борлуулалт
  • Инженер техник
  • Контент медиа, дизайн
  • Маркетинг
  • Механикийн инженер
  • Мэдээллийн технологи, программ хангамж
  • Нягтлан бодох бүртгэл
  • Олон нийтийн харилцаа
  • Санхүү, өгөгдлийн сан
  • Тээвэр ложистик
  • Үйлдвэрлэл
  • Худалдан авалт
  • Хууль, эрх зүй, нийцэл
  • Хүний нөөц, захиргаа
  • Цахилгааны инженер
  • Эрсдэлийн удирдлага

Хөтөлбөрт бүртгүүлэх холбоос: careers.mcs.mn

Бүртгэлийн хугацаа: 2026 оны 4 сарын 20-ны өдрийг дуустал
Сонгон шалгаруулалт: 2026 оны 4 сар

Хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Имэйл: hrmanager@mcs.mn
Утасны дугаар: 7777 8833

М-Си-Эс Проперти компани “Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр” төслийн гүйцэтгэгчээр ажиллалаа

Монгол Улсад усны шинэ эх үүсвэр бий болгох, гүний усны нөөцийг хамгаалах, Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дахин боловсруулсан ус нэвтрүүлэх зорилготой Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр“-ийн төслийн нээлт энэ сарын 16-ны өдөр тохиолоо. 

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац хоорондын II Компакт гэрээ буюу Усны Компактын хүрээнд бүтээн байгуулсан уг төслийн зураг төсөл зохиогч, ерөнхий гүйцэтгэгчээр М-Си-Эс Проперти компани ажилласан юм.

This slideshow requires JavaScript.

М-Си-Эс Проперти компани Францын усны барилга байгууламжийн зураг төслийн томоохон компани болох EGIS болон VEOLIA компаниудтай хамтран технологийн зураг төслийг боловсруулжбарилга угсралтын ажлыг тус компанийн инженер техникийн 136 ажилтандотоодын 50 гаруй туслан гүйцэтгэгчийн 166 ажилтантай хамтран 45 сарын хугацаанд амжилттай гүйцэтгэлээ. 

Төслийн хүрээнд монгол инженерүүдийн ур ухаан, чадавх чадамжийг бүрэн илэрхийлсэн, үйлдвэрийн үйл ажиллагааг явуулахад шаардлагатай 17 барилга байгууламжийг бүтээн байгууллаа. Ингэхдээ барилгын бүтцийн чанар стандартын шаардлага хангасан төмөр бетон, метал хийц, хэв хашмал, хаалга цонх зэргийг ашигласан бөгөөд үйлдвэрийн хөдөлгөөнт био реакторын барилгад сүүлийн үеийн дэвшилтэт технологи, шинэлэг шийдлүүдийг багтаасан тоног төхөөрөмж, тоноглолыг суурилуулсан юм. Мөн ухаалаг удирдлагын системээр үйлдвэрийг бүрэн тоноглосон нь хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх, ажиллагааг удирдан явуулах хялбар арга замыг бий болгосныг нээлтийн үеэр онцоллоо. 

 

This slideshow requires JavaScript.

Төслийн хүрээнд М-Си-Эс Интернэйшнл компани мөн ус дамжуулах шугамын систем, дулааны цахилгаан станцуудын техникийн усны схемийн өөрчлөлтийн ажлыг гүйцэтгэсэн юм.  

Үүнээс гадна тус төсөл хэрэгжих явцад байгаль орчин, нийгэм засаглал (БОНЗ)-ын төлөвлөгөө боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх, хянах, тайлагнах зэргээр тухайн төслийн нөлөөлөлд өртөж буй бүх оролцогч талыг анхааран ажиллаж, улмаар төслийн хүртээмжийг нэмэгдүүлэх, бүс нутгийн эдийн засаг, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, жендерийн ялгаатай байдлын ойлголтыг түгээх зэрэг эерэг үр нөлөөг үзүүлснээрээ онцлог юм.

 

Интермед эмнэлэг Японы IUHW групптэй стратегийн түншлэлийг эхлүүллээ

Интермед эмнэлэг Япон улсын эрүүл мэнд, боловсролын салбарын хувийн хэвшлийн тэргүүлэгч групп болох International University of Health and Welfare (IUHW)-тэй стратегийн түншлэлийг эхлүүлж, Интермед IUHW эмнэлэг боллоо. Ингэснээр Япон улсын эрүүл мэндийн стандарт, шилдэг туршлага, технологийг эх орондоо нэвтрүүлж эхэлж байгаа юм.

Стратегийн хамтын ажиллагааны хүрээнд Япон-Монголын хамтарсан Интермед IUHW эмнэлэг нь Японы эрүүл мэндийн тогтолцоо, оношилгоо, эмчилгээний орчин үеийн шилдэг, дэвшилтэт технологийг Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нутагшуулж, дэлхийн жишигт нийцсэн тусламж, үйлчилгээг эх орондоо авах боломжийг улам өргөжүүлж байна.

М-Си-Эс Группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал “М-Си-Эс Групп олон улсын стандартад нийцсэн өндөр хүчин чадал бүхий эмнэлгийг байгуулж, эрүүл мэндийн чанартай тусламж, үйлчилгээг эх орондоо авах боломжийг бий болгохоор Интермед эмнэлгийг үүсгэн байгуулсан. Өнөөдөр Интермед эмнэлэг нь Япон улсын эрүүл мэндийн салбарын тэргүүлэх байгууллагуудын нэгтэй стратегийн түншлэлийг эхлүүлснээр Монгол Улсын эрүүл мэндийн салбар дэлхийн жишигт хүрэхэд дахин нэг алхам ойртлоо” хэмээн онцолсон юм.

Түншлэлийн хүрээнд өмнө нь Монгол Улсад хийх боломжгүй байсан зарим нарийн оношилгоо, эмчилгээг дотооддоо хийх нөхцөл бүрдэж, урьдчилан сэргийлэх үзлэгийг Япон стандартын дагуу хэрэгжүүлэх юм. Түүнчлэн, Интермед IUHW эмнэлэгт хийсэн үзлэгийн үр дүнг Япон эмч нар давхар хянаж, баталгаажуулах тогтолцоо нэвтэрч буйгаараа чухал ач холбогдолтой юм.

Хамтын ажиллагааны хүрээнд Интермед IUHW эмнэлэгт 320 зүслэг бүхий компьютерт томографын (CT) төхөөрөмж, зүрх, тархи, судасны интервеншнал эмчилгээнд ашиглах ангиографийн дэвшилтэт системийг суурилуулж байна. Түүнчлэн хүнд, нарийн тохиолдлуудад Япон эмч нартай алсын зайнаас зөвлөгөө хийх телемедицин тогтолцоог нэвтрүүлж, телерадиологи буюу зайнаас дүрс оношилгоо, телепатологи буюу зайнаас эмгэг судлалын оношилгоо хийж, үйлчлүүлэгч хүсвэл Япон эмчээс шууд зөвлөгөө авах боломжтой болж байна.

IUHW группийн Удирдах зөвлөлийн дарга Такаги Кунинори стратегийн түншлэлийн талаар үг хэлэхдээ, Интермед эмнэлэг нь Япон улсаас өөр улсад IUHW группийн нэрийг авч буй анхны тохиолдол болж байгааг онцлон тэмдэглэж, Монголын эрүүл мэндийн салбарын хөгжлийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж, эмч, сувилагч, мэргэжилтнүүд IUHW-ийн их сургуулиудын эмнэлгүүдэд туршлага судалж, мэргэшил, ур чадвараа дээшлүүлэх, шаардлагатай тохиолдолд Японы эмч мэргэжилтнүүдтэй зөвлөлдөх боломж бүрдэж байгаад таатай байгаагаа илэрхийлсэн юм.

Ийнхүү Монголын анхны JCI олон улсын магадлан итгэмжлэлтэй Интермед IUHW эмнэлэгт стратегийн хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр дэлхийн жишигт нийцсэн, эрүүл мэндийн тогтолцоог Монголдоо нутагшуулж, эрүүл мэндийн салбарт том ахиц дэвшил гарч байна.

2025 оны шилдэг аж ахуйн нэгжүүд тугаа мандууллаа

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй аж ахуйн нэгжүүдийг өргөмжилдөг “Энтрепренер 2025” шалгаруулалтад М-Си-Эс Группийн таван компани шалгарсан бөгөөд “Оны шилдэг аж ахуйн нэгж”-ээр шалгарч, мөнгөн Меркури цомын эзэд болсон Энержи Ресурс, М-Си-Эс Кока-Кола компаниуд МҮХАҮТ-ын гадна компанийн тугаа мандууллаа.

2025 онд Энержи Ресурс компани 342.6 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлж, 6.0 сая тонн баяжуулсан бүтээгдэхүүн борлуулснаар эдийн засагт томоохон хувь нэмэр оруулж, валютын урсгалыг тогтвортой татсан. Түүнчлэн аюулгүй ажиллагаа, байгаль орчин хамгаалал, орон нутгийн ажлын байрыг нэмэгдүүлсэн, ханган нийлүүлэгчдийг дэмжсэн бодит үр дүнтэй төсөл, үйлчилгээ хэрэгжүүлснээр нийгэмд эерэг нөлөө үзүүлсэн амжилттай ажиллаж байна.

М-Си-Эс Кока-Кола компанийн хувьд 2025 онд 65.6 тэрбум төгрөгийн татвар шимтгэл төлж, 54.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд дэвшилтэт асептик үйлдвэрийг ашиглалтад оруулснаар 50 шинэ ажлын байр бий болгож, эдийн засгийн идэвхийг бодитоор дэмжсэн юм. Хуванцар дахин боловсруулах, усны нөөцийг хэмнэх, хаягдал усыг дахин ашиглах зэрэг ногоон шийдлүүдийг амжилттай хэрэгжүүлэн байгаль орчин, нийгэмдээ урт хугацааны эерэг нөлөө үзүүлэхийг эрхэмлэн ажиллаж байна.

Интермед эмнэлэг Япон Улсын IUHW групптэй стратегийн хамтын ажиллагааг эхлүүлж, хөрөнгө оруулалт татахаар боллоо

М-Си-Эс Группийн хөрөнгө оруулалттай Интермед эмнэлэг нь Япон Улсын IUHW групптэй стратегийн хамтын ажиллагааг эхлүүлж, Монгол Улсын эрүүл мэндийн салбарт гадаадын хөрөнгө оруулалт татах зорилгоор 2025 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр Токио хотноо хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа.

Гэрээний хүрээнд талууд 10 жилийн хугацаанд стратегийн түншлэлийг хэрэгжүүлэхээр тохиролцож, Япон стандартын түвшний эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Интермед эмнэлгээс авах боломжийг Монголын иргэдэд бүрдүүлж буйгаас гадна, өндөр нарийвчлалтай оношилгоо, эмчилгээний хамгийн сүүлийн үеийн  тоног төхөөрөмжийг үе шаттайгаар нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

IUHW Групп нь Япон орон даяар анагаахын их сургуулийн олон салбар, академик судалгаанд суурилсан эмнэлгүүдийг нэгтгэн ажилладаг, сургалт, судалгааг эмнэлгийн тусламж үйлчилгээтэй уялдуулсан нэгдсэн тогтолцоо бүхий байгууллага бөгөөд Япон Улсын эрүүл мэндийн салбарын томоохон групп компаниудын нэг юм.

Хамтын ажиллагааны хүрээнд Интермед эмнэлэг Японы оношилгоо, эмчилгээ, менежментийн технологийг Монгол Улсад нутагшуулахын зэрэгцээ үйлчилгээнийхээ чанар, стандартыг улам бэхжүүлэн ажиллах юм. Мөн Интермед эмнэлгийн эмч, сувилагч, мэргэжилтнүүд IUHW-ийн их сургуулиудын эмнэлгүүдийн туршлагад суралцаж, мэргэшил, ур чадвараа дээшлүүлэх, шаардлагатай тохиолдолд Японы эмч мэргэжилтнүүдтэй зөвлөлдөх тогтолцоо бүрдэх болно.

JCI олон улсын магадлан итгэмжлэлтэй Интермед эмнэлэгт IUHW группийн урт хугацааны хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр эх орондоо дэлхийн жишигт нийцсэн, чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах шинэ боломж нээгдлээ.

М-Си-Эс Группийн хоёр компани “2025 оны онцлох ААН”-ээр, гурван компани салбарын Энтрепренер-ээр шалгарлаа

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийг дүгнэдэг “Энтрепренер-2025” шалгаруулалтад М-Си-Эс Группийн 5 компани шалгарлаа. Энержи Ресурс болон М-Си-Эс Кока-Кола ХХК-иуд Оны онцлох аж ахуй нэгжээр шалгарч, мөнгөн меркури цомын эзэд болсон бол, Тотал Дистрибюшин компани Тээвэр логистикийн салбар, Мэтагро компани Хөдөө аж ахуйн салбар, М-Си-Эс Проперти компани Барилга угсралтын салбарын Энтрепренерээр тус тус шалгарч, хүрэл меркури цомыг хүртлээ.

М-Си-Эс Кока-Кола компани 2025 онд байгальд ээлтэй, дэвшилтэт технологид суурилсан Тогтуун ундааны Асептик үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Цагт 36 мянган ширхэг жүүс, цай, спорт ус, кофе зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай энэхүү үйлдвэр нь Кока-Кола компанийн бүс нутагтаа анхдагч хуурай технологид суурилсан асептик үйлдвэр бөгөөд шинээр 50 ажлын байр бий болгожээ.

Энержи Ресурс компани нийгмийн сайн сайхны төлөөх ашгийн бус үйлсэд бодит хувь нэмрээ оруулах төсөл хөтөлбөрийн хүрээнд 21 тэрбум төгрөгийг өнгөрч буй онд зарцуулжээ. Онцолбол, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн Шинэ Хархорум хотод ногоон байгууламж, ойн зурвас байгуулах ажлын хүрээнд 40,000 мод мэргэжлийн гүйцэтгэгч байгууллагаар тариулан, арчилгаа тордолгоо, усалгааны бүх зардалд 2,3 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Тотал Дистрибюшин компани 2025 онд тээвэрлэлтийн ачаа эргэлтээ 95 сая тонн.км хүргэж, компанийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлтээ тогтоолоо. Тээвэр логистикийн хүчин чадлаа нэмэгдүүлэх зорилгоор авто паркаа EURO5 стандартын хөдөлгүүр бүхий, түлшний зарцуулалт багатай, хорт утаа бага ялгаруулдаг 24 тээврийн машин, 68 түгээлтийн машинаар шинэчилж, өргөтгөлөө. Түүнчлэн Гаалийн итгэмжлэгдсэн тээвэрлэгч (ГИТ) статусыг авч, Эрээн – Улаанбаатар чиглэлд улс хоорондын тээвэрлэлтийг амжилттай туршиж, олон улсын тээвэрлэлтийн шинэ боломжийг нээсэн онцгой жил байлаа.

Мэтагро компани энэ онд Үхэр бордох аж ахуйгаас гардаг органик хог хаягдлаар дамжин гүний ус, хөрс бохирдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор 786 м урттай бетоноор бэхжүүлсэн ус зайлуулах суваг болон HDPE мембран доторлогоотой 1,522 м³ усан сан бүхий иж бүрэн Ус зайлуулах системийг барьж байгууллаа. Мөн Primeat брэндийн цахим нэрийн дэлгүүр болох www.primeat.mn нээснээр онлайн борлуулалтын шинэ суваг нээгдэж, хэрэглэгчдэд бүтээгдэхүүнтэй холбоотой мэдээллүүдийг цаг тухайд нь хүргэх ач холбогдолтой ажил болжээ.

М-Си-Эс Проперти компани 2025 онд “Эрдэнэ Монгол” компанийн “Баянхөндий” төслийн инженерийн зураг төсөл, барилга угсралтын ажлыг цогцоор хийж гүйцэтгэлээ. Төслийн хүрээнд боловсруулах үйлдвэр, ажилчдын амрах байрны цогцолбор, инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц байгууламжууд, үйлдвэрийн бус барилгуудыг барьж байгуулсан жишиг бүтээн байгуулалт болсон юм. Түүнчлэн Усны Компактын томоохон бүтээн байгуулалтын нэг болох Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн төслийг гүйцэтгэсэн бөгөөд төслийн үр дүнд эрчим хүчний үйлдвэрлэлд дахин боловсруулсан усны хэрэглээ нэвтэрч, ДЦС-3, 4-т одоо ашиглаж буй 18 сая метр куб хүртэлх хэмжээний гүний усыг жил бүр хэмнэх боломжтой болжээ.

 

М-Си-Эс Групп “Best ESG Employer” боллоо
М-Си-Эс Групп нь хүн төвтэй соёл, байгальд ээлтэй шийдэл, ил тод засаглалыг үйл ажиллагааныхаа үндэс болгож, тогтвортой хөгжлийг бодитоор хэрэгжүүлж ирсний үр дүнд “Best ESG Employer” шагнал хүртлээ.
Монгол Улсын хэмжээнд ажил олгогч байгууллагуудын ажлын орчин, хүний нөөцийн бодлого, ажилтны хөгжлийг дэмжих шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх, хүндээ ээлтэй байгууллагуудыг тодруулдаг “Good Workplace Awards 2025” шалгаруулалтын Байгаль орчин, нийгэм, засаглалын хариуцлагатай шилдэг ажил олгогч (Best ESG Employer) номинацид М-Си-Эс Групп ийнхүү анхдагч болон шалгарлаа.
М-Си-Эс Групп нь байгаль орчны нөлөөллийг бууруулах, нөөцийг үр ашигтай ашиглах, ажилтны сайн сайхан байдал, тэгш оролцоог дэмжих, ёс зүйд суурилсан ил тод, хариуцлагатай засаглалыг бэхжүүлэх чиглэлээр бодлого, санаачилгуудыг тууштай хэрэгжүүлсээр ирсэн.
Тогтвортой хөгжлийг бодит үйлдлээр хэрэгжүүлж, хариуцлагатай ажил олгогчийн жишгийг тогтоохыг эрмэлзэж буй бидний хүчин чармайлт нь зөвхөн өнөөдрийн үр дүнгээр хэмжигдэх бус, урт хугацаандаа нийгэм, эдийн засаг, байгаль орчинд эерэг нөлөө бий болгох зорилготой билээ.
Түүнчлэн,  М-Си-Эс Группийн дараах компаниуд “Good Workplace Awards 2025” шалгаруулалтын дараах номинацид тус тус шалгарсан байна. Тодруулбал, М-Си-Эс Кока-Кола компани “Сургалт хөгжлийг дэмжигч шилдэг ажил олгогч”, Юнисервис Солюшн компани “Тогтвортой ажлын байр бий болгогч шилдэг ажил олгогч”, Топ Моторс компани болон Интермед эмнэлэг  “Дадлагажигч хөтөлбөр хэрэгжүүлэгч шилдэг ажил олгогч” номинацийн эзэд боллоо.
1500 ажилтан сайн дурын үйлсэд оролцож, найман цагийн цалинтай чөлөө авчээ

М-Си-Эс Группийн ажилтнууд нийгэм, байгаль орчиндоо хувь нэмэр оруулах, бусдад туслах сайн дурын үйл ажиллагааг идэвхтэй хэрэгжүүлсээр байна. Ажил олгогчийн дэмжлэгтэй сайн дурын үйл ажиллагааны (ESV-Employer Supported Volunteering) хөтөлбөрийн хүрээнд өнгөрөгч онд группийн нийт 1571 ажилтан, 5297 цагийн хугацаанд нийгэм, байгаль орчинд тустай олон төрлийн сайн дурын үйлсэд оролцлоо.

Ажил олгогчийн дэмжлэгтэй сайн дурын үйл ажиллагааг дэмжих хөтөлбөр нь төрийн бус байгууллагаас нийгэм болон байгаль орчны төлөө зохион байгуулж буй сайн дурын үйлсэд ажилтнуудыг идэвхтэй оролцуулах зорилготой юм. Уг хөтөлбөрийн онцлог нь сайн дурын үйл ажиллагаанд оролцож буй ажилтанд нэг өдрийн буюу найман цагийн цалинтай чөлөө олгодогт оршдог. Хөтөлбөрийн хүрээнд:

  • Анунгоо компани Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Налайх дүүргийн хүүхдүүдэд гарын бэлэг бэлтгэн хүргэж, тэдэнд баярын уур амьсгал бэлэглэсэн;
  • Интермед эмнэлэг ажилтнууд болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд зориулсан баярын арга хэмжээг зохион байгуулсан;
  • Юнител Групп Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “Be a Hero” өдөрлөгийг зохион байгуулж, 45 ажилтан цусаа хандивлан, нийт 1,500 орчим хүнд шаардлагатай үед ашиглах цусны нөөцийг бүрдүүлсэн;
  • Мөн Юнител Группийн 18 жилийн ойд зориулсан “Жаргалтай гайхалтай” аяны хүрээнд ажилтнууд 18 нас хүрч амьдралынхаа шинэ гарааг эхэлж буй 500 гаруй сурагчид бэлэг бэлтгэн илгээсэн. Тэдгээр бэлгүүд Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн сурагчдад хүрчээ. Түүнчлэн тус группийн Борлуулалт, үйлчилгээний газрын хамт олон “Нархан” асрамж халамжийн төвийн 54 хүүхдэд шинэ жилийн бэлэг гардуулж, баярын үйл ажиллагаа зохион байгуулсан байна.

М-Си-Эс Групп нь ажилтнуудынхаа сайн дурын оролцоог дэмжиж, тэдний нийгэм, байгаль орчиндоо эерэг өөрчлөлт авчрах аливаа санал, санаачилгыг ямагт урамшуулан дэмжсээр ирсэн. Энэхүү хөтөлбөр нь бусдад туслахаар хязгаарлагдахгүй ажилтнуудын хамтын ажиллагаа, урам зоригийг бэхжүүлдэг, байгаль, нийгмийн өмнө хариуцлагатай байх, өгөх соёлыг түгээн дэлгэрүүлэх компанийн үнэт уламжлал болон төлөвшиж байна.

 

М-Си-Эс Групп сүүлийн таван жилд 4 их наяд төгрөгийн татвар, шимтгэлийг төвлөрүүлжээ

М-Си-Эс Группийн охин болон хөрөнгө оруулалттай компаниуд сүүлийн таван жилийн хугацаанд улсын төсөвт нийт 4 их наяд төгрөгийн татвар, шимтгэлийг төвлөрүүлснээс, 2024 онд 1.3 их наяд төгрөгийг хуримтлуулан, улсын нийгэм, эдийн засгийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан байна. Группийн өнгөрсөн онд төлсөн татвар хураамж нь Монгол Улсын 2024 оны татварын нийт орлогын 5 орчим хувийг бүрдүүлжээ.

Тайлант онд М-Си-Эс Групп нь залуучуудын эх орондоо ажиллаж амьдрах итгэл, зүтгэлийг нэмэгдүүлж 600 гаруй ажлын байр шинээр бий болгож, М-Си-Эсчүүдийн эгнээ нийт 14,000 ажилтантай болж өргөжлөө. “Дэлхийн хөгжлийг Монголдоо цогцлоох” хамтын зорилгын хүрээнд ажилтнууд маань улс эх орныхоо болон компанийнхаа хөгжилд бодитой дэмжлэг үзүүлж буйг нь үнэлж, сард 60 орчим тэрбум төгрөгийн цалин, урамшуулал олгожээ. Бид орчин үед тавигдаж байгаа ажлын байрны шаардлага болох уян хатан ажлын цаг, тав тухтай, хөдөлмөрийн аюулгүй ажиллах орчныг бүрдүүлснээр ажилтнуудын ажлын үр бүтээмж, амьдралын чанар дээшилсээр байгаа юм. Хамтдаа тасралтгүй хөгжих, мэдлэг, мэдээллээ бусадтайгаа хуваалцах зарчимд тулгуурлан ажилтнуудыг хувь хүний хөгжилд чиглэсэн мэргэжлийн өндөр түвшний сургалт, хөтөлбөрүүдэд тогтмол хамруулдаг нь тэдний хүсэл сонирхолд нийцдэг нь сургалт бүрийн өндөр үнэлгээ харуулж байна.

Мөн ажилтнуудыг эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулж ирсэн ба өнгөрсөн жилээс хувийн эрүүл мэндийн даатгалд гэр бүлийн хамтаар хөнгөлөлттэй үнээр хамрагдах боломжийг олгож эхэллээ.

Нийгмийн хариуцлагын үйлсэд 55 тэрбум төгрөгийг зарцуулсан

Бид байгаль орчиндоо ээлтэй, нийгмийн хариуцлагатай, ёс зүйтэй бизнесийн үйл ажиллагааг чухалчлан баримталж ирсэн бөгөөд 2024 онд нийт нийгмийн хариуцлагын 98 төсөл, хөтөлбөрт 55 тэрбум төгрөгийг зарцууллаа.

Тухайлбал, М-Си-Эс Групп оюутан залуучуудын хөгжил дэвшил болон боловсролыг дэмжих зорилгоор найман их сургуулийн 78 оюутныг шалгаруулан нэг жилийн сургалтын тэтгэлэг олгож, мэргэжлийн чиглэлээрээ гурван сарын хугацаатай цалинтай дадлага хийх боломжоор хангасан билээ.

М-Си-Эс Групп 3.1 их наяд төгрөгийн “эх оронч” худалдан авалт хийжээ

М-Си-Эс Групп нь хувийн хэвшлээ манлайлж, аливаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтдаа үндэсний компаниудаа бүхий л талаар дэмжин оролцуулж, менежментийн туршлагаа хуваалцах, тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэхийг эрмэлзсээр ирсэн. Бид 2024 онд дотоодын 8,600 гаруй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчээс бараа, ажил, үйлчилгээ авч, нийт худалдан авалтынхаа 90 хувьд “эх оронч” сонголт хийжээ. Өөрөөр хэлбэл, дотоодын аж ахуйн нэгж болон хувь хүнээс 3.1 их наяд төгрөгийн бараа, ажил, үйлчилгээг худалдан авсан байна.

 

 

Ж.Оджаргал: Тавантолгойн 96 хувийг төрдөө өгсөн. Үлдсэн 4 хувь буюу Ухаахудагийн өгөөжийг улс, түмэндээ өгсөөр байна

М-Си-Эс Группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргалын ярилцлагыг хүргэж байна

-20 жилийн өмнөх Өмнөговь аймгийн Цогтцэций сумыг өнөөдөртэй харьцуулбал та юу гэж тодорхойлох вэ?

Анх 2008 онд Цогтцэцийд ирж байхад хоёр мянган орчим хүнтэй, орой ирэхэд сумын төв нь хаана байгаа нь бараг харагддаггүй сум байсан. Тэр үеийн бидний төсөөлөл өнөөдөр биеллээ олж, өнөөдөр суурин 10 мянга, хөдөлгөөнт 20 мянган хүнтэй, хотын статустай болсон говийн гурван сумын нэг болтлоо хөгжсөн байна.

Тэр үед бид “дэлхийн стандартад нийцсэн уул уурхайн цогцолбор, аж үйлдвэрийн Ухаахудаг цогцолбор барья” гэдэг мөрөөдөл, зорилготойгоор ажлаа эхэлж байсан. Эргээд харахад бид төмөр замаас бусдаар, зорьж байснаа бүгдийг нь гүйцэтгэж чадсан.

Эхний ээлжинд бид цахилгаан станц барьж байсан. Говьд аль болох бага ус хэрэглэх ёстой учраас хуурай хөргөлтийн технологитой станцыг манай монгол инженерүүд өөрсдөө барьсан. Монголд одоо ажиллаж байгаа бусад цахилгаан станцаас 4-5 дахин бага ус хэрэглэдэг станцыг маш богино хугацаанд барьж, Цогтцэций сум, аж үйлдвэрийн цогцолбороо тог, цахилгаантай болгосон. Мөн баяжуулах үйлдвэр маань ашигласан усныхаа 97 хувийг нь дахин ашигладаг технологи нэвтрүүлсэн.

Хамгийн гол нь хүмүүсийг тогтвор суурьшилтай, тухтай ажиллуулах зорилт тавиад бүтээн байгуулалтуудаа хийсэн. Ингээд 2013 онд 600 айлын орон сууц бүхий Цэций хорооллыг барьж, ашиглалтад оруулж байсан. Саяхан 150 айлын орон сууц ашиглалтад орлоо. Удахгүй ахиад 150 айлын орон сууц барихаар төлөвлөж байна.

Өнөөдрийн байдлаар Энержи Ресурс компани 2500 гаруй үндсэн ажилтантай, үүний 40 хувь нь орон нутгийн иргэд. Шууд болон шууд бусаар нийтдээ 7500 орчим хүн ажиллаж байна.

Монголын өнцөг булан бүрээс хүмүүс цуглаад Цогтцэций 10 мянган суурин хүн амтай том сум болчихлоо. Тиймээс орон нутагт хүүхдүүдийн сургууль, чанартай боловсролыг бид өөрсдийн чадах түвшинд бүтээе гэж “Мөрөөдөл” сургуулийг барьж байсан. “Орчлон” сургуулийн захирлыг урьж, стандарт, суурийг нь сайн тавьж өгсөн. “Мөрөөдөл” сургууль хэдэн жил дараалж хөдөө орон нутаг дахь улсын шилдэг сургалт сайтай сургууль болж байсан юм.

Мэдээж Цогтцэций сум том болсон учраас эмнэлэг бас хэрэгтэй. Иймд бид Интермед эмнэлгийн клиник салбарыг нээсэн. Бас л хөдөө орон нутагт байхгүй эмнэлгийн салбар гэж хүмүүс ярьдаг гэсэн.

Мөн бид авто замыг хамгийн хурдан хугацаанд барьсан. Хүмүүс мартчихдаг юм. Тэр үед засмал замгүй, тэнгэр газар нийлж байгаа юм шиг шороо босдог байсан. Тийм учраас бид жил хагасын дотор асар олон үндэсний зам барьдаг компаниудыг зохион байгуулж, маш богино хугацаанд засмал зам барьсан. Өнөөдөр Эрдэнэс Тавантолгой, Энержи Ресурс, жижиг Тавантолгой гээд Тавантолгойн бүлэг ордоос гарч байгаа бүх экспорт бидний тавьсан засмал замаар л явж байгаа.

Мэдээж энэ их бүтээн байгуулалтад том хөрөнгө оруулалт шаардана. Дотоодын банкнаас зээл аваад хийнэ гэж байхгүй учраас гадаадын хөрөнгө оруулалт шаардлагатай болсон.

Ингээд бид олон улсын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө оруулалт татах ажлаа эхлүүлж, Монголын үндэсний компаниудаас анх удаа Энержи Ресурс компани “mainboard” гэж хэлдэг олон улсын хөрөнгийн зах зээлд гарч чадсан. Эхний ээлжинд хөрөнгийн биржээс 600 сая ам.доллар босгосон нь түүхэнд байгаагүй том хөрөнгө оруулалт болсон.

Тухайн үед Монголын үндэсний компани Ухаахудаг гэдэг аж үйлдвэрийн цогцолборыг бүгдийг нь хийж байгуулна гэхэд хөрөнгө оруулагчид эргэлзэж байсан байж магадгүй.

Олон улсын хөрөнгийн бирж дээр гарах нь “тамирчны ялалт амаргүй” гэдэг шиг тийм амар зүйл биш. Бид Европ, Америк, Азийг бүтэн нэг жил тойрч, асар олон хөрөнгө оруулагчидтай уулзаж, өөрсдийгөө таниулах, итгэл татах ажлыг хийсэн. Тэгж байж олон улсын бирж дээр амжилттай хөрөнгө босгосон.

Тэдгээр хөрөнгө оруулагч зөвхөн Оджаргалд ч юм уу, М-Си-Эст ч юм уу, Энержи Ресурст гэж итгэхээсээ илүүтэйгээр “Монголчууд хариуцлагатай уул уурхай үнэхээр хийж чадах уу, тайлангаа ил тод тавьж чадах уу” гэдгийг харсан. Ер нь Монгол Улс хөрөнгө оруулагчдад хэр ээлтэй юм бэ? Монгол Улс итгэл даах орон мөн үү, улс төрийн тогтолцоо, хүн ард, орон нутаг нь хөрөнгө оруулалтыг үнэхээр хүсэж байгаа юм уу? Улс орондоо хэрэгтэй, ард түмэндээ хэрэгтэй, хөрөнгө оруулагчдадаа бас хэрэгтэй, бүгдэд нь үр өгөөжөө өгсөн аж үйлдвэрийн цогцолбор болгож чадах уу гэх зэрэг олон үндэслэлийг харж байж, бидэнд итгэл үзүүлсэн хэрэг. Энэ нь хөрөнгийн биржээс хөрөнгө амжилттай босгох амжилтын гол түлхүүр нь гэж боддог. Бид ч бас хэлсэндээ байж, итгэлийг нь дааж, хэлсэн бүх ажлаа цаг хугацаанд нь хийсэн.

Техникийн, хуулийн, байгаль орчны, санхүүгийн гээд бүх чиглэлээрх тайлангаа хөрөнгө оруулагчдын шаардлагыг хангахуйц байдлаар тавина. Тэр утгаараа “Компанийн засаглал нь ямар вэ”, “ТУЗ нь яаж ажилладаг вэ” гээд олон улсад шаарддаг бүх стандартын өндөр шалгууруудыг бид хангаад явж байгаа гэсэн үг.

Корпораци, аж ахуйн нэгжүүд, бизнесүүдэд тавих шаардлага улам л нарийсаж байна. Ялангуяа дэлхийн дулаарал, нүүрсхүчлийн хийг яаж багасгах вэ? Компани, аж ахуйн нэгжүүд нүүрсхүчлийн хийг бууруулахын тулд юу хийж байна, хэчнээн тонн нүүрсхүчлийн хийг бууруулж байна гээд бүгдийг нь хэмжиж, тайлагнах ёстой, усаа дахин ашиглах, хотын цэвэрлэгээнд зориулах гэх мэтчилэн улам нарийн шаардлагатай болж байна. Энэ бүх шаардлагыг хангасан компанийг л сайн засаглалтай гэж дүгнэдэг болсон. Бид дэлхийн хөгжлөөс хоцрохгүйн тулд эдгээр нарийн шаардлагуудыг хангахын төлөө, компани болгон дор дороо ажлаа сайн хийх ёстой гэж бодож хийсээр байна.


ХУУЛЬД ЗААСАН 50 ХУВИАС ДАВУУЛЖ, ТАВАНТОЛГОЙН 96 ХУВИЙГ ТӨРД ӨГСӨН


-Сүүлийн үед танай компанийг Ухаахудагийг хууль бусаар өмчилсөн гэсэн мэдээ гарч байсан. Та үүнд дээр товчхон тайлбар хэлж болох уу?

Ухаахудаг анхнаасаа л хууль журмын дагуу, хууль ёсны дагуу гэрээ нь хийгдээд явсан төсөл. “Ухаахудаг бол хууль бус” гэдэг огт худлаа, зохион байгуулалттайгаар харлуулах үйл явдал саяхан болсон.

Үүнд хоёр асуудлыг хэлэх нь зөв байх.

Нэгдүгээрт, лицензийн түүх. Хоёрдугаарт, Засгийн газартай ямар гэрээ хэлэлцээр, хэзээ, яаж хийгдсэн гэдгийг хэлэх нь зөв байх.

Энержи Ресурсийн өнөөдөр эзэмшиж байгаа Ухаахудаг бол Тавантолгойн бүлэг ордын нэг хэсэг байсан. Тавантолгойн бүлэг орд буюу зургаан лицензийг анх 1998 онд дэлхийн хамгийн том уул уурхайн Австралийн BHP компани аваад “эдийн засгийн үр өгөөжгүй юм байна” гээд буцаагаад өгсөн байдаг юм.

Үүний дараа 1999 онд тэр үеийн “Майн Инфо” гэж Монголын үндэсний компани энэ лицензийг хууль номын дагуу авсан байдаг. Тухайн үед хуулиараа хэн өргөдлөө өгсөн нь авдаг хууль дүрэмтэй байсан.

Ингээд 2005 онд Энержи Ресурс гэж компани байгуулагдаад, 2007 онд үндэсний компаниудаа урьсан байдаг юм. М-Си-Эс 2007 онд эхлээд “Энержи Ресурс” компанид 1 хувь эзэмшихээр орсон байдаг юм.

Ингэж “Энержи Ресурс” компани Тавантолгойн бүлэг ордын лицензийг гаднынханд алдалгүй хадгалж, Тавантолгойн ордод 2007 онд үндэсний компаниудыг урьсан түүхтэй. Тухайн үед Петровис, Шунхлай, Моннис гээд 14 компани хамтарч, төсөв, тооцооллыг нь хийж 2008 онд түрүүнд хэлсэн бүтээн байгуулалтуудаа эхэлсэн юм. Лицензийн түүх нь ийм.

Харин 2006, 2007 оны үед Ашигт малтмалын тухай хууль батлагдаж, Тавантолгойн бүлэг ордыг “Стратегийн орд” гэж тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл гүтгэж байгаа талынхны ярьж байгаа шиг Ухаахудаг гэж стратегийн орд ерөөсөө байхгүй. Тавантолгойн бүлэг орд нь өөрөө стратегийн орд юм.

Тухайн үеийн хуулиараа төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордыг хувийн хэвшилтэй хамтарч эзэмшвэл 50 хүртэлх хувийг төр эзэмшинэ гэдэг хууль гарсан. Ингэж 2007 оны хавар, тухайн үеийн Засгийн газар хэлэлцээр хийе гэж эхэлсэн. Тэгээд хэлэлцээр хийж “86 хувийг төр авъя, 14 хувийг нь та нар буюу үндэсний компанийн консорциум ав” гэсэн.

Удалгүй дараагийн С.Баярын Засгийн газар гарч ирээд “Бид хамтармааргүй байна. Төр тусдаа баймаар байна. Гэхдээ ахиухан хувь авмаар байна” гээд дахин хэлэлцээр хийсэн. “Та нарын, хувийн хэвшлийн эзэмшиж байгаа лиценз нь Үндсэн хуулиар зөвшөөрөгдсөн өмч бол мөн юм байна. Гэхдээ хуулийнхаа дагуу төр ахиухан хувьцаа эзэмшээд явъя. Гэхдээ өмнөх Засгийн газрынх шиг 86:14 хувиар хамтармааргүй байна. Бид тусад нь тодорхой хэсгийг томоор нь, хамтралгүйгээр эзэмшье” гэж хэлэлцээр хийж эхэлсэн. Ингээд дөрвөн сарын турш есөн удаа хэлэлцээр хийсэн. Тэрний протокол, тэмдэглэл нь Уул уурхайн яаманд бүгд байх ёстой.

Ингэж есөн сарын турш хэлэлцээр хийгээд тухайн үеийн Хууль зүйн яам, Уул уурхайн яам, Төрийн өмчийн бүх талууд нь оролцоод, эцсийн дүндээ “бид нар 96 хувийг нь авна, та нар 4 хувийг нь ав” гэдэг дээр тохирсон юм.

Хүмүүс гол өрөм нь Ухаахудаг гэж худлаа мушгидаг юм. Түүн шиг худлаа юм байхгүй. Гол том өрөм нь Цанхи юм. Энийгээ төр авна гэсэн. Эрдэнэс Тавантолгойн өнөөдөр эзэмшиж байгаа баруун, зүүн Цанхид өнөөдөр их том уурхай явж байгаа.

Уг нь хуулиараа 50:50 буюу 50-иас илүүгүйг төр авах ёстой байсан юм. Гэхдээ хэлэлцээр хийж явсаар “За ерөөсөө Ухаахудагийг та нар ав. Үлдсэн 96 хувь буюу таван ордоо төр авна” гэсэн. Тэр үйл явц бүгд нээлттэй болсон, бүх протокол нь байгаа.

Тухайн үед гадаад, дотоодын компаниудаас ч зөндөө санал ирж байсан. Оросын компани ч тэр, Хятадын компани ч тэр “Тавантолгойгоо бидэнд зарчих” гэдэг саналыг маш их тавьсан. Тэр үедээ зарчихсан бол өнөөдөр Эрдэнэс Тавантолгой гэж байхгүй. Гэхдээ гадаадын компани хэцүү шүү дээ. Иймд бид төрд өгсөн. Үүгээрээ бахархдаг.

Товчхондоо, Монгол Улсын эдийн засагт хамгийн том Эрдэнэс Тавантолгойн ордыг үндэсний хувийн хэвшлүүд эрсдэлээ гаргаад, лицензийг нь төлөөд, төрөөс шаардаж байсан хайгуул, бүх юмыг нь хийгээд хадгалж байсан. Хадгалж, хадгалж байгаад бид 96 хувиа төрд өгсөн юм. 96 хувийг өгсөн гэдгийг Үндэсний аудитын газар шалгаад “бүх зүйл нь хууль зөрчөөгүй, сайн гэрээ болжээ” гэсэн дүгнэлт гаргачихсан. Бид гаргаагүй, Үндэсний аудитын газар гаргасан шүү дээ.

Энэ гэрээ бүх юм нь ном дүрмийн дагуу явсан учир бид цаашаа хөрөнгөө босгоод, олон улсын хөрөнгийн бирж дээр гаргаад, 4 хувийнхаа үнэ цэнийг нь өсгөж, ажлаа, бүтээн байгуулалтаа хийгээд, татвар төлөөд л явж байгаа.

УИХ-аар батлуулаагүй тухай асуудал дээр биднийг хууль бусаар авсан гэж харлуулаад байх шиг байгаа юм. Тухайн Засгийн газрын манайхтай хийсэн гэрээг УИХ-д өргөн батлуулах ёстой байсан уу, үгүй юу гэдгийг хэлэх субъект нь бид биш. Тэрийг төр засгийн хүмүүс л мэдэх, бас хэлэх ёстой биз дээ.

Ийм түүхтэй лицензийг “хуйвалдаж, хууль бус авсан” гэх мэтээр огт худал зохиол бичиж мэдээлэлгүй хүмүүсийг төөрөгдүүлж, биднийг гүтгэсэн ийм л үйл явдал хавар болж өнгөрлөө.

Олон улсын хөрөнгийн бирж дээр байгаа хөрөнгө оруулагчид бидэнд, Монгол Улсад итгэж хөрөнгө оруулсан шүү дээ. Хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авах хэцүү, эвдэх амархан. Нэг хаврын улс төрөөр энэ итгэлийг эвдэж болохгүй шүү дээ.

Энэ хөрөнгө оруулалтыг хийсэн олон улсын хөрөнгө оруулалтын сан, хүмүүс бүгд асар олон хуульчидтай ажилласны үндсэн дээр “бүхлээрээ маргаангүй юм байна”, “энэ Ухаахудаг чинь хууль, номын дагуу байна”, “огт хууль зөрчөөгүй юм байна” гэж энэ хөрөнгө оруулалтыг дэмжиж, Ухаахудаг гэдэг аж үйлдвэрийн цогцолборын хөрөнгө оруулалтыг нь хийе гэж шийдвэрээ гаргасан.

Энержи Ресурс нээлттэй компани учраас бүх мэдээлэл нь байгаа.


М-СИ-ЭС 60-70 МЯНГАН МОНГОЛ ХҮНИЙ АЖИЛ АМЬДРАЛЫГ ЗАЛГУУЛЖ БАЙНА 


-Олны дунд үе үе тархдаг үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээлэлд та бүхэн яагаад тухай бүрт нь тайлбар өгдөггүй юм бэ?

Манайхыг улс төрийн хэрүүлд зориудаар хутгаж, үймүүлэхээр “та нар дуугараач” гээд байдаг юм. Манай компанийн залуучууд хүртэл тэгдэг. “Манай захирлууд хэтэрхий ноомой, дуугүй юм. Аливаа зүйлд чинь хэмжээ хязгаар байх ёстой шүү дээ. Ингэж доромжлуулж байхаар өөрсдөө гарч хариу өгье, дуугаръя” гэдэг.

М-Си-Эс Группт 14,000 хүн ажилладаг. Тэдгээрийн цаана 60-70 мянган хүний ажил, амьдралыг залгуулж байна. 2024 оны байдлаар манайд 8000 гаруй дотоодын аж ахуйн нэгж, хувь хүн бараа, үйлчилгээ нийлүүлдэг юм билээ. Энэ нь манай нийт худалдан авалтын 90 хувь. Бид аль болох дотоодоосоо ажил, үйлчилгээ авахыг эрмэлздэг.

Нийт хамт олны нэр хүндийг ингэж унагаад байхад дуугарахгүй байхаар хэтэрхий даруухан байна, ноомой байна гээд байгаа. “Номхон тэмээг ноолоход амар” гэдэг нь болж байх шиг. Одоо бид “ноолуулж” болохгүй юм байна, дуугарах ёстой юм байна, хууль, дүрэм, журмын дагуу ажиллаж байгаагаа ярьж, хэлж байхгүй бол хүмүүс буруу ойлголт авах юм байна гэж үзэж байгаа. Бид хийгээд л байдаг, тэрийгээ харин ярьдаг болох ёстой юм байна гэдгийг ойлгож байгаа.

Сошиалаар ингэж манай компанийн нэр хүндийг унагах, эсвэл намайг харлуулах зорилготой хүмүүс байх шиг байна. Гэхдээ ямар зорилготой, ямар ашигтай болоод ийм зүйл хийгээд байдгийг нь ойлгодоггүй. Асар их мөнгө зарж, сошиалаар худал мэдээллээ хүмүүсээр яриулаад л байх шиг байна. Бид үүнийг ердөөсөө ойлгохгүй байгаа. Бид өмнөх ажлаа хийгээд л завгүй явж байгаа.

Бидний харж байгаагаар Монгол Улсад 3,5 саяулаа, бүгдээрээ л сайн сайхан амьдрахыг хүсэж байна. Тэгэхийн тулд яах хэрэгтэй вэ гэвэл бүгд урд урдах ажлаа хийх хэрэгтэй. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж бид бол энэ уурхайг яаж зогсоохгүй байх вэ, яаж Монгол Улсдаа хөрөнгө оруулалт татах вэ гэдгээ анхаарна.

АМНАТ гэж хамгийн том татвар байна. Хувийн хэвшлийнхэн бид үүнийгээ төлөөд явахаа л бодно шүү дээ. Бидний төлж байгаа татвар хаашаа очиж байгаа юм. Эмч, багш, сувилагч, цагдаа, хил хамгаалж байгаа, Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалж байгаа бүх л төрийн хүмүүсийн цалин хөлсийг тавьж байгаа шүү дээ.

Гэтэл үүнийг зогсоохыг хүсээд байгаа юм уу. Энэ татварыг тасалдуулахыг хүсээд байдаг юмуу, мэдэхгүй. Бид тэглээ гээд үйл ажиллагаагаа зогсооно ч гэж байхгүй, айна ч гэж байхгүй.

Би бас бодсон юм. Ямар учиртай, яагаад ийм их мөнгө зараад, ямар ач холбогдол байгаа болоод ийм ажиллагаа явуулаад байдаг юм бол гэж.

Монголын нүүрсийг хямдхан аваад цаашаа зарах гэсэн Хятадын худалдааны компаниуд байдаг. Олон жилийн өмнөөс л байсан. Сүүлдээ “тэд ингээд санхүүжүүлээд байдаг юм болов уу”, “Хятадуудын бас оролцоо байдаг юм биш байгаа”, “тэдний гар хөл болсон хүмүүс их мөнгө зараад байдаг юм болов уу” гэж ч бодсон. Түүнээс биш Ухаахудагийн өгөөжийг Өмнөговийнхон бүгд мэдэж байна, Цогтцэцийнхэн ч бүгд мэдэж байна. Анхнаасаа л бид энийг хууль, номын дагуу хийж энэ олон хүн аж амьдралаа залгуулаад явж байна. Үүнийг харлуулж, зогсоох, хууль бус болгож харуулах сонирхол нь юу юм бол гэж гайхдаг.


ЭНЕРЖИ РЕСУРС 2,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛСӨН. ҮҮНИЙГ АРД ТҮМЭНД ӨГӨӨЖТЭЙ, ЗӨВ  БАЙЛГАХ НЬ ТӨР ЗАСГИЙН АЖИЛ


-Бид байгалийн баялгийн үр өгөөжийг хэрхэн зөв хүртээх тал дээр маш их маргалддаг. Энэ талаарх таны бодол?

Газрын доор байгаа баялаг бол ард түмний өмч. Үндсэн хуульд ч тэгээд заачихсан байгаа. Үүнийг зөв менежментээр баялаг болгож, ард түмэнд өгөөжийг нь яаж өгөх юм бэ гэдэг нь л харин гол асуудал шүү дээ.

Энэ газар доор байгаа баялгийг хөрөнгө оруулалт хийж, мөнгө зарж, технологи нэвтрүүлж байж, газар дээр гаргаж, зах зээлд хүргэн зарж байж “юм” болно доо. Тэрнээс биш газар доор байгаа юмыг баялаг гэж хэлээд байвал тэр мөнгө нь хаанаас орж ирэх юм бэ?

Газрын баялаг бол ард түмнийх. Ухаахудагийн доор байгаа нүүрс бол ард түмнийх байхгүй юу. Үүнийг ашиглах эрх гэдэг нь лиценз гэдэг зүйл. Үүнийг хууль номын дагуу хувийн хэвшил эзэмшиж болдог.

Ард түмэндээ өгөөжтэй байна гэдэг асуудал бол хүн ойлгоход хэцүү зүйл огт биш. Бид 2009 онд уурхай эхэлснээс 2024 оны эцэс хүртэл, 15 жилд “энэ төслийн үр өгөөж нь юу байв? Ард түмэнд юу өгөв?” гэдгийг тооцож үзсэн юм.

Бид 15 жил ажиллахдаа долоон жилд нь алдагдалтай ажилласан байдаг. Гэхдээ дунд нь зогсоогүй шүү дээ. Өөрөөр хэлбэл, найман жил нь ашигтай ажилласан. Нүүрс чинь үнэ нь унадаг. Заримдаа ашигтай ажиллана, заримдаа алдагдалтай ажиллана. Алдагдалтай ажиллалаа гээд зогсоочихвол улсад ордог татвар зогсчихно. Зах зээл уначихлаа, алдагдалтай яваад байна гээд ажиллаж байгаа хүмүүсээ тараачихвал тэр хүмүүс маань Солонгос яваад өгнө биз дээ. Тэгээд тэр олон бэлдсэн мэргэжилтэй хүмүүсээ бид яаж, хаанаас буцааж олох юм бэ? Хэцүү шүү дээ.

Бид бүх төрлийн татвар төлж байгаа. Энэ 15 жилийн хугацаанд нийт дүнгээр 2.6 их наяд төгрөг төлсөн байгаа юм. Өөрөөр хэлбэл, татвар байдлаар бид ард түмэнд 2.6 их наядыг өгсөн. Энэ төслийг хэрэгжүүлээд, алдагдалтай ч явж байсан, ашигтай ч явж байсан ч бид бүх татвараа төлж байсан. Нээлттэй компани учраас энэ бүх тооцоо, бүх юм ил тод.

Хөрөнгө оруулагчид ч мөн ямар ашигтай байж вэ гэдгийг харна шүү дээ. Энэ хугацаанд хөрөнгө оруулагчдаас хуримтлагдсан дүнгээр 1.3 их наяд төгрөг цугларсан байдаг. Энэ мөнгөө бид буцаад бүтээн байгуулалт хийхээр зээл авч, бонд босгосон байдаг. Яг хөрөнгө оруулалт хийгээд “зээлээ төлнө дөө, ашиг хийнэ дээ” гэж байтал нүүрсний үнэ уначихдаг. Гэтэл хүү, хүүгийн хүү гэх мэт зээлүүдээ төлж, дахин хөрөнгө оруулалт шаардагддаг. Энэ том аж үйлдвэрийн цогцолборт юм эвдэрнэ, машин, механизм солино гээд байнга л мөнгө шаардана. Энэ хөрөнгө оруулагчдаас цугласан мөнгөөр бид зээл авч, бонд босгож, бүтээн байгуулалтууддаа хөрөнгө оруулалт хийж явсаар байгаад одоог хүртэл нэг ч ам.долларын ашиг хуваарилаагүй.

Өөрөөр хэлбэл, энэ хоёр тоог харьцуулбал 70:30 байгаа биз дээ. Бид Ухаахудаг төслийн өгөөжийн 70 хувийг ард түмэнд өгчихсөн, 2.6 их наядаар нь өгсөн, одоо ч өгсөөр л байгаа. Биднийг харлуулах гэсэн, нэр хүндийг гутаах гэсэн хүмүүс л “М-Си-Эс уул уурхайгаас ингэсэн, тэгсэн” гэж худлаа мушгиад байгаа. Бид Ухаахудагаас нэг ам.долларын ч ашиг аваагүй. Адилхан манай гадаад хөрөнгө оруулагчид ч аваагүй. MMC буюу хөрөнгийн бирж дээр байгаа компанийн 30 хэдэн хувийг л М-Си-Эс эзэмшдэг. Бусад эзэмшигч нар нь маш олон гадаадын нэр хүндтэй байгууллагууд байдаг. Монголчууд ч бас байгаа. Эзэмшиж байгаа нь монгол хүмүүс байдаг. Бид асар их татвар төлж байгаа. Энэ татварыг л яаж зөв зүйлсэд, ард түмэнд өгч, мэдрүүлэх ёстой вэ гэдгийг л манай УИХ, Засгийн газар, улстөрчид хийх ёстой шүү дээ.


ГАЗАР ДООР БАЙГАА ЮМЫГ БАЯЛАГ ГЭЖ ХЭЛЭЭД БАЙВАЛ МӨНГӨ НЬ ХААНААС ОРЖ ИРЭХ ЮМ БЭ?


-“Өнгөрсөн хавар өрнөсөн жагсаал цуглааныг М-Си-Эс санхүүжүүлсэн үү?” гэдэг асуултын хариултыг олон хүн сонсохыг хүсэж байгаа байх?

Энэ дахиад л харлуулах зориулгатай юм билээ. “Яаж М-Си-Эс-ийг харлуулах вэ, ингэж гүтгээд байвал хүмүүс итгэх юм байна” гэж боддог юм уу.

Бид зүгээр ийм л юм бодоод байдаг юм. Нэгдүгээрт, М-Си-Эс улс төртэй огт хамаагүй. Бид татвараа төлөөд явна. Мэдээж улстөрчид бизнесийн эрх зүйн орчныг зөв тогтоогоосой, хөрөнгө оруулалтыг татах, татварын орчныг аль болохоор эрүүл, аль болохоор эдийн засагт ашигтай байлгахын төлөө зөв хууль, эрх зүйн орчин бүрдүүлээсэй гэж хүсэж байгаа.

Тэр ч утгаараа сонгуулийн хандиваа ил тод өгсөн. Англи ч бай, Америк ч бай бүх л оронд тийм байгаа. Бүх ААН, том корпораци ил тод хандив өгч байдаг. Бид үүний жишгийг тогтооё гэж бодож байгаа.

Хүн бүр л мэдэж байгаа байлгүй. Хөдөө орон нутагт, сонгуульд нэр дэвшиж байгаа хүмүүс асар их мөнгө зарцуулж байгаа. Тэгвэл тэр их мөнгөний эх үүсвэр ил тод биш, нууцаар явах ёстой юм уу. Үүнийг хүсээд байдаг юм уу. Бэлэн мөнгөөр асар их мөнгө зарж байгаа. Тэр их үүсвэрийг яагаад ярихгүй байгаа юм бэ? Яагаад бидний ил тодоор өгсөн, түүнийгээ ил тод тайлагнасан мөнгийг ингэж харлуулж, буруутгаад байгаа юм бэ. Ил тод явж байгаагаа ингэж буруутгаад байвал далд, бохир мөнгөний эх үүсвэрүүд нь бүр нуугдах аюултай шүү дээ.

Бид үнэхээр ард түмнийхээ төлөө ажиллах байх гэсэн хүмүүст ард түмнийхээ төлөө сайн ажиллаарай гэж хандив өгсөн. Түүнээс биш бид эргээд нэг ч удаа ямар нэгэн зүйл гуйж үзээгүй. Тааралдвал бизнесийн эрх зүйн орчин, татварын орчныг аль болохоор эрүүл байлгаарай л гэж хэлэх байх.

Ийм зүйлсийг л их харамсалтайгаар мушгиж, сүүлдээ “төр засгийг унагах гэж байна”, “жагсаалыг санхүүжүүлж байна” гэж ярьж байгаа юм. Бид жагсаал санхүүжүүлэх байтугай жагсаал яг ямар учиртай, юу болоод байгааг хэзээ ч мэдэж, сонирхож байгаагүй. Мэдэх ч үгүй.

“М-Си-Эс троллтой” л гэнэ, баахан л зүйл бичдэг. Биднийг их завтай, сошиалд баахан хүн суулгаж юм бичүүлээд, хүн муулаад, хэрүүл хийгээд байдаг хүмүүс гэж бодоод байгаа юм. Бидэнд тэгж байх зав ч байхгүй, сонирхол ч байхгүй. Бидэнд тийм хүн хүч, боловсон хүчин ч байхгүй. Тролл гэж юм юу ч байхгүй. Нийгэмд мэдээлэлгүй байгаа хүмүүсийг ингэж төөрөгдүүлэх нь сөрөг үр дагавартай гэж бодоод байгаа юм.

Сэнтрал Тауэр барилгын магнайд 14 дэх жилдээ төрийн далбаа мандууллаа

Монгол түмний үндэсний их баяр наадмыг угтан жил бүрийн долдугаар сарын 10-ны өдрийг 2009 оноос эхлэн “Төрийн далбаа”-нд хүндэтгэл үзүүлэх өдөр болгон тэмдэглэж ирсэн. Энэ өдрийг тохиолдуулан М-Си-Эс Групп 14 дэх жилдээ Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг болсон, 30х15 метрийн хэмжээтэй төрийн далбааг Сэнтрал Тауэр барилгын оройд мандууллаа.

Аливаа улсын төрийн далбаа нь тухайн ард түмний хүсэл тэмүүллийг илтгэх хамгийн чухал зүйлсийн нэг тул ийнхүү хүндэтгэн мандуулах нь эх орон, ард түмэн, үүх түүх, соёл уламжлал, тусгаар тогтнолоороо бахархаж буйн хамгийн том илрэл билээ.

 

М-Си-Эс Групп Монгол Улсын хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буй үзүүлэлтээр тэргүүнд эрэмбэлэгдлээ

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хамтран улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмрээ оруулж буй шилдэг аж ахуйн нэгжүүдийг тодруулан өргөмжилдөг ТОП-100 шалгаруулалтад групп компанийн амжилтаар М-Си-Эс Групп тэргүүнд эрэмбэлэгдлээ.

Бизнесийн байгууллагын тухайн жилийн улсын төсөвт оруулсан татвар, борлуулалтын орлого, ажилтны тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ зэрэг үзүүлэлтэд тулгуурлан тодруулдаг энэхүү шалгаруулалтад Энержи Ресурс, М-Си-Эс Кока-Кола, Юнител, Юнивишн, Юнисервис Солюшн, М-Си-Эс Проперти, М-Си-Эс Интернэйшнл, Бьюлдинг Мэйнтэнэнс Сервисэс, Шангри-Ла Улаанбаатар Хотел, Интернэйшнл Медикал Сентер, Тотал Дистрибюшин зэрэг М-Си-Эс Группийн 11 компани шилдгээр шалгарсан юм.

“Дэлхийн хөгжлийг Монголдоо цогцлоох” эрхэм зорилгоо хэрэгжүүлэхдээ бид улс орны эдийн засгийн өсөлтөд дорвитой хувь нэмэр оруулах, ажлын байрыг нэмэгдүүлэн, татвар, шимтгэлээр дамжуулан нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ эрүүл мэнд, боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах, инноваци, дэд бүтцийг хөгжүүлэхэд тууштай хөрөнгө оруулж хүн, нийгэм, хүрээлэн буй орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулахыг эрхэм болгодог.

М-Си-Эс Группийн охин болон хөрөнгө оруулалттай компаниуд сүүлийн таван жилийн нийлбэр дүнгээр 4.4 их наяд төгрөгийн татвар, шимтгэлийг төвлөрүүлснээс 2024 онд 1.3 их наяд төгрөгийг улсын төсөвт оруулсан байна. Бид жил бүр тогтвортой ажлын байр шинээр бий болгож 14 мянган үндсэн ажилтнаас гадна 30 мянга гаруй иргэнийг шууд болон шууд бус ажлын байраар ханган ажиллаж байгаа билээ.

М-Си-Эс Групп нь хувийн хэвшлээ манлайлж, аливаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтдаа үндэсний компаниудаа бүхий л талаар дэмжин оролцуулж, менежментийн туршлагаа хуваалцах, тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэхийг эрмэлзсээр ирсэн. Тухайлбал, 2024 онд М-Си-Эс Группийн компаниуд нийт 4.6 их наяд төгрөгийн худалдан авалт хийснээс дотоодын 6,090 аж ахуйн нэгж болон 2,529 хувь хүнээс 3.1 их наяд төгрөгийн худалдан авалтыг хийж, үндэсний бизнес эрхлэгчдээ дэмжсэн юм.

Бид үйл ажиллагаа эрхэлж буй бизнесийн салбар бүртээ тогтвортой хөгжлийн зорилгуудыг тусган урьтал болгон хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд байгаль орчиндоо ээлтэй, нийгмийн хариуцлагатай, ёс зүйтэй бизнесийн үйл ажиллагааг чухалчлан баримталдаг бөгөөд 2024 онд нийт 54.6 тэрбум төгрөгийг нийгмийн хариуцлагын үйлсэд зарцуулсан байна.

Ийнхүү бид өдөр бүр 3.6 тэрбум, сард 108 гаруй тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийг төвлөрүүлж, өөрийн 14 мянган ажилтандаа сард дунджаар 60 орчим тэрбум төгрөгийн цалин, урамшуулал олгохоос гадна дотоодын 8,600 гаруй бизнес эрхлэгчээс сард дунджаар 379 тэрбум төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авч, шууд бусаар 20 мянган хүнийг тогтмол ажлын байртай болгож улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой, том хувь нэмрийг оруулж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн ухамсарлан ажиллаж байна.

 

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, худалдааны яамтай санамж бичиг байгууллаа

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Миромонович Мирзиёевын Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцож, Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн яам, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, худалдааны яам хоорондын хамтын ажиллагааны хөтөлбөрийг баталсан юм.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хоёр талын харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд хөрөнгө оруулалт, бизнес эрхлэлтийг дэмжих, харилцан туршлага солилцох боломжуудыг судлахаар тохиролцсон юм.

Энэ хүрээнд М-Си-Эс Групп Узбекистан Улсын Хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, худалдааны яамтай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

М-Си-Эс Кока-Кола компани бүс нутагтаа анхдагч, дэвшилтэт технологид суурилсан шинэ үйлдвэр байгууллаа

М-Си-Эс Кока-Кола компани бүс нутагтаа анхлан хуурай технологид суурилсан, тогтуун ундааны асептик үйлдвэрийг өнөөдөр ашиглалтад орууллаа. Энэхүү үйлдвэр нь ус, эрчим хүчний зарцуулалтыг бууруулж, хуванцар савны жинг 25 хувь хүртэл багасгадаг зэргээрээ онцлог юм. Ийнхүү байгалийн нөөцийн үр ашигтай хэрэглээг нэмэгдүүлж, ус, ундааны үйлдвэрлэлд дэвшилтэт технологийг нэвтрүүлснээр Монгол Улсын тогтвортой хөгжлийн замналыг нэг шат ахиулж чадлаа.

М-Си-Эс Кока-Кола компанийн байгаль орчин, нийгэм, засаглалын чиглэлд авч хэрэгжүүлж буй олон төсөл, хөтөлбөрүүдийн үзүүлэлтийг Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ)-наас өндрөөр үнэлж, цаашдын урт хугацааны бодлого, зорилтуудыг нь дэмжих зорилгоор хүнсний салбарт анх удаа тогтвортой хөгжлийг дэмжсэн санхүүжилтийг өнгөрсөн онд олгосон билээ. Энэхүү үйлдвэрийг тус тогтвортой санхүүжилтийн хүрээнд бүтээн байгуулсан юм.

Үйлдвэрийн нээлтийн үеэр ЕСБХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес Такач “Хөгжлийг дэмжих зорилготой, өндөр шалгууртай ЕСБХБ санхүүгийн байгууллагын шаардлагуудад М-Си-Эс Кока-Кола компанийн үйл ажиллагаа амжилттай нийцэж 51.6 сая ам.долларын санхүүжилт авсан. Ийм зээл авахын тулд компанид хоёр чухал зүйл хэрэгтэй. Үүний нэг нь компанийн удирдлага нь тогтвортой хөгжил рүү чиглэсэн жинхэнэ зорилго, амлалттай байх ёстой. М-Си-Эс Кока-Кола компани энэ бүх шаардлагад бүрэн нийцэж байсан” хэмээн онцолсон юм.

Түүнчлэн М-Си-Эс Кока-Кола компанийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав “Дэвшилтэт технологид суурилсан тус үйлдвэр нь дэлхийн 200 гаруй улс оронд борлуулагдаж буй олон төрлийн бүтээгдэхүүнийг Монголын хэрэглэгчдэд хүргэж эхлэхээс гадна цай, жүүсний импортыг орлохуйц түвшинд хүрэх боломж бүрдэж байна” гэсэн юм.
Асептик савлагааны онцлог нь цай, жимсний шүүсний байгалийн амтыг илүү сайн хадгалах боломж олгодог тул хэрэглэгчдэд шинэлэг, сэргэг бүтээгдэхүүнүүдийг санал болгох юм.

This slideshow requires JavaScript.

М-Си-Эс Группийн таван компани 2024 оны “Энтрепренер”-ээр шалгарлаа

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуйн нэгжийг шалгаруулдаг “Entrepreneur-2024” арга хэмжээнээс М-Си-Эс Группийн охин болон хөрөнгө оруулалттай таван компани  шагнал хүртлээ.

МҮХАҮТ-аас 27 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү шалгаруулалтад М-Си-Эс Кока-Кола, Энержи Ресурс компаниуд “Оны шилдэг аж ахуйн нэгж”-ээр шалгарч, мөнгөн Меркури цомын эзэд болсон бол, Юнител Групп “Компанийн засаглал, нийгмийн хариуцлага, комплаенс хэрэгжүүлэгч Энтрепренер”, М банк “Банкны Энтрепренер”, Мэтагро компани “Хөдөө аж ахуйн Энтрепренер”-ээр тус тус шалгарч, хүрэл Меркури шагналыг хүртсэн юм.

М-Си-Эс Кока-Кола компани нь 2024 онд энерги бага зарцуулдаг, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээс гадна хог хаягдлыг бууруулах, дахин ашиглах, цаашлаад урт хугацаандаа бүтээгдэхүүний савлагааг 100 хувь дахин боловсруулах зорилгоор “Хуванцрын Хаягдалгүй Дэлхий” кампанит ажлыг улс орон даяар өрнүүлж байгаа юм.

Энержи Ресурс компанийн хувьд Цогтцэций сумыг 24 цагийн цахилгаан эрчим хүч, ундны цэвэршүүлсэн усаар найдвартай хангаж ирснээс гадна, орон нутгийн боловсрол, эрүүл мэндийг дэмжих, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, малчдад туслах зэрэг дэд бүтэц, тогтвортой хөгжлийг дэмжих олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, орон нутгийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж байна.

Юнител Групп 2021 оноос хойш нарны эх үүсвэрээр ажилладаг үүрэн холбооны суурин станцын тоог 2.5 дахин нэмэгдүүлж, зургаан суурин станц тутмын нэг нь сэргээгдэх үүсвэрээр ажилладаг болсноор 2024 онд 1 мянга орчим тонн CO2-экв хүлэмжийн хийн ялгарлаас сэргийлээд байна. Түүнчлэн тогтвортой хөгжлийг сайжруулж, орон нутгийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор 21 аймагт UNITEL HUB төвийг нээснээс гадна, зэрлэг амьтад ус уух хөв цөөрмийг 70 гаруй байршилд байгуулаад буй юм.

М-Си-Эс Группийн хөрөнгө оруулалттай Мэтагро компани нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг, Чадганы талд дэлхийн жишигт хүрсэн хөдөө аж ахуйн цогцолборыг байгуулаад байгаа бөгөөд 2024 онд бүхий л хог хаягдлыг дахин боловсруулж, эргэлтэд оруулах технологи бүхий “Мах боловсруулах үйлдвэр”-ийг ашиглалтад оруулж,  хаягдлыг ахуйн хэрэглээнд болон газар тариаланд ашиглах хүртэл дахин боловсруулж эхлээд байна.

“Банкны Энтрепренер”-ээр шалгарсан Монголын анхны бүрэн дижитал необанк М банк нь банкны бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээг биечлэн ирэлгүйгээр цахимаар авах боломжийг харилцагчдадаа бүрдүүлээд байна. Түүнчлэн 2024 онд олон улсын төлбөр тооцооны M Виза болон М ЮнионПэй картыг хэрэглээнд амжилттай нэвтрүүллээ.

М-Си-Эс Групп 78 оюутанд тэтгэлэг гардууллаа

М-Си-Эс Групп залуусын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах, боловсролыг дэмжих зорилгоор “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг зарлан, найман их сургуулийн 78 оюутныг шалгаруулан тэтгэлэг гардууллаа.

Тэтгэлэгт хөтөлбөрт материалаа ирүүлсэн 850 оюутнуудын асуудал шийдвэрлэх чадвар, голч дүн, эсээ болон нэмэлт даалгавар биелүүлэх үзүүлэлт зэргийг нэгтгэн дүгнэснээр 37 мэргэжлийн 78 оюутныг шалгаруулсан юм.

Эдгээр оюутнууд М-Си-Эс Группийн хөрөнгө оруулалттай болон охин компаниудаас нэг жилийн сургалтын тэтгэлэг гардан авснаас гадна суралцаж буй чиглэлээрээ гурван сарын цалинтай дадлага хийх боломжтой юм. Тодруулбал, тэтгэлгийн хүрээнд М-Си-Эс Академийн хувь хүний хөгжлийн сургалтад хамрагдаж, салбар бүрийн шилдэг мэргэжилтнүүдээс суралцах, ажлын бодит туршлага хуримтлуулах давуу талтай юм.

М-Си-Эс Групп нь “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг 2004 оноос зарлан хэрэгжүүлж байгаа бөгөөд 2022 оноос “MCS Internship” цалинтай дадлагажих хөтөлбөрийг хэрэгжүүлэн оюутан, залуусыг өндөр ур чадвартай, мэргэшсэн мэргэжилтэн болон төгсөхөд дэмжлэг үзүүлсээр байна.

ТОП-100 шалгаруулалтад нэгдүгээрт эрэмбэлэгдлээ

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хамтран улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгжүүдийг тодруулж, өргөмжлөх ТОП-100 шалгаруулалт 23 дахь жилдээ амжилттай болж, групп компанийн амжилтаар М-Си-Эс Групп дахин нэгдүгээрт эрэмбэлэгдлээ.

Бизнесийн байгууллагын тухайн жилийн улсын төсөвт оруулсан татвар, борлуулалтын орлого, ажилтны тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ зэрэг үзүүлэлтэд тулгуурлан тодруулдаг энэхүү шалгаруулалтад Энержи Ресурс, Юнител, М-Си-Эс Кока-Кола, Юнисервис Солюшн, Юнивишн, Тотал Дистрибюшин, Бьюлдинг Мэйнтэнэнс Сервисэс, М-Си-Эс Проперти, Шангри-Ла Улаанбаатар Хотел, М-Си-Эс Интернэйшнл, Интернэйшнл Медикал Сентер зэрэг М-Си-Эс Группийн 11 компани шилдгээр шалгарсан юм. М-Си-Эс Группийн охин болон хөрөнгө оруулалттай компаниуд сүүлийн таван жилийн нийлбэр дүнгээр 3.1 их наяд төгрөгийн татвар, шимтгэлийг төвлөрүүлснээс 2023 онд 966 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулсан байна. Бид өөрийн болон бусад эх үүсвэрээр хөрөнгө оруулалтууд хийн тогтвортой ажлын байр шинээр бий болгож 13 мянган үндсэн ажилтнаас гадна 30 мянга гаруй иргэнийг шууд болон шууд бус ажлын байраар ханган ажиллаж байгаа билээ.

М-Си-Эс Групп нь хувийн хэвшлээ манлайлж, аливаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтдаа үндэсний компаниудаа бүхий л талаар дэмжин оролцуулж, менежментийн туршлагаа хуваалцах, тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэхийг эрмэлзсээр ирсэн. Тухайлбал 2023 онд М-Си-Эс Группийн компаниуд нийт 3.5 их наяд төгрөгийн худалдан авалт хийснээс дотоодын 6,853 аж ахуйн нэгж болон 1,768 хувь хүнээс 2.2 их наяд төгрөгийн худалдан авалтыг хийж, үндэсний бизнес эрхлэгчдээ дэмжсэн юм. Түүнчлэн бидэнтэй нийлүүлэгчээр хамтран ажиллах хүсэлтэй дотоодын бүх бизнес эрхлэгчид хамтран ажиллах явцыг хөнгөвчлөх зорилгоор олон улсын жишигт нийцсэн Нийлүүлэгчийн портал худалдан авалтын цогц системийг 2023 онд шинээр нэвтрүүллээ.

М-Си-Эс Группийн 30 жилийн түүхэн ой тохиосон 2023 онд бид өнгөрсөн ололт амжилт, улс, эх орныхоо хөгжил дэвшилд оруулсан бүтээн байгуулалтуудаа нийт ажилтныхаа хамтаар тэмдэглэсэн юм. Энэ хүрээнд бид ажилтанд зориулсан хөнгөлөлттэй бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг дороос авах боломжтой “MCS Benefits” платформыг 2023 онд нэвтрүүлж, ажилтан энэхүү платформоос бараа, үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлж, дэмжих зорилгоор 11 тэрбум төгрөгийг ажилтны үндсэн цалин дээр нэмэлт мөнгөн урамшуулал хэлбэрээр олголоо.

Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг бид бизнесийн үйл ажиллагаа, нийгмийн хариуцлагын үйлсдээ мөрдлөг болгон ажиллахыг зорьдог. Энэхүү бодлогынхоо хүрээнд бид нийгэмд эерэг нөлөөтэй, байгаль орчинд халгүй, хүмүүст өгөөжтэй байхыг чухалчилж, 2023 онд нийт 47 тэрбум төгрөгийг нийгмийн хариуцлагын үйлсэд зарцуулсан байна.

Ийнхүү бид өдөр бүр 2.6 тэрбум, сард 80 гаруй тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийг төвлөрүүлж, өөрийн 13 мянган ажилтандаа сард 43 тэрбум төгрөгийн цалин, урамшуулал олгохоос гадна дотоодын 8,600 гаруй бизнес эрхлэгчээс сард дунджаар 185 тэрбум төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авч, шууд бусаар 20 мянган хүнийг тогтмол ажлын байртай болгож улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой, том хувь нэмрийг оруулж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн ухамсарлан ажиллаж байна.

Шатар, волейболын аваргуудаа шалгарууллаа

М-Си-Эс Групп шатар болон волейболын аварга шалгаруулах тэмцээнээ өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Волейболын аварга шалгаруулах тэмцээнд 22 компанийн 39 баг, 400 гаруй тамирчин оролцож шилдгүүдээ тодруулсан юм.

Тэмцээний эмэгтэй төрөлд Юнител Групп алтан медаль, М-Си-Эс Проперти компани мөнгөн медаль, Энержи Ресурс компани хүрэл медаль хүртэж, Орчлон сургууль тусгай байрыг эзэлсэн бол эрэгтэй төрөлд Юнител Групп алтан медаль, Энержи Ресурс компани мөнгөн медаль, М-Си-Эс Интернэйшнл хүрэл медалийн эзэн болж, ТекПак компани тусгай байранд шалгарлаа. Шилжин явах цомын эзнээр багийн нийлбэр дүнгээр Юнител Групп тодорсон юм.

Мөн жил бүр уламжлал болгон шалгаруулдаг волейболын тэмцээний бэлгэдлийн багийн эздийг шалгаруулсан бөгөөд энэ удаагийн тэмцээний шилдэг эмэгтэй тоглогчдоор:

  • Шилдэг холбогч – М-Си-Эс Проперти компанийн тамирчин Э.Ундрах,
  • Шилдэг давуулагч – Юнител Группийн тамирчин Б.Тунгалаг,
  • Шилдэг хамгаалагч – М-Си-Эс Проперти компанийн тамирчин Б.Буянзаяа,
  • Шилдэг хаагч – Сэлбэ сургуулийн тамирчин А.Баярсайхан,
  • Шилдэг довтлогч – Юнител Группийн тамирчин А.Баярчимэг,
  • Тэгш тоглогч – Энержи Ресурс компанийн тамирчин О.Цэрмаа-Буд нар тус тус тодорч, бэлгэдлийн багийг бүрдүүлсэн юм.

Харин эрэгтэй шилдэг тоглогчдоор:

  • Шилдэг холбогч – Юнител Группийн тамирчин Ж.Ганцоож,
  • Шилдэг давуулагч – М-Си-Эс Интернэйшнл компанийн тамирчин Э.Чогланамжил,
  • Шилдэг хамгаалагч – Энержи Ресурс компанийн тамирчин Ч.Болорчулуун,
  • Шилдэг хаагч – Энержи Ресурс компанийн тамирчин Б.Сумъяа,
  • Шилдэг довтлогч – ТекПак компанийн тамирчин Б.Батцэнгэл,
  • Тэгш тоглогч – Юнител Группийн тамирчин Г.Эрдэмбилэг тус тус шалгарч, М-Си-Эс Группийн волейболын эрэгтэй бэлгэдлийн багаар тодорлоо.

Түүнчлэн М-Армор компаниас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг М-Си-Эс Группийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг найм дахь жилдээ зохион байгуулж, тэмцээнд 22 компанийн 61 тамирчин оюунаараа уралдсан юм. Шатрын тэмцээний эмэгтэй ганцаарчилсан төрөлд ДДэшТВ компанийн Л.Мөнхзаяа алтан медаль, М-Си-Эс Проперти компанийн М.Намуун мөнгөн медаль, Анунгоо компанийн Б.Оюунбилэг хүрэл медаль, Анунгоо компанийн Л.Цамбасүрэн тусгай байранд шалгарсан бол тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрөлд  Энержи ресурс компанийн Х.Болд алтан медаль, Сэлбэ сургуулийн Б.Анхбаяр мөнгөн медаль, Онтайм компанийн Н.Ууганжаргал хүрэл медаль, Бьюлдинг Мэйнтэнс компанийн С.Сод-Эрдэнэ тусгай байрын эзнээр шалгарлаа.

Энэ жил шатрын хурдан тоглолтын төрлийг анх удаа зохион байгуулсан бөгөөд Бьюлдинг Мэйнтэнс компанийн С.Сод-Эрдэнэ алтан медаль, Сэлбэ сургуулийн Б.Анхбаяр мөнгөн медаль, Энержи Ресурс компанийн Х.Болд хүрэл медаль, М-Си-Эс Проперти компанийн Т.Түвшинтөр тусгай байрын эзнээр тус тус шалгарлаа. Түүнчлэн Группийн ажилтнуудын хүүхдүүд дунд шатрын тэмцээнийг гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулж, нийт 36 хүүхэд оролцлоо.

Шангри-Ла зочид буудал “Хариуцлагатай нүүдэлчин” үндэсний стандартыг дэмжиж байна

Мал, бэлчээр, малчдын ахуй байдлыг тал бүрээс нь тавлаг байлгах “Хариуцлагатай нүүдэлчин” үндэсний стандартын шаардлагыг хангасан ноолууран бүтээгдэхүүний анхдагч болох Тоонот брэндийг Шангри-Ла Улаанбаатар зочид буудал хариуцлагатай хэрэглээг эрхэмлэдэг хэрэглэгчдэдээ танилцуулж байна..

Малын гаралтай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх зорилготой “Хариуцлагатай нүүдэлчин” стандарт нь эрүүл мал, эрүүл бэлчээрээс гаралтай, хариуцлагатай малчин, фермерүүдийн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд хүргэн хөдөө аж ахуйн тогтвортой үйлдвэрлэлийг түгээхээр зорьдог. Ингэснээр Монгол орны ахуй, байгалийн тогтоц, нүүдлийн соёлын өвөрмөц өнгө төрхийг сурталчлах, нүүдлийн соёлыг хадгалж хамгаалахад тулгамдсан асуудлуудыг олон нийтэд таниулах, тэдгээрийг шийдвэрлэхэд хүмүүс хэрхэн хувь нэмрээ оруулах боломжтойг харуулахаар зорьж буй юм.

Энэ талаар Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Д.Бурмаа: “Хариуцлагатай нүүдэлчин” стандартыг 2020 онд нэвтрүүлснээр малчид болоод байгаль орчинд олон талын эерэг өөрчлөлт гарч эхлээд байна. Тухайлбал, малчид малын гаралтай бүтээгдэхүүнээ өндөр үнээр борлуулах боломжтой болж, мал, сүргээ эрүүлжүүлж эхэлсэн юм. Түүнчлэн, малчдын хоршоо тогтмол худалдан авагчтай болсон төдийгүй иргэд бэлчээр нутгаа хамгаалан зөв зохистой ашиглаж эхэлснээр бэлчээрийн доройтол буурч байна” гэсэн юм.

Шангри-Ла Улаанбаатар зочид буудал нь “Хариуцлагатай нүүдэлчин” үндэсний стандартын шаардлагыг хангасан брэндүүдийг дэмжиж, бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулах боломжийг бүрдүүлж байна. Шангри-Ла Улаанбаатар зочид буудлын Ерөнхий менежер Марк Чан хэлэхдээ “Бид өөрсдийн үнэт зүйлс болон тогтвортой хөгжилд нийцсэн брэндүүдийг дэмжиж, буудаллаж буй зочдодоо танилцуулахыг зорьдог. ‘Хариуцлагатай нүүдэлчин’ үндэсний стандарт нь бэлчээрийн зохистой ашиглалт, нүүдэлчдийн өвөрмөц соёл, ёс заншлыг хадгалах, ил тод ханган нийлүүлэлтийн сүлжээ зэрэг тогтвортой хөгжлийн хандлагыг түгээхээр зорьж байгааг бид дэмжиж, тогтвортой ноолуурын талаарх мэдлэгийг дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн зочдодоо хүргэхээр зорьсон юм” хэмээн онцоллоо.

Шангри-Ла зочид буудлын угтах танхимд байрлаж буй энэхүү хэсэгт хүрэлцэн ирснээр Тоонот брэндтэй танилцаж, бүтээгдэхүүний шошго бүрт байршуулсан QR кодыг уншуулан аль аймаг, сум, хоршооны малчдаас түүхий эдийг бэлтгэсэн зэрэг мөшгөх тогтолцоо дахь мэдээлэлд үндэслэн хариуцлагатай сонголт хийх боломжийг хэрэглэгчдэдээ олгож байна.