Гэрээс ажиллах туршилт: Бид дижитал шилжилтэд бэлэн үү?

Коронавирусийн халдварын дэгдэлттэй холбоотойгоор нийт албан байгууллага, аж ахуйн нэгжүүд ажилтнуудаа зайнаас буюу гэрээс нь ажиллуулах, богиносгосон цагаар ажиллуулах зэрэг зохицуулалт, арга хэмжээ авч эхлээд байгаа билээ. Энэ нь Монголд төдийгүй дэлхий дахинд гэрээсээ ажиллах хамгийн том туршилт болж байна.

Дэлхий даяар хэрэгжиж буй дижитал шилжилтэд цаашид хэрхэн бэлдэх, зайнаас ажиллахад цаашид юуг анхаарах, ямар давуу талтай талаар М-Си-Эс Холдинг ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Гантөмөртэй интернэтээр ярилцсан юм. Тэрээр “Сайн талгүй муу зүйл гэж байдаггүй гэдэг шиг биднийг дижитал шилжилтэд хэр бэлэн байгааг шалгах, дижитал шилжилтийн арга техникийг турших, хойш нь тавьж байсан бол өдөр тутмын ажилдаа нэвтрүүлэх боломж гарсан. Нийт ажилтнуудаа аюулт өвчин тахлаас хамгаалахын зэрэгцээ бизнесээ цахим байдлаар хэр сайн удирдаж байгаагаа буюу дижитал шилжилтэд хэр бэлэн байгаагаа шалгаад авах боломж” гэсэн юм.

Олон хувилбарыг ашиглах

М-Си-Эс Группт нийт 9000 гаруй хүн ажилладаг. Тэдний 60 орчим хувь нь үйлдвэр, үйлчилгээ, борлуулалтын ажилтнууд байдаг. Үлдсэн хэсэг нь оффисын ажилтан. Одоогийн байдлаар үйлдвэр, үйлчилгээ, борлуулалтын ажилтнуудыг урьдчилан сэргийлэх бүхий л хамгаалалт, арга хэмжээг авч ажиллуулж байгаа бол оффисын ажилтнууд хоёрдугаар сарын эхний хагасаас эхлэн ихэвчлэн гэрээсээ ажиллаж байна. Дүгнэвэл тус группийн 2000-2500 гаруй ажилтан өдөр бүр гэрээсээ ажиллаж, 1500-2000 ажилтан тодорхой өдрүүдэд гэрээсээ ажиллаж байна.

Ажлын онцлогоос шалтгаалж гэрээсээ ажиллах, тодорхой өдрүүдэд оффис дээр ээлжлэн ажиллах зэрэг олон хувилбарыг туршиж байна. Мэдээж компанийн бизнесийн онцлогоос шалтгаалж гэрээс ажиллах зохицуулалт өөр, өөр байгаа. Жишээлбэл, М-Си-Эс Интернэшнл, Эрчим сүлжээ компаниуд үндсэндээ 100% гэрээсээ ажиллаж байгаа бол Анунгоо, Маркет Гейт зэрэг компанийн оффисын ажилтнууд ажлын таван өдрийн гуравт нь гэрээсээ ажиллаж байна. Борлуулалтын компани учраас ажилтнуудын ихэнх хувийг түгээлт, агуулахын ажилтан эзэлдэг. Ажлын онцлогоос шалтгаалж тэд энгийн хуваариар ажиллаж байгаа. Харин борлуулалтын алба нь долоо хоногийн нэг өдөр нь оффис дээр цугларч мэдээллээ аваад бусад өдөр нь шууд талбар руу гарч ажиллах зохицуулалт хийсэн байгаа юм.

Ерөнхийдөө оффисын буюу санхүү, хүний нөөц, мэдээллийн технологи, маркетинг, бизнес хөгжил, худалдан авалт зэрэг албаны ажилтнууд ээлжлэн оффис дээр ажиллах хуваарь гаргаснаар гэрээсээ ажиллах боломж бүрэн байгаа нь харагдлаа. Мөн судалгаа хийх, бичиг баримт боловсруулах буюу бусад ажилтнаас хамаарал бага үед гэрээс ажиллуулахад тохиромжтой санагдсан.

Хүүхдүүдээ харах, өвчтэй үедээ хүмүүс ажлаасаа чөлөө авдаг. Энэ удаагийн туршлагаас харахад цаашид дээрх шалтгаануудын үед гэрээр ажиллуулах бүрэн боломжтойг харууллаа. Мөн долоо хоногт тодорхой өдрүүдэд гэрээс нь ажиллуулах талаар судлах туршлага, жишээ бий боллоо.

Ажиллах арга барилдаа тохируулах боломж

Оффисын нягтрал 2-3 дахин багасч, сэлүүхэн болсон учраас зарим хүн саналаараа ирж ажиллаж байгаа. Энэ нь төвлөрөх боломжийг олгож байна. Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүд гэртээ төвлөрч суухад хүндрэлтэй байгаа учраас оройн цагаар сууж ажиллах нь нэмэгдсэн. Тиймээс оффис дээр илүү төвлөрч ажиллахаар ирж байна.

Түүнчлэн манай групп сүүлийн жилүүдэд ажлын цагийн уян байдалд анхаарч, ажилтнууд өөрийн ажиллах арга барилдаа тохируулан ажлын цагаа сонгох боломжийг олгож байгаа. Ажилтнууд маань хүүхдүүдийнхээ сургууль, цэцэрлэг, гэрийн ажил, замын түгжрэлээ тооцоолоод өглөө 08:00-10:00 цагийн хооронд дуртай үедээ ажилдаа ирээд орой 17:00-19:00 хооронд тарах бололцоог олгож эхэлсэн. Өөрөөр хэлбэл, ажлын эхлэх болон тарах цагийг уян хатан болгож, ажлын цагт баригдсан биш үр дүнтэй нь уялдсан хяналтын системтэй болохоор зорьж байгаа.

Ажлын гүйцэтгэл, бүтээмж

М-Си-Эс Группийн зарим компанийн хувьд алсын зайнаас бизнесээ цахим байдлаар удирдах арга барилыг аль хэдийнэ хэрэгжүүлээд, энэ талаар туршлагатай болчихсон байгаа юм. Тухайлбал, орон нутгийн тээвэр ложистикийн Тотал Дистрибюшин компанийн хувьд 21 аймагт салбартай учраас алсын зайнаас салбаруудтайгаа холбогдож, ажлаа амжилттай явуулаад сурчихсан байна. Харин зарим компанийн хувьд гэрээс ажиллах анхны тохиолдол нь энэ болохоор суралцах хэрэгтэй зүйлс их байгааг олж харлаа. Мэдээж бүтээмж 100 хувь хадгалагдаж чадсан уу гэвэл анхны удаа болохоор арай үгүй л болов уу. М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн хувьд зайнаас ажилласан зургаан албаны гуравт нь хүндрэл тодорхой хэмжээгээр гарсан гэж хариулсан. Дийлэнх нь үүрэг даалгаврын гүйцэтгэл тал дээр бүтээмжийг хянасан байгаа юм. Гэхдээ ерөнхийдөө группийн ихэнх компани ажлын гүйцэтгэлд зөрүү гараагүй гэж мэдээлсэн. Өдөр бүрийн ажлын тайлан, долоо хоногийн төлөвлөгөөт ажлын биелэлтээр ажлыг хэмжих боломжтой байгааг компанийн удирдлагууд онцолж байсан.

Компаниуд гэрээс ажиллах туршилтын үед дижитал платформуудаа бүрэн ашиглаж хэвшиж байна. Ингэснээр ажилтнуудын бүтээмж ч сайжирч байгааг зарим компанийн удирдлага хэлж байна. Гэрээс ажиллуулах шийдвэр гаргахаас өмнө ажилтнуудын бүтээмж буурах вий гэсэн болгоомжлол байсан ч хэрэгжүүлж эхлэхэд төсөөллөөс хавьгүй дээр байгаа нь ажиглагдсан. Мөн ажилтнууд гэртээ ажиллаж байхдаа илүү хариуцлагатай байж утасны дуудлага, мэйл зэрэгт маш шуурхай хариу өгч хариуцлагатай хандаж байгааг онцлохоор байна.

Хариуцлага

Ажилтнуудын хувийн зохион байгуулалт, туршлага, гэр бүлийн байдал (бага насны  хүүхэдтэй эсэх) зэрэг онцлогоос хамааран гүйцэтгэл ялгаатай, харилцан адилгүй байгаа. Гэхдээ одоогоор гэрээс ажиллаж байгаа хүмүүсийнхээ ажлын бүтээмж, үр дүнг удирдлагууд нь хянаж байгаа болохоор ямар нэгэн асуудал үүсээгүй. Байнгын харилцаа холбоо, уялдаатай ажиллаж байна.

Мэдээж энэ үед удирдлагын хариуцлага, хяналт, зохион байгуулалт чухал үүрэгтэй. Гэрээс тодорхой хугацаанд удирдлагатайгаа зөвшилцсөн байдлаар ажиллах нь ажилтны ажил амьдралыг тэнцвэржүүлэх, оффисын ачааллыг бууруулах, ажлын бүтээмж, ажилтны сэтгэл ханамж сайжрах зэрэгт давуу тал үүсгэж байна гэдгийг ч хэлж байна. Жишээлбэл, Скай Резорт компанийн Хүний нөөцийн албанаас “Гэрээр ажиллах зөвлөмж” гаргаж ажилтнуудад танилцуулсан байгаа юм. Ажилтан нь гэрээс хийгдэх ажлын төлөвлөгөө, хугацааг шууд удирдлагатайгаа тохирч, шууд удирдлага тухай бүр гүйцэтгэлийг нь үнэлж, ажилласан цагийг баталгаажуулах байдлаар гэрээс ажиллаж байна.

Шинэ орчинд ажиллах

Ажилтан бүрийн хувийн зохион байгуулалт сайжирч, шинэ орчинд ажиллаж сурч байна. Хүний нөөцийнхөн ажил горилогч нартай онлайнаар ярилцлага хийхэд амжилттай болсон төдийгүй өмнөхөөс нэг их зөрүү гараагүй гэж мэдээлсэн. Энэ мэтчилэн ажилтнууд хийх ёстой ажлаа цаг алдалгүй хийж, танилцуулж хариуцлагатай байгаа. Компани ч хариуцлагатай байж цалинд өөрчлөлт оруулаагүй.

Техникийн бололцоог хангах

Манай группийн компаниуд Microsoft Office 365 программыг нэвтрүүлсэн учраас хурал, уулзалтуудаа дотоод харилцааны Microsoft Teams платформоор хийж, дүрсээ харж, танилцуулах материалаа дундаа хуваалцаж, ярилцаж байна. Энэ платформын тусламжтайгаар 1000 хүртэлх хүн нэг зэрэг хамт хуралдах боломжтой. Мөн Microsoft Planner программаар ажлын төлөвлөгөө гаргах, гүйцэтгэлээ хянаж, мэдээллээ тогтмол солилцож байгаа. Зарим албанд утас, и-мэйлээр харилцаад явахад шийдвэр гаргалт удааширч байгаа ч үүнийг дижитал платформын давуу талыг ашиглан шуурхай шийдэн ажиллаж байна. Өөрөөр хэлбэл ажлын явц хаана, хэн дээр удааширч байгааг хянах бололцоог олгохоос гадна ажилтан ч ажлын цагаа зөв хуваарилан ажиллах бололцоог олгож байна. Мэдээж яаралтай, хугацаа шахуу олон хүн хамтарч хийх ажлууд дээр онлайнаар хуралдаж, материал нэгтгэх, ажлын аргачлал гаргах нь хүндрэлтэй байгаа тул шаардлагатай баг оффистоо ажиллаж байгаа. Мөн хэн хэзээ гэрээсээ ажиллах, хэзээ ажлын байран дээр ирэхийг бүртгэж зохицуулах аппликэйшнийг мэдээллийн технологийн ажилтнууд маань богино хугацаанд хөгжүүлсэн нь хэн хаанаас ажиллаж байгааг хялбар нэг зэрэг харах, ажлаа зохицуулах боломжийг олгож байна.

Гэрээс ажиллах үед техникийн бололцоог хангах нь хамгийн чухал санагдсан. Хамгийн гол нь бүх ажилтныг зөөврийн компьютероор хангаж өгөх нь чухал. Энэ удаагийн туршлага тус группийн компаниудын дижитал шилжилтийн бэлэн байдлыг бодитоор харах, анхаарах бололцоог олголоо.

Сэтгэл ханамж

Гэрээс ажиллахад ажилтнуудын хариуцлага илүү сайжирсан. Мэйлээр харилцах харилцаа илүү хурдан болсноос гадна ажилтнуудын сэтгэгдэл ч эерэг байна. Урьдчилан сэргийлэхээс гадна хоол, унааны мөнгөө хэмнэж байгаа нь залуусын эдийн засагт ашигтай шүү дээ. Ажилд ирэхийн тулд замд хэчнээн уддаг билээ. Цаг ч хэмнэж байна. Хөл хорионы үед ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалж, цэцэрлэг, сургууль хаагдсан үед үр хүүхдээ хараа хяналтгүй байхаас сэргийлэх зэрэг давуу тал үүсгэж байгаа нь тааламжтай байгааг дотоод сүлжээгээр дамжуулан хэлж байна.  Зарим компанийн хувьд ажилтнууд маань гэрээсээ илүүтэй ажил дээрээ хамт олон дундаа байх нь таатай байна гэдгийг хэлж байсан. Тиймээс гэрээс ажиллах нь нэг талаар ажил, амьдралын тэнцвэртэй байдлыг олгож байгаа ч нөгөө талаар хэт удвал хамт олны дотно уур амьсгалд нөлөөлөх магадлалтай гэж санагдсан. Энэ үед дотоод зохион байгуулалт, зохицуулалт чухал.

2020 оны дэлхийн онцлох 25 дурсгалт газрын нэг Чойжин ламын сүм музейн Watch Day өдөрлөг

“Өв Эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөрийн Чойжин ламын сүмийн хадгалалт хамгаалалтын төслийн багаас World Monuments Watch хөтөлбөрт Чойжин ламын сүм музейг нэр дэвшүүлснийг АНУ дахь Дэлхийн хөшөө дурсгалын сангийн бие даасан шинжээч-олон улсын экспертүүд дэмжиж, 2020 оны дэлхийн онцлох 25 дурсгалт газрын нэгээр сонгосон билээ. World Monuments Watch 2020 хөтөлбөрт шалгарсан 22 улсын 25 дурсгалт газрууд нь хотжилт, хэт барилгажилт, гэнэтийн осол, байгалийн гамшиг, буруу менежмент, улс төрийн үймээн самуун, мөргөлдөөний улмаас эрсдэлд ороод буй юм.

https://www.wmf.org/2020Watch

Эдгээрийн адил Чойжин ламын сүм музей нь хотжилт, хэт төвлөрөл, бодлогогүй төлөвлөлт, хөрөнгө санхүүгийн гачигдлаас болж эрсдэлд орсон түүх соёлын дурсгалт газрын нэгээр сонгогдож олон улсын тусламж хандив, сэргээн засварлалтын мэргэжилтнүүдээс техникийн туслалцаа авах боломж бүрдээд байгаа билээ.

https://www.wmf.org/project/choijin-lama-temple

Соёлын өвийг хамгаалахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монголын Урлагийн Зөвлөл, Чойжин ламын сүм музей нь Дэлхийн хөшөө дурсгалын сантай хамтран World Monuments Watch 2020 хөтөлбөрийн хүрээнд “Watch Day” өдөрлөгийг цахим орчинд 2020 оны 5 дугаар сарын 17-нд зохион байгуулах гэж байна.

https://www.wmf.org/watch-day

Энэхүү арга хэмжээ нь олон улсын хандивлагч нарт Чойжин ламын сүм музейг цахим орчинд сурталчлан таниулах замаар сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалтын төсөлд дотоод гадаадын хөрөнгө оруулалтыг татах, олон улсын сэргээн засварлалтын мэргэжилтнүүдээс техникийн зөвлөмж туслалцаа авахад түлхэц болох юм.

“Watch Day” өдөрлөгийн  хөтөлбөр:

  • Сүм хийдийн барилга архитектур сэдэвт онлайн тайлбарт аялал
  • Цаасан шуумалаар цамын маск урлах цахим сургалт
  • Чойжин ламын сүмд байсан ч хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд устаж үгүй болсон чулуун дурсгал, сүмийн барилгыг виртуал орчинд сэргээн босгосон AR үзмэрийн нээлт
  • “Өв Эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөрийн 888 мод тарих ажил
  • Архивын гэрэл зургийн үзэсгэлэн

Монголын Урлагийн Зөвлөл нь 2020 онд музейн эдэлбэр газарт буюу хэрмэн хашаанаас 7350 мкв талбайд 3500 мкв ногоон байгууламж, 1100 мкв явган хүний боржин чулуун зам, 50 машины авто зогсоолыг М-Си-Эс Группийн “Өв Эрдэнэ” тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилтээр шинээр байгуулж буй бөгөөд музейн хандивлагч дэмжигчдийг 5 дугаар сарын 17-25 нд 888 мод бут тарих үйлсэд оролцуулж байгааг дуулгахад таатай байна.

Төрийн сахиусны өргөө 112 жилийн түүхтэй Чойжин ламын сүмийн барилгыг сэргээн засварлах, музейн үзэгчдэд тав тухтай орчныг бүрдүүлж, соёлын өвөө хамгаалах их үйлсэд хувь нэмрээ оруулахыг байгууллага хүн бүхэнд уриалан сошиал медиа сувгаар дараах түлхүүр үгсийг дурдан Монголынхоо соёлын дурсгалын үнэ цэн, ач холбогдлыг олон нийтэд түгээн бидэнтэй хамтран ажиллахыг төслийн баг хамт олны зүгээс уриалж байна.

“Үндэсний үсэглэлийн аварга” нэвтрүүлгийг санаачлан хэрэгжүүллээ

М-Си-Эс Групп улс орныхоо эдийн засгийн өсөлтөд дорвитой хувь нэмэр оруулахын зэрэгцээ эрүүл мэнд, боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах, инноваци, дэд бүтцийг хөгжүүлэхэд тууштай хөрөнгө оруулж хүн, нийгэм, хүрээлэн буй орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулахыг эрхэмлэн ажилладаг билээ. Боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд өнгөрөгч 2019 онд нийт 360 сая гаруй төгрөгийг нийслэл хот болон орон нутгийн цэцэрлэгийн хүүхдүүд, ерөнхий боловсролын энгийн болон тусгай сургуулийн сурагчид, оюутан, залууст чиглэсэн төрөл бүрийн хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэхэд зарцуулсан байна. Түүнчлэн, залуу хойч үеийнхэндээ зөв мэдлэг түгээх, эх хэлнийхээ дархлааг бататгах, үсэг бичгийн асуудлуудыг цэгцлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор “Үндэсний үсэглэлийн аварга” нэвтрүүлгийг санаачлан, ерөнхий ивээн тэтгэгчээр Номадиа Пикчерс, Боловсрол телевизтэй хамтран ажиллалаа. Нидерланд улсын “Endemol Shine” группийн албан ёсны эрхтэй “Үндэсний үсэглэлийн аварга” шоу нэвтрүүлэгт хот, хөдөөгийн 1000 гаруй сурагч бүртгүүлснээс шилдэг 52 оролцогч шалгаран эхний улирлын нэвтрүүлэгт оюун ухаанаа сорин оролцсон юм. Нийт 9 цувралын турш эх хэл, өв соёлоо тээн дэлгэрүүлэхийн чухлыг хөндөж, монгол хэлний зөв бичгийн дүрэм, үгийн сангийн тухай маргаан, хэлэлцүүлгийг өрнүүлж, улмаар нийгэмд эерэг нөлөө, үр дүн үзүүлж чадсан энэхүү нэвтрүүлгийн эхний улирлын аваргаар Соёмбо бага сургуулийн 5-р ангийн сурагч М.Түвшинзаяа тодорч аваргын цом, 10 сая төгрөгийн эзэн болсон билээ.

Оны онцлох аж ахуйн нэгжүүдийн тугийг мандууллаа

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байгаа аж ахуйн нэгжүүдийг өргөмжилдөг “ENTREPRENEUR” шалгаруулалт оны төгсгөлд болж, шилдгүүдээ шалгаруулсан билээ. МҮХАҮТ-ын уг шалгаруулалтад М-Си-Эс Группийн Энержи Ресурс, М-Си-Эс Кока-Кола компаниуд “2019 оны онцлох аж ахуйн нэгж”-ээр шалгарсан бол М-Си-Эс Интернэйшнл компани “Эрчим хүчний салбарын онцлох энтрепренер” болсон юм.

Тэгвэл 2019 оны онцлох аж ахуйн нэгжүүдийн тугийг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр болж, Энержи Ресурс, М-Си-Эс Кока-Кола компаниуд “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ, “Оюу толгой” ХХК, “Номин Холдинг” ХХК, “Мобиком Корпораци” ХХК, “Тэсо Корпораци” ХХК, “Сүү” ХК, “Монос” Групп, “Ханбогд Кашмер” ХХК, “Өгөөж чихэр боов” ХХК-ийн хамт МҮХАҮТ-ын талбайд ийнхүү тугаа мандууллаа.

М-Си-Эс Интернэйшнл компани үндэсний чанарын шагнал хүртлээ

Дэлхийн чанарын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийн хүрээнд Стандарт, хэмжил зүйн газар болон МҮХАҮТ хамтран “Үндэсний чанарын чуулган”-ыг Монгол Улсын Шадар сайдын ивээл дор “Чанар-амжилтын түлхүүр” уриатайгаар зохион байгууллаа. Манай улс чанарын өдрийг 17 жилийн өмнөөс тэмдэглэж ирсэн бөгөөд сүүлийн таван жилд Үндэсний чанарын шагнал гардуулж байгаа юм. Чанараараа бусдаас тэргүүлж, түүчээлж явдаг ААН-үүдийг шалгаруулдаг энэхүү шагнал нь стандартыг олон нийтэд таниулж, чанарыг олон нийтэд дадал болгох зорилготой. М-Си-Эс Интернэйшнл компани энэхүү шалгаруулалтын “Шилдэг аж ахуйн нэгж, байгууллага”-ын төрөлд шалгарч, олон улсын болон үндэсний стандартын шаардлагыг хангасан үйл ажиллагаа явуулж буйгаа дахин баталлаа.

М-Си-Эс Интернэйшл компани 2019 онд “Нэгдсэн удирдлагын тогтолцоо” буюу чанарын удирдлага, байгаль орчны удирдлага, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлага, эрчим хүчний удирдлагын олон улсын стандартыг цогцоор нь үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн билээ. “Нэгдсэн удирдлагын тогтолцоо” нэвтрүүлснээр дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын стандартын шаардлагад бүрэн нийцсэн үйл ажиллагаа явуулж буйгаа олон улсын байгууллагаар баталгаажуулсан бол ийнхүү “Үндэсний чанарын шагнал” хүртэж амжилтаа бататгалаа.

Соёл урлагт хөрөнгө оруулагч бизнесийн шилдэг байгууллагаар шалгарлаа

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас “Соёл, урлагт хөрөнгө оруулагч 2019 оны шилдэг байгууллагууд”-ыг тодруулахад,

-Төрийн байгууллагаас Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

-Бизнесийн байгууллагаас М-Си-Эс Групп

-Төрийн бус байгууллагаас Монголын Урлагийн Зөвлөл шалгарлаа.

Өнгөрсөн хугацаанд М-Си-Эс Групп нь

-Дуурь бүжгийн эрдмийн театрт үндэсний сонгодог 40 гаруй бүтээлийн нот, клавир, партитурын эх хувилбарыг сэргээн дижитал хувилбарт шилжүүлсэн төсөл,

-Монголын уран сайхны болон баримтат 200 илүү бүтээлийг HD форматад хөрвүүлсэн “Монгол кино HD” төсөл,

-“Занабазарын музей”-д, “Занабазарын нууц” төсөл зэргийг хэрэгжүүлсэн бол,

2019 онд,

-Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран “Өв Эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Чойжин ламын сүм музейн хадгалалт хамгаалалтын төслийг санхүүжүүлсэн юм.

Оны Онцлох 10 ААН-ийн хоёр нь М-Си-Эс Группийнх байлаа

Монгол Улсад бүртгэлтэй 140 мянга гаруй аж ахуйн нэгж байдгаас тэргүүлэгч 100 компани нь ДНБ-ий 96 хувь, татварын орлогын 50 хувийг бүрдүүлдэг байна. Тухайн жилийн бизнесийн тэргүүлэгчдийг шалгаруулдаг МҮХАҮТ-ын “Энтрепренер-2019” ёслол 23 дахь жилдээ зохион байгуулагдаж, нийт 43 номинацид 100 компанийн 182 материал ирснээс Гран-При шагналыг “Эрдэнэт” ТӨҮГ хүртэв.

“Эрдэнэт” үйлдвэр 2019 онд 134 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 2 их наяд орчим төгрөгийн экспортын бүтээгдэхүүн борлуулжээ. Түүний араас оны онцлох 10 ААН-ээр Оюу толгой ХХК, Энержи Ресурс ХХК, Номин Холдинг ХХК, Мобиком корпораци, Тэсо корпораци, Сүү ХК, М-Си-Эс Кока-Кола ХХК, Монос Групп, Ханбогд кашимер ХХК, Өгөөж чихэр боов ХХК-иуд шалгарлаа. Тухайлбал, Оюу толгой төсөл Монголд хэрэгжснээр 14 мянган ажлын байр бий болгосноос гадна дотоод гадаадын туслан гүйцэтгэгч, ханган нийлүүлэгчидтэй тогтмол хамтран ажиллаж иржээ. Өнгөрсөн онд Оюу толгой ХХК нийт 764 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 524 нь үндэсний ханган нийлүүлэгчид байжээ.

Оны онцлох 10 аж ахуй нэгжид багтсан компаниуд гэхэд нийтдээ 1,350 ажлын байр шинээр бий болгосон байна. Инноваци, дэвшилтэт технологийг нэвтрүүлж, экспортын хэмжээг нэмэн зах зээлээ тэлсэн байдал тус шалгаруулалтын чухал үзүүлэлтүүдийн нэг байдаг. 2019 онд Энержи Ресурс ХХК 4 сая тонн баяжуулсан коксжих нүүрс экспортолж, борлуулалтын орлогоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 20 хувиар өсгөжээ. Ханбогд кашимер ХХК нь Англи, Энэтхэг, БНСУ-д 100 тэрбум төгрөгийн экспорт хийж, монгол ноолуурыг дэлхийн зах зээлд гаргасан байна. Монос Групп 8.5 тэрбум төгрөгийн IPO гаргаж, хөрөнгө оруулалт татаж чадснаар Европ стандартад нийцсэн микробиологийн лаборатори, үйлдвэрийг ашиглалтад оруулжээ.

Оны онцлох 10 аж ахуйн нэгжид М-Си-Эс Группийн хоёр компани шалгарчээ. Энержи Ресурс ХХК-ийг 10 дахь удаагаа Оны онцлох аж ахуй нэгжээр шалгаруулсан нь улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж буй тус компанийн бодит хувь нэмрийг үнэлсэн явдал юм. Олон улсад ч тус компани өндрөөр үнэлэгджээ. Олон улсын зах зээлээс босгосон санхүүжилтыг нь IFR Global болон IFR ASIA байгууллагаас Азийн 2019 оны шилдэг хэлцлээр онцлосноос гадна Global CSR Summit & Awards буюу Компанийн нийгмийн хариуцлагын олон улсын шалгаруулалтаас “Орон нутгийг дэмжих хөтөлбөрүүд”-ээрээ Gold шагналыг хүртсэн юм. Энержи Ресурс ХХК эрүүл мэнд, боловсролыг дэмжсэн төсөл, хөтөлбөрүүдийг түлхүү дэмжиж, санхүүжүүлсээр ирсэн. Энэ оны тухайд, зүрхний төрөлхийн гажигтай 40 хүүхдэд амьдрал бэлэглэх “Бяцхан зүрх” төсөлд 920 сая төгрөг, “Ид шидийн орон-2” төсөлд 740 сая төгрөг, Говийн аймгуудын нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх төсөлд 370 сая төгрөг тус тус хандивласан байна.

2019 онд М-Си-Эс Кока-Кола ХХК нь 7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, нэг цагт 15 мянган ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай шинэ шугамыг ашиглалтад оруулжээ. Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд 28 төрлийн үйл ажиллагаанд нийт 432 сая төгрөгийн хандив, тусламж өгч, ивээн тэтгэжээ. М-Си-Эс Кока-Кола ХХК-иас сүүлийн 15 жилийн турш тууштай дэмжин хөгжүүлж буй “3×3” сагсан бөмбөгийн спортоор Монгол залуус үсрэнгүй амжилт гаргаж, Монгол Улс түүхэндээ анх удаа багийн төрлөөр Олимпийн наадамд орох эрхээ авсан. Түүнчлэн М-Си-Эс Кока-Кола компани байгальд ээлтэй ААН-ээр шалгарч, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Ногоон гэрчилгээ”-г гардан авлаа.

Түүнчлэн тус М-Си-Эс Интернэйшнл ХХК “Эрчим хүчний салбарын онцлох Энтрепренер”-ээр шалгарчээ. М-Си-Эс Интернэйшнл компани 2019 онд 43.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийн, эрчим хүчний салбарт ногоон эрчим хүчийг 85 МВт хүчин чадлаар нэмэгдүүлжээ. Тодруулбал, ДЦС-4 ТӨХК-ийн үр ашгийг дээшлүүлэх төсөл болон Оюу Толгой ХХК-ийн Дулааны станцын өргөтгөлийн төслийг хэрэгжүүлж хүлээлгэн өгсөн байна. Мөн сэргээгдэх эрчим хүчний салбарт Монгол Улсад хамгийн том бөгөөд тус бүр нь 15 МВт-ын чадалтай Нарны цахилгаан станцыг Дорноговь аймгийн Замын-Үүд, Төв аймгийн Сэргэлэн  сумдад барьж байгуулахад ерөнхий болон туслан гүйцэтгэгчээр ажилласан байна.

Ийнхүү 2019 онд манай улсын эдийн засаг, бизнесийн хөгжлийн түүчээ болж, салбар бүртээ манлайлсан аж ахуйн нэгжүүдийг үнэлж өргөмжиллөө. Эдгээр компаниуд ирэх жил Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, ажлын байр бий болгож, айл өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд урьдын адил хувь нэмрээ оруулах нь дамжиггүй юм.

Чойжин ламын сүм музей WORLD MONUMENTS WATCH 2020 хөтөлбөрт хамрагдана

М-Си-Эс Групп, Монголын Урлагийн Зөвлөл хамтран “Өв Эрдэнэ” соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Чойжин ламын сүм музейн хадгалалт хамгаалалтын төсөл хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн багаас Дэлхийн хөшөө дурсгалын сангийн World Monuments Watch хөтөлбөрт уг сүм музейг нэр дэвшүүлснийг олон улсын экспертүүд дэмжсэн байна. Хөтөлбөрт хамрагдсанаар Чойжин ламын сүм музей дэлхий нийтийн анхаарлын төвд орж, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд сэргээн засварлалтын техникийн туслалцааг 2 жилийн хугацаанд авах юм. Word Monuments Watch 2020 хөтөлбөрт хотжилт, хэт барилгажилт, гэнэтийн осол, байгалийн гамшиг, буруу менежмент, улс төрийн үймээн самуун, мөргөлдөөний улмаас эрсдэлд ороод буй дурсгалт газруудыг сонгон шалгаруулсан аж. Тодруулбал, Франц улсын Парисын дарь эхийн сүм, Чили улсын Rapa Nui үндэсний парк, Перу улсын Инкачуудын ариун хөндий, АНУ-ын Bears Ears дурсгалт газар, Энэтхэгийн Декан өндөрлөгийн усны систем, Бирмийн Уламжлалт фермийн барилгууд, Иракийн Mam Rashan сүм, Узбекистаны Бухарын Еврейчүүдийн эртний сууц, Пакистаны Anarkali базаар, Катманду хөндийн Chivas Chaityas, Египетийн Alexan ордон, Японы Inari-yu барилга, Испанийн Axerquía ордон зэрэг 22 орны 25 дурсгалт газар сонгогджээ. Монгол Улсаас сонгогдсон Чойжин ламын сүм музей нь хотжилт, хэт төвлөрөл, бодлогогүй төлөвлөлт, хөрөнгө санхүүгийн гачигдлаас үүдэн эрсдэлд орсон түүх соёлын дурсгалт газрын нэгээр сонгогдсон юм.

“Өв Эрдэнэ” хөтөлбөрийн санхүүжилтээр 2019 онд Чойжин ламын сүм музейн дотоод орчны 4800 м.кв талбайг зүлэгжүүлэн, мод сөөг тарьж, 650 м.кв явган хүний замыг шинэчилж, усалгааны систем болон гадна гэрэлтүүлгийг суурилуулсан бол 2020 онд музейн эдэлбэр газарт 888 мод бут бүхий 3500 м.кв ногоон байгууламж, 1100 м.кв боржин чулуун явган хүний замыг шинэчлэн засварлах юм. Түүнчлэн түүхэн дурсгалт барилгад эрсдэлгүй, иргэдэд тав тухтай орчин бүрдүүлэхийн тулд музейн хэрмэн хашаанд тулж зогсох автомашины стандарт бус зогсоолын талбайг чөлөөлөн, хөдөлгөөнийг хорьж, ногоон байгууламж, явган хүний болон дугуйн зам хийж, авто зогсоолыг музейн урд талбайд шинэчлэн байгуулахаар төлөвлөөд байна.

Дэлхийн хөшөө дурсгалын сан World Monument Watch хөтөлбөрт шалгарсан 22 орны хэрэгжүүлэгч байгууллагуудтай хамтран 2020-2021 онд бодлогын нөлөөлөл, сэргээн засварлалт, сэргээн засварлалтын чадавхийг бэхжүүлэх сургалт судалгаа, дурсгалт газрыг таниулан сурталчлах үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.

1996 оноос хэрэгжүүлж буй World Monuments Watch хөтөлбөрт Дэлхийн хөшөө дурсгалын сангаас 110 сая ам.доллар, бусад ивээн тэтгэгчид 300 сая ам.долларыг 135 орны 836 түүх, соёлын дурсгалт газруудын төсөлд зарцуулжээ.

Чойжин ламын сүм музейг хадгалж хамгаалах төслийн багт БСШУСЯ, Соёлын өвийн үндэсний төв, Чойжин ламын сүм музей, “Өв Эрдэнэ” хөтөлбөрийн санхүүжүүлэгч М-Си-Эс групп, Монголын Урлагийн Зөвлөл, сэргээн засварлалтын зураг төслийн болон сэргээн засварлагч эрх бүхий компаниуд нэгдэж ажилласан бөгөөд World Monuments Watch хөтөлбөрт хамрагдсанаар бидний хамтын ажиллагаа өргөжин Дэлхийн хөшөө дурсгалын сан, АНУ-ын Элчин сайдын нэрэмжит Соёлын өвийг хамгаалах сан, олон улсын дурсгалт уран барилгын сэргээн засварлалт, хадгалалт хамгаалалтын бодлого боловсруулагчид зэрэг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, дотоодын болон олон улсын соёлын өвийн мэргэжлийн байгууллагууд хамтран ажиллахаар боллоо.

Л.Мягмаржав: М-Си-Эс Групптээ холбооны нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье

Монголчууд анх удаа Олимпын наадамд багийн спортын төрлөөр оролцох эрх авсан түүхэн үйл явдал энэ сарын 1-нд боллоо. Сагсан бөмбөгийн 3х3 төрөлд ТОКИО 2020 олимпын эрх авах орнуудыг зарлах ёслолын ажиллагаа Японы Уцуномияа хотод болж, эхний багуудыг зарлалаа. Уг ёслолын ажиллагаанд Олон Улсын Сагсан бөмбөгийн холбооны Удирдах Зөвлөлийн Комиссын гишүүн, Монголын 3х3 Сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгч, М-Си-Эс Кока-Кола компанийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав оролцсон юм. Түүнтэй утсаар холбогдож цөөн хэдэн асуултад хариулт авлаа.

Сайн байна уу? Юуны өмнө танд болон танай холбооны хамт олонд, тамирчдад халуун баяр хүргэе.

Баярлалаа. Японы Уцуномияад болж буй FIBA 3×3 World Tour Final тэмцээний үеэр Токио 2020 Зуны Олимпын наадамд 3×3 сагсан бөмбөгийн төрлөөр оролцох эрх авсан эхний багуудыг зарлалаа. Эмэгтэйчүүдийн төрөлд олимпын эрх авсан эхний дөрвөн багт Монгол Улсын шигшээ баг шалгарсан нь яах аргагүй түүхэн үйл явдал. Эрэгтэй шигшээ баг маань дараагийн 3 эрхийн төлөө өрсөлдөх 20 багийн хамгийн эхэнд нэрлэгдлээ.

Эрэгтэй шигшээ баг эрхээ шууд авах болов уу гэсэн хүлээлт хөгжөөн дэмжигчдийн дунд байсан?

Эрэгтэй шигшээ баг ирэх оны гуравдугаар сард Энэтхэгт болох тэмцээнээр олимпын эрхийн төлөө хүч үзнэ. Япон зохион байгуулагч орон тул Олон Улсын Олимпын хорооны баталсан дүрмийн дагуу шууд эрхээр эрэгтэй багаа оруулж, манай баг эрхийн тэмцээнд орох боллоо. Гэсэн ч бидэнд эрэгтэй, эмэгтэй байгаараа Токиогийн Олимпод оролцох боломж бий. Монгол Улс анх 1964 онд Токиогийн Олимпод орж байсан түүхтэй. Энэ хугацаанд чөлөөт бөх, бокс, буудлага, жүдо гэсэн ганцаарчилсан төрлөөр 29 медаль авсан. Харин энэ удаа 2020 оны Токиогийн Олимпод Монгол Улс багийн төрлөөр анх удаа орох гэж байна.

Манай баг тамирчид энэ амжилтыг үзүүлэхэд нөлөөлсөн хүчин зүйлсийн талаар?

Мэдээж холбооны олон жилийн тууштай хөдөлмөр, тамирчдынхаа нөр их хичээл зүтгэлийг хамгийн түрүүнд дурдах нь зүйн хэрэг. Хэчнээн авьяас чадвар байгаад дэмжлэггүй бол амжилт үзүүлэхэд бэрх зүйл бол спорт. Энэ спортын хөгжилд оруулсан М-Си-Эс Групп, тодруулбал М-Си-Эс Кока-Кола компани, Энержи Ресурс компанийн дэмжлэг, хувь нэмрийг дурсахгүй өнгөрч болохгүй. М-Си-Эс Групп 2005 оноос 3х3 сагсан бөмбөгийн спортыг “гудамжны” хэмээн нэрийддэг байсан үеэс эхлэн тасралтгүй дэмжиж, үр дүнд нь өнөөдрийн амжилтыг хамт бүтээлцэж байгаадаа бид бүхэн баяртай байна. М-Си-Эс Кока-Кола компанийн хамт олон олон жилийн тууштай үйл ажиллагаагаараа энэ амжилтад хүргэлээ. М-Си-Эс Групптээ Сагсан бөмбөгийн 3х3 холбооны нэрийн өмнөөс болон тамирчид, хөгжөөн дэмжигчдийн зүгээс, хувиасаа гүн талархал илэрхийлмээр байна.

Япон дахь шууд дамжуулалт орон даяар цацагдаж, тамирчид, дэмжигчид “Монгол Монгол” хэмээн дуу нэгтэй уухайлж, уйлж баярласан сайхан агшныг бид бүхэн үзсэн. “Монгол” хэмээн зарлах тэр мөчид танд төрсөн сэтгэгдлээ хуваалцана уу?

Монголд манайхан “3х3 Олимп хүрэх зам” ёслолын ажиллагаа зохион байгуулж, Японд болсон үйл явдлыг орон даяар шууд дамжуулан хүргэсэн. Японд мөн адил нөр их хөдөлмөрийнхөө үр дүнг үзэж, эрхээ авч баярласан бусад улс орнуудын сагсан бөмбөгийн удирдлагууд байлаа. Олон Улсын Сагсан бөмбөгийн Холбооны ерөнхийлөгч ноён Нианг, Ерөнхий нарийн бичгийн дарга Андриас Загклис нар хүрэлцэн ирж оролцлоо. Бүгд л хөөрсөн, талархсан халуун уур амьсгал дунд байлаа. Манай Монгол Улсыг 3х3 сагсан бөмбөгийн амжилтаар нь дэлхий мэддэг болсон нь харагдлаа. Улаанбаатарт очиж үзэх хүсэлтэй маш олон орны төлөөлөл байсан.

Та тун саяхан Олон Улсын Сагсан бөмбөгийн холбооны Удирдах Зөвлөлийн Комиссын гишүүнээр сонгогдсон.  Олон Улсын түвшинд Монголын баг, тамирчдын нэр хүнд өндөрт байгаагийн илрэл гэж бодож байна.

Маргаангүй. Монгол Улсын 3х3 багуудын сүүлийн жилүүдэд үзүүлж буй амжилтууд болон бидний олон улсын түвшинд зохион байгуулж байгаа тэмцээнүүдийн түвшин үнэлэгдсэн нь тодорхой. Хамгийн гол нь 3х3 сагсан бөмбөгийг бүх насны ангилалд цогцоор нь хөгжүүлэх тогтолцоог бий болгохоор зорин олон орноос тэргүүлж алхан үлгэр жишээ болж байгаа гэж үнэлэн бодлогын түвшинд оролцуулах болсон гэж ойлгож байна. Ингэснээр манайд цаашид олон боломж бий болно, хөгжлийн олон хөтөлбөр хэрэгжүүлэх хаалга нээгдэх юм.

Баярлалаа.

М-Си-Эс Интернэйшнл компани Нэгдсэн удирдлагын тогтолцоо нэвтрүүллээ

Эрчим хүчний салбарт тэргүүлэгч “М-Си-Эс Интернэйшл” ХХК чанарын удирдлага, байгаль орчны удирдлага, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлага, эрчим хүчний удирдлагын олон улсын стандартыг “Нэгдсэн удирдлагын тогтолцоо” хэлбэрээр буюу цогцоор нь үйл ажиллагаандаа нэвтрүүлснийг баталгаажуулах гэрчилгээг өчигдөр гардан авлаа.

Олон улсын магадлан итгэмжлэлийн форум буюу “International Accreditation Forum” болон Австрали-Шинэ Зеландын бүсийн “JAS-ANZ” байгууллагаар итгэмжлэгдэж, Австралийн “BCert” компаниар баталгаажсан олон улсын стандартын гэрчилгээг Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэйв Воусэн М-Си-Эс Интернэйшнл ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Даваахүүд гардуулан өгсөн юм.

Гэрчилгээг гардан авах үеэрээ М-Си-Эс Интернэйшнл ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Даваахүү “Бид 2004 онд анх удаа ISO стандартыг нэвтрүүлж байсан. Үүнээс хойш олон улсын бусад стандартыг үйл ажиллагаандаа шат дараатай, амжилттай нэвтрүүлсээр ирлээ. Манай хамт олон 2019 оны төлөвлөгөөндөө нэг дор дөрвөн стандартыг нэгтгэсэн “Нэгдсэн стандартын тогтолцоо”-г бүрэн хангах зорилт тавин ажилласан. Бид өнөөдөр зорилтоо биелүүлэн, Австралийн олон улсад танигдсан “BCert” компаниар баталгаажсан гэрчилгээг гардан авч байгаадаа баяртай байна.” гэсэн юм.

“М-Си-Эс Интернэйшнл” ХХК нь “Integrated Management System” буюу “Нэгдсэн удирдлагын тогтолцоо”-ны хүрээнд:

М-Си-Эс Интернэйшнл ХХК нь “Нэгдсэн удирдлагын тогтолцоо”-ны хүрээнд тогтвортой үйл ажиллагаа явуулж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч байгууллага байхын тулд бүхий л үйл ажиллагаагаа байнга сайжруулахыг зорин ажиллаж, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанарыг хэрэглэгч, захиалагчийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх буюу тэдний хүлээлтээс давсан сэтгэл ханамжийг бий болгож, аюул осолгүй ажлын байрыг бүрдүүлэн, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулж, эрчим хүчийг хамгийн үр ашигтай, найдвартай үйлдвэрлэн ханган нийлүүлж ажиллаж байна.

Ийнхүү “Дэлхийн инженерингийн хөгжлийг Монголд” цогцлоох эрхэм зорилгынхоо хүрээнд “М-Си-Эс Интернэйшнл” ХХК дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын стандартын шаардлагад бүрэн нийцсэн үйл ажиллагаа явуулж буйгаа олон улсын байгууллагаар баталгаажууллаа.