М-Си-Эс Групп 2024 онд 3.1 их наяд төгрөгийн дотоодын худалдан авалт хийжээ

М-Си-Эс Групп нь үйл ажиллагаандаа дотоодын аж ахуйн нэгж, үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих бодлогыг тууштай хэрэгжүүлэн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг нь худалдан авахыг ямагт эрмэлздэг. Үүний хүрээнд бид нийлүүлэгчдэдээ өрсөлдөөний тэгш боломжийг хангах зорилгоор худалдан авалтын урилгыг албан ёсны сувгаар нээлттэй зарлаж, хамтран ажиллах хүсэлтэй шинэ нийлүүлэгчдийг тогтмол татан оролцуулдаг. 

М-Си-Эс Группийн охин болон хөрөнгө оруулалттай компаниуд 2024 оны урьдчилсан дүнгээр нийт 4.5 их наяд төгрөгийн худалдан авалт хийснээс дотоодын 5,817 аж ахуйн нэгж, 2,534 хувь хүнээс 3.1 их наяд төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авсан байна. Монгол Улсад 2024 оны байдлаар нийт 108,378 аж ахуйн нэгж бүртгэлтэй байсан бол бид улсын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж буй нийт аж ахуй нэгжүүдийн 5.3 хувьтай хамтран ажиллажээ. 

Группийн дотоод худалдан авалтын үзүүлэлт жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд энэ нь улсын эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байна. Тухайлбал, М-Си-Эс Групп 2023 онд 2.2 их наяд төгрөгийн дотоодын худалдан авалт хийсэн бол тус үзүүлэлт нь 2024 онд 40.9%-иар өссөн юм. 

Группийн идэвхтэй худалдан авалтын мэдээллийг харах, худалдан авалтад бүртгүүлэх, нийлүүлэгчээр шалгарахыг хүсвэл энд дарна уу.

МЭДЭГДЭЛ
МЭДЭГДЭЛ
Ойрын өдрүүдэд зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хувь хүмүүсийн зүгээс “М-Си-Эс Групп нь Засгийн газрын үйл ажиллагаа, Гашуунсухайтын төмөр замын хил холболтын төслийг улстөрчдөөр дамжуулан эсэргүүцэж байна” гэх илт гүтгэлгийн шинжтэй мэдээллийг түгээж буйд харамсаж байна.
М-Си-Эс Групп нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй экспортын орлогыг нэмэгдүүлэх, нүүрс экспортлогч бүх аж ахуйн нэгжийн нүүрс тээврийн зардлыг бууруулахад өндөр ач холбогдол бүхий Гашуунсухайтын төмөр замын хил холболтын төслийг анхнаас нь тууштай дэмжиж ирсэн бөгөөд цаашид ч дэмжих болно.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн үйл ажиллагаа, хэлж буй үг, үйлдэл нь М-Си-Эс Группт огт хамааралгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
М-Си-Эс Групп
2025.01.31
МЭДЭГДЭЛ
Сүүлийн өдрүүдэд олон нийтийн сүлжээнд “M-Си-Эс Групп маргааш болох жагсаалыг санхүүжүүлж, Засгийг огцруулахаар оролдож байна” гэх ор үндэслэлгүй гүтгэлгийг зохион байгуулалттайгаар түгээж, тус Группийн нэр хүндэд улс төрийн зорилготой, үндэслэлгүй халдаж буйг эсэргүүцэж байна.
М-Си-Эс Групп нь тус мэдээлэлд дурдсан шиг жагсаал, цуглааныг санхүүжүүлсэн, бусдыг болон Группийн ажиллагсдаа зохион байгуулалттайгаар жагсаалд оролцуулах гэж байгаа гэдэг нь огт үндэслэлгүй худал мэдээлэл төдийгүй, урьд өмнө нь ч жагсаал, цуглаанд уриалж байсан тохиолдол огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.
Бизнесийн байгууллагыг улс төрийн асуудалд санаатайгаар хутган оролцуулахаар “жагсаал санхүүжүүлдэг” гэх зэргээр удаа дараа худал мэдээллийг түгээхээр оролдож буйд харамсаж, энэхүү илт гүтгэлгийн шинжтэй мэдээллийг тараан нийтэлж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг залруулга хийхийг шаардаж байна.
М-Си-Эс Групп
2025.01.10
М-Си-Эс Группийн таван компани 2024 оны “Энтрепренер”-ээр шалгарлаа

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуйн нэгжийг шалгаруулдаг “Entrepreneur-2024” арга хэмжээнээс М-Си-Эс Группийн охин болон хөрөнгө оруулалттай таван компани  шагнал хүртлээ.

МҮХАҮТ-аас 27 дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү шалгаруулалтад М-Си-Эс Кока-Кола, Энержи Ресурс компаниуд “Оны шилдэг аж ахуйн нэгж”-ээр шалгарч, мөнгөн Меркури цомын эзэд болсон бол, Юнител Групп “Компанийн засаглал, нийгмийн хариуцлага, комплаенс хэрэгжүүлэгч Энтрепренер”, М банк “Банкны Энтрепренер”, Мэтагро компани “Хөдөө аж ахуйн Энтрепренер”-ээр тус тус шалгарч, хүрэл Меркури шагналыг хүртсэн юм.

М-Си-Эс Кока-Кола компани нь 2024 онд энерги бага зарцуулдаг, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээс гадна хог хаягдлыг бууруулах, дахин ашиглах, цаашлаад урт хугацаандаа бүтээгдэхүүний савлагааг 100 хувь дахин боловсруулах зорилгоор “Хуванцрын Хаягдалгүй Дэлхий” кампанит ажлыг улс орон даяар өрнүүлж байгаа юм.

Энержи Ресурс компанийн хувьд Цогтцэций сумыг 24 цагийн цахилгаан эрчим хүч, ундны цэвэршүүлсэн усаар найдвартай хангаж ирснээс гадна, орон нутгийн боловсрол, эрүүл мэндийг дэмжих, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, малчдад туслах зэрэг дэд бүтэц, тогтвортой хөгжлийг дэмжих олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж, орон нутгийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж байна.

Юнител Групп 2021 оноос хойш нарны эх үүсвэрээр ажилладаг үүрэн холбооны суурин станцын тоог 2.5 дахин нэмэгдүүлж, зургаан суурин станц тутмын нэг нь сэргээгдэх үүсвэрээр ажилладаг болсноор 2024 онд 1 мянга орчим тонн CO2-экв хүлэмжийн хийн ялгарлаас сэргийлээд байна. Түүнчлэн тогтвортой хөгжлийг сайжруулж, орон нутгийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор 21 аймагт UNITEL HUB төвийг нээснээс гадна, зэрлэг амьтад ус уух хөв цөөрмийг 70 гаруй байршилд байгуулаад буй юм.

М-Си-Эс Группийн хөрөнгө оруулалттай Мэтагро компани нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын нутаг, Чадганы талд дэлхийн жишигт хүрсэн хөдөө аж ахуйн цогцолборыг байгуулаад байгаа бөгөөд 2024 онд бүхий л хог хаягдлыг дахин боловсруулж, эргэлтэд оруулах технологи бүхий “Мах боловсруулах үйлдвэр”-ийг ашиглалтад оруулж,  хаягдлыг ахуйн хэрэглээнд болон газар тариаланд ашиглах хүртэл дахин боловсруулж эхлээд байна.

“Банкны Энтрепренер”-ээр шалгарсан Монголын анхны бүрэн дижитал необанк М банк нь банкны бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээг биечлэн ирэлгүйгээр цахимаар авах боломжийг харилцагчдадаа бүрдүүлээд байна. Түүнчлэн 2024 онд олон улсын төлбөр тооцооны M Виза болон М ЮнионПэй картыг хэрэглээнд амжилттай нэвтрүүллээ.

М-Си-Эс Групп 78 оюутанд тэтгэлэг гардууллаа

М-Си-Эс Групп залуусын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах, боловсролыг дэмжих зорилгоор “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг зарлан, найман их сургуулийн 78 оюутныг шалгаруулан тэтгэлэг гардууллаа.

Тэтгэлэгт хөтөлбөрт материалаа ирүүлсэн 850 оюутнуудын асуудал шийдвэрлэх чадвар, голч дүн, эсээ болон нэмэлт даалгавар биелүүлэх үзүүлэлт зэргийг нэгтгэн дүгнэснээр 37 мэргэжлийн 78 оюутныг шалгаруулсан юм.

Эдгээр оюутнууд М-Си-Эс Группийн хөрөнгө оруулалттай болон охин компаниудаас нэг жилийн сургалтын тэтгэлэг гардан авснаас гадна суралцаж буй чиглэлээрээ гурван сарын цалинтай дадлага хийх боломжтой юм. Тодруулбал, тэтгэлгийн хүрээнд М-Си-Эс Академийн хувь хүний хөгжлийн сургалтад хамрагдаж, салбар бүрийн шилдэг мэргэжилтнүүдээс суралцах, ажлын бодит туршлага хуримтлуулах давуу талтай юм.

М-Си-Эс Групп нь “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг 2004 оноос зарлан хэрэгжүүлж байгаа бөгөөд 2022 оноос “MCS Internship” цалинтай дадлагажих хөтөлбөрийг хэрэгжүүлэн оюутан, залуусыг өндөр ур чадвартай, мэргэшсэн мэргэжилтэн болон төгсөхөд дэмжлэг үзүүлсээр байна.

ТОП-100 шалгаруулалтад нэгдүгээрт эрэмбэлэгдлээ

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хамтран улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй шилдэг аж ахуйн нэгжүүдийг тодруулж, өргөмжлөх ТОП-100 шалгаруулалт 23 дахь жилдээ амжилттай болж, групп компанийн амжилтаар М-Си-Эс Групп дахин нэгдүгээрт эрэмбэлэгдлээ.

Бизнесийн байгууллагын тухайн жилийн улсын төсөвт оруулсан татвар, борлуулалтын орлого, ажилтны тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ зэрэг үзүүлэлтэд тулгуурлан тодруулдаг энэхүү шалгаруулалтад Энержи Ресурс, Юнител, М-Си-Эс Кока-Кола, Юнисервис Солюшн, Юнивишн, Тотал Дистрибюшин, Бьюлдинг Мэйнтэнэнс Сервисэс, М-Си-Эс Проперти, Шангри-Ла Улаанбаатар Хотел, М-Си-Эс Интернэйшнл, Интернэйшнл Медикал Сентер зэрэг М-Си-Эс Группийн 11 компани шилдгээр шалгарсан юм. М-Си-Эс Группийн охин болон хөрөнгө оруулалттай компаниуд сүүлийн таван жилийн нийлбэр дүнгээр 3.1 их наяд төгрөгийн татвар, шимтгэлийг төвлөрүүлснээс 2023 онд 966 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулсан байна. Бид өөрийн болон бусад эх үүсвэрээр хөрөнгө оруулалтууд хийн тогтвортой ажлын байр шинээр бий болгож 13 мянган үндсэн ажилтнаас гадна 30 мянга гаруй иргэнийг шууд болон шууд бус ажлын байраар ханган ажиллаж байгаа билээ.

М-Си-Эс Групп нь хувийн хэвшлээ манлайлж, аливаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтдаа үндэсний компаниудаа бүхий л талаар дэмжин оролцуулж, менежментийн туршлагаа хуваалцах, тогтвортой үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэхийг эрмэлзсээр ирсэн. Тухайлбал 2023 онд М-Си-Эс Группийн компаниуд нийт 3.5 их наяд төгрөгийн худалдан авалт хийснээс дотоодын 6,853 аж ахуйн нэгж болон 1,768 хувь хүнээс 2.2 их наяд төгрөгийн худалдан авалтыг хийж, үндэсний бизнес эрхлэгчдээ дэмжсэн юм. Түүнчлэн бидэнтэй нийлүүлэгчээр хамтран ажиллах хүсэлтэй дотоодын бүх бизнес эрхлэгчид хамтран ажиллах явцыг хөнгөвчлөх зорилгоор олон улсын жишигт нийцсэн Нийлүүлэгчийн портал худалдан авалтын цогц системийг 2023 онд шинээр нэвтрүүллээ.

М-Си-Эс Группийн 30 жилийн түүхэн ой тохиосон 2023 онд бид өнгөрсөн ололт амжилт, улс, эх орныхоо хөгжил дэвшилд оруулсан бүтээн байгуулалтуудаа нийт ажилтныхаа хамтаар тэмдэглэсэн юм. Энэ хүрээнд бид ажилтанд зориулсан хөнгөлөлттэй бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг дороос авах боломжтой “MCS Benefits” платформыг 2023 онд нэвтрүүлж, ажилтан энэхүү платформоос бараа, үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлж, дэмжих зорилгоор 11 тэрбум төгрөгийг ажилтны үндсэн цалин дээр нэмэлт мөнгөн урамшуулал хэлбэрээр олголоо.

Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг бид бизнесийн үйл ажиллагаа, нийгмийн хариуцлагын үйлсдээ мөрдлөг болгон ажиллахыг зорьдог. Энэхүү бодлогынхоо хүрээнд бид нийгэмд эерэг нөлөөтэй, байгаль орчинд халгүй, хүмүүст өгөөжтэй байхыг чухалчилж, 2023 онд нийт 47 тэрбум төгрөгийг нийгмийн хариуцлагын үйлсэд зарцуулсан байна.

Ийнхүү бид өдөр бүр 2.6 тэрбум, сард 80 гаруй тэрбум төгрөгийн татвар, шимтгэлийг төвлөрүүлж, өөрийн 13 мянган ажилтандаа сард 43 тэрбум төгрөгийн цалин, урамшуулал олгохоос гадна дотоодын 8,600 гаруй бизнес эрхлэгчээс сард дунджаар 185 тэрбум төгрөгийн бараа, ажил үйлчилгээ худалдан авч, шууд бусаар 20 мянган хүнийг тогтмол ажлын байртай болгож улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой, том хувь нэмрийг оруулж, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа бүрэн ухамсарлан ажиллаж байна.

Шатар, волейболын аваргуудаа шалгарууллаа

М-Си-Эс Групп шатар болон волейболын аварга шалгаруулах тэмцээнээ өнгөрсөн амралтын өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Волейболын аварга шалгаруулах тэмцээнд 22 компанийн 39 баг, 400 гаруй тамирчин оролцож шилдгүүдээ тодруулсан юм.

Тэмцээний эмэгтэй төрөлд Юнител Групп алтан медаль, М-Си-Эс Проперти компани мөнгөн медаль, Энержи Ресурс компани хүрэл медаль хүртэж, Орчлон сургууль тусгай байрыг эзэлсэн бол эрэгтэй төрөлд Юнител Групп алтан медаль, Энержи Ресурс компани мөнгөн медаль, М-Си-Эс Интернэйшнл хүрэл медалийн эзэн болж, ТекПак компани тусгай байранд шалгарлаа. Шилжин явах цомын эзнээр багийн нийлбэр дүнгээр Юнител Групп тодорсон юм.

Мөн жил бүр уламжлал болгон шалгаруулдаг волейболын тэмцээний бэлгэдлийн багийн эздийг шалгаруулсан бөгөөд энэ удаагийн тэмцээний шилдэг эмэгтэй тоглогчдоор:

  • Шилдэг холбогч – М-Си-Эс Проперти компанийн тамирчин Э.Ундрах,
  • Шилдэг давуулагч – Юнител Группийн тамирчин Б.Тунгалаг,
  • Шилдэг хамгаалагч – М-Си-Эс Проперти компанийн тамирчин Б.Буянзаяа,
  • Шилдэг хаагч – Сэлбэ сургуулийн тамирчин А.Баярсайхан,
  • Шилдэг довтлогч – Юнител Группийн тамирчин А.Баярчимэг,
  • Тэгш тоглогч – Энержи Ресурс компанийн тамирчин О.Цэрмаа-Буд нар тус тус тодорч, бэлгэдлийн багийг бүрдүүлсэн юм.

Харин эрэгтэй шилдэг тоглогчдоор:

  • Шилдэг холбогч – Юнител Группийн тамирчин Ж.Ганцоож,
  • Шилдэг давуулагч – М-Си-Эс Интернэйшнл компанийн тамирчин Э.Чогланамжил,
  • Шилдэг хамгаалагч – Энержи Ресурс компанийн тамирчин Ч.Болорчулуун,
  • Шилдэг хаагч – Энержи Ресурс компанийн тамирчин Б.Сумъяа,
  • Шилдэг довтлогч – ТекПак компанийн тамирчин Б.Батцэнгэл,
  • Тэгш тоглогч – Юнител Группийн тамирчин Г.Эрдэмбилэг тус тус шалгарч, М-Си-Эс Группийн волейболын эрэгтэй бэлгэдлийн багаар тодорлоо.

Түүнчлэн М-Армор компаниас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг М-Си-Эс Группийн шатрын аварга шалгаруулах тэмцээнийг найм дахь жилдээ зохион байгуулж, тэмцээнд 22 компанийн 61 тамирчин оюунаараа уралдсан юм. Шатрын тэмцээний эмэгтэй ганцаарчилсан төрөлд ДДэшТВ компанийн Л.Мөнхзаяа алтан медаль, М-Си-Эс Проперти компанийн М.Намуун мөнгөн медаль, Анунгоо компанийн Б.Оюунбилэг хүрэл медаль, Анунгоо компанийн Л.Цамбасүрэн тусгай байранд шалгарсан бол тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрөлд  Энержи ресурс компанийн Х.Болд алтан медаль, Сэлбэ сургуулийн Б.Анхбаяр мөнгөн медаль, Онтайм компанийн Н.Ууганжаргал хүрэл медаль, Бьюлдинг Мэйнтэнс компанийн С.Сод-Эрдэнэ тусгай байрын эзнээр шалгарлаа.

Энэ жил шатрын хурдан тоглолтын төрлийг анх удаа зохион байгуулсан бөгөөд Бьюлдинг Мэйнтэнс компанийн С.Сод-Эрдэнэ алтан медаль, Сэлбэ сургуулийн Б.Анхбаяр мөнгөн медаль, Энержи Ресурс компанийн Х.Болд хүрэл медаль, М-Си-Эс Проперти компанийн Т.Түвшинтөр тусгай байрын эзнээр тус тус шалгарлаа. Түүнчлэн Группийн ажилтнуудын хүүхдүүд дунд шатрын тэмцээнийг гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулж, нийт 36 хүүхэд оролцлоо.

“Ойжуулъя, Арчилъя, Хамгаалъя” аяныхаа хүрээнд 190 мянган мод тарилаа

Мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан М-Си-Эс Групп “Ойжуулъя, Арчилъя, Хамгаалъя” аяныхаа хүрээнд Хэнтий аймгийн Дадал сум, Богдхан уулын Хүрхрээгийн ам зэрэг газруудад 190 мянган мод тарьж, ойг нөхөн сэргээх, ойжуулах ажилд хувь нэмрээ орууллаа.

Тодруулбал, Хэнтий аймгийн Дадал суманд байрлах Цагаан даваа, Цээнэтэй зэрэг газруудад 66 га талбайд шатсан ойг нөхөн сэргээж, ойжуулах зорилгоор 170 мянган нарс модыг мэргэжлийн байгууллагын тусламжтайгаар тарьсан бол М-Си-Эс Группийн ажилтнууд Богдхан уулын Хүрхрээгийн аманд 12 га газарт 20 мянган шинэс мод тарих ажилд сайн дураар оролцсон юм.

“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй энэхүү аян нь Энержи Ресурс компани 2030 он хүртэл нийтдээ 40 сая мод тарьж, ургуулах ажлын нэг хэсэг бөгөөд говийн бүсэд мод тарьж, ургуулах, арчлан хамгаалах, хангайн бүсэд ойжуулах, нөхөн сэргээх, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгжүүлэх, төгөл байгуулах зэрэг үйл ажиллагааг цогцоор нь хэрэгжүүлж байгаагаараа онцлог юм.

Түүнчлэн М-Си-Эс Групп нь ажил олгогчийн дэмжлэгтэй сайн дурын үйл ажиллагааг дэмжих журмыг хэрэгжүүлдэг бөгөөд өнгөрсөн онд нийт 67 мянган мод тарьснаас ажилтнууд сайн дурын санаачилгаараа 8900 мод тарьжээ.

М-Си-Эс Групп нь хэрэгжүүлсэн олон төсөл, хөтөлбөр болгондоо нийгэм болон байгаль орчинд ээлтэй байх олон улсын стандартыг ямагт хангаж ирсэн бөгөөд тогтвортой хөгжлийн зорилгуудыг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж байна.

 

 

Шангри-Ла зочид буудал “Хариуцлагатай нүүдэлчин” үндэсний стандартыг дэмжиж байна

Мал, бэлчээр, малчдын ахуй байдлыг тал бүрээс нь тавлаг байлгах “Хариуцлагатай нүүдэлчин” үндэсний стандартын шаардлагыг хангасан ноолууран бүтээгдэхүүний анхдагч болох Тоонот брэндийг Шангри-Ла Улаанбаатар зочид буудал хариуцлагатай хэрэглээг эрхэмлэдэг хэрэглэгчдэдээ танилцуулж байна..

Малын гаралтай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх зорилготой “Хариуцлагатай нүүдэлчин” стандарт нь эрүүл мал, эрүүл бэлчээрээс гаралтай, хариуцлагатай малчин, фермерүүдийн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд хүргэн хөдөө аж ахуйн тогтвортой үйлдвэрлэлийг түгээхээр зорьдог. Ингэснээр Монгол орны ахуй, байгалийн тогтоц, нүүдлийн соёлын өвөрмөц өнгө төрхийг сурталчлах, нүүдлийн соёлыг хадгалж хамгаалахад тулгамдсан асуудлуудыг олон нийтэд таниулах, тэдгээрийг шийдвэрлэхэд хүмүүс хэрхэн хувь нэмрээ оруулах боломжтойг харуулахаар зорьж буй юм.

Энэ талаар Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны Гүйцэтгэх захирал Д.Бурмаа: “Хариуцлагатай нүүдэлчин” стандартыг 2020 онд нэвтрүүлснээр малчид болоод байгаль орчинд олон талын эерэг өөрчлөлт гарч эхлээд байна. Тухайлбал, малчид малын гаралтай бүтээгдэхүүнээ өндөр үнээр борлуулах боломжтой болж, мал, сүргээ эрүүлжүүлж эхэлсэн юм. Түүнчлэн, малчдын хоршоо тогтмол худалдан авагчтай болсон төдийгүй иргэд бэлчээр нутгаа хамгаалан зөв зохистой ашиглаж эхэлснээр бэлчээрийн доройтол буурч байна” гэсэн юм.

Шангри-Ла Улаанбаатар зочид буудал нь “Хариуцлагатай нүүдэлчин” үндэсний стандартын шаардлагыг хангасан брэндүүдийг дэмжиж, бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулах боломжийг бүрдүүлж байна. Шангри-Ла Улаанбаатар зочид буудлын Ерөнхий менежер Марк Чан хэлэхдээ “Бид өөрсдийн үнэт зүйлс болон тогтвортой хөгжилд нийцсэн брэндүүдийг дэмжиж, буудаллаж буй зочдодоо танилцуулахыг зорьдог. ‘Хариуцлагатай нүүдэлчин’ үндэсний стандарт нь бэлчээрийн зохистой ашиглалт, нүүдэлчдийн өвөрмөц соёл, ёс заншлыг хадгалах, ил тод ханган нийлүүлэлтийн сүлжээ зэрэг тогтвортой хөгжлийн хандлагыг түгээхээр зорьж байгааг бид дэмжиж, тогтвортой ноолуурын талаарх мэдлэгийг дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн зочдодоо хүргэхээр зорьсон юм” хэмээн онцоллоо.

Шангри-Ла зочид буудлын угтах танхимд байрлаж буй энэхүү хэсэгт хүрэлцэн ирснээр Тоонот брэндтэй танилцаж, бүтээгдэхүүний шошго бүрт байршуулсан QR кодыг уншуулан аль аймаг, сум, хоршооны малчдаас түүхий эдийг бэлтгэсэн зэрэг мөшгөх тогтолцоо дахь мэдээлэлд үндэслэн хариуцлагатай сонголт хийх боломжийг хэрэглэгчдэдээ олгож байна.

М-Си-Эс Групп “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө зарлалаа

М-Си-Эс Групп залуусын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах зорилгоор “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийг 2004 оноос, “MCS Internship” цалинтай дадлагажих хөтөлбөрийг 2022 оноос хэрэгжүүлж байна. Бид мэргэжлийн өндөр ур чадвартай шинэ үеийг дэмжин, амжилттай суралцаж буй оюутан, залуу үеийг дэмжих зорилгоор 2024 оны тэтгэлэгт хөтөлбөрөө зарлалаа.

Хөтөлбөрт шалгарсан оюутнуудад нэг жилийн сургалтын төлбөрийн тэтгэлгийг олгохоос гадна М-Си-Эс Группийн охин болон хөрөнгө оруулалттай компаниудад гурван сар хүртэлх хугацаанд цалинтай дадлагажих боломжийг санал болгож байна.

Түүнчлэн тэтгэлгийн хүрээнд М-Си-Эс Академийн хувь хүний хөгжлийн сургалтад хамрагдаж, салбар бүрийн шилдэг мэргэжилтнүүдээс суралцах, ажлын бодит туршлага хуримтлуулах боломжтой бөгөөд их, дээд сургуулиа төгсөөд ажлын байрны урилга гардан авах боломжийг оюутан, залуустаа олгож буйгаараа онцлог юм.

Хөтөлбөрт магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрт 2 ба түүнээс дээш курст 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж буй оюутан хамрагдах боломжтой.

“Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн сонгон шалгаруулалт нь анкет болон эсээ бичиж илгээх, асуудал шийдвэрлэх чадварын тест, нэмэлт даалгавар биелүүлэх зэрэг үе шаттай бөгөөд оролцох хүсэлтэй оюутнууд 2024 оны аравдугаар сарын 15-ны өдрийг хүртэл careers.mcs.mn хаягаар анкетаа илгээн бүртгүүлнэ үү.

М-Си-Эс Групп Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ

М-Си-Эс Групп байгаль орчинд болон нийгэмдээ ээлтэй байхыг үнэт зүйлээ болгон эрхэмлэж, тогтвортой хөгжлийн зорилгуудыг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж, байгаль орчин, нийгэм, засаглалын (БОНЗ)-ын тогтолцоог бүрдүүлсээр ирсэн.

Бид урт хугацаандаа “Net-Zero” компани болох зорилтдоо хүрэхээр хэрэгжүүлж эхлээд буй ажлын үр дүнгүүдээ хэмжин үнэлж, тэдгээр үнэлгээ болон хүрсэн амжилтуудаа Тогтвортой хөгжлийн тайлангаараа дамжуулан олон нийтэд тайлагнадаг.

Бид байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл болон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахаар хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, нийгэмд үнэ цэнэ бүтээхээр зорьсон төсөл, хөтөлбөр зэрэг олон талт арга хэмжээг энэхүү тайландаа онцоллоо.

Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ялгаруулахаас зайлсхийх арга хэмжээг авч ажиллаж байна

М-Си-Эс Группийн охин болон хөрөнгө оруулалттай компаниуд өөрсдийн үйл ажиллагаанаас үүсэх хүлэмжийн хийн ялгарлыг үе шаттайгаар бууруулахад анхаарч, үүнд чиглэсэн тооцооллыг 2021 оноос олон улсын стандарт, арга зүйн дагуу  хийж эхлээд байгаа юм. Түүнчлэн эрчим хүчний үр ашигтай хэрэглээ, малтмал түлшний хэрэглээг бууруулж сэргээгдэх эрчим хүч ашиглах, үйл ажиллагаа болон үйлдвэрлэлийг оновчлох зэргийг хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахдаа голчлон анхаарах чиглэлүүд хэмээн тодорхойлж, ялгарлыг бууруулах, ялгаруулахаас зайлсхийх арга хэмжээг авч байна.

Ажилтнууддаа олгох урамшууллын нэгдсэн платформтой боллоо

Бид ажилтнууддаа хүртээмжтэй, уян хатан ажиллах орчныг санал болгохоос гадна ажилтны шинэ санал, санаачилгыг дэмжиж, ажилтан бүртээ хийж буй ажил, ажиллаж буй компанидаа сэтгэл ханамжтай, харилцан итгэлцэл, эерэг дулаан найрсаг баг хамт олон бүхий байгууллагын соёлыг бүрдүүлэн ажиллахыг чухалчилдаг.

Энэ хүрээнд бид ажилтанд зориулсан хөнгөлөлттэй бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг дороос авах боломжтой “MCS Benefits” платформыг тайлант онд нэвтрүүлээд байна. Түүнчлэн  ажилтан энэхүү платформоос бараа, үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлж, дэмжих зорилгоор 11 тэрбум төгрөгийг ажилтны үндсэн цалин дээр нэмэлт мөнгөн урамшуулал хэлбэрээр олголоо.

Нийгмийн хариуцлагын 45 төсөл, хөтөлбөрт 47 тэрбум төгрөг зориулсан байна

Бидний үнэт зүйлсийн нэг болох Тогтвортой хөгжлийн үзлийг бид бизнесийн үйл ажиллагаа болон нийгмийн хариуцлагын үйлсдээ тууштай баримталж, нийгэмдээ өөрийн хувь нэмрээ оруулахаар зорьдог. Энэ хүрээнд 47 тэрбум төгрөгийг эрүүл мэнд, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих, дижитал шилжилт, хүртээмжийг бий болгох болон соёлын өвийг хамгаалах зэрэг нийгмийн хариуцлагын 45 төсөл, хөтөлбөрт зориулсан байна.

Тэгш боломжийг хангах худалдан авалтын цогц системийг нэвтрүүллээ

М-Си-Эс Групп нь аливаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт бүртээ дотоодын аж ахуйн нэгж, үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжин бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг нь худалдан авахыг эрмэлздэг. Үүний хүрээнд 2023 онд бид 2.2 их наяд төгрөгийн бараа, ажил, үйлчилгээг дотоодын 8,600 компани болон хувь хүнээс худалдан авснаас гадна, нийлүүлэгчдэдээ өрсөлдөөний тэгш боломжийг хангах зорилгоор олон улсын жишигт нийцсэн худалдан авалтын цогц системийг шинээр нэвтрүүллээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг М-Си-Эс Группийн 2023 оны Тогтвортой хөгжлийн тайлангаас үзнэ үү.

ЕСБХБ-наас тогтвортой хөгжилд нийцсэн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор М-Си-Эс Кока-Кола компанид санхүүжилт олголоо

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ) байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжилд нийцсэн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор М-Си-Эс Кока-Кола компанид 51.6 сая ам.долларын санхүүжилт олголоо.

М-Си-Эс Кока-Кола компани уг санхүүжилтийн хүрээнд орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан үйлдвэрлэлийн шугамыг шинээр нэвтрүүлэхээс гадна түгээлтийн цахилгаан автомашин болон цахилгаан сэрээт өргөгчийн хэрэглээг нэмэгдүүлэх, эрчим хүчний хэмнэлттэй, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр бүхий агуулахын барилга зэрэг тогтвортой хөгжлийг дэмжсэн бүтээн байгуулалтуудыг хийхээр зорьж буй юм.

ЕСБХБ-ны Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах санхүү, технологи дамжуулах төв (FINTECC)-ийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй энэхүү төсөл хэрэгжсэний дараа М-Си-Эс Кока-Кола компани борлуулсан бүтээгдэхүүний хуванцар савыг бүрэн цуглуулж, савлагааг дахин боловсруулсан хуванцраар үйлдвэрлэх, нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулж буй усны хэрэглээг цаашид бууруулахаар төлөвлөж байна.

Сэнтрал Тауэр барилгын магнайд 13 дахь жилдээ төрийн далбаа мандууллаа

Монгол түмний үндэсний их баяр наадмыг угтан жил бүрийн долдугаар сарын 10-ны өдрийг 2009 оноос эхлэн “Төрийн далбаа”-нд хүндэтгэл үзүүлэх өдөр болгон тэмдэглэж ирсэн. Энэ өдрийг тохиолдуулан М-Си-Эс Групп 13 дахь жилдээ Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг болсон, 30х15 метрийн хэмжээтэй төрийн далбааг Сэнтрал Тауэр барилгын оройд мандууллаа.

Аливаа улсын төрийн далбаа нь тухайн ард түмний хүсэл тэмүүллийг илтгэх хамгийн чухал зүйлсийн нэг тул ийнхүү хүндэтгэн мандуулах нь эх орон, ард түмэн, үүх түүх, соёл уламжлал, тусгаар тогтнолоороо бахархаж буйн хамгийн том илрэл билээ.

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Мэтагро компанийн хөдөө аж ахуйн цогцолборын үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хэнтий аймагт ажиллаж, М-Си-Эс Группийн хөрөнгө оруулалттай Мэтагро компанийн эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан хосолсон хөдөө аж ахуйн цогцолборын бүтээн байгуулалт, үйл ажиллагаатай танилцлаа.

Мэтагро компани нь Чандганы талд дэлхийн жишигт нийцсэн, нэг дор 5000 толгой үхэр бордох аж ахуй, евро стандартын мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр, 10250 га талбайд ухаалаг газар тариалан бүхий хөдөө аж ахуйн иж бүрэн цогцолбор байгуулж, бүтээгдэхүүнээ “Primeat” нэртэйгээр зах зээлд нийлүүлж эхлээд байгаа юм.

Тус компани нь үхрийн аж ахуйдаа бэлчээрт өссөн бага залуу үхрийг малчдаас худалдан авч, жилийн дөрвөн улиралд тогтмол орлого олох боломжийг бүрдүүлдэг байна. Мөн Мэтагро компанийн Чандганы аж ахуйн цогцолбортоо ажилчдын тав тух, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг хангасан жишиг хотхоныг бүтээн байгуулсан нь орон нутагт үйл ажиллагаа явуулдаг компаниудад олон талаар жишиг болохуйц бүтээн байгуулалт болоод байна.

У.Хүрэлсүх: Хөдөө аж ахуйн иж бүрэн цогцолборыг бий болгож чаджээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Мэтагро компанийн хөдөө аж ахуйн цогцолборын бүтээн байгуулалттай танилцах үеэр тус компанийн иж бүрэн тоног төхөөрөмж бүхий олон улсын стандартад нийцсэн мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр нээлтээ хийсэн юм. Өдөрт 76 бод төхөөрөх хүчин чадалтай тус үйлдвэр нь мал төхөөрөх, бэлтгэх, боловсруулах, савлах хүртэлх шат, дамжлага бүртээ хүнсний аюулгүй байдлыг хангаж, антибиотик болон вакцины үлдэгдэлгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүнийг нийлүүлж байна.

Гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, улмаар бүс нутагтаа экспортлогч орон болох зорилтод хувь нэмэр оруулж байгаа бүх оролцогч талуудад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархлаа илэрхийлээд “Монгол Улс усан далайд гарцгүй ч хүн далай буюу зах зээлд том гарцтай орон. Монгол Улсыг тойроод 1.6 тэрбум хүн амьдарч байна. Энэхүү хүн далайд гарцтай болж чадвал бид баян чинээлэг улс болж чадна. Үүний тулд үйлдвэрлэгч, экспортлогч улс болох ёстой. Энэ нь бидний нэгэн том зорилт. Энэхүү зорилтод хувь нэмрээ оруулж, экспортлогч улс болох эхний алхмуудыг хийж, хөдөө аж ахуйн иж бүрэн цогцолборыг танай хамт олон байгуулж чадсаныг хараад бахархаж байна. Зохион байгуулалттай, шинжлэх ухааны үндэслэлтэй, хамгийн сүүлийн үеийн технологиудыг суурьшуулсан, хөдөө аж ахуйн иж бүрэн цогцолборыг бий болгосон М-Си-Эс Группийн хамт олон болон бүх оролцогч талуудад талархал илэрхийлье” гэсэн юм.

Ж.Оджаргал: Хөдөө аж ахуйн цогцолбор байгуулахад 200 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна

Мөн энэ үеэр М-Си-Эс Группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал “М-Си-Эс Группийн хамт олон бид бизнесийн салбарт хуримтлуулсан мэдлэг туршлагадаа түшиглэн хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын тооцоо, судалгаа хийж тулгамдсан асуудлуудыг аль болох цогцоор нь шийдвэрлэхийн тулд газар тариалан, эрчимжүүлсэн мал аж ахуй хосолсон цогцолбор байгуулахыг зорьж, энэ бүтээн байгуулалтыг хоёр жилийн өмнө эхлүүлсэн. Амаргүй ажил гэдгийг анхнаас нь мэдэж байсан ч хүний эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, цаашлаад улсын эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой төсөл учраас бид зориглож 200 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Энэ бүх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын үр шимийг нэн тэргүүнд малчид, хэрэглэгчид шууд хүртэж байгаа ба үүнийг дагаад жижиг дунд үйлдвэрүүд кластер байдлаар хөгжинө гэж найдаж байна.  Төрөөс бодлогоор дэмжиж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар босгож буй хөдөө аж ахуйн хөгжлийн төлөөх эдгээр бүтээн байгуулалтад бүх талын оролцоо, хувь нэмэр чухал. Монгол махыг дэлхийн брэнд болгохын төлөө, төр хувийн хэвшил хүчээ нийлүүлэн хамтран зүтгэцгээе” гэсэн юм.

Б.Солонго: Үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 339 малчнаас 4.2 тэрбум төгрөгөөр үхэр худалдаж аваад байна

Мэтагро компанийн гүйцэтгэх захирал Б.Солонго “Өнөөдрийн энэ бүтээн байгуулалтыг бий болгоход хоёр жил хагасын хугацаанд гадаад, дотоодын болон орон нутгийн 675 гаруй компаниас 103 тэрбум төгрөгийн бараа, үйлчилгээ авч, үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 339 малчнаас 4.2 тэрбум төгрөгөөр үхэр худалдаж аваад байна. Мөн бид 200 гаруй ажлын байр шинээр бий болгосноос 60 гаруй нь орон нутгаас, тэр дундаа Хэнтий аймгаас ирж ажиллаж байна. Хүнсний хувьсгалын хүрээнд махны хувьсгал хийхийг зорьж ажиллаж байгаа манай хамт олныг бүх талаар дэмжин ажиллаж байгаа Засгийн газар, Хэнтий аймгийн удирдлага, орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүдэд энэ завшааныг ашиглан талархал илэрхийлье” гэсэн юм.

2024 оны сагсан бөмбөг, ширээний теннисийн аваргууд тодорлоо

М-Си-Эс Группийн сагсан бөмбөг, ширээний теннисийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Орчлон сургууль, UG Arena төвүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн сагсан бөмбөгийн тэмцээнд 25 компанийн 360 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин аваргын цомын төлөө өрсөлдлөө.

Тэмцээний сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд М-Си-Эс Проперти компани алтан медаль авч, гурав дахь жилдээ дараалан аваргалсан юм. Харин М-Си-Эс Интернэйшнл компани мөнгөн медаль, Анунгоо компани хүрэл медалийг хүртэж, Е-Базаар Трейд, Онтайм компанийн хамтарсан баг тусгай байрын шагналыг хүртлээ.

Харин тэмцээний эмэгтэй төрөлд алтан медалийг М-Си-Эс Проперти, мөнгөн медалийг Юнител Групп, хүрэл медалийг Энержи Ресурс компанийн баг тус тус хүртэж, Анунгоо компани тусгай байрыг эзэлсэн юм.

Мөн тэмцээний шилдэг тоглогчдоос бүрдсэн бэлгэдлийн багийг шалгаруулсан ба эрэгтэй төрөлд:

  • Үнэ цэнтэй тоглогч: М-Си-Эс Проперти компанийн тамирчин Б.Алтанцог
  • Шилдэг төвийн тоглогч: М-Си-Эс Проперти компанийн тамирчин П.Адьяа
  • Шилдэг довтлогч: Анунгоо компанийн тамирчин Э.Ган-Эрдэнэ
  • Шилдэг хамгаалагч: Е Базаар Трейд компанийн тамирчин Д.Батдалай
  • Шилдэг хүчний довтлогч: М-Си-Эс Интернэйшнл компанийн тамирчин Б.Бишрэлт

Эмэгтэй төрлийн бэлгэдлийн багт:

  • Үнэ цэнтэй тоглогч: М-Си-Эс Проперти компанийн тамирчин Б.Санчирмаа
  • Шилдэг төвийн тоглогч: Юнител Группийн тамирчин Ц.Солонго
  • Шилдэг довтлогч: Энержи Ресурс Компанийн тамирчин Д.Зулцэцэг
  • Шилдэг хамгаалагч: Анунгоо компанийн тамирчин Э.Өнөрзул
  • Шилдэг холбон тоглогч: М-Си-Эс Проперти компанийн тамирчин Э.Мишээл

Сагсан бөмбөгийн тэмцээний нийлбэр дүнгээр М-Си-Эс Проперти компанийн баг, тамирчид шилжин явах цомын эзнээр шалгарсан юм.

Түүнчлэн ширээний теннисийн тэмцээнд ганцаарчилсан, эрэгтэй, эмэгтэй болон хосын төрлөөр 19 компанийн 56 тамирчин өрсөлдөж, аваргуудаа шалгарууллаа.

Ширээний теннисийн эмэгтэй ганцаарчилсан төрөлд алтан медалийг Орчлон сургуулийн тамирчин Н.Саруул, мөнгөн медалийг М-Си-Эс Интернэйшнл компанийн тамирчин М.Даваасүрэн, хүрэл медалийг Сэлбэ сургуулийн тамирчин Г.Түвшинбаяр, тусгай байранд Интермед эмнэлгийн тамирчин Ш.Оюунчимэг нар тус тус шалгарсан бол эрэгтэй төрөлд Энержи Ресурс компанийн тамирчин Г.Баярбаатар алтан медаль, М-Армор компанийн тамирчин Ш.Мөнхзул мөнгөн медаль, Тотал Дистрибюшин компанийн тамирчин Г.Эрдэнэбат хүрэл медалийн эзнээр тодорч, тусгай байранд М-Си-Эс Интернэйшнл компанийн тамирчин О.Билэгт шалгарсан юм.

Харин тэмцээний хосын төрөлд М-Си-Эс Проперти компанийн тамирчин С.Ганчимэг, Б.Цолмонбаатар нар алт, Юнител Группийн тамирчин Ч.Сувд-Эрдэнэ, П.Энхцэлмэг нар мөнгө, Энержи Ресурс компанийн тамирчин Г.Мөнхжаргал, Б.Арвидах-Од нар хүрэл медаль, М-Си-Эс Кока-Кола компанийн тамирчин В.Жавзандулам, М.Сумъяабэйс нар тусгай байрын эзэд тус тус боллоо.

“Ойжуулъя, Арчилъя, Хамгаалъя” аян хоёр дахь жилдээ үргэлжилж байна

“Ойжуулъя, Арчилъя, Хамгаалъя” аяны хүрээнд Богдхан уулын Хүрхрээгийн аманд хоёр дахь жилдээ мод тарилаа. Энэ онд Хүрхрээгийн аманд нийт 20 мянган мод тарихаар зорьж байна.

“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй тус аян нь Энержи Ресурс компани 2030 он хүртэл нийтдээ 40 сая мод тарьж, ургуулах ажлын нэг хэсэг бөгөөд говийн бүсэд мод тарьж, ургуулж, арчлан хамгаалах, хангайн бүсэд ойжуулах, нөхөн сэргээх, хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, цэцэрлэгжүүлэх, төгөл байгуулах зэрэг үйл ажиллагааг цогцоор нь хэрэгжүүлж байгаагаараа онцлог билээ.

Түүнчлэн мод усалгаанд М-Си-Эс Кока-Кола компанийн 99.9 хувь цэвэршүүлсэн үйлдвэрийн хаягдал усыг ашигласнаар ундны цэвэр усны нөөцийг хамгаалахад хувь нэмрээ оруулж байгаа юм.

 

 

М-Си-Эс Групп 2024 оны и-спортын шилдгүүдээ тодрууллаа

М-Си-Эс Группийн дөрөв дэх удаагийн и-спортын аварга шалгаруулах тэмцээн CS2, Dota2, PUBG Mobile төрлүүдээр дөрөвдүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд 27 компанийн 210 тамирчин оролцож, багийн тоглолт, хурд, авхаалж самбаагаа сорин шилдгүүдээ шалгаруулсан юм.

Тэмцээний Dota2 төрөлд алтан медалийг М банк болон Ашид Капитал ББСБ компанийн хамтарсан баг, мөнгөн медалийг М-Си-Эс Холдинг болон М-Си-Эс Инвестмент компанийн хамтарсан баг, хүрэл медалийг Юнител Групп хүртэж, тусгай байранд ТекПак Группийн тамирчид шалгарсан ба тэмцээний “Үнэ цэнтэй тоглогч”-оор М банкны тамирчин Ц.Дөлгөөн тодорлоо.

Харин тэмцээний CS2 төрөлд алтан медалийн эзнээр М-Си-Эс Проперти компани, мөнгөн медалийг М банк болон Ашид Капитал ББСБ компанийн хамтарсан баг, хүрэл медалийг Юнител Групп хүртэж, тусгай байранд Юбикаб компани тодорч, тэмцээний “Үнэ цэнтэй тоглогч”-оор М-Си-Эс Проперти компанийн тамирчин Г.Ариунсанаа шалгарлаа.

Түүнчлэн тэмцээний PUBG Mobile төрөлд М-Си-Эс Кока-Кола, М-Си-Эс Интернэйшнл, Скай Резорт компанийн баг, тамирчид алт, мөнгө, хүрэл медалийн эзнээр тус тус шалгарч, тусгай байранд Юнисервис Солюшн компанийн баг тодорсон юм. Харин Юнисервис Cолюшн компанийн тамирчин Б.Анхбаяр 31 оноогоор бусдыгаа тэргүүлж, PUBG Mobile төрлийн “Үнэ цэнтэй тоглогч”-оор шалгарсан юм.

 

Цалинтай дадлагажих “MCS Internship” хөтөлбөрт 79 оюутан шалгарлаа

М-Си-Эс Групп их, дээд сургуулийн оюутан залууст ажлын гараагаа зөв, системтэй эхлүүлж, ажлын бодит туршлага хуримтлуулангаа өөрийгөө хөгжүүлэх, салбар бүрийн шилдэг мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж бизнесийн байгууллагын соёлд суралцах боломжийг олгодог “MCS Internship” 2024 оны цалинтай дадлагажих хөтөлбөрөө эхлүүллээ.

“MCS Internship-2024” хөтөлбөрт нийт 600 гаруй оюутнууд сонгон суралцаж буй мэргэжлээрээ дадлага хийх хүсэлтээ илгээснээс 79 оюутан хичээл зүтгэл, мэдлэг чадвараараа 3 шатны шалгаруулалтыг амжилттай давж цалинтай дадлагаа эхлүүлээд байна. Мөн энэ удаагийн хөтөлбөрт шалгарсан есөн оюутан М-Си-Эс Холдинг, М-Си-Эс Интернэйшнл болон Юнител компаниудад ажлын санал хүлээн авч үндсэн ажилтнаар ажиллах боллоо.

Дадлагажигч оюутнууд М-Си-Эс Группийн охин болон хөрөнгө оруулалттай 18 компанид программ хангамж, санхүү, цахилгааны инженер, хүний нөөц, бизнес, хөдөө аж ахуй болон мэргэжлийн бусад чиглэлд сонгосон мэргэжлээрээ ажиллаж, бодит туршлага хуримтлуулахаас гадна М-Си-Эс Академийн хувь хүний хөгжлийн багц сургалтад хамрагдан хувийн ур чадвараа хөгжүүлэх боломжтой юм.

М-Си-Эс Групп хаваржилт хүндэрсэн аймгуудад 1.1 тэрбум төгрөгийн тусламж, дэмжлэг үзүүлнэ

М-Си-Эс Групп хаваржилт хүндэрсэн аймгуудад 1.1 тэрбум гаруй төгрөгийн тусламж, дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Тодруулбал, хаваржилтын эрсдэлийг даван туулахад туслах зорилгоор 500 сая төгрөгийн мөнгөн хандивыг Онцгой байдлын ерөнхий газарт өнөөдөр хүлээлгэн өглөө. Түүнчлэн М-Си-Эс Группийн хөрөнгө оруулалттай компаниуд 600 сая гаруй төгрөгийн үнэ бүхий бараа, бүтээгдэхүүн болон үйлчилгээгээр орон нутагт дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Тухайлбал, Энержи Ресурс компани жил бүр орон нутгийн малчдад үзүүлдэг тусламжаа өргөжүүлэн Өмнөговь аймгийн зүүн бүсийн сумдад 300 орчим сая төгрөгийн үнэ бүхий өвс, тэжээл, эд материал, хүн хүч болон техникийн туслалцааг үзүүлж байна. Мөн Энержи Ресурс ХХК-ийн хөрөнгө оруулалттай Эрдэнэ Монгол компанийн зүгээс Баянхонгор аймгийн Шинэжинст, Баянговь сумдын малчдад тусламж болгон 120 орчим сая төгрөгийн өвс, тэжээлийг бэлтгэн, түгээж байгаа юм.

Юнител Группээс 150 сая төгрөгийн үнэ бүхий хөдөлгөөнт интернэт, мессежийн үйлчилгээг Онцгой байдлын ерөнхий газрын 21 аймгийн 2800 гаруй ажилтанд гурван сарын хугацаанд үнэ төлбөргүй олгохоор болсон бол М-Си-Эс Кока-Кола, Тотал Дистрибюшин, Вэллбий, ДДэшТВ компаниуд нийт 50 сая төгрөгийн үнэ бүхий бараа, үйлчилгээгээр дэмжлэг үзүүлэхээр боллоо.

Үүнээс гадна Мэтагро компани Хэнтий аймгийн Хэрлэн сумдын нутагт үүссэн хүчтэй шуурганы улмаас цасанд боогдсон зам, гарц болон малын бэлчээрийг хоёрдугаар сарын 19-ний өдрөөс хойш хүчит техник, төхөөрөмж ашиглан нээж, цэвэрлэх ажлыг зохион байгуулсаар байна.

М-Си-Эс Группийн санхүүжилтээр 15 төсөлд 2.5 тэрбум төгрөгийн тэтгэлэг олголоо

Монгол үндэстний ур ухаан нүүдэлчдийн дахин давтагдашгүй зан заншил, соёл, уламжлал бүхэн нь хүн төрөлхтний оюуны болоод соёл, урлагийн үнэт өв санг өөрийн өнгө төрхөөр баяжуулж байдаг.

М-Си-Эс Групп нь өнгөрсөн хугацаанд үндэсний өв, соёлыг хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэх зорилгоор олон төслийг хэрэгжүүлж байсан. Тухайлбал, УДБЭТ-тай хамтран “Уран хас”, “Учиртай гурван толгой” зэрэг 50 орчим үндэсний дуурь, бүжгэн жүжгийн нот, клавир, партитурыг сэргээн дижитал хувилбарт шилжүүлэх төслийг хэрэгжүүлж, “Монгол кино HD” төслийн хүрээнд  “Цогт тайж”, “Мандухай сэцэн хатан” зэрэг алтан үеийн 182  уран сайхны кино болон  873 баримтат  киноны дуу, дүрсийг сэргээн хөрвүүлж байсан. Энэхүү соёл, урлагийн салбарын хамтын ажиллагаагаа 2018 оноос өргөжүүлэн “Өв Эрдэнэ”соёлын өвийн тэтгэлэгт хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн билээ.

“Өв Эрдэнэ” хөтөлбөрийн хүрээнд үндэсний өв соёл, үнэт зүйлсийн бэлгэ тэмдэг болсон түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалах, хойч үедээ өвлүүлэх зорилготойгоор өнгөрсөн таван жилийн хугацаанд Монголын Урлагийн зөвлөл ТББ-тай хамтран ажиллаж, Монгол Улсын Соёлын Яам, Соёлын өвийн үндэсний төв болон дотоод, гадаадын дурсгалт барилгын сэргээн засварлалтын зөвлөх, экспертүүдийн дэмжлэгтэйгээр Чойжин ламын сүм музей, Богд хааны ордон музей, Занабазарын музей, Амарбаясгалант хийд тэргүүтэй нийт 15 төсөлд 2.5 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгож, төслийн удирдлагыг амжилттай гүйцэтгэлээ.

Хөтөлбөрийн хүрээнд Чойжин ламын сүм музейн соёлын өвд учирч болох эрсдэл, тэдгээрийг хэрхэн арилгах тухай дүгнэлт, зөвлөмж бүхий нийгмийн ба байгалийн хүчин зүйлсийн нөлөөллийн судалгааг боловсруулан, сүм музейн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг хийж, музейн дотор орчныг стандартын дагуу барилгын хэв маяг, уламжлалт орчинтой нь зохицсон байдлаар шинээр иж бүрэн тохижуулсан юм. Түүнчлэн Ядам сүм ба Дунд хаалганы барилгын сэргээн засварлалтын зураг төслийг боловсруулж сэргээн засварлахад бэлэн болгосон бөгөөд Чойжин ламын сүм музейн ногоон байгууламжийн арчилгаа, үйлчилгээг цаашид ч санхүүжүүлэн ажиллахаар төлөвлөөд байна.

Мөн Богд хааны ордон музейд нийгмийн ба байгалийн гаралтай хүчин зүйлсийн нөлөөллийн судалгааг боловсруулан, хадгалалт, хамгаалалт, сэргээн засварлалтад шаардлагатай зөвлөмж, хамгаалалтын менежментийн төлөвлөгөөг гаргасан юм.

Үүнээс гадна, хүүхэд залууст соёлын өвийн болон урлагийн боловсролыг олгохоор Занабазарын музейд  технологийн дэвшлийг нэвтрүүлж, түүх, соёлын дурсгалын тайлбар болон үзэгчдийн оролцоог хангасан видео, аудио бүхий интерактив үзмэрийг AR нүдний шилээр дамжуулан хүргэдэг боллоо.

Мөн Монголын түүх, соёл, уран барилгын хосгүй ховор дурсгалын нэг болох Сэцэн Ханы Ордон музейн гадна талбайн  зүлэгжүүлэлт, ногоон байгууламж, соёлын дурсгалт уран барилгын хадгалалт, хамгаалалт, гэрэлтүүлэг зэрэг орчны тохижилтын ажлыг хийж гүйцэтгэн олон нийтийн чөлөөт цагаа өнгөрүүлэх талбайг тохижуулсан юм.

Түүнчлэн Өв-Эрдэнэ хөтөлбөрийн хүрээнд Амарбаясгалант хийдийг гамшгаас урьдчилан сэргийлэх багаж хэрэгслээр хангаж, дугануудын дээвэрт ургасан зэрлэг ургамлыг цэвэрлэх, шувуунаас хамгаалах тор торлох ажлуудыг гүйцэтгэснээс гадна Монголын Уран зургийн галерейн уран зураг сэргээн засварлах лабораторийн дотоод засал чимэглэл, Морин хуурын чуулгын “Монгол аялгуу” хос пянз зэрэг төслүүдийг тус тус амжилттай хэрэгжүүлээд байна.

“Маргаашийн өвийг өнөөдөр хайрлан, хамгаалж хойч үедээ үлдээе”