1500 ажилтан сайн дурын үйлсэд оролцож, найман цагийн цалинтай чөлөө авчээ
Буцах

  2025.11.10
...

М-Си-Эс Группийн ажилтнууд нийгэм, байгаль орчиндоо хувь нэмэр оруулах, бусдад туслах сайн дурын үйл ажиллагааг идэвхтэй хэрэгжүүлсээр байна. Ажил олгогчийн дэмжлэгтэй сайн дурын үйл ажиллагааны (ESV-Employer Supported Volunteering) хөтөлбөрийн хүрээнд өнгөрөгч онд группийн нийт 1571 ажилтан, 5297 цагийн хугацаанд нийгэм, байгаль орчинд тустай олон төрлийн сайн дурын үйлсэд оролцлоо.

Ажил олгогчийн дэмжлэгтэй сайн дурын үйл ажиллагааг дэмжих хөтөлбөр нь төрийн бус байгууллагаас нийгэм болон байгаль орчны төлөө зохион байгуулж буй сайн дурын үйлсэд ажилтнуудыг идэвхтэй оролцуулах зорилготой юм. Уг хөтөлбөрийн онцлог нь сайн дурын үйл ажиллагаанд оролцож буй ажилтанд нэг өдрийн буюу найман цагийн цалинтай чөлөө олгодогт оршдог. Хөтөлбөрийн хүрээнд:

  • Анунгоо компани Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Налайх дүүргийн хүүхдүүдэд гарын бэлэг бэлтгэн хүргэж, тэдэнд баярын уур амьсгал бэлэглэсэн;
  • Интермед эмнэлэг ажилтнууд болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд зориулсан баярын арга хэмжээг зохион байгуулсан;
  • Юнител Групп Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран “Be a Hero” өдөрлөгийг зохион байгуулж, 45 ажилтан цусаа хандивлан, нийт 1,500 орчим хүнд шаардлагатай үед ашиглах цусны нөөцийг бүрдүүлсэн;
  • Мөн Юнител Группийн 18 жилийн ойд зориулсан “Жаргалтай гайхалтай” аяны хүрээнд ажилтнууд 18 нас хүрч амьдралынхаа шинэ гарааг эхэлж буй 500 гаруй сурагчид бэлэг бэлтгэн илгээсэн. Тэдгээр бэлгүүд Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн сурагчдад хүрчээ. Түүнчлэн тус группийн Борлуулалт, үйлчилгээний газрын хамт олон “Нархан” асрамж халамжийн төвийн 54 хүүхдэд шинэ жилийн бэлэг гардуулж, баярын үйл ажиллагаа зохион байгуулсан байна.

М-Си-Эс Групп нь ажилтнуудынхаа сайн дурын оролцоог дэмжиж, тэдний нийгэм, байгаль орчиндоо эерэг өөрчлөлт авчрах аливаа санал, санаачилгыг ямагт урамшуулан дэмжсээр ирсэн. Энэхүү хөтөлбөр нь бусдад туслахаар хязгаарлагдахгүй ажилтнуудын хамтын ажиллагаа, урам зоригийг бэхжүүлдэг, байгаль, нийгмийн өмнө хариуцлагатай байх, өгөх соёлыг түгээн дэлгэрүүлэх компанийн үнэт уламжлал болон төлөвшиж байна.